Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос тээврийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин зам тээврийн дэд бүтцийн асуудлаар (2021.03.11) онлайн хуралд оролцжээ. Тэрээр тээврийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулахыг үүрэгдсэн байна. Дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ. Мөн ОХУ-ын Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийг хэлэлцсэн бөгөөд төлөвлөгөөг дөрөвдүгээр сард Кремльд танилцуулах аж.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оросын Засгийн газраас Ямалын ордын нөөцийг судлах Ажлын хэсгийг “Газпром”, РЖД, “Росатом”, “Новатек” зэрэг үндэсний томоохон компаниудын оролцоотой байгуулжээ. Энэ ажлыг Үндэсний баялгийн сан, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас санхүүжүүлэх юм.

Мөн Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэх замын дэд бүтцийн төслүүдэд зүүн чиглэлийн төмөр замын хүчин чадлыг өргөтгөх ажил багтжээ. Тухайлбал, Алс Дорнодын чиглэлийн БАМ, Транссибирийн төмөр замын хүчин чадлыг 2024 он гэхэд 180 сая тонн, 2030 онд 260-280 сая тоннд хүргэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн, “Элегест-Кызыл-Курагино” (410км) болон “Тында-Комсомольск-Ванино” (1000 гаруй км) чиглэлд төмөр зам барих, Баруун Сибирийн нефть-химийн үйлдвэр байгуулах төслүүдийг Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэхээр төлөвлөж буй аж.  

Э.Од