Монгол Улсын цөмийн технологийн хэрэглээний талаар хэлэлцлээ

2020-11-09 17:52

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монгол Улсын Их Сургуулийн  хамтарсан “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт  үндэсний  семинар энэ сарын 06-нд МУИС-ийн дугуй танхимд боллоо. Уг семинараар салбарын эрдэмтэн судлаачид, Цөмийн энергийн комиссын Ажлын албатай хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл цөмийн техник, технологийг ашиглаж, сүүлийн үед гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашдын зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, салбар хоорондын уялдааг  хангах чиглэлд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Цөмийн технологийн хэрэглээ Монгол Улсад”, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Цацрагийн аюулгүй байдлын хяналт, бодлого төлөвлөлт” сэдвээр  илтгэл тавьж, семинарыг нээсэн юм.

“Монгол Улс бусад улс орны адил цөмийн технологийг нэлээд өргөн хэмжээнд ашиглаж байна. Уур амьсгалын өөрчлөлттэйгээр цөмийн технологийн хэрэглээ нэмэгдсээр байгаа. Гэхдээ Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал  бол судалгаатай холбоотой  материаллаг баазын  хүндрэл. Өндөр өртөгтэй, урт хугацааны менежмент шаардах багажууд шаардлагатай. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлбэл томоохон дэвшил болно” хэмээн  тэрээр тодотгов.   

Семинарын эхний хэлэлцүүлгийн илтгэгч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйг тасгийн эрхлэгч Б.Энхтуяа “Цөмийн анагаах ухаанд ашиглаж буй технологи” илтгэлдээ “Цөмийн оношлогоо эд эс, молекулын  түвшинд үйлчилдэг. Эсийг бүтцийн өөрчлөлтөд ороод хавдар болж хүндрэхээс өмнө  илрүүлж оношлох боломжтой” хэмээн тодотголоо.     

“Цөмийн технологи Эрүүл мэндийн салбарт” хуралдаанд Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн оношлогооны их эмч С.Эрдэнэчимэг “Монголын цөмийн анагаах ухааны хөгжлийн шинэ эрин” сэдвээр илтгэлээ. Тэрээр,  хавдар оношлогдсон хүн бүр PET-CT оношилгоо заавал хийлгэсэн байх ёстой.  Одоогийн байдлаар PET-CT оношилгоог хийлгэхийн тулд монголчууд Хятад эсвэл Солонгос гээд заавал гадаад улс руу явдаг. Гадагшаа явж энэ төрлийн хавдрын оношилгоо хийлгэхэд 3-7 мянган ам.доллар шаардлагатай” гэлээ.  “ПЕТ компьютер томографийг Монголд анх удаа нэвтрүүлэх гэж байна. Циклотронд суурилсан цацраг идэвхит эмийн үйлдвэрлэлтийг хамт явуулж,  судсанд шууд тарих шингэн цацраг идэвхит эм гаргаж авахад бэлэн болсон. Өвчтөнд тарих эмийнхээ үйлдвэрлэлтээ анх удаа амжилттай явуулсан. Бидний төлөвлөгөөний дагуу арванхоёрдугаар сарын 1 гэхэд өвчтөндөө үйлчлэх төлөвлөгөөтэй байгааг тэрээр онцолж байсан.

Агаарын бохирдлыг бууруулахад цөмийн технологийн хэрэглээ мөн нэмэгдэж байна. Энэ талаар Герман-Монгол технологийн сургуулийн багш, профессор С.Лодойсамба “Цөмийн физикийн аргаар агаарын бохирдлыг бууруулдаг аргууд бий. Азотын давхар исэл, хүхрийн давхар исэл зэрэг хортой хийнүүдийг утааны янданд цөмийн цацрагаар шарж бууруулдаг арга бий” гэдгийг тэрээр тодотгосон.  

Монгол Улсад цөмийн энергийн салбар нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт цөмийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, үр өгөөжийг сайжруулах, судалгааг өргөжүүлэх, аюулгүй ажиллагааг хангуулах, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд идэвхтэй хөгжиж байна.  Өнөөдөр цөмийн технологийг дараах салбаруудад ашиглаж байгаа аж.

Тухайлбал,

Геологи уул уурхайн салбарт ашигт малтмалын эрэл хайгуул, геологийн судалгаа шинжилгээний ажилд цөмийн технологид суурилсан судалгааны багаж төхөөрөмжийг өргөн ашиглаж байна. Тухайлбал, геофизикийн судалгаанд цацрагийн шингэх, сарних үзэгдлийг ашиглан чулуулгийн нягт, элементийн агуулгыг тодорхойлдог байна.

Байгаль орчны салбарт  уур  амьсгалын өөрчлөлтийг судлахад тогтвортой изотопуудыг өргөн ашиглаж байна. Гадаргын болон гүний усны тэжээгдэл, тархалт, хөдөлгөөний талаарх мэдээллийг цуглуулах,  усны биетүүдийн хоорондын гидравлик харилцан үйлчлэл болон гол, нуур, уст давхаргуудын урсгалын чиглэл, гарал үүслийн эргэлтийн үйл явцыг тодорхойлоход хэрэглэдэг аж.

Аж үйлдвэрийн салбарт   боловсруулах үйлдвэрт рентген тоног төхөөрөмж, цацраг идэвхт үүсгүүрийг бүтээгдэхүүний дээжид шинжилгээ хийх, үйлдвэрийн процессыг хянахад ашиглаж байна.

Эрүүл мэндийн салбарт оношлогоо, эмчилгээ болон хавдартай тэмцэхэд ашигладаг. Дэлхийд ойролцоогоор 10 мянга гаруй эмнэлэг цацраг идэвхт изотоп, цацрагийн үүсгүүр бүхий тоног төхөөрөмж, рентген цацрагийн аппаратыг ашиглан нийт оношлогооны 90%-ийг гүйцэтгэж байна. Гадаад шарлагад ихэвчлэн ашигладаг бөгөөд орчин үед хөгжингүй орнуудад шугаман хурдасгуурыг ашиглах хандлага нэмэгдэж, дэлхийд жилд 30 мянган хүн гадаад шарлагын эмчилгээ  хийлгэдэг гэсэн  мэдээлэл бий.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт  цөмийн  сургалт, судалгаа, технологийн хэрэглээ гэдэгт мөн байгаль орчин, геологи, уул уурхайн төрөл бүрийн дээжид химийн элементийн агуулга тодорхойлох, археологийн олдворын насжилтыг тогтоох гэх зэрэг олон төрөлд ашиглаж байна.   

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт, усалгаа бага шаарддаг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож ургах чадвартай, сайн чанарын үр тарианы шинэ сортыг цацрагийн технологийн тусламжтайгаар гарган авдаг байна. Түүнчлэн хөрс, усны менежментийг сайжруулах,  ургамлын ургацыг нэмэгдүүлэх, био-бордоо үйлдвэрлэх, хортон шавьжтай тэмцэхэд ашиглаж байна. Хүнсний бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй урт хугацаанд хадгалах зорилгоор бактери, паразитуудыг устгахад 40 гаруй улсад 40 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарж байна.  

Малын гаралтай бүтээгдэхүүнд эм, химийн бодисын үлдэгдлийг тодорхойлох, малын халдварт болон зоонозын  өвчний тархалтыг судлах, эмчлэх, оношлох, эм бэлдмэл вакцин үйлдвэрлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, геологи, уул уурхайн чиглэлд хайгуул, шинжилгээ, төрөл бүрийн дээжид үндсэн ба дагалдах элементийг тодорхойлоход ашиглаж байна.

Үндэсний семинарыг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор, нэрт эрдэмтэн Даржаагийн Чүлтэмийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан зохион байгууллаа. Цөмийн салбартай холбогдох төр, олон нийт, хувийн хэвшлийн 30 байгууллагын 150 орчим төлөөлөл оролцож, цөмийн технологийг хэрэглэж байгаа тухай илтгэл хэлэлцүүлж, шүүн ярилцаж, харилцан мэдээлэл солилцлоо.

Г.Идэр

   

    

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 15 минутын өмнө
    Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
  • 20 цаг 51 минутын өмнө
    “Эрдэс баялгийн бирж ”  гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний  бирж”   нэрлэх  нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний  бирж зэрэг олон улсын, бүс нутгийн  болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг. Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний  бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн.
  • Уржигдар 12 цаг 27 минутад
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • Уржигдар 11 цаг 40 минутад
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • 2021-06-16 14:20
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.