Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Б.Мөнхзаяа:     Уул уурхайн салбарт тоон радио холбооны хэрэглээ нэмэгдэж байгаа

Уул уурхай, эрүүл мэндийн тусламж, цэрэг хүчний байгууллага гээд  байнгын бэлэн байдалтай байж, шуурхай үйл ажиллагаа авч хэрэгжүүлдэг онцлог бүхий байгууллагуудын хувьд хөдөлгөөнт радио холбоо нь харилцаа холбооны хамгийн чухал хэрэгсэл нь болдог. Технологийн хөгжлийг даган хөдөлгөөнт радио холбооны хэрэглээ нь уламжлалт аналог системээс тоон радио систем рүү шилжих хандлага эрчимтэй өрнөж байна. “Ай Ти Зон” компанийн UC мэргэжилтэн Б.Мөнхзаяатай харилцаа холбооны дэвшилтэт технологи болох “Тоон радио холбоо”-ны талаар ярилцлаа. 

Тоон радио холбооны талаар Та эхлээд товчхон мэдээлэл өгнө үү?
Хөдөлгөөнт тоон радио холбоо нь тоон технологи дээр суурилсан учраас дууны чанар маш өндрөөс гадна радио давтамжийн бага хэрэглээ, GPS байршил тогтоогч, ослын дуудлагын функц, хэрэглэгчийн дугаарлалт, өгөгдөл дамжуулах зэрэг олон боломжтой болсон. Түүгээр зогсохгүй, тоон технологи нь радио холбооны хяналт, удирдлага, системийн нэмэлт функцийг уян хатан тохируулах боломжийг давхар олгодог байна. 

“Ай Ти Зон” компани нь хөдөлгөөнт тоон радио холбооны тэргүүлэх технологи эзэмшигч Motorola Solutions компанийн шийдлийг албан ёсоор хэрэглэгч байгууллагууддаа хүргэн ажиллаж байна. Motorola Solutions компанийн тус шийдэл нь Европын Харилцаа Холбооны Стандартчиллын Институц (ETSI)-ийн Tetra болон DMR стандартыг ханган ажилладаг. Аудио дууны өндөр чанар, системийн найдвартай ажиллагаа, бат бөх чанараараа дэлхий дахинаа танигдаж шалгарсан систем юм.

“Тоон радио холбоо” нь аналог радио холбооноос юугаараа ялгаатай вэ?
Тоон радио холбоог уул уурхайн салбарт ихээр хэрэглэж байна. Аналог радио холбооны хувьд дэлхий нийтэд 40 гаруй жил хэрэглэгдэж дараагийн шинэ үе рүүгээ орсон. Өөрөөр хэлбэл, “дижитал эрин үе” гэж нэрлээд байгаа өнөө цагт хөгжүүлэлт сайн хийсэн тоон радио холбоо Монголд нэвтрээд байна. Энэ радио систем нь өмнөхөө бодвол хүний яриа илүү цэвэрхэн сонсогддог, нэмэлт дэд бүтэц нь IP суурьтай. Хүссэн газартаа дэд бүтцээ байгуулаад радио холболтоо хийгээд явах боломжтой байдаг. Аналог холбоо нь радио давтамжийн хэрэглээ өндөртэй. Тухайлбал, найман сувгаар холбогдоход найман радиогийн давтамж ашиглагдана гэсэн үг. Тоон радио холбооны хөгжүүлэлт хийснээр нэг давтамжин дээр олон групп үүсгэх боломжтой. Нэг давтамжин дээр найман групп яриа үүсгээд, нэг группээс нөгөө рүү холбогдож болно. Тэгэхээр тоон радио холболт нь нэгдүгээрт давтамж ихтэйгээс гадна дахин хэрэглэгддэг, ярианы чанар сайн гэх олон давуу үзүүлэлттэй.  Хоёрдугаарт, дата дамжуулах боломжтой. Ямар төрлийн дата байхаас хамааран текстэн  мессеж байх уу, жижиг хэмжээний датанууд байх уу гэдэг нь тодорхой гарч ирнэ. 
    
