Байгаа оноогүй “Баялгийн тэгш хуваарилалт”

2020-01-30 15:43

Г.Идэрхангай

Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, ард түмэнд тэгш шударгаар хүртээх зарчмыг Үндсэн хуульдаа тусгаад хоёр сар гаруй хугацааг үдэж байна. Ихээхэн маргаан дагуулсан ч төрийн дээд түвшинд эв зүйгээ ололцон байж байгалийн баялгийг “төрийн, нийтийн” өмчийн хэлбэрээр ашиглах хамтын зохицуулалтыг эцэг хуульдаа мөн  тодотгон шигтгэсэн. Монголын баялаг “нийтийн өмч” байх ёстой гэсэн ухагдахууныг Төрийн тэргүүний зүгээс зүтгүүлж оруулсан билээ. Гэхдээ УИХ-аар баталж, Ерөнхийлөгчийн ёсчлон баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг таван сарын дараа, 25-ны билэгт сайн өдрийн морин цагаас нийтээр албан ёсоор дагаж мөрдөх учиртай. Өнөөдөртөө бол эдгээр заалт хэрэгжээгүй гэсэн үг. Эндээс нэг сонирхолтой зүйл харагдана. Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтүүд, тэр тусмаа байгалийн баялгийн үр өгөөжийн тэгш хуваарилалттай холбоотой зохицуулалтууд мөрдөгдөх болоогүй байхад Салхитын  ордоос бонд босгон тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмжийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл оны өмнө хүчээр гаргав. Он солигдох торгон мөчид  Ерөнхийлөгч Х.Баттулгын “алдагдсан ордоо  эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэнэ” гэсэн гоё үгтэй, гэнэтийн сюрприз  ахмадуудыг  хормын зуур л талцуулж орхих нь тэр.

Ийнхүү улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ашигт малтмалын бүх ордыг төрд авах өргөн дайчилгааг төрийн яам, агентлагийн бүх шатанд өрнүүлж буй Ерөнхийлөгчийн аппаратын популист бодлогын ээлжит золионд Салхитын  орд “явах” гэж байна. Шүүх дээр авлига тойрсон маргаан нь эцэслэгдээгүй, тусгай зөвшөөрөл нь төрд хураагдахаас өмнө олон нийтэд төдийлөн танил биш   ордыг  өнөөдөр бүгд мэддэг, таньдаг болов. 

2018 оны арванхоёрдугаар сарын 29. У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар  тусгай хүчний байгууллагын хүчээр   Салхитын  ордыг авч, тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаа омог бардам зарласан. Тэрээр үүнээс хойш төд удалгүй Хууль тогтоох байгууллын тэргүүн болон дэвшиж  Салхитыг олзолсон жилийнхээ  яг ойн дээр  Үндэсний   Аюулгүй байдлын зөвлөлийн   гишүүний хувиар шийдвэр гаргахад оролцлоо.  

Энэ бүх үйл явцыг харвал цаашид дараагийн ашигт малтмалын ордуудын хувь заяа  төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, түүний охин компаниуд гэхээсээ илүүтэй  ҮАБЗ-ийн нөлөөн дор шийдэгдэх нөхцөл байдал үүсч байна. Үнэндээ ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу Засгийн газраас хуулийн төслийг гэрлийн хурдаар гаргаж, яаралтай горимоор УИХ хэлэлцэн шийдвэрлэсэн Салхитын орд бол улс төрийн нам, бүлэглэлүүдийн сонгуулийн амлалтын эхнийх биш, эцсийнх ч бас биш. Үндсэн хууль дагалдан Баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад олон хууль УИХ-аар батлагдаж байж гэмээнэ Ерөнхийлөгчийн анхнаас нь санал болгож оруулсан баялгийг “нийтээр” хүртэх зарчим бүрэн утгаараа гарц нээж  үйлчлэх учиртайсан. Гэтэл Үндсэн хуульд тусгасан байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг төрийн гурван өндөрлөг энэ удаадаа улс төрийн амлалт, монголчуудын баялгаас үүдэлтэй хэнээрхлийг дэвэргэсэн үйл явдал болж байна. Нийгмийн халамжийн үйлчилгээг хэрэгжүүлэх эрх, үүрэггүй “Эрдэнэс Монгол” компани ч УИХ-ын тогтоол, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” гээд томоохон бодлогын баримт бичгүүдтэй зөрчилдөх үйл ажиллагаанд хутгалдан орж байна. Ганцхан жишээ дурдъя. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад багтсан стратегийн ач холбогдол бүхий 15 орд газар,  хоёр дахь хавсралтад оруулахаар бэлтгэгдсэн 39 орд дотроос Салхитын   ордыг хайгаад олохгүй.  Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-д “Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн ач холбоглол бүхий ашигт малтмалын орд” гэсэн маш тодорхой томъёолол бий. Ядаж “улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээ”-ний үйлдвэрлэл, хүчин чадалтай ордыг барьцаалан 800 тэрбум төгрөгийн бонд босгож байгаа бол төр засагтаа “баярлалаа” гэж хэлэхсэн. Гэтэл өчүүхэн бага нөөцтэй, ТЭЗҮ нь бодитой бус ордоор дэнчин тавьж  зээлтэй ахмадуудын 6 сая хүртэлх зээлийг бондоор чөлөөлж, зээлгүйд нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн буюу тавдугаар сард нэг сая төгрөгийн ваучер олгох шийдвэрийг хэн ч сонгуультай л холбож ойлгоно. 

