Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

БНХАУ: Төмрийн хүдрийн үнийн өсөлтийг тогтворжуулахаар импортын татварыг тэглэв    

Хятад улс нь гангийн үйлдвэрлэлд шаардлагатай зарим материалыг импортын татваргүй болгох замаар дотоод дахь төмрийн хүдрийн үнийн огцом өсөлттэй тэмцэх арга хэмжээгээ чангатгаж байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссын (2021.04.28) мэдэгдсэнээр, тавдугаар сарын 1-ээс эхлэн ширэм, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ган төмрийн хаягдлын импортын татварыг тэглэхээр болжээ. Ингэснээр Австралиас импортолдог төмрийн хүдрийн үнийн өсөлтийг тогтворжуулах нэг шийдэл гэж үзэж байна.

Түүнчлэн, ирэх сараас Бээжин гангийн 146 төрлийн бүтээгдэхүүний экспортын татвар, тэр дундаа НӨАТ-ын буцаан олголтыг зогсоох шийдвэр гаргажээ.

Эдгээр арга хэмжээ нь импортын зардлыг бууруулах, гангийн нөөцийн импортыг нэмэгдүүлэх, түүхий гангийн дотоодын үйлдвэрлэлийг бууруулахыг дэмжих болно гэдгийг мэдэгдэлд дурджээ.

Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг эзэлдэг Хятад улс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах санаачилгын хүрээнд 2021 онд хамгийн “бохир” салбар төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэмжээгээ танах зорилттой. Тиймээс татварын өөрчлөлтөөр төмрийн хүдрийн үнийн эрчимтэй өсөлтийг тогтоон барих арга хэмжээ авч байна.

Хятадын Засгийн газраас төмрийн хүдрийн үнэд хөндлөнгөөс оролцох, төмөрлөгийн түүхий эдийн зах зээлд төрийн зохицуулалтыг нэвтрүүлэх санал, уриалгыг тус улсын Төмөр, гангийн холбоо (CISA) мягмар гаригт (2021.04.27) дэвшүүлсэн юм.

Одоо Далианы түүхий эдийн бирж дээр 62%-ийн агууламжтай төмрийн хүдрийн үнэ тонн тутамд 1139 юань буюу 175.59 ам.доллар байна.  

Э.Од