Компаниуд усны менежментээ хэрхэн сайжруулснаа танилцууллаа

2018-12-05 17:03

“Өмнийн говийн уул уурхай, орон нутаг болон ус” салбарын дугуй ширээний уулзалт өнөөдөр боллоо. Уг уулзалтаар Усны менежментийн үйл ажиллагааны сайн дурын кодекст нэгдсэн уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож, усны нөөцийг хамгаалах чиглэлд хэрхэн ажиллаж буйгаа танилцууллаа. Энэхүү сайн дурын кодекс нь 2016 оны хоёрдугаар сард нийт найман компанийн оролцоотойгоор байгуулагдаж байсан бол эдүгээ гурван компаниар (МАК, Бадрах энержи, Баян-Айраг) хүрээгээ тэлсэн байна. Кодекст нэгдсэн компаниуд (Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой, Энержи Ресурс, МАК, Саусгоби Сэндс, Гоби коул энд энержи, Терра энержи, Бадрах энержи, Баян-Айраг, Эрдэнэ Ресурс Девелопмент) жил бүр тайлагнах судалгаа боловсруулж олон нийтэд мэдээлэл хүргэдэг ажээ.

Тус ажлыг Олон улсын санхүүгийн корпораци болон Sustainability байгууллагаас зохион байгуулж байгаа бөгөөд Канадын Засгийн газар, 2030 Усны нөөцийн бүлэг” болон бусад байгууллага дэмжин ажиллаж байна.

Компаниуд сайн дурын кодексийн зургаан зарчмын дагуу тодорхой амлалт өгч, тэдгээрийг хэрэгжүүлснээр энэхүү ажлын үр дүн гарч байгаа юм. Сонирхол татам маш олон ажил өрнөж буй нь өнөөдрийн уулзалтаас илэрхий байлаа.

Энэ удаагийн уулзалтаар нийт найман компани сайн дурын кодексийн хүрээнд ямар зорилт дэвшүүлэн ажилласан талаараа илтгэл тавьсан юм. Мөн арга хэмжээний үеэр усны нөөцийг хамгаалах чиглэлд дэвшилттэй ажиллаж буй компаниудыг “Шилдэг ус хэмнэгч”, “Шилдэг олон нийтэд хүрч ажиллагч”, “Усны менежментийн бүтээлч сэтгэлгээний шагнал” гэсэн номинациар шалгарууллаа. Шилдэг ус хэмнэгч компаниар “Оюутолгой”, Шилдэг олон нийтэд хүрч ажилласан компаниар “Баян-Айраг”, Бүтээлч сэтгэлгээний шагналын эзнээр “Энержи Ресурс” компани тус тус тодров. ОУСК, Sustainability болон Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM)-ээс төлөөлөл бүхий шүүгч нар компаниудыг ямар үзүүлэлт, үйл ажиллагаагаар шалгаруулсан талаар IRIM-ээс томилогдсон шүүгч Л.Цэлмэгсайханаас MMJ тодруулсан юм. Тэрбээр “Өмнөговьд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд усны сайн дурын кодекст нэгдээд гурван жил болж байна. Энэ хүрээнд усыг зөв зохистой ашиглах талаар зургаан төрлөөр үйл ажиллагаагаа сайжруулна гэсэн амлалт компаниуд авсан. Түүнийгээ компаниуд тайлагнаж байна.

Ус хамгийн сайн хэмнэсэн төрөлд “Оюутолгой” компани шагнал авлаа. Энэ чиглэлд олон сайн туршлага, жишээ байсан. Дунд хэмжээний компаниуд их сайн ажилласан. Уурхайн усаа дахин боловсруулж, үүнийгээ уурхайн тоосжилтыг дарах, ногоон байгууламжийг услахад ашигласан сайн жишээнүүд байна. Оюутолгой компанийн хувьд хэрэглээ нь өндөр төдийгүй сайн технологиудыг уурхайн үе шат болгон дээрээ ашиглаж буй. Ус дахин ашиглалт 88.1%-д хүрсэн нь саарал усны ашиглалт өндөр байгааг харуулж байгаа учир энэ шагналыг олгосон.

Олон нийтэд ус ашиглалтын талаар мэдээлэл хүргэх, энэхүү үйл ажиллагаандаа олон нийтийг оролцуулах төрөлд Завхан аймагт алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг Эксплорэйшн” компани шалгарлаа. Компаниудын тухайд бүгд иргэдтэй тогтмол оролцоотой ажиллаж байгаа нь сайшаалтай. Харин энэ компанийн тухайд “Залуу байгаль хамгаалагч” сургалтыг зэргэлдээх сумдын иргэд, ялангуяа хүүхдүүдийн дунд зохион байгуулсан. Ингэснээр ирээдүй хойч үедээ үндсэн ойлголтыг зааж сургаж ажилласан нь онцлог байлаа. Мөн байгаль орчны тайлан сар бүр гаргадаг нь олон нийтэд мэдээлэл хүргэхэд дөхөмтэй болдог юм билээ.

