Ерөнхийлөгч Оюутолгойн арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлиг гаргав

2021-04-09 13:36

Ерөнхийлөгч Оюутолгойн асуудлаар арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүллээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2021.04.09) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ.

Тэрбээр “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Ард иргэд ээ, Миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүллээ.

Учир нь маргаашнаас хатуу хөл хорио тогтоох буюу дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрийг хүртэл энэ нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. Яагаад гэвэл 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улс Лондоны арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хугацаатай давхцаж байна. Ийм учраас дээрх зарлигийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

“Оюутолгой” компанийн нэхэмжлэлээр Лондоны Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татан дуудсан маргаанд ердөө цөөн хэдэн хоногийн дараа буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан Монгол Улсын Засгийн газар хариу няцаалт хийх, байр сууриа илэрхийлэх хуваарь тов гарсан мэдээллийг Ерөнхийлөгчийн Ажлын албаны төлөөлөл долоо хоногийн өмнө авсантай холбоотой.

Маргааны хүрээнд Монгол Улсын Засгийн газарт хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч, дэлхийн шилдэгт тооцогдох хуулийн зөвлөх байгууллага нь “Оюутолгой төслийн гэрээ, хэлцлүүдийг тойрсон авлигын шинжтэй онц ноцтой үйл баримтууд дэлхийн 6 улсын шүүхэд явагдаж буй ажиллагаагаар илэрч тогтоогдсон, гэрээ байгуулахад шударга бус арга хэрэглэсэн асуудлыг арбитрын шүүхэд сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой тухай”, “энэ агуулгаар сөрөг нэхэмжлэлийг гаргах шаардлагатай” болохыг удаа дараа зөвлөмжөөр ирүүлсээр байжээ.

Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” компани олон улсын арбитрын шүүхэд эхлүүлсэн энэхүү маргаанд манай орон шударга ёсны хүсэмжлэл, шаардлагаа дэвшүүлэн тавьж, хуулийн зөвлөхийнхөө тусгайлан зөвлөсөөр ирсэн тэрхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах явдал нь:

-Оюутолгой төсөлд хамааралтай гэрээ, хэлцлүүдийг шинэчлэн байгуулах,

-Маргаантай асуудлаар манай улс язгуур ашиг сонирхлоо хамгаалж, нийт монголчууд байгалийн баялгийн үр шимийг тэгш шударгаар хүртэж байх нөхцөлийг хангах

-Цаашлаад хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай, нээлттэй хамтран ажиллах эрхэм дээд үйл хэргийг амжилттай бүтээх түүхэн бололцоог олгохуйц амин чухал ач холбогдолтой болоод буй онцгой цаг үе тохиосон байна.

Монгол Улсын болон гадаад улсын шүүхүүд, түүнчлэн Монгол Улсын прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газруудын явуулж чадсан олон улс дамнасан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд, Оюутолгой болон манай орны байгалийн үнэт баялгийг наймаалцаж, хэмжээлшгүй хөрөнгөжсөн, хууль бус сүлжээ ил болсноор, тухайлбал Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талд үндэслэл бүхий шахалт шаардлага бодитоор бий болж эхэлж буйн зөвхөн эхний үр шимийг сүүлийн өдрүүдэд монголчууд бид нийтээрээ ажиглалаа.

Оюутолгой орд ашиглах гэрээ, хэлцлүүдийг шударга ёсонд нийцүүлэх нь зөвхөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг жинхэнэ утгаар нь бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын шударга, таатай орчныг хангах, хоёр хөрш, гуравдагч хөрш, олон улсын тавцан дахь нэр хүнд, хамтын ажиллагаа, Монгол Улсын гэрэлт ирээдүйг баталгаажуулан, шинэ эрин цагийг итгэл төгс эхлүүлэхэд онцгой тустай юм.

Үүний учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт хандаж, олон улсын арбитрын шүүхэд “Оюутолгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын маргаанд өөрийн улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргаж, холбогдох арга хэмжээ авах зарлигийг хүргүүлсэн болно.

Эрх баригч үнэмлэхүй олонх ард түмний элч төлөөлөгч болохоо умарталгүй, улс төрийн нам, бүлэглэлийн явцуу ашиг сонирхлоос эн тэргүүнд улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч байж, зарлигийг хүлээн авч шийдвэрлэнэ хэмээн найдаж байна.

Сүүлийн жилүүдэд Эрдэнэтийн зэсийн орд, Салхитын мөнгөний ордоос орж ирсэн бодит үр ашиг, мөн Оюутолгойн гэрээ, хэлэлцээр хийхээр хөрөнгө оруулагчид нааштай хандаж байгаа зэрэг нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хил дамнуулан нуун байршуулсан хөрөнгийг олж тогтоон илрүүлэх, улмаар Монгол Улсад буцаах ажил, хүчин чармайлтын үр дүн гэдгийг Та бид бүгд мэдэж байгаа.

Энэ нь Монголчууд бид нэгдмэл нэг санаа зорилготой, зөвхөн улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг тэргүүнд эрэмбэлж, эрхэмлэн ажиллаж чадвал бүх зүйлд ахиц, дэвшил гаргана гэдгийг маш тодорхой харуулж байгаа хэрэг юм шүү.

Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн анхаарч, дэмжиж ажиллаарай гэж хүсье. Баярлалаа” гэв.

Эх сурвалж: President.mn

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 23 минутын өмнө
    Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
  • 19 цаг 59 минутын өмнө
    “Эрдэс баялгийн бирж ”  гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний  бирж”   нэрлэх  нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний  бирж зэрэг олон улсын, бүс нутгийн  болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг. Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний  бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн.
  • Уржигдар 12 цаг 27 минутад
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • Уржигдар 11 цаг 40 минутад
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • 2021-06-16 14:20
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.