ЭОТ: "Рио Тинто" хөндлөнгийн шинжээчдэд Оюутолгой төсөлтэй холбоотой чухал баримтыг өгөхөөс татгалзаж байна

2021-04-28 17:15

-Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийн ажлын явцын талаар-

2020 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын санаачилсны дагуу Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг томилох чиг үүрэг бүхий Тусгай хороог "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулах саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээрээ дамжуулан “Эрдэнэс Оюутолгой” ХХК гаргасан билээ. Энэхүү саналыг тусгасан тогтоолын төслийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр баталсан. "Рио Тинто" компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээчид томилох асуудлыг тухайн үед эсэргүүцэж байсан бөгөөд тус компанийн төлөөлөл болох гишүүд уг тогтоолын төслийг дэмжихээс татгалзсан. Гэсэн хэдий ч “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар тогтоол батлагдсаны дагуу "Рио Тинто" компанийн зүгээс хөндлөнгийн хяналт, шалгалтын ажлыг бүрэн дэмжиж, хамтарч ажиллахаа Монгол Улсын Засгийн газарт удаа дараа илэрхийлсэн.

Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу “Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, "Туркойз Хилл Ресурсес Лимитэд" тус бүрээс хоёр гишүүний бүрэлдэхүүнтэй Тусгай хороо байгуулагдаж, тогтоолын хэрэгжилтийг хангахаар цаг алдалгүй ажиллаж, хөндлөнгийн хяналт, шалгалтын хамрах цар хүрээг баталсан. Түүнчлэн, Тусгай хорооны гишүүд хөндлөнгийн хяналт шалгалтыг гүйцэтгэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчид томилж ажиллуулах чиглэлээр шургуу ажиллаж, хүчин чармайлт гаргасны үр дүнд төслийн менежмент, уурхайн төлөвлөлт, зардлын менежмент болон бусад холбогдох чиглэлээр дагнасан туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдэх хараат бус зөвлөх багийг хөндлөнгийн шинжээчдээр томилсон. Хөндлөнгийн шинжээчдийн Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судлах ажил гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд шинжээчид Тусгай хорооноос хүргүүлсэн техникийн мэдээллийг судлан ажиллаж байна.

Гэсэн хэдий ч хөндлөнгийн шинжээчдийн Тусгай хороогоор дамжуулан хүссэн, хяналт шалгалтын ажилд шаардлагатай, Оюутолгой төсөлтэй холбогдох техникийн тайлан болон төслийн менежменттэй холбоотой хэд хэдэн чухал баримт бичгийг "Рио Тинто" компани хөндлөнгийн шинжээчдэд гаргаж өгөхөөс өнөөдрийг хүртэл татгалзсаар байна.

Гүний уурхайн төслийн явцыг бүхэлд нь шалгаж, төслийн алдаа, дутагдал, сургамжаас суралцах зорилгын хүрээнд энэхүү хөндлөнгийн хяналт шалгалтыг эхлүүлсэн. "Рио Тинто" хөндлөнгийн шинжээчдээс шаардсан мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаа нь шинжээчдийн ажилд хүндрэл учруулж, хяналт шалгалтын эцсийн тайлан гарах хугацааг хойшлуулж байна. Тусгай хороо нь хяналт шалгалтыг ил тод байдлаар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын сайн туршлага, комплайнс стандартад нийцүүлэн хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Тусгай хорооны ажлыг “Эрдэнэс Оюутолгой” ХХК бүрэн дэмжиж байна.

"Рио Тинто", "Туркойз Хилл Ресурсес Лимитэд" компаниуд энэхүү хяналт, шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэн хөндлөнгийн шинжээчдээс шаардсан бүх мэдээллийг цаг алдалгүй гарган өгч, өөрсдийн техникийн ажилтнуудыг хөндлөнгийн шинжээчидтэй харилцаж мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллахыг “Эрдэнэс Оюутолгой” ХХК шаардаж байна. Хэрэв "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурсес Лимитэд" компаниуд хөндлөнгийн хяналт шалгалтад үргэлжлүүлэн саад учруулж, мэдээлэл өгөхгүй байвал “Эрдэнэс Оюутолгой” ХХК хувьцаа эзэмшигчийн хувьд мэдээлэл авах эрхээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх бүрэн боломжтойг үүгээр мэдэгдэж байна. “Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг өгөх үүргээ төслийн менежерээр томилогдон ажиллаж байгаа "Рио Тинто" компани зөрчиж байгааг дурдья.

