Б.Төгсбилэгт
Парисын хэлэлцээрт 2015 онд 195 улс нэгдсэн бөгөөд энэхүү гэрээгээр дэлхийн уур амьсгалын дулаарлыг цельсийн 2 хэмд хязгаарлах, боломжтой тохиолдолд 1.5 хэмээс илүүгүй хэмжээнд барих зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Үүнд уул уурхай болон газрын тосны салбарууд хамгийн их хариуцлага хүлээх, түүнчлэн хамгийн их буруутан болон хувирч байгаа билээ.
Уул уурхайн компаниуд одооноос л хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгахаар бодитоор хөдөлж эхэлжээ. Зарим компаниуд 2030 он гэхэд 30 хүртэлх хувиар хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахыг зорьж байна. Гэсэн ч энэ нь Парисын хэлэлцээрээр тогтоосон хэмжээнд хангалтгүй ажээ. Уул уурхайн салбарынхны хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах олон хувилбар бий. Онолын хувьд нүүрсний уурхайгаас ялгарч байгаа метан хийн дэгдэлтийг оновчтой үйл ажиллагаагаар багасгах бүрэн боломжтой. Мөн тоног төхөөрөмжийг цахилгаан горимд шилжүүлэх болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах зэрэг хувилбар бий. Эдгээр арга хэмжээ одоогийн байдлаар зарим уурхайд эдийн засгийн хувьд ч илүү үр ашиг авчрах хэмжээнд хүрсэн байна.
Уул уурхайн салбар нь дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 4-7%-ийг эзэлж буйг McKinsey & Company судалгааны байгууллага мэдээлжээ. Тухайн салбарын зөвхөн үйл ажиллагаа, эрчим хүчний хэрэглээгээр нь тооцож үзвэл дээрх үзүүлэлт ердөө 1% руу шилжинэ. Харин нүүрсний уурхайгаас агаарт дэгдэж буй метан хийн хэмжээг үүнд хамруулан тооцвол хавьгүй өндөр (4-7%) хэмжээнд хүрч байна. Шууд бус ялгаруулалт буюу цахилгаан станцууд болон аж үйлдвэрт ашиглах нүүрсний шаталтаас дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 28% нь гарч байгааг тус байгууллага онцолжээ.
Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн компаниуд үлэмж хэмжээний хүчин чармайлт гаргах шаардлагатай болохыг McKinsey сануулж байна. Уг хэлэлцээрээр тогтоосон дэлхийн уур амьсгалын дулаарлыг цельсийн 2 хэмээс илүүгүй хэмжээнд барихын тулд бүх салбар 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтын хувь хэмжээгээ 2010 оныхтой харьцуулахад 50%-иар бууруулах шаардлагатай. Хэрэвзээ үүнээс илүү сайн хувилбар буюу дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барья гэвэл хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2010 оны түвшнээс 85%-иар бууруулах шаардлага тулгарч байгаа ажээ (Үнэн хэрэгтээ уг үзүүлэлт 100%-д хүрэх шаардлагатай бөгөөд үлдэх 15%-ийн бууралтыг ойг нөхөн сэргээх, ойжуулах хөтөлбөр болон био түлш, нүүрсхүчлийн хийг ангилан хадгалах технологиор шийдвэрлэх төлөвлөгөө багтжээ.).
