Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журмыг баталлаа

Засгийн газрын хуралдаанаар (2021.03.17) “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ыг хэлэлцэн баталжээ. Уг журам батлагдсанаар гадаад хүчин зүйлсээс хамаарч шатахууны хангамж тасалдах, хомстол үүсч болзошгүй тохиолдолд төрөөс газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх замаар шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах эрх зүйн орчин бүрдэж буйгаараа ач холбогдолтой юм.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гуравдугаар сарын 3-ны өдөр зарласан “Газрын тос дамжуулах хоолойг санхүүжүүлж, барих төсөл”-ийн сонгон шалгаруулалтад өнөөдрийн байдлаар 20 орчим компани оролцох хүсэлтээ ирүүлээд буйг УУХҮЯ албан ёсны хуудаснаа мэдээлжээ. Тус сонгон шалгаруулалтад шалгарсан компани Дорнод аймгийн нутаг дах Тамсагийн ордоос Дорноговь аймгийн нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх 530 км урт түүхий тос дамжуулах хоолойг шаардлагатай дагалдах байгууламжийн хамт иж бүрнээр барьж ашиглалтад оруулах юм. Энэ ажлын хүрээнд бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт нийцүүлэн түүхий тос дамжуулах технологийн оновчтой шийдлийг гаргаж дамжуулах хоолойн үндсэн болон дагалдах барилга байгууламжийг төлөвлөж, барьж байгуулах юм.

Түүхий тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компаниудын хүсэлтийг ирэх даваа гаригийн 17 цаг хүртэл хүлээн авна.

 

Л. Номин