Г.Манлайжав:  Хөрөнгө оруулагчид эрсдэлээ тооцож  ураны салбарт хөрөнгө оруулах эсэхээ шийддэг

2021-01-06 11:46

The Mongolian Mining Journal /Nov.2020/

Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга  бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжавтай  The Mongolian Mining 
Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.

“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” үндэсний семинарыг Цөмийн Энергийн комиссын Ажлын албанаас анх удаа зохион байгууллаа. Цөмийн техник, технологийн хэрэглээ манай олон салбарт нэвтэрч, үр өгөөжөө өгч байна. Монгол Улс хэдийнээс цөмийн энергийн салбарыг хөгжүүлж эхэлсэн юм бэ?
Үндэсний семинарт цөмийн салбартай холбогдох төр, олон нийт, хувийн хэвшлийн 49 байгууллагын 172 төлөөлөл оролцож, цөмийн технологийн хэрэглээ, ололт амжилт, үр дүн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэн харилцан мэдээлэл солилцлоо.
Хүн төрөлхтний түүхэнд цөмийн физикийн шинжлэх ухаан 1930-аад оноос эрчимтэй хөгжиж, стратегийн чанартай болсон. Улмаар 40-өөд оноос цэрэг стратегийн шинжийг бүрэн олсон гэж үздэг.  Харин 50-иад оноос зарчмын шинэ үе эхэлснээс хойш өнөөдөр цөмийн энергийг энх тайвны зорилгод эрчимтэй ашиглаж байна. 

Европын цөмийн судалгааны байгууллага,  Цөмийн шинжилгээний нэгдсэн инcтитут, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг  (ОУАЭА)  шил шилээ даран байгуулагдсан. Цөмийн физикийн ололтыг хүн төрөлхтөн эрчим хүчний болон эрчим хүчний бус технологийн гэсэн хоёр чиглэлээр ашигладаг. Монгол Улсын хувьд 1934 онд улсын  нэгдүгээр төв эмнэлэг рентген аппарат ашиглаж эхэлсэн. 1956 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг байгуулсан үеэс цөмийн физик, технологийн судалгааг эх орондоо хөгжүүлж байна. Өнөөдөр цөмийн технологийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аж үйлдвэр, судалгаа, шинжилгээ, авто зам, барилга, уул уурхай, геологи хайгуул, аюулгүйн үзлэг, хяналт шалгалт гээд олон салбарт өргөн ашиглаж байна.

Ийм чухал салбарыг хариуцдаг Цөмийн Энергийн Агентлагийг татан буулгасан шүү дээ. Цөмийн Энергийн комисс (ЦЭК)-ын  үйл ажиллагаа  юунд голлон чиглэж байна вэ?
Агентлагийг татан буулгасан ч  дахиж байгуулаагүй. Цөмийн энергийн комиссын хувьд анхнаасаа л үйл ажиллагаагаа явуулж байсан л даа. Сайд нарын Зөвлөлийн дэргэд Цөмийн энергийн комиссыг 1962 онд анх байгуулсан юм.  2015 онд комиссын дэргэд Ажлын алба байгуулагдсан. Комиссын хувьд 2015-2019 онд цөмийн энергийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цацрагийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн дүрэм журам, нормыг олон улсын стандартын дагуу шинэчлэн боловсруулах чиглэлд анхаарлаа хандууллаа.  Энэ хугацаанд комиссын хуралдаанаар салбарын бодлого, үйл ажиллагаатай холбоотой 54 асуудлыг хэлэлцэж, 35 тогтоол гаргасан байна. Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, Цацрагийн аюулгүйн норм, Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм, Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, Хүдрийн олборлолт, боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлын менежментийн дүрэм, Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны  дүрэм  зэрэг 15 дүрэм, норм, стандартыг батлан гаргасан.

Комисс  үндсэн 5 чиглэлээр ажилладаг. Монгол Улсын нийгэм-эдийн засгийн салбарт цөмийн технологийг нэвтрүүлэх замаар улсын хөгжлийг дэмжих, цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулж, стратегийн түншлэлийг бий болгох, баялагтаа түшиглэн байгальд ээлтэй цөмийн эрчим хүчийг ашиглаж, эрчим хүчний эх үүсвэрийн төрлийг нэмэгдүүлэх, эдгээр 3 зорилттой холбоотой цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх, эцэст нь цөмийн энергийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах баталгааг хангахад анхаарч байна.   