“S&P Global Platts”-ийн тооцоолсноор эрчим хүчний шаталтын нөлөөгөөр ялгарах хүлэмжийн хийн хэмжээ 2050 он гэхэд 50 тэрбум тоннд хүрэхээр байна. Уг үзүүлэлт өнөөдрийн байдлаар 35 тэрбум тонноор илэрхийлэгддэг. Platts-ийн тооцооллоор хүлээгдэж буй технологийн дэвшил болон бодлогын арга хэмжээг оруулан тооцсон ч хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 2025 онд оргилдоо хүрч түүнээс хойш тогтворжихоор харагдаж байгаа ажээ. Гэхдээ энэ нь зорилтот 2 хэмийн түвшинг хадгалахад хангалтгүй. Үүний тулд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг 2050 он гэхэд 15 тэрбум тонн руу буулгах ёстой. Уг тооцооллыг S&P Global-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг судалдаг нэгж болох Trucost компанийн Гүйцэтгэх захирал Ричард Маттисон 2020 оны Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр илтгэлдээ дурджээ. Газрын тосны эрэлт 2040 онд оргилдоо хүрэх төлөвтэй байна. Хэрэв тавьсан зорилтын хүрээнд авч үзвэл газрын тосны эрэлт ирэх арван жилд оргилдоо хүрч буурах шат руугаа орох учиртай.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Засгийн газар хоорондын олон улсын мэргэжилтнүүдийн хороо буюу IPCC (Intergovernmental Panel on Climate Change) байгууллагаас гаргасан V үнэлгээний тайланд дурдсанаар, дэлхийн уур амьсгал XIX зууны аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаас хойш 0.85 хэмээр дулаарсан болохыг тогтоожээ. Дэлхийн уур амьсгалын хэмжээ энэ зууны эцэс гэхэд 0.9-5.4 хэм болж өсөхөөр байгаа юм. 2018 оны тайлангаас үзэхэд уур амьсгалын өөрчлөлтийг зорилтот түвшинд барихад ердөө 11 жил үлдсэн гэж үзжээ. НҮБ-ын зүгээс дундаж хэмийн өсөлтийг 2 хэмд барихаар төлөвлөөд байгаа ч эрдэмтэд үүнд эргэлзэж байна. Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ улс орнууд биелүүлсэн ч энэ зууны төгсгөлд дундаж хэмийн өсөлт 3.2-д хүрч болзошгүйг Ричард илтгэлдээ дурджээ.
Үүнээс гадна, өнгөрсөн нэгдүгээр сард McKinsey&Company судалгааны байгууллага “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл ба хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь: Уул уурхайн компанийн захирал бүрийн мэдэх шаардлагатай асуудлууд” гэсэн сонирхолтой тайланг гаргасан байна.
Уг тайланд дурдсанаар уул уурхайн компаниудын хувьд гурван асуудлыг тодруулах шаардлага тулгарч байгаа ажээ. Үүнд, нэгд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ямар ашигт малтмал илүү их эрсдэл хүлээх вэ, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн нөлөөгөөр ямар түүхий эдийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна вэ, уул уурхайн компаниуд хүлэмжийн хийн ялгаруулалтаа хэрхэн бууруулах боломжтой вэ гэсэн асуулт тавигдаж байгаа юм.
Усны хомсдолтой бүс цаашид тэлэхийг анхааруулав
Уур амьсгалын өөрчлөлт нь компаниудын дан ганц хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах үүргийг авчрахгүй. Уг үйл явцад уурхайнууд усны гачаалд илүүтэй нэрвэгдэх хандлагатай байгааг тайланд өгүүлжээ. Илүү их хуурайшилт, үер усны гамшиг тохиох магадлал улам бүр өсч байна. Хуурайшилтад хамгийн их “хэлмэгдэх” уурхайнууд бол зэс, алт, төмрийн хүдэр, цайрын ордууд юм. Яг одоогийн байдлаар эдгээр дөрвөн түүхий эдийн 30-50% нь усны нөөцийн хомсдолтой бүсүүдэд төвлөрч байна. 2017 оны байдлаар эдгээр хуурайшилттай бүсэд орших уурхайнууд 150 тэрбум ам.долларын орлоготой ажилласан. Байршлын хувьд хуурайшилт өндөртэй долоон бүсэд төвлөрчээ. Үүнд Төв Ази, Чилийн эргийн бүс, Австралийн зүүн болон баруун бүс нутаг, Ойрхи Дорнод, Африкийн өмнөд хэсэг, Хойд Америкийн баруун бүс нутаг тус тус багтаж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг эрдэмтэд хуурайшилттай бүсэд ирэх хэдэн арван жилд байдал улам бүр дордохыг сануулж байна. Чилийн хувьд нийт зэс олборлолтын 80% нь усны нөөцийн ноцтой хомсдолтой бүс нутагт оршдог. 2040 он гэхэд уг үзүүлэлт 100%-д хүрэх ажээ.
