Усны засаглал  

2020-10-12 11:44

Г.Идэрхангай

”Ус авчрах” гэж говийнхон ярьдаг. Алсын зайнаас ус дамжуулан татах  аварга төслийг тэд  нутгийнхаа хэллэгээр энгийн хэрнээ даруухнаар илэрхийлсэн нь энэ. Говийнхон ус ирэхийг хүлээж байна. Нэг талаас уул уурхайн үйлдвэрлэл  хүч түрэн эрчимжиж, нөгөө талдаа гүний усны нөөц  жил ирэх бүр багассаар буй өнөө цаг говийн зон олны сэтгэлийг улам ч эмзэглүүлжээ.  Товчхондоо уул уурхайн  үйлдвэрлэлийг  нутгийн ард үгүйсгээгүй ч усаа хайрлан гамнах, хойч үедээ үлдээх  үүрэг хариуцлагаа  тодоор илэрхийлдэг болсоор олон жилийг ардаа орхижээ. 2025 оноос говь нутаг усны хомсдолд орно гэдгийг эрдэмтэд сануулдаг.  2030 он гэхэд усны хэрэглээ нөөцөөсөө давж хэтэрнэ гэсэн судалгаа ч бий.  Тиймээс одооноос устай холбоотой бүх асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, зөв бодлого явуулах ёстой гэсэн ганцхан байр суурин дээр  нийгмийн бүх тал тогтож байна.

“Усны засаглал” гэх цоо шинэ нэршил, бодлогын нэгдмэл чанар бүхий ойлголт хүчтэй орж ирж байна.   Төрөөс усны чиглэлээр чамгүй олон бодлого, зорилт дэвшүүлж ирсэн. Гагцхүү  хэрэгжилт, үр дүн нь хаана байна вэ гээд асуухаар хэн ч бүрэн дүүрэн хариулт өгч чаддаггүй. “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Ус” үндэсний хөтөлбөр, “Ногоон хөгжлийн бодлого”, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлого-2030”, орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын Бүсчилсэн хөгжлийн бодлогууд гээд дурдвал хангалттай. Тооны олноос чанар гэгчээр эдгээр баримт бичиг, хууль тогтоомжуудын уялдаа холбоо сул, хийдэл давхардал ихтэй заалтууд  усны бодлогыг  урагшлуулах биш ухрааж, бас гацааж байгаа. Цаашлаад усны асуудал бүр дээр өөр өөрийн гэсэн амбицтай, бодлого нь хоорондоо эвлэлддэггүй төрийн болон төрийн бус байгууллагуудын дуу хоолой нийгмийг чирэгдүүлж байна.   


    
Үүний нэг жишээ гэвэл  Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулах Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ажил өнөө л усны хэрэглээн дээр очоод гацсан. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт энэ үйлдвэрийн төслийн талаар лавтай, бодитой туссан зүйл харагдсангүй. Эрчимтэй явсан энэ ажил  усан хангамжаас л  болов  уу гэж зарим судлаачид харж байна. Монголчуудын олон жилийн мөрөөдөл байршаа сольж явсаар ийнхүү замхрах вий.  “Оюутолгой” компанийн Баяжуулах үйлдвэр (өдгөө жилдээ 918 л/с ус хэрэглэж байна)  далд уурхай ажиллахын цагт   1200 л/с ус ашиглана гэсэн судалгааг  мэргэжилтнүүд хийж байна.  Эдүгээ “Энержи Ресурс” жилдээ 210 гаруй л/с ус хэрэглэж байгаа бол мөдхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Нүүрс баяжуулах аварга үйлдвэр ашиглалтад оруулахаар  ТЭЗҮ-ээ батлаад байна. Араас нь хэрэгжих том төслүүд мэдээж бий.
 
Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл усны асуудлыг засаглалын нэг хэлбэрт оруулж, хяналтын  тогтолцоог бий болгох  зорилгоор  Засгийн газрын  бүтэц дотор Усны газрыг шинээр байгуулан ажиллаж эхэлсэн. Тэгэхээр төслүүд хэрхэн  хэрэгжсэнээр  Усны газрын ажлын үр дүн харагдах юм. Тав, арван жилийн дараа гадаргын усаа говь руу урсгаж,  гүний усны нөөцөө хамгаалж чадахгүй энэ хэвээр байвал усаа засаглаж чадаагүй  юм байна гэсэн дүгнэлтэд олон нийт хүрнэ. Ямартаа ч одоо хэр ТЭЗҮ нь бэлэн болж батлагдаагүй “Орхон говь”, “Хэрлэн говь” зэрэг гадаргын ус ашиглах бүх төслийг нэгтгэн “Хөх морь” нэртэй болгож, нэг бодлогод зангидаж эхэлж байгаа нь сайн алхам. Тус тусдаа амбицтай,  нийлж нэгдэж чаддаггүй, урт удаан настай  том жижиг төслүүдийг төрийн бодлогоор нэг тогоонд оруулж хянах боломжтой болж байх шиг байна.
 