УИХ-ын 2009 оны 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт хэр байна вэ?
Бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт удаашралтай байна. 2011 онд болсон Фүкүшимагийн ослын улмаас олон нийтэд бий болсон болгоомжлол, баруун Европын зарим орон цөмийн эрчим хүчний бодлогоо эргэн харж эхэлснээс шалтгаалаад маш эрчимтэй явж байсан цөмийн эрчим хүчний хөтөлбөр, төслүүд   саарсан, ураны эрэлт ч олон улсад багассан. Үүний дээр манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал бас нөлөөлж байна.  
Фүкүшимагийн цөмийн реакторууд дээр гарсан осол цөмийн энергийн салбарт маш том сорилт болсон ч гэлээ, нөгөө талдаа  чухал асуудлуудыг шийдвэрлэсэн гэж боддог. 

Ослын дараа  олон улсын байгууллагууд цөмийн реакторын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд өндөр шалгуур, стандарт тогтоосон. Улмаар бүх реакторуудыг шалгаж, аттестатчиллаа. Энэ бол чухал алхам. 


Бодлогод заасан цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой зорилтын биелэлт ямар байна вэ?
2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдаж, 27 аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 164 тусгай зөвшөөрлийн талбайд явуулсан хайгуулын ажлын тайлан, кадастрын албаны мэдээ материалуудыг Ашигт малтмалын газраас Цөмийн энергийн газарт шилжүүлэн авсан юм. Тухайн үед тусгай зөвшөөрлийн нийт хамрах талбай   Монгол Улсын нутаг дэвсгэрийн 2.6%-ийг эзэлж байсан. 2020 оны байдлаар АМГТГ-т 8 аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын 9, хайгуулын 7 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Эдгээр  тусгай зөвшөөрөл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.13%-ийг эзэлдэг. 2009 онтой харьцуулахад 20 дахин багассан.

Тусгай зөвшөөрлийн тоо буурснаас гадна уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаа зогсоох явдал гарсаар байна. Хөрөнгө оруулагчид ордын төрөл, шинж чанар, ураны хэтийн төлөвийн үнэлгээ, авлигын болон хөрөнгө оруулалтын индекс, уул уурхайн салбарын бодлогыг харгалзан үзэж, эрсдэлийн хүчин зүйлсийг олон талаас судалсны үндсэн дээр ураны төсөлд хөрөнгө оруулах эсэхээ шийдвэрлэдэг. Хамгийн сүүлд Японы “Мицубиши” корпорац нь “Арева Монгол” ХХК дахь хувьцаагаа шилжүүлээд ураны төслөөсөө гарлаа.

Монголд ураны геологийн судалгааны түвшин хангалттай биш байна. Одоогоор геологийн хэчнээн хэмжээний бүртгэгдсэн нөөцтэй вэ?
Монгол Улсад ураны 13 ордын хэмжээнд 192.2  мянган тонн геологийн нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн 2%-ийг эзэлдэг. Геологийн судалгааны түвшин хангалттай биш, хайгуулын ажил бараг хийгдэхгүй байгаа нь цаашид ураны нөөц, баялгийг нэмэгдүүлэх боломжийг олгохгүй байна. Иймд улсын төсвийн хөрөнгөөр хийх суурь судалгааны ажил, мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох замаар хувийн хөрөнгө оруулалтыг хайгуулын салбарт нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэж чадвал, цаашид ураны нөөц, баялгийн хэмжээ нэмэгдэх бүрэн боломж бий. Дэлхийн ураны нөөцийн дийлэнхийг элсэн чулуун дахь ураны нөөц эзэлдэг. Энэ төрлийн ураны хэтийн төлөв бүхий талбай манай улсад их бий.     