"Эрдэнэс Оюутолгой" ХХК болон Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын тухай

“Эрдэнэс Оюутолгой” ХХК нь “Оюутолгой” ХХК-ийн нийт гаргасан болон эргэлтэд байгаа хувьцааны 34%-ийг эзэмшдэг төрийн өмчит компани юм. “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын Өмнөговь аймагт гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байна. “Оюутолгой” ХХК-ийн нийт хувьцааны 66%-ийг Торонто, Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Туркойз Хилл Ресурсэс Лимитэд" компани эзэмшдэг. Олон улсын уул уурхайн компани болох "Рио Тинто" нь Оюутолгой төслийн уурхайн оператор, төслийн менежерээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн 2016 оноос хойш тус төслийг өдөр тутмын удирдлагаар хангаж хариуцан ажилладаг.

2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Оюутолгой төслийн гүний уурхайн төслийн зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 22 сараар хойшлогдсон талаар мэдээллийг "Рио Тинто" олон нийтэд хүргэсэн. "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурсес Лимитэд" компаниуд энэхүү асуудлыг геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж тайлбарладаг боловч төслийн менежмент, худалдан авалтын алдаанаас болж зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон байж болзошгүй мэдээлэл гарч байна. "Туркойз Хилл Ресурсес Лимитэд"-ийн жижиг хувьцаа эзэмшигчид 2021 оны гуравдугаар сард Нью Йорк мужийн шүүхэд "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурсес Лимитэд" (мөн эдгээр компанийн зарим гүйцэтгэх удирдлагууд)-ийн эсрэг гаргасан шинэчилсэн нэхэмжлэлд энэхүү асуудлыг дэлгэрэнгүй тусгасан байна.  

“Эрдэнэс Оюутолгой” ХХК

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-09-24 14:39
    Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор (2021.09.22) нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд 2 сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулсан. 
  • 2021-09-24 12:33
    Дэлхий дахины анхаарлын төвд буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “China Evergrande” групп нь хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн талаар (2021.09.23) мэдэгдсэнээр төмрийн хүдрийн ханш ялимгүй өсөхөд нөлөөллөө. Өчигдрийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа төмрийн хүдрийн ханш 120 орчим ам.доллар байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани дампуурах тухай мэдээлэлтэй холбоотой даваа гаригт (2021.09.20) төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош орж буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
  • 2021-09-24 11:55
    Монгол Улсын Үндсэн хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах” асуудлыг тусгасан.
  • 2021-09-24 11:46
    “Worldsteel”-ийн мэдээллээр, оны эхний найман сард дэлхийн хэмжээнд нэг тэрбум 321 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй (нэг тэрбум 195 сая тонн) харьцуулахад 10.62%-иар нэмэгдсэн байна.  Мөн хугацаанд 733.02 сая тонн (5.28%-ийн өсөлт)ган үйлдвэрлэсэн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Тус улс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55%-ийг бүрдүүлж байна. 
  • 2021-09-24 10:16
    Хятад улс наймдугаар сард 394 мянган тонн зэс импортолсныг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хятадын зэсийн импорт 41%-иар буурч, 2019 оноос хойших хамгийн бага үзүүлэлтээр тооцогдож байна. Энэ оны эхний найман сард нийт 3.6 сая тонн зэс хилийн чанадаас худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 15.3%-ийн буурсан аж. 2020 оны аравдугаар сард Хятадын зэсийн импорт оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд тухайн үеэс тус улсын зэсийн импорт буурч иржээ. Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тодорхой хэмжээгээр зэсийн импорт буурахад нөлөөлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.