Бүтээлч сэтгэлгээний шагналыг “Энержи Ресурс” компани авсан. Сумын хэмжээнд хоногт 1200 метр куб ус дахин боловсруулах хүчин чадалтай цэвэрлэх байгууламжаар дамжуулан уурхай, Цогтцэцийд байгуулагдсан хотхон, аж ахуйн нэгжүүдийн бохир усыг цэвэршүүлэн дахин ашигладаг үзүүлэлтийг харгалзан авч үзсэн. Энэ зун Цогтцэций суманд үер буусан. Тэр үеэр 400 мянган шоо метр усыг хуримтлуулж, эргээгээд уурхайн үйл ажиллагаанд ашиглаж, гүний усны хэрэглээг бууруулсан нь шинэлэг арга барил юм” хэмээн ярьлаа.  

Ийнхүү өмнийн говьд үйл ажиллагаа явуулж буй компаниуд ус ашиглалтыг сайжруулах чиглэлд багагүй хэмжээний хүчин чармайлт гарган ажиллаж, тэрхүү туршлагаа өөр хоорондоо хуваалцаж байна. “Энержи Ресурс” компанийн тухайд энэ онд мөн хаягдлыг усгүйжүүлэх чиглэлд 1.8 тэрбум төгрөгөөр шинэ тоног төхөөрөмж авч суурилуулснаар жилд 179 мянган шоо метр ус хэмнэх боломж бүрджээ.

“Оюутолгой” компанийн тухайд энэ оны эхний арван сарын байдлаар 11.8 сая шоо метр ус ашигласан бөгөөд ус дахин ашиглалтыг 90%-д хүргэхээр зорин ажиллаж байна.

Бусад компанийн хувьд олон нийттэй хамтран ажиллах, усны чанарын хяналтыг сайжруулах, ус дахин ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлд өндөр ахицтай ажиллаж байна. Компаниуд мөн малчдын хувьд нэн чухал асуудал болох усны хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлд хуучин худгийг сэргээх, шинэ худаг гаргах, цөөрөм бүрдүүлэх зэргээр ажиллаж байгаагаа танилцууллаа.

Сайн дурын кодексийн хүрээнд мөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагатай хамтран тайлагналд усны үзүүлэлтүүдийг нэвтрүүлэхээр болсон тухай ОУСК-ийн зөвлөх Э.Энхбилэг онцолсон. Түүний танилцуулснаар, ОҮИТБС-ын тайланд хуучин усны тухай үзүүлэлт хязгаарлагдмал хүрээтэй байсан бол одоо нэмж дөрвөн үзүүлэлт тусгасан аж. Тухайлбал гэрээнд заасан ус ашиглалтын хэмжээ, бодит ашигласан усны хэмжээ, тэр дундаа гадаргын болон гүний усны ашиглалтын хэмжээ, ус дахин ашиглалт зэрэг олон чухал заалтыг тайлагналд нэвтрүүлэхээр болсон байна. Энэ дагуу ОҮИТБС-ын 2017 оны тайланд 113 компани усны үзүүлэлтүүдээ сайн дураар илгээжээ. Нэгтгэл тайлан ирэх оны нэгдүгээр сард батлагдан, олон нийтэд хүрэхээр хүлээгдэж байгаа юм.

Сайн дурын кодекст зөвхөн өмнийн говьд үйл ажиллагаа явуулж буй компаниуд төдийгүй Монгол орны нутагт үйл ажиллагаа явуулж буй хайгуул, олборлолтын бусад компани нэгдэх боломжтой. Цаашид ийм хандлага бий болно гэж ОУСКорпораци үзэж байна. Энэ нь эргээд усны менежмент сайжирч, сайн жишиг тогтоход суурь нөхцөл болох давуу талтай.


Б.Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-09-24 14:39
    Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор (2021.09.22) нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд 2 сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулсан. 
  • 2021-09-24 12:33
    Дэлхий дахины анхаарлын төвд буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “China Evergrande” групп нь хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн талаар (2021.09.23) мэдэгдсэнээр төмрийн хүдрийн ханш ялимгүй өсөхөд нөлөөллөө. Өчигдрийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа төмрийн хүдрийн ханш 120 орчим ам.доллар байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани дампуурах тухай мэдээлэлтэй холбоотой даваа гаригт (2021.09.20) төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош орж буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
  • 2021-09-24 11:55
    Монгол Улсын Үндсэн хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах” асуудлыг тусгасан.
  • 2021-09-24 11:46
    “Worldsteel”-ийн мэдээллээр, оны эхний найман сард дэлхийн хэмжээнд нэг тэрбум 321 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй (нэг тэрбум 195 сая тонн) харьцуулахад 10.62%-иар нэмэгдсэн байна.  Мөн хугацаанд 733.02 сая тонн (5.28%-ийн өсөлт)ган үйлдвэрлэсэн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Тус улс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55%-ийг бүрдүүлж байна. 
  • 2021-09-24 10:16
    Хятад улс наймдугаар сард 394 мянган тонн зэс импортолсныг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хятадын зэсийн импорт 41%-иар буурч, 2019 оноос хойших хамгийн бага үзүүлэлтээр тооцогдож байна. Энэ оны эхний найман сард нийт 3.6 сая тонн зэс хилийн чанадаас худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 15.3%-ийн буурсан аж. 2020 оны аравдугаар сард Хятадын зэсийн импорт оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд тухайн үеэс тус улсын зэсийн импорт буурч иржээ. Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тодорхой хэмжээгээр зэсийн импорт буурахад нөлөөлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.