Бид нөөц нь батлагдсан ураны ордууд дээр хууль, тогтоомжийн хүрээнд хамтарсан компани байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг тогтвортой бодлогоор дэмжих, хамтран ажиллах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Энэ хүрээнд “Мон-Атом” ХХК-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, ашгийн байгууллага хэлбэрээр ажиллах хэрэгтэй.  “Мон-Атом” ХХК   Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, төрийн хувь эзэмшлийг төлөөлөн ажиллах төрийн өмчийн аж ахуйн нэгж. Одоо  тус компани улсын төсвийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс илүүтэй иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн иргэдэд цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээ, мэдээлэл хүргэх ажилд илүү анхаарч ажиллаж байна.

Бүртгэгдсэн  13 ордын  геологийн нөөц нэмэгдсэн үү?
Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны долоодугаар сард авсан мэдээгээр Монгол Улсад ураны 13 орд (Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт)-ын хэмжээнд 192,241.02 тонн геологийн нөөц бүртгэгдэж, үүнээс 11 ордын нөөцийг  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн бүртгэж авсан.

Дэлхийн цөмийн эрчим хүчний хандлага ирээдүйд ямар байх вэ?
ОУЭХА-ын судалгаагаар цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл тогтвортой нэмэгдэж байна. 2040 он гэхэд 45%-иар нэмэгдэж нүүрс, байгалийн хийг орлох хэмжээ нь ч нэмэгдэнэ. Харин энэхүү өсөлтийн 90%-ийг үсрэнгүй хөгжиж буй хоёр улс болох БНХАУ, БНЭУ бүрдүүлнэ гэжээ. 2020 оны байдлаар дэлхийн 33 улсад 443 цөмийн эрчим хүчний реактор (нийт 392.1 ГВт суурилагдсан хүчин чадалтай) ажиллаж, дэлхийн цахилгаан эрчим хүчний 10.2%-ийг хангаж байна. Мөн дэлхийн 18 улсад 55 реактор шинээр баригдаж байгаагаас 16 нь манай хоёр хөршид (БНХАУ-12, ОХУ-4) ногдож байна. 18 улс 109 реакторыг (нийт 119.6 ГВт хүчин чадалтай) 8-10 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж, зохих зөвшөөрөл, санхүүжилтийн асуудлыг шийдсэн гэж тайлангуудад бичиж байна.

ОУАЭА-аас гаргасан “Дэлхийн эрчим хүчний төлөв” тайланд зах зээлийн эрэлт бага байх хувилбараар тооцоолоход 2035 он гэхэд дэлхийн хэмжээнд нийт 418ГВт хүчин чадалтай цөмийн эрчим хүчний станцууд ажиллах бөгөөд жилд 66,995 тонн уран ашиглана гэж дурдсан. Энэ  хэмжээг өнөөдөр ажиллаж байгаа   уурхайнуудаас хангах боломжтой боловч зах зээлийн эрэлт өндөр байх хувилбараар тооцоолоход 2035 онд цөмийн эрчим хүчний станцуудын нийт чадал 682ГВт хүрч, ашиглах ураны хэмжээ 104,740 тоннд хүрэх боломжтой. Шинэ уурхайнуудыг ашиглалтад оруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй бол бүтээгдэхүүний хомсдол үүсч болзошгүй.