ОХУ-ын нийт төмрийн хүдрийн олборлолтын 40% нь усны нөөцийн хомсдол өндөртэй бүсэд хамаардаг ба 2040 он гэхэд бүсийн усны нөөцийн хүрэлцээ улам бүр багасахаар байна.
Тухайн онд алтны нийт олборлолтын 5%, цайр 7%, зэсийн 6% нь аль хэдийн өртөөд байгаа усны хомсдолын түвшин улам бүр нэмэгдэхээр байна. Хэдийгээр хувь хэмжээг өнгөц харахад бага юм шиг боловч иймэрхүү өөрчлөлт нь үйл ажиллагаа болон олборлолт явуулах зөвшөөрөл авах зэрэгт ноцтой нөлөөлж болзошгүй.
Дээрх газрын зургаас харахад ихээхэн хуурайшилтай бүсийг илүү тодоор тэмдэглэсэн нь анзаарагдана. Гэхдээ энэ дунд хамгийн их хуурайшилтай орнуудын тоонд Монгол Улс багтаж буй нь бүр ч илүү ойлгомжтой харагдана. Энэ нь манай улс цаашид усны нөөц ашиглалт тал дээр ихээхэн анхаарах шаардлагатайг харуулж байна. Манай улсын зэс, нүүрсний уурхайнуудын ус дахин ашиглалт дэлхийд тэргүүлэх зэрэгт тооцогддог ч усны нөөцийн асуудалд санаа амарч болно гэсэн үг биш.
Усны нөөцийн хомсдлоос үүдэн Бразилд “Leagold Mining” компани саяхан алтны уурхайгаа хоёр сарын хугацаанд зогсоожээ. Усны хомсдолтой бүс нутагт тооцогддоггүй Германд хүртэл поташ олборлогч компани хоёр ч хэсэгт усны эх үүсвэргүйн улмаас уурхайгаа түр хаахаар болжээ. Уг үйл явдал 2018 оны зун тохиосон бөгөөд өдөрт 2 сая ам.долларын орлогоо алдаж байжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн тооцооллоор ирээдүйд ийм асуудлууд улам бүр нэмэгдэнэ.
Тайланд дурдсанаар, газарзүйн байршлын онцлогоос хамааран газар бүрт усны нөөцийн хүрэлцээ харилцан адилгүй байгаа учир тухайн бүс нутгийн дотоодод хийсэн судалгаанд илүүтэй түшиглэхийг зөвлөжээ. Монгол Улсын хувьд усны нөөцийн нэгдсэн судалгаа хийх шаардлагатай байгааг эрдэмтэд болон эдийн засагчид байнга сануулдаг. Өөрөөр хэлбэл усны судалгааг зөвхөн хэсэг хэсэг газарт хийх бус нэгдмэл байдлаар хийвэл усны ашиглалтын зөв бодлогыг гаргах боломж бүрдэнэ.
Усны нөөцийг хамгаалах үүднээс “Англо Американ” ууршилтаас сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тус компани Австрали дахь Drayton уурхай дахь жижиг болон дунд зэргийн хэмжээтэй далангуудад бүрхүүл хийж өгснөөр ууршилтаас сэргийлж чаджээ.
Ус ашиглалтын зөвшөөрөл авах нь ирээдүйд хамгийн хүндрэлтэй ажлын нэг болох төлөвтэй байна. Усны нөөцийн чиглэлээр орон нутагтай хамтран бүс нутгийн стратеги гаргах нь зохимжтой ч асуудал дан ганц үүгээр шийдэгдэхгүйг McKinsey тайландаа тайлбарлажээ.
