“Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний III чуулган эхэллээ

2021-03-16 11:58

“Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь”  уриатай “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний III чуулганыг “Эрдэс баялаг эмэгтэйчүүд” НҮТББ өнөөдөр цахимаар зохион байгуулж байна.  Энэ удаагийн чуулган  нь цар тахлын нөхцөл байдалд байгаа хэдий ч цахим боломжийг ашиглан ажлын байрандаа ажиллаж буй салбарын эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, тэдэнд жендэрийн болон хариуцлагатай уул уурхайн ойлголт, мэдлэгийг өгөх, идэвхжүүлэх, урам зориг өгөх, чиглүүлэхийг зорьж байгаа хэмээн чуулганыг зохион байгуулагчид онцоллоо. УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Канадын МЕРИТ төсөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК  энэхүү чуулганыг хамтран зохион байгуулж байгаа юм.

Чуулганыг  УУХҮ-ийн сайд Г.Ёндон, МЕРИТ төслийн захирал Женнифер Адамс нар нээж  үг хэлсний дараа үндсэн гурван хэсэгт хэлэлцүүлэг өрнөж байна.   “Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан А.Ундраа “УИХ дахь Хариуцлагатай уул уурхайн лобби бүлгийн туршлага, ололт, сургамж”, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь “Байгалийн баялгийн засаглалын олон улсын туршлага”, УУХҮ-ийн дэд сайд  О.Батнайрамдал “Хариуцлагатай ил тод уул уурхайг хөгжүүлэх талаарх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2020-2024” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.  Мөн салбарын жендэрийн талаар баримтлах бодлого, эрдэс баялгийн салбарт эмэгтэй эрдэмтдийн оролцоо зэрэг олон талт мэдээллийг илтгэгчид тавьж, хэлэлцүүлж байна.  Эрдэс баялгийн салбарт монгол эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж хэн нэгнээс хамааралгүйгээр өөрийн ур чадвараараа амжилтад хүрэх боломжийг бүрдүүлэх нь чухлаар тавигдаж байна хэмээн “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” НҮТББ-ын ТУЗ-ын дарга О.Туяа онцлов.  Эрдэс баялгийн салбарт эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг хэд хэдэн төрийн бус байгууллага бий. Тухайлбал, Монголын Геологийн эмэгтэйчүүдийн холбоо ТББ нь  Монголын геологийн салбарын эмэгтэйчүүдэд тулгарч буй  асуудлыг  шийдэхийн төлөө ажилладаг бол Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо ТББ уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийг чадавхижуулах, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжин ажиллаж байна. Харин “Монголын уул уурхай дахь эмэгтэйчүүд” ТББ-ын хувьд эмэгтэйчүүдийн оролцоог хангасан шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжин, цар хүрээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа юм.

Өмнөх чуулган нь зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн ойн хүрээнд “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” уриан дор зохион байгуулагдаж, эмэгтэйчүүд анх удаа дуу хоолойгоо нэгтгэж байсан юм. Үүний дараа хоёрдугаар чуулган  нь 2019 онд УУХҮЯ-ны санаачлагаар “Хамтын хүч хөгжлийн гарц”  уриан дор Улаанбаатар хотноо болж байв. Тэгвэл энэ удаагийн чуулганаар салбарын эмэгтэйчүүд жендэрийн тэгш байдлын талаар ойлголтоо нэгтгэх, хариуцлагатай уул уурхайн сайн туршлагыг бий болгох эрмэлзэл, зорилгын талаар  ойлголт өгөх, жендэрийн ойлголтыг анхлан манлайлсан хүмүүс  болон суралцахуйн сайн туршлагыг түгээх, өөрийн зорилго тэмүүлэлтэй бусдын сайн туршлагаас суралцах зэрэг үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна.

                                                                                                                                              Г.Идэр

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-09-24 14:39
    Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор (2021.09.22) нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд 2 сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулсан. 
  • 2021-09-24 12:33
    Дэлхий дахины анхаарлын төвд буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “China Evergrande” групп нь хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн талаар (2021.09.23) мэдэгдсэнээр төмрийн хүдрийн ханш ялимгүй өсөхөд нөлөөллөө. Өчигдрийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа төмрийн хүдрийн ханш 120 орчим ам.доллар байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани дампуурах тухай мэдээлэлтэй холбоотой даваа гаригт (2021.09.20) төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош орж буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
  • 2021-09-24 11:55
    Монгол Улсын Үндсэн хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах” асуудлыг тусгасан.
  • 2021-09-24 11:46
    “Worldsteel”-ийн мэдээллээр, оны эхний найман сард дэлхийн хэмжээнд нэг тэрбум 321 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй (нэг тэрбум 195 сая тонн) харьцуулахад 10.62%-иар нэмэгдсэн байна.  Мөн хугацаанд 733.02 сая тонн (5.28%-ийн өсөлт)ган үйлдвэрлэсэн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Тус улс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55%-ийг бүрдүүлж байна. 
  • 2021-09-24 10:16
    Хятад улс наймдугаар сард 394 мянган тонн зэс импортолсныг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хятадын зэсийн импорт 41%-иар буурч, 2019 оноос хойших хамгийн бага үзүүлэлтээр тооцогдож байна. Энэ оны эхний найман сард нийт 3.6 сая тонн зэс хилийн чанадаас худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 15.3%-ийн буурсан аж. 2020 оны аравдугаар сард Хятадын зэсийн импорт оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд тухайн үеэс тус улсын зэсийн импорт буурч иржээ. Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тодорхой хэмжээгээр зэсийн импорт буурахад нөлөөлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.