Өнөөдрийн байдлаар дэлхийн ураны нөөц хэр байна вэ?
Сүүлийн 60 жилийн туршид уран нь энергийн эх үүсвэрийг хангах хамгийн чухал ашигт малтмалд тооцогдсоор байгаа. Олон улсын атомын энергийн агентлаг, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Цөмийн энергийн агентлаг хамтран 2 жил тутамд ураны олборлолт, нийлүүлэлтийн талаар “Улаан ном” тайланг гаргадаг. 2018 оны хэвлэлд нэг килограмм ураныг 260 хүртэлх ам.долларын өртгөөр олборлох боломжтой 7,988.6 мянган тонн, 130 хүртэлх ам.долларын өртгөөр олборлох боломжтой  6,142.2 мянган тонн ураны нөөц байгааг дурдсан. Эдгээр нь 15 оронд хамаарч, үлдсэн 5% нь бусад 22 улсад ногдож байна. Ураны нөөц тогтоогдсон 37 улс байгаагаас 19 орон олборлолт явуулж, 2016 онд 62,366 тонн, 2017 онд 59,531 тонн, 2018 онд 53,498, 2019 онд 53,656 тонн  уран тус тус олборлосон байна. Нийт олборлосон ураны 86%-ийг 10 компани бүрдүүлсэн бол олборлосон ураны 77%-ийг 4 улс бүрдүүлж,  2007 онд 41,282 тонн, 2016 онд 62,366 тонн уран олборлосон   нь 51%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ураны төслийн тогтвортой хөгжил их чухал. Гэхдээ таны яриагаар стратегийн энэхүү ашигт малтмалын төслийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд төрөөс онцгой анхаарах шаардлагатай байх?
Ураны олборлолт явуулах нь хөрөнгө оруулалт ихээр шаардсан, уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө 10-15 жилийн хугацаа шаардагдах урт хугацааны үйл явц. 
Ураны хайгуулаас хүдрийн баяжмал шар нунтгийг гарган авах хүртэлх үе шатанд хэдэн зуун саяас хэдэн тэрбум долларын санхүүжилт шаардагддаг учраас урт хугацааны эдийн засгийн болон бусад эрсдэлийг сайтар тооцоолох хэрэгтэй. Үүнтэй холбоотой  талуудын эрх ашгийг хамгаалахын тулд ураны баяжмалын борлуулалтын гэрээ нь үнийн хязгаарыг тогтоон урт хугацаагаар байгуулагддаг. Одоогийн зах зээлийн үнэ гэрээний үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлж болох ч өөрчлөлт нь удаан явагддаг тул харьцангуй тогтвортой байна. 
 
Ураны талаар манай иргэдийн мэдлэг, ойлголт нэлээд тааруу байх шиг байна. Та мэргэжлийн хүний хувьд товчхон тайлбар хийнэ үү?
Уран нь байгаль дээр газрын хэвлий, далай, тэнгис, гол, нуурын ус, ургамал төдийгүй хүнсний бүтээгдэхүүнд ч, хүний биед ч бага хэмжээгээр агуулагдсан байдаг. 
Дэлхий дээр амьдарч буй хүн, мал амьтан энэхүү цацраг идэвхт элементийн нөлөөнд оршин байдаг гэж ойлгож болно. Дэлхий дээр алтнаас 500 дахин элбэг байдаг элемент.

Уран үүсэн тогтсон нас нь дэлхийн настай адил бөгөөд газрын хэвлийд бага хэмжээгээр агуулагдах уран нь зарим газар нутагт байгалийн процессын дүнд зөөгдөн хуримтлал үүсгэн тогтсон байдаг.
Ямар ч төрлийн ашигт малтмал, тухайлбал нүүрсний хайгуул, олборлолтын   үед ураны агууламж хэмжээг тодорхойлдог. Зарим үе давхаргад ураны хуримтлал үүсэн тогтсон байх тохиолдол их. Нүүрсэнд агуулагдах ураны агууламж 0.001%-оос бага бол тухайн нүүрсийг ахуйн хэрэглээнд, 0.01%-оос бага бол эрчим хүчний болон дулааны станцад ашиглаж байна. Хэрэв 0.01%-оос их агууламжтай бол холбогдох хяналтын байгууллагын шийдвэрээр зохицуулна гэж Монгол Улсын Цацрагийн аюулгүйн нормд заасан. Монголын зүүн бүсийн нүүрсний уурхайнууд гарал үүслээсээ хамаараад ураны хувийн агуулга нэлээн өндөртэй.

Ураныг уламжлалт уурхайн арга (ил, далд уурхай), газрын дор уусган олборлох аргаар болон дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр олборлодог. Сүүлийн үед газар дор уусган олборлох аргыг олон улсад хэрэглэж байна. Монголд ч энэ талаар нэлээд яригддаг шүү дээ?
Ураныг уламжлалт уурхайн арга (ил, далд уурхай), газрын дор уусган олборлох аргаар болон дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр олборлодог. Газрын дор уусган олборлох арга нь 1960-аад оноос эрчимтэй хөгжсөн.  2019 оны байдлаар нийт олборлосон ураны 57%-ийг тус аргаар, 36%-ийг уламжлалт уурхайн аргаар, үлдэх хэсгийг холимог металын ордоос дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр олборлосон байна. Манай Зөөвч-Овоо ордыг газрын дор уусган олборлох технологиор ашиглах  ТЭЗҮ хийгдсэн. Зөөвч-Овоо ордын  технологийн туршилтыг Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи“ ХХК явуулахаар бэлтгэж байна.