“Байгалийн баялгийн тэгш хуваарилалт” гэх гоё нэртэй, хачир дээрээ сонгодог тэгш бус хуваарилалтын золионд дараа  дараагийн ашигт малтмалын ордууд явах магадлалтай. Нийгмийн халамжийн үйлчилгээнд мордсон төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани мөнгөний нөөцтэй  Асгат, Салхит, Тавт, Мөнгөн-Өндөрийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээн ажиллаж байна. Эдгээр ордын хувь заяа хааш эргэхийг хэн ч эс хэлж мэднэ. ҮАБЗ-ийн зөвлөмжийг шууд хууль болгон баталж байгаа өнөөдрийн хүчгүй, бие даасан бус УИХ ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн зөв утгаар нь оруулж чадна гэдэгт итгэхэд бэрх.           

“Эрдэнэс Монгол” компанийн боловсруулж буй Баялгийн сангийн тухай хуулийн төсөл  олон нийтэд нээлттэй бус, маш цөөн мэргэжилтнүүдийн хүрээнд хэлэлцэгдэж байна.  “Байгалийн баялгийн тэгш хуваарилалт” гэх өнөөдөр цаасан дээр байгаа  онолын томъёолол амьдралын хөрсөнд чухам ямар чиг шугам, агуулга, концепциор хэрэгжих нь ч бас тодорхой биш. 

Ийм нөхцөлд  Засгийн газар, “Эрдэнэс Монгол” аль нь ч байсан дэлхийд анх удаа гайхалтай жишиг тогтоогоод байгаа ашигт малтмалын ордоор барьцаалан, ямар ч хэлбэрийн бонд, үнэт цаас гаргалаа ч Монгол Улс ирэх жилүүдийн төсөвт орох орлогоороо л төлнө. Энэ удаагийн бонд 2020 онд улсын төсвөөс гарах мөнгийг л хойшлуулж аргацааж байгаа болохоос биш ямар ч нөхцөлд төсвөөс төлөгдөх нь гарцаагүй үнэн. Төр засгийн өнөөдрийн хуудуутай шийдвэрийг ОУВС-гийнхан “маш буруу” гээд дүгнэчихлээ. 2020 оны тавдугаар сард дуусах гэрээний заалт зөрчигдөж, сүүлийн санхүүжилт нь орж ирэхгүй байх нөхцөл ч үүсч байна. Ирэх он жилүүдэд 3 тэрбум ам.долларын гадаад өр төлбөрийг төлөх эх үүсвэр Монголд байхгүйн  дээр ар араасаа орж ирэх бондын төлбөрүүдэд бэлэн биш. 

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийсэн, ирээдүйд эдийн засгийн эргэлтэд орохоор хүлээгдэж байгаа мөнгөний ордууд тэдгээрийн нөөц, дэлхийн мөнгөний зах зээл, үнэ ханшийн талаарх мэдээллийг MMJ шинэ оны эхний дугаараараа багцлан хүргэж байна. 
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-09-24 14:39
    Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор (2021.09.22) нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд 2 сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулсан. 
  • 2021-09-24 12:33
    Дэлхий дахины анхаарлын төвд буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “China Evergrande” групп нь хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн талаар (2021.09.23) мэдэгдсэнээр төмрийн хүдрийн ханш ялимгүй өсөхөд нөлөөллөө. Өчигдрийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа төмрийн хүдрийн ханш 120 орчим ам.доллар байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани дампуурах тухай мэдээлэлтэй холбоотой даваа гаригт (2021.09.20) төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош орж буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
  • 2021-09-24 11:55
    Монгол Улсын Үндсэн хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах” асуудлыг тусгасан.
  • 2021-09-24 11:46
    “Worldsteel”-ийн мэдээллээр, оны эхний найман сард дэлхийн хэмжээнд нэг тэрбум 321 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй (нэг тэрбум 195 сая тонн) харьцуулахад 10.62%-иар нэмэгдсэн байна.  Мөн хугацаанд 733.02 сая тонн (5.28%-ийн өсөлт)ган үйлдвэрлэсэн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Тус улс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55%-ийг бүрдүүлж байна. 
  • 2021-09-24 10:16
    Хятад улс наймдугаар сард 394 мянган тонн зэс импортолсныг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хятадын зэсийн импорт 41%-иар буурч, 2019 оноос хойших хамгийн бага үзүүлэлтээр тооцогдож байна. Энэ оны эхний найман сард нийт 3.6 сая тонн зэс хилийн чанадаас худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 15.3%-ийн буурсан аж. 2020 оны аравдугаар сард Хятадын зэсийн импорт оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд тухайн үеэс тус улсын зэсийн импорт буурч иржээ. Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тодорхой хэмжээгээр зэсийн импорт буурахад нөлөөлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.