Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Австралийн литийн томоохон компаниуд нэгдэнэ

Австралийн литийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэх “Orocobre”, “Galaxy Resources” компаниуд нэгдэхээр хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд бэлэн мөнгөний оролцоогүй буюу нийт 3.1 тэрбум ам.доллар бүхий үнэт цаасыг шилжүүлэх юм. Хэлэлцээ ирэх наймдугаар сард өндөрлөх төлөвтэй.

Өнөөгийн байдлаар, “Orocobre” компани нь литийн “Olaroz” төслийн үйлдвэрлэлийг өргөтгөж байна. 2022 оны эхний хагас гэхэд тухайн төсөл жилд 42.5 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэх хүчин чадалд хүрэх аж. Үүний дараагаар тус компани хоёр дахь төсөл “Cauchari”-ийн үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн, аккумуляторын үйлдвэрлэлд шаардлагатай литийн бүтээгдэхүүний үйлдвэрийг Японы “Toyota” компанитай хамтран тус улсад байгуулахаар зорьж байна. 

Харин “Galaxy Resources”-ийн тухайд, жилд 10.7 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэх “Sal de Vida” төслөө мөн л 2022 онд ашиглалтад оруулах бөгөөд хүчин чадлыг 32.1 мянган тоннд хүргэж өргөтгөнө. Тус компани нь Австрали дахь литийн “Mt Cattlin” уурхайгаас жилд 180-200 мянган тонн баяжмал үйлдвэрлэдэг. Мөн Канад дахь литийн томоохон орд “James Bay”-ийг ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.

Эдгээр компани нэгдсэнээр литийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд Чилийн “SQM”, АНУ-ын “Albemarle”, БНХАУ-ын “Ganfeng Lithium“ болон “Tianqi” компаниудын дараагаар  тавдугаарт эрэмбэлэгдэх аж.

Э.Од