Нэг хэсэгт усны нөөцийн хүрэлцээ тулгамдах ч зарим хэсэгт усны гамшиг ч уурхайд улам бүр илүү түвэг учруулах дүр зураг тодорч эхэллээ. Үер усны гамшиг нь уурхайн үйл ажиллагааг тасалдуулах, уурхайг хаах, зам харилцааг боох, хаягдлын далангийн сэтрэл зэргээр ихээхэн гарз авчирдаг. Нэгэн нүүрсний ил уурхайн хувьд олборлолтын гарц борооны улирлаас үүдэлтэйгээр 10%-иар буурсан жишээ бий. Төмрийн хүдрийн хувьд нийт олборлолтын 50%, цайрын 40% нь үер тохиох өндөр эрсдэлтэй бүсэд оршдог.
Австралийн хойд хэсэг, Өмнөд Америк, Африкийн хойд хэсэг, Африкийн төв болон баруун хэсэг, Энэтхэг, Зүүн өмнөд Ази, Индонез зэрэг бүсэд цаашид үерийн давтамж улам бүр нэмэгдэх тооцоолол гарч байна.
Канадын “First Quantum Minerals” компанийн хувьд Замби дахь Sentinel зэсийн уурхайдаа конвейерийн систем нэвтрүүлжээ. Ингэснээр хүчтэй аадар бороотой үед хүдэр тээвэрлэлтэд хүндрэл үүсэхгүй давуу талтай.
Мөн далайн усны түвшин дээшилж буй нь эргийн дагуух уурхай түшиглэсэн боловсруулах үйлдвэр болон тээвэрлэлтийн дэд бүтцэд хүндрэл учруулахаар байна.
Хүлэмжийн хийг бууруулах үйлсэд “өнгөлөх” эрдсүүд
Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах зорилт нь салбар бүрт технологийн өсөлтийг авчрахаар байгаа билээ. Хүлэмжийн хийн ялгаруулалт багатай технологи гэдэгт салхин турбин, нарны хавтан, цахилгаан машин, цахилгаан хураагуур, метал дахин боловсруулалт, устөрөгчийн түлш, нүүрсхүчлийн хийг ангилан хадгалах технологи болон бусад хувилбарууд орно.
Эдгээр технологид шаардлагатай эрдэс түүхий эдийн эрэлт цаашид эрчимтэй өсөх хандлага тодрон байна. Тэгэхээр эндээс уул уурхайн салбар нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд томоохон үүрэгтэй оролцох нь тодорхой болж байна.
Энэ үйл явцад зарим түүхий эдийн нэр хүнд, үнэ цэнэ өсч харин зарим нь “ад үзэгдэнэ”. Хамгийн том хохирол амсах түүхий эдээр нүүрс нэрлэгдэж байна. Одоогийн байдлаар нүүрс дэлхийн түүхий эдийн зах зээлийн 50%-ийг бүрдүүлж байгаа ч уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого, арга хэмжээний нөлөөгөөр нүүрсний шаталтыг бүрэн хориглох төлөвтэй байгаа юм. Хэрэвзээ металын чиглэлийн компаниуд устөрөгч болон био түлш рүү шилжвэл аажимдаа коксжих нүүрсний хэрэглээ ч буурна.
Нүүрсний эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байгаа ч, нүүрсний уурхайн хөрөнгө оруулалтууд хумигдана. Нүүрсний төслүүд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, томоохон банк санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийхээсээ татгалзах нь энгийн үзэгдэл болж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-ын Голдман Сакс банк нүүрсний хөрөнгө оруулалт хийхгүй болсноо зарлав. Гол онцлог нь тус банк эрчим хүчний нүүрсний уурхайн чиглэлд зөвхөн хөрөнгө оруулалт хийхээ зогсоогоод барахгүй нүүрсний салбарын харилцагч нартаа ямар нэг байдлаар хүлэмжийн хийг бууруулах алхам хийх шаардлага тавьж ажиллах юм байна. Мөн нүүрс ашигладаг цахилгаан станцууд CCS технологи буюу нүүрсхүчлийн хийг ангилан хадгалах технологи нэвтрүүлээгүй бол хөрөнгө оруулахгүй. Ийм хатуу бодлогыг тус банк өмнө нь зөвхөн хөгжингүй орнуудын төслүүдэд тавьж байсан бол одооноос бүхий л улс орнуудад хамаарахаар болж байна. Тус банк мөн Хойд туйл дахь газрын тосны хайгуулд хөрөнгө оруулахгүй болсноо зарласан юм.