Дэлхий дахинд ураны хэрэглээ их байгаа ч зах зээл дэх үнэ сайнгүй байна. Ураны одоогийн үнэ ханш ямар байна вэ?
Цөмийн үйлдвэрлэлийн зах зээлийн судалгааны компани болох “UxC”-иас гаргасан мэдээгээр (2019.12)   1 фунт шар нунтаг (U3O8)-ийн спот үнэ 25.0 ам.доллар буюу 1 кг нь 55.18 ам.доллар байсан байна. 2019 оны эхний байдлаар 1 фунт шар нунтаг /U3O8/-ийн урт хугацааны, гэрээний үнэ 32 ам.доллар буюу 1 кг нь 70.6 ам.доллар байсан бол арванхоёрдугаар сарын эцэст өөрчлөлт ороогүй.  2020 оны аравдугаар сарын байдлаар 65.12 ам.долларын ханштай байна.

Шар нунтгийн зах зээлийн одоогийн спот үнэ нь ураныг олборлоход ашиггүй байгаа гэсэн мэдээлэл бий. Хэр үндэслэлтэй вэ?
Уран олборлогчид урт хугацааны гэрээ байгуулж, бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой байдаг. Шар нунтгийн зардал болон эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн мэдээллээс харахад шар нунтгийн урт хугацааны гэрээний суурь үнэ 55 ам.доллар/ фунт буюу 1 кг нь 121 ам.доллар хүрэх боломжтой гэж шинжээчид таамаглаж байна. Энэ нь зарим уурхайн хувьд зардлаа нөхөх ашигтай ажиллагааны босго үнэ.  Цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС) барих нийт хөрөнгө оруулалтын 15% нь түлш үйлдвэрлэлтэд зарцуулагддаг учраас шар нунтгийн үнэд өөрчлөлт орох нь шинээр баригдах реакторын тоонд төдийлөн нөлөөлөхгүй, зах зээлийн эрэлт буурахгүй байх.  2018 онд шар нунтгийн эрэлт нийлүүлэлт тэнцэж, зах зээлийн бодит үнэ дээрээ тогтсон гэж хэлж болно. Томоохон нийлүүлэгчид болох “Казатомпром”, “Камеко” корпорац олборлолтоо бууруулснаар 2019 оноос эхлэн шар нунтгийн хомсдол үүсэж эхэлсэн.

Цаашид зах зээлийн эрэлт нэмэгдэнэ. БНХАУ 2035 онд 116, БНЭУ 2030 онд 32 реактор шинээр ашиглалтад оруулах төлөвтэй байна. Урт хугацааны төлөв байдлаас харахад уран хэрэглэгчид ирээдүйд бүтээгдэхүүний хомсдолд орохгүйн тулд ирэх жилээс урт хугацааны гэрээнүүдийг байгуулах хэрэгтэй болсон гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ урт хугацааны гэрээний үнэ 72%-иар нэмэгдэх буюу 1 фунт нь 55 ам.доллар (1кг нь 121 ам.доллар) хүрч байж зарим шинэ уурхайнуудыг ашиглалтад оруулах боломжтой болох юм. Спот үнийн хувьд 1 фунт нь 40 ам.доллар (1кг нь 88 ам.дол­лар) хүрэх боломжтой гэж үзэж байгаа.
 
Цаашид Монгол Улсад ураны салбарыг хөгжүүлэхийн тулд нэн тү­рүүнд юуг анхаарч ажиллах ёстой вэ? 
Цацраг идэвхт ашигт малтмалын салбарыг хөгжүүлэхийн тулд бодлого тогтвортой байх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах орчныг бэхжүүлэх, олон нийтийн хүлээн зөвшөөрлийг бий болгох, үйл ажиллагааны хэрэгжилтэд нутгийн удирдлагын байгууллагууд идэвхтэй оролцож, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох явдал чухал. Төр засаг нь шийдвэрээ хэрэгжүүлэх гээд олон нийт иргэд нь эсэргүүцээд, түүний ард хэсэг бүлэг нөхдүүд өөгшүүлж ашиг хонжоо хайдаг байж болохгүй.

Урантай холбоотой олон улсын шалгарсан сайн туршлагыг   Монгол Улсад нэвтрүүлж хэрэгжүүлэхээр зорьж байна. Тухайн улсын тогтвортой хөгжлийн бодлоготой уялдах, хүн амын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах, олон улсын эрх зүйн орчинтой нийцүүлэх, нийгмийн хариуцлагатай байх, чанарын менежментийн системтэй байх, тээвэрлэх эрх зүйн орчин, дэд бүтэцтэй байх, хүний нөөц, сургалтын асуудлыг шийдэх, цацраг идэвхт үүсгүүр болон цөмийн материалын аюулгүй байдал хангагдах, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг хийх туршлага хуримтлуулах гээд зарчмууд байна.
Цацраг идэвхт ашигт малтмалын салбарыг хөгжүүлж, түүнийг үр өгөөжтэй байлгахын тулд дээрх зарчмыг баримтлах шаардлагатай. Түүнчлэн хууль эрх зүйн орчноо тогтвортой байлган, төр, олон нийтийн хяналтын шалгуурыг өндөр, тодорхой болгож, хариуцлага тооцох механизмыг сайжруулан, олборлогч аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг хангах хэрэгтэй.

“Цөмийн  технологи  Монгол  Улсын хөг­жилд”  үндэсний семина­раас оролцогчдын хамтарсан зөвлөмж гарсан байна. Та энэ зөвлөмжийн ач холбогдол, хүрэх үр дүнг хэрхэн харж байна вэ?
Энэ зөвлөмжйиг цөмийн технологи нэвтрүүлж, ашиглах орчинг сайжруулах, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж болон салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэж  цөмийн технологи ашиглагч, хэрэглэгч байгууллагуудад хандан гаргасан юм.  
Зөвлөмж гарснаар цөмийн энергийн салбарт бодлогын болон эрх зүйн орчны түвшинд, аж ахуйн нэгж, байгууллага, төр болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд юунд анхаарах, тэдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх тодорхой ажлууд хийгдэх байх гэж харж байна. Ингэснээр тус салбарын оролцогч талуудын хүсэл эрмэлзэл, санал, санаачлага, хэрэгцээг хангасан ил тод, ажил хэрэгч, ирээдүйд чиглэсэн харилцааг бий болгоно.
 
Ярилцсан Танд баярлалаа. 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-09-24 14:39
    Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор (2021.09.22) нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд 2 сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулсан. 
  • 2021-09-24 12:33
    Дэлхий дахины анхаарлын төвд буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “China Evergrande” групп нь хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн талаар (2021.09.23) мэдэгдсэнээр төмрийн хүдрийн ханш ялимгүй өсөхөд нөлөөллөө. Өчигдрийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа төмрийн хүдрийн ханш 120 орчим ам.доллар байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани дампуурах тухай мэдээлэлтэй холбоотой даваа гаригт (2021.09.20) төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош орж буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
  • 2021-09-24 11:55
    Монгол Улсын Үндсэн хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах” асуудлыг тусгасан.
  • 2021-09-24 11:46
    “Worldsteel”-ийн мэдээллээр, оны эхний найман сард дэлхийн хэмжээнд нэг тэрбум 321 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй (нэг тэрбум 195 сая тонн) харьцуулахад 10.62%-иар нэмэгдсэн байна.  Мөн хугацаанд 733.02 сая тонн (5.28%-ийн өсөлт)ган үйлдвэрлэсэн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Тус улс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55%-ийг бүрдүүлж байна. 
  • 2021-09-24 10:16
    Хятад улс наймдугаар сард 394 мянган тонн зэс импортолсныг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хятадын зэсийн импорт 41%-иар буурч, 2019 оноос хойших хамгийн бага үзүүлэлтээр тооцогдож байна. Энэ оны эхний найман сард нийт 3.6 сая тонн зэс хилийн чанадаас худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 15.3%-ийн буурсан аж. 2020 оны аравдугаар сард Хятадын зэсийн импорт оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд тухайн үеэс тус улсын зэсийн импорт буурч иржээ. Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тодорхой хэмжээгээр зэсийн импорт буурахад нөлөөлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.