Усны засаглалыг бий болгохын тулд эхлээд хуульд өөрчлөлт оруулж тусгайлсан Ажлын хэсэг байгуулан нэн яаралтай арга хэмжээ авч ажиллах, цаашлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэхийг Төрийн тэргүүн холбогдох албаны хүмүүст даалгажээ. 

Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Усны тухай хуулийн 9.1-д  “Усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж өгөх, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны Үндэсний Зөвлөл  байна” гэсэн заалт бий.    Усны үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, нарийн бичгийн дарга нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх учиртай. Энэ зөвлөлийн өнөөдрийн дэвшүүлж байгаа бодлого чиглэл гадаргын усыг ашиглах ёстой гэдэг дээр хүчтэй байр суурьтай ажиллаж байгаа нь анзаарагддаг. Уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа  гадаргын  болон гүний усны нөөцөөс гадна газар тариалангийн гол бүс нутаг ирэх жилүүдэд  нэлээд хуурайшиж, тариалангийн талбайнууд өмнөхөөсөө ч хумигдана гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Үндэсний статистикийн хороо Монгол Улсын хүн амыг 2030 онд 3.5 саяд хүрнэ гэж тооцоолжээ. Өсөлтийн хурд энэ чигээр байвал 2050-аад онд хүн амын тоо 6 саяд хүрэх бололтой. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өмнө тавигдаж байгаа нэг асуудал бол газар тариалангаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт илүүтэй төвлөрч байна. Ямартаа ч өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж  байгаа Усны тухай хуульдаа өөрчлөлт оруулснаар  усны салбарыг зохицуулах  бодлогын тулгуур бичиг баримтууд гарч ирэх юм. Концепцын яг ямар өөрчлөлт хийх гэж байгаа нь одоогоор тодорхой бус.

Говийн бүсийн стратегийн ашигт малтмалын томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад  Усны тухай хуульд өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд ихээхэн түлхэц болсон нь үнэн. Түүний хүчинд  Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, том төслүүд хөдөлж эхэлсэн. Гэхдээ ус бол салбарын дундыг зохицуулсан маш нарийн сэдэв учраас одоогийнх шиг  хоёр хуулиар зохицуулаад усны засаглалаа тогтооно гэвэл   бүтэхгүй. Нэг хуулиар нэг шугамаар хэрэгжүүлэх ёстой. Зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт нь шийдэгдлээ гэхэд улс төрийн хариуцлагатай шийдвэрүүд нэг утгаар хурдтай гарч байх шаардлагатай. “Хөх морь” төсөл гэхэд маш их хугацаа, төсөв хөрөнгө шаардана. Тэр болгонд  салбар хариуцсан яам хоорондын ажлын уялдаа холбоо, хурд хүч хэрэгтэй. Орон нутаг нь гүний усаа уул уурхайд ашиглуулахгүй гэсэн тогтоол шийдвэр гаргаад хэдхэн сар болж байхад нь Засаг хүчээр  хүчингүй болгодог өнөөдрийн тогтолцоогоор явбал усны салбарт олон хүндрэл гарсаар байх болно. Гол нь Монголын онцлогт тохирсон, салбарын хэмжээнд томоохон шинэчлэл хийсэн усны засаглалыг Үндэсний аюулгүй байдлын түвшинд хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр талууд санал нэгдэж, хуулийн төсөлд өөрчлөлт оруулах ажлууд  өрнөж эхэллээ.  

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-09-24 14:39
    Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор (2021.09.22) нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд 2 сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулсан. 
  • 2021-09-24 12:33
    Дэлхий дахины анхаарлын төвд буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “China Evergrande” групп нь хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн талаар (2021.09.23) мэдэгдсэнээр төмрийн хүдрийн ханш ялимгүй өсөхөд нөлөөллөө. Өчигдрийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа төмрийн хүдрийн ханш 120 орчим ам.доллар байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани дампуурах тухай мэдээлэлтэй холбоотой даваа гаригт (2021.09.20) төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош орж буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
  • 2021-09-24 11:55
    Монгол Улсын Үндсэн хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах” асуудлыг тусгасан.
  • 2021-09-24 11:46
    “Worldsteel”-ийн мэдээллээр, оны эхний найман сард дэлхийн хэмжээнд нэг тэрбум 321 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй (нэг тэрбум 195 сая тонн) харьцуулахад 10.62%-иар нэмэгдсэн байна.  Мөн хугацаанд 733.02 сая тонн (5.28%-ийн өсөлт)ган үйлдвэрлэсэн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Тус улс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55%-ийг бүрдүүлж байна. 
  • 2021-09-24 10:16
    Хятад улс наймдугаар сард 394 мянган тонн зэс импортолсныг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хятадын зэсийн импорт 41%-иар буурч, 2019 оноос хойших хамгийн бага үзүүлэлтээр тооцогдож байна. Энэ оны эхний найман сард нийт 3.6 сая тонн зэс хилийн чанадаас худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 15.3%-ийн буурсан аж. 2020 оны аравдугаар сард Хятадын зэсийн импорт оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд тухайн үеэс тус улсын зэсийн импорт буурч иржээ. Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тодорхой хэмжээгээр зэсийн импорт буурахад нөлөөлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.