Хөгжиж буй улс орнууд Хятадын жишгээр нүүрсний станцуудыг дэмжихийн хэрээр эрчим хүчний өөр хувилбарыг ашиглахыг сануулсан олон улсын байгууллагуудын шаардлагатай тулгарах нь улам тодорхой болж байна.
Ногоон технологийн хэрэглээ эрчимжих нь зэс тэргүүтэй зарим металын хэрэглээг нэмэгдүүлнэ. Гэвч дахин боловсруулалт ч дагаад өсөх болжээ. Эрчим хүчний хэмнэлттэй бөгөөд цар хүрээгээр өсөн нэмэгдэж буй дахин боловсруулалт нь боксит, зэс, төмрийн хүдрийн эрэлтийн өсөлтийг хазаарлах төлөвтэй.
Цахилгаан машины хэрэглээ, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр кобальт, лити, никелийн эрэлт нэмэгдэхээр байна. Мөн устөрөгчийн түлш, нүүрсхүчлийн хийг хураах технологи нь платинумын бүлгийн металын хэрэгцээг нэмэгдүүлэхээр байна. Эрэлт нэмэгдэх түүхий эдийн жагсаалтад газрын ховор элемент ч багтжээ.
Бас нэг анхаарах зүйл гэвэл нүүрсхүчлийн татварын хувь хэмжээний тухай асуудал юм. Уг асуудал нь уурхайчдын өрсөлдөх чадварыг тодорхойлох нэг хүчин зүйлс болох болно.
Европын холбоо хамгийн сүүлд Хүлэмжийн хий худалдаалах тогтолцоо (Emissions Trading Systems) буюу Ногоон хэлэлцээрийг өнгөрсөн оны сүүлээр батлаад байна. Уг хэлэлцээрийн хүрээнд 2050 он гэхэд тус тив хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн арилгах томоохон зорилт дэвшүүлжээ. Үүний тулд хүлэмжийн хийн татварын тогтолцоог хэрэгжүүлэх асуудал багтсан бөгөөд энэ нь тус холбооны зарим томоохон компаниудын үйл ажиллагаа, өрсөлдөх чадварт нөлөөлөх нь тодорхой болж байна.
Түүхий эдийн эрэлтэд өөрчлөлт тохиосноор түүхий эдийн зах зээлд ч үнийн өөрчлөлт гарах төлөвтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл хүлэмжийн хийн ялгаруулалтын татвар, үйл ажиллагааг илүү ногоон болгоход чиглэсэн хөрөнгө оруулалт, шаардлагатай түүхий эдүүдийн уурхайг шинээр ашиглалтад оруулах зардлын өсөлт зэрэг нь түүхий эдийн ханшийг “хөөрөгдөх” нөхцөл болно. Гэхдээ энэ бүхэн нь хүлэмжийн хийг бууруулах үйл хэрэг аль зэрэг хурдтай явахаас шалтгаална.
Уул уурхайн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нь
Уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас жил бүр 1.9-5.1 тэрбум тонн хүлэмжийн хий агаарт дэгддэг. Үүний дийлэнхийг буюу 1.5-4.6 тэрбум тонныг нүүрсний уурхайн олборлолтоос үүсэх метан хий бүрдүүлдэг байна. Харин уул уурхайн үйл ажиллагааны цахилгааны хэрэглээгээр нийтдээ 0.4 тэрбум тонн хүлэмжийн хий ялгардаг.