GPS мэдээллүүд байж болох уу?
Байж болно.  Өнөөдөр үйлдвэрлэгдэж байгаа радио холбооны станцууд нь GPS-тэй. 
Хүмүүс хоорондын ярианы хувьд илүү функц сайтай. Тодруулж хэлбэл тухайн дугаарыг оруулаад холбогдох хүнтэйгээ шууд ярьж болно. Эсвэл тодорхой групп, эсвэл бүх групп руу  ярьж бас болно. Гэтэл аналоги радио станцуудад ийм боломж байдаггүй. Харин тоон радио холбооны хамгийн том давуу тал нь дугаарлалтын систем. Станц болгон өөрийн дугаартай. Хэн, ямар станцаар ярьж байгааг дугаарыг нь хараад мэдэх боломжтой.      

Тоон радио холбооны нууцлал хэр вэ?          
Аналог  радио станцын давтамжийг мэдэх л юм бол тухайн хоорондын яриаг сонсож болдог. Харин тоон радио системийн хувьд   давтамжийг нь тааруулсан ч тухайн ярьж орж ирэхгүй. Тоон радио станц дээр бүх шинэ хэрэглэгчид бүртгэгддэг. Гаднаас ирж байгаа яриаг бүгдийг нь бүртгэлжүүлээд тухайн системдээ орж явж болдог. Мөн радио холбоог хэн нэгэн хүн үймүүлэх ч юм уу, ямар нэгэн саатуулах үйл ажиллагаа явуулбал систем дээрээс нь шууд унтраагаад ажиллагаагүй болгодгоороо онцлогтой. Манай компанийн зүгээс тоон радио холбоон дээр Tetra болон DMR гэсэн  хоёр төрлийн дэд бүтцийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ санал болгодог.  

Tetra шийдэл нь өргөн цар хүрээтэйгээр мэргэжлийн шуурхай радио холбоог үүсгэх боломжтой гэж сонссон. Ямар зориулалтаар  ашиглахад илүү тохиромжтой вэ?
Уул уурхай, зам тээвэр, нисэх буудал, цэрэг, цагдаа, хүчний байгууллага, төмөр зам зэрэг орчны онцгой нөхцөлд хүчин чадал их шаардсан, өндөр нууцлал бүхий мэдээлэл дамжуулдаг байгууллагууд дотоод харилцаа холбоондоо ашиглахад илүү тохиромжтой. Нэг сайтад ногдох хэрэглэгчийн тоо 500-1000 байдаг. Орон даяар дотоод холбооны сүлжээ үүсгэх боломжтой, бааз станцын хүчин чадлаас хамааран нэг станц дээр 50 мянга хүртэл ярианы групп үүсгэдэг гээд давуу талтай. Мөн суурин утас болон үүрэн сүлжээнд холбогддог.      

Тоон радио холбоог уул уурхайн салбарт ихээр хэрэглэж байгаа юм байна. Монголд ямар компаниудад энэ бүтээгдэхүүнийг нийлүүлээд байна вэ?
Ухаа худгийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” ХХК-д 2012 онд тоон радио холбоог нэвтрүүлсэн. 500 орчим хэрэглэгч, хяналтын төвтэй энэ системийн бүх зүйл нь нэг дор төвлөрсөн гэдгээрээ онцлогтой.  Мөн Цагдаагийн ерөнхий газарт тоон радио холбооны төхөөрөмжүүдийг нийлүүлсэн. “Оюутолгой” компанид ч энэ станц бий. Хамгийн сүүлд Хөшигтийн олон улсын нисэх буудлын шатахуун түгээх станцад тоон радио холбоог угсарсан. Уул уурхайн салбарын тухайд бүгд радио холбоогоо шинэчлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг нь харагддаг. Уурхайнууд өргөжиж томрохын хэрээр тоон радио холбооны хэрэгцээ, шаардлага ихэсч байна.