Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Алтны ханшийн бууралт өсөлтөөр солигдох төлөвтэй

Б.Төгс

Он гарсаар алтны ханш 9%-иар буураад байна. Энэ нь дэлхийн эдийн засаг хэвийн байдалд орох төлөв болон АНУ-ын Засгийн газрын бондын ханш өсч буйтай холбоотой.  Тийнхүү өнгөрсөн оны наймдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн  алтны ханш гуравдугаар сарын хоёрдугаар хагаст  бараг 20%-иар буурсан гэсэн үг. Гэхдээ алтны хөрөнгө оруулагчдын хувьд сэтгэлээр унах цаг болоогүйг шинжээчид санууллаа. Бондын өгөөж нэмэгдсэн ч инфляц өсөх болсон нь алтны ханшид эерэгээр нөлөөлнө. Мэдээж инфляцыг дагаад   алтны ханш шууд өснө гэж үзэх боломжгүй. Гэвч сүүлийн жилүүдэд инфляцийн өсөлт, алтны ханшийн чангаралт шууд хамааралтай байна. АНУ-д энэ онд инфляц 2.4%-д хүрэхээр байгаа нь Холбооны нөөцийн банкны зорилтот түвшин болох 2%-иас дээшлэх юм. Инфляц өндөр байх тусам бондын бодит өгөөж буурч,   алт руу хошуурах явцыг түргэсгэнэ. 

Түүнээс гадна Засгийн газрын өрийн хэмжээ өсч буй нь алтны ханш өсөх дараагийн шалтгаан болно. АНУ-ын Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх санхүүжилтийн багц аль хүрч зогсох нь тодорхойгүй байна. Энэ нь дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай тус улсын төсвийн алдагдлыг улам бүр тэлж, өрийн хэмжээг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Тодруулбал CBO буюу АНУ-ын Конгрессын төсвийн шинжилгээний албаны тооцоолж буйгаар төсвийн алдагдал энэ онд 2.3 их наяд ам.доллараар хэмжигдэх төлөвтэй ч   үүнд саяхан баталсан 1.9 их наяд ам.долларын тусламжийн багц ороогүй. Тиймээс АНУ-ын төсвийн алдагдал цаашид нэмэгдэх нь гарцаагүй. Төсвийн алдагдал нэмэгдэх нь өрийг тасралтгүй зузаатгах нөхцөл болно.

Түүнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ (0-0.25%) дор хаяж 2024 он хүртэл нэмэгдүүлэхгүй байх тухай мэдэгдсэн. Хэдийгээр тус улсын эдийн засаг энэ онд 1984 оноос хойших хамгийн огцом тэлэлт буюу 6.5%-ийн өсөлттэй гарах төлөвтэй   ч бодит сэргэлтийн тухай ярихад эрт  байна. Бодлогын хүү доогуур хэмжээнд хадгалагдах нь цаашид алтны ханшид эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой байна. 

Нөгөөтэйгүүр, цар тахлын дараах сэргэлтийн хүрээнд АНУ-ын ажилгүйдлийн хэмжээ буурч байгаа ч байдал тийм ч амархан сэргэхгүй байж болзошгүй. Тус улсын Ерөнхийлөгч Жо Байден дөрөвдүгээр сард багтаж хүн ардадаа 200 сая тун вакцин хийх зорилт дэвшүүлсэн ч   өвчлөлийн тохиолдол эргээд нэмэгдэх болсон. Европын холбооны хэд хэдэн орон хөл хорио тогтоогоод байна. Эрдэмтдийн зарим төлөөлөл өвчлөл нэмэгдэж буй шалтгааныг вирусын шинэ төрлийн тархалт болон халдварыг тогтоох хязгаарлалтын арга хэмжээг сулруулсантай холбоотой байж болохыг тайлбарлалаа. 

Шинжээчдийн зүгээс урт хугацаандаа алтны ханш өсөх таамаглал  дэвшүүлж байна. Улс орнуудын төв банк  бүгд асар их мөнгө зах зээлд нийлүүлж байгаа нь эргээд инфляцид хүргэх нь тодорхой. Гэхдээ алтны ханш цаашид хэрхэн өсч,  буурахыг хэн ч яг таг бодитой таах аргагүй. Дийлэнх судалгааны байгууллагууд алтны ханш 2000 ам.доллар/унц-ын түвшнээс дээгүүр байх төлөвтэй гэж төсөөлж байна.