Мөн металын салбарын үйл ажиллагаанаас жилдээ 4.2 тэрбум тонн хүлэмжийн хий ялгардаг гэсэн судалгаа бий. Үүний дийлэнх нь ган болон хөнгөн цагааны салбарт хамаарна. Мөн нүүрсний цахилгаан станцуудын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ жилд 10 тэрбум тонноор хэмжигдэж байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 20%-ийг эзэлдэг гэсэн үг.
Уул уурхайн салбарын хувьд хүлэмжийн хийг бууруулах алхам хийх нь асар их хэмжээний хүчин чармайлт шаардана. Ялангуяа нүүрсний салбарт. Тухайлбал нүүрсний уурхайгаас ялгарч буй метан хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой ажээ. Одоогийн байдлаар энэ чиглэлд технологийн шийдлүүд аль хэдийнэ нэвтрээд байгаа уурхайн онцлогоос хамаараад технологийн төрлүүд янз бүр байдаг.
Салбарын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлсэн жишээ илүү өргөн хүрээнд өрнөж байна. Тухайлбал Чилийн Codelco компани зарим зэсийн уурхайн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх хувилбараар шийдсэн билээ. Мөн Австралийн төмрийн хүдрийн томоохон олборлогч болох Fortescue Metals Group “Пилбара” дахь төмрийн хүдрийн уурхайн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх хувилбараар шийдвэрлэхээр томоохон хөрөнгө оруулж байна. Мөн BHP 2021 оноос Чилийн Эскондида болон Spence зэсийн уурхайн эрчим хүчний хэрэгцээг сэргээгдэх хувилбараар хангахаар гэрээ байгуулсан. “Рио Тинто” компани ч АНУ дахь Кеннекоттын зэсийн уурхайн эрчим хүчийг нүүрсний эх үүсвэрээс бус сэргээгдэх эрчим хүчээр хангахаар болсон.
Уурхайд хөдлөх тоног төхөөрөмж, ялангуяа дизел хөдөлгүүрт машин механизмуудыг цахилгаан болгох нь одооноос эдийн засгийн хувьд үр ашигтай болж байна. Гэхдээ одоогоор дэлхийн уул уурхайн тоног төхөөрөмжүүдийн ердөө 0.5% нь бүрэн цахилгаан горимтой болоод байна. Цахилгаанжуулах чиглэлд Канадын Онтарио дахь Borden уурхайгаа цахилгаанжуулсан Newmont компанийн туршлагыг нэрлэж болно. Энэ нь үйл ажиллагааны хувьд илүү үр ашигтай байх боломжтой гэж тогтоожээ. Зарим тохиолдолд цахилгаан машин механизм нь уламжлалт дизель хөдөлгүүрт машин механизмыг бодвол зардлын хувьд 20%-иар илүү хямд байх боломжтой.
Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол улсын хүлээсэн үүрэг
Монгол Улс Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргийн дагуу хүлэмжийн хийн ялгаруулалтаа 2010 оны үетэй харьцуулахад 14%-иар бууруулах зорилт дэвшүүлсэн бол саяхан энэ үүргээ 22.7% болгож нэмэгдүүлсэн. Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах алхам нь сэргээгдэх эрчим хүчний “бааз”-ыг нэмэгдүүлэх болон нүүрс шингэрүүлэх чиглэлийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэргээр илэрхийлэгдэнэ. Нэг үгээр эрчим хүчний үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар асуудлыг шийдвэрлэнэ гэж тусгажээ.
2030 он гэхэд манай улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 2010 оныхтой харьцуулахад 3 дахин нэмэгдэх дүр зураг харагдаж байна. Гэсэн ч сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтоо хэрэгжүүлж чадвал манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 7.2 сая тонноор, эрчим хүчний үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх замаар мөн онд 2.8 сая тонн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах боломжтой гэж үзжээ. Хэрэв үндэсний бодлого, хөтөлбөрт тусгасан зорилтууд бүгд биелвэл 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг даруй 28%-иар бууруулах боломжтой гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдэгджээ.