”Тавантолгойн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл

2018-06-23 16:27
Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт хувийн хэвшилд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн тэнцвэртэй олон тулгуурт бүтцийг бий болгож, үндэсний язгуур эрх ашгийг хангахад чиглэх бөгөөд хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих замаар ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилтыг тусгасан.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын