Оросын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино”  төмөр замын төслийг 5 жилээр царцаалаа 

2021-04-02 19:29

ОХУ-ын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн 410 км төмөр замын төслийг 5 жилээр царцаахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, уг төмөр замын төслийн Концессын гэрээг 2026 он хүртэл хойшлуулж байна. Тус улсын Тувагийн нутаг дахь Элегестийн нүүрсний сав газраас Транссибирийн төмөр замтай холбох зорилттой энэхүү төслийг хэрэгжүүлэх асуудал бараг 20 жил яригдаж буй.

Уг төмөр замыг барьж байгуулах хэлэлцээрийг Холбооны төмөр замын тээврийн агентлаг (Росжелдор), “Тувагийн эрчим хүчний корпораци” (2018.04 сар) байгуулсан байдаг. Тодруулбал, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлөн Холбооны төмөр замын тээврийн агентлаг нь тус компанитай төмөр замыг барьж байгуулах 30 жилийн концессын гэрээг үзэглэсэн юм. Үүнээс жилийн дараа (2019.05 сар) талууд төрийн РЖД компанитай гэрээ байгуулснаар төмөр замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр РЖД тодорсон. Ингээд концессын гэрээнд зааснаар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж захиалагчаар “Росжелдор” болон төслийг хэрэгжүүлэгчээр “Лидер” групп  (47.5%), “Тувагийн эрчим хүчний корпораци” (47.5%), РЖД (5%)-ийн оролцоотой хамтарсан компани байх юм.

“Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн төмөр зам нь Кызыл хотоос Краснояр мужийн Курагино сууринтай холбох, Элегестийн нүүрсний экспортын тээврийг хангах зорилготой. Элегестийн нүүрсний сав газар нь 855.2 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй.

Энэхүү ордыг 20 жилийн хугацаанд ашиглах тусгай зөвшөөрлийг 2013 онд “Тувагийн эрчим хүчний корпораци” авсан байдаг. Тус корпорацийн Ерөнхий захирал Руслан Байсаровын мэдэгдсэнээр, Элегестийн коксжих нүүрсний төслийг хэрэгжүүлэх нийт өртөг ойролцоогоор 360 тэрбум рубль аж. Үүнд ордыг ашиглалтад оруулах, Ванино боомт дахь нүүрсний терминал барих болон “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн 410 км төмөр зам байгуулах зардал багтсан байна. Зөвхөн төмөр зам барихад 126.6 тэрбум рубль зарцуулахаар 2017 онд тооцож байжээ.

“Тувагийн эрчим хүчний корпораци”-ийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд  “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн төмөр замыг 5-6 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулж, 2023 он гэхэд Элегестийн ордоос жилд 6 сая тонн коксжих нүүрс олборлох зорилтыг тусгажээ.

Төмөр замын төслийн нийт хөрөнгө оруулалтын 15%-ийг концесс хэрэгжүүлэгчид өөрсдийн хөрөнгөөс, үлдсэн 85%-ийг хамтарсан компани зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөж байсан. Төмөр зам нь жилд 15 сая тонн ачаа тээх хүчин чадалтай.

Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины захирамжаар энэ төмөр замын төслийг 2011 онд эхлүүлсэн ч санхүүжилтийн асуудлаас үүдэн царцаад байсан ч 2018 оноос дахин сэргээсэн.

Энэхүү төмөр замыг шугамыг үргэлжлүүлэн Монголын нутагт шинээр барихаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д 2018 онд нэмсэн Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замтай холбох асуудал яригддаг.

“Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин” чиглэл нь Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг юм.

Э.Од
 

 
 
   
   
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 4 цаг 50 минутын өмнө
    Улсын  тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн барьж буйгаа (2021.05.14) онцоллоо. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр  тодотгоод  хуулийн төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачин голын ай савыг тусгай хамгаалалтад авахаар тусгасан гэлээ.  Тус бүс нутагт байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.  Эдгээр  нь ураны маргаантай бүс нутаг байж ирсэн юм.
  • 5 цаг 50 минутын өмнө
    Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.
  • 7 цаг 12 минутын өмнө
    Түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсөөд буй төмрийн хүдрийн ханш пүрэв гаригт 9.5%-иар буурчээ. Тухайн өдөр Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 7.5%-иар буурч 1217 юанийн (188.66 ам.доллар) ханштай хаагдсан байна. Тус бирж дээрх төмрийн хүдрийн үнэ тавдугаар сарын эхнээс 23%-иар өсчээ. Түүнчлэн, өчигдөр Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 1988 юань хүрч 3.9%-иар буурсан байна. Лхагва гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс, түүхий эдийн ханш огцом өсч буйн улмаас эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс мөнгө-зээлийн болон бусад санхүүгийн бодлогуудын зохицуулалтыг чангатгана гэдгээ мэдэгдсэн билээ. 
  • Өчигдөр 17 цаг 33 минутад
    Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.
  • Өчигдөр 13 цаг 42 минутад
    Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд  уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ. Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.