Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Нөхөн сэргээлтийг анх удаа тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгөөр хийнэ

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсаны дотор уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм.

2020 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан, нөхөн сэргээх боломжтой 7609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 612 га талбайд техникийн, 440 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ХАН зарчим буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн зарчмыг гол чиглэлээ болгон ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд нөхөн сэргээлтийн ажилд онцгойлон анхаарал хандуулж тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүй тохиолдолд эрхийг шууд цуцлах болсон.

Түүнчлэн нөхөн сэргээлтийн ажлыг явуулах мэргэжлийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оноос энэ оныг дуустал шинээр олгохгүй, эрхийг сунгахгүй байх шийдвэр гаргасан байна. Учир нь нөхөн сэргээлт нэрийн дор ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийхгүй байх гэх мэт зөрчлүүд ихээр гарсантай холбоотойгоор тус шийдвэрийг гаргасан юм.

Зөрчил гаргасан нь тогтоогдсон нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг тухай бүрд нь бүрэн цуцалж өнөөдрийн байдлаар эрх бүхий 61 мэргэжлийн байгууллага нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулж байна.

Салбар яамнаас уул уурхайн олборлолт хийх зөвшөөрөл авсан байгууллага байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс”-нд төвлөрүүлдэг. Энэ оны есдүгээр сарын 07-ны байдлаар тус дансанд 17 тэрбум гаруй төгрөг төвлөрөөд байна. Тэгвэл анх удаа нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцааны мөнгөөр нөхөн сэргээлтийн ажлыг Архангай аймгийн Цэнхэр суманд хийх гэж байна. Тус сумын 862 га газарт уул уурхайн үйл ажиллагаа явагдсан бөгөөд 531 га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа юм. 1999 оноос эхэлж ашиглалт хийгдсэн учраас биологиийн нөхөн сэргээлт хийхэд нэлээд хүндрэлтэй болсныг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс эхний ээлжинд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг тус суманд хийх юм.

 

Эх сурвалж: БОАЖЯам

Сэтгэгдэл (1)

  • Ulziibayar Dagdandorj (127.0.0.1)
    Энэ БОАЖЯ-ны сүржин даржин мэдээ мэдээллүүд арай хэтэрч байнаа. “Хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ ХАН зарчим” Wow ! Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг уурхайг эхлэхийн өмнө төлөвлөх, Ууурхайн хаалт, нөхөн сэргээлтийн зардалд санхүүгийн баталгаа гаргах хэмжээнд бодлогоо өөрчлөх, шинэчлэх ажил хийж энэ зарчимаа хэрэгжүүл ! Нөхөн сэргээлтээ сайжруулмаар байгаа бол мэргэжлийн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй хэдэн ААН ээ дарамтлах, хаах боох биш нөхөн сэргээлтээ хийгээгүй хийлгээгүй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид дээрээ анхаарлаа хандуул ! Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд байгаа 17.0 тэрбум төгрөг чинь одоо идэвхтэй ажиллаж байгаа, эвдэрсэн газараа орхиод явчихаагүй байгаа уул уурхайн компаниудын барьцаалсан мөнгөн хөрөнгө шүү дээ. Яагаад хууль зөрчиж орхиж явсан нөхдийн хариуцлагыг бусдад тохож байгаа юм ???
    2020 оны 09 сарын 11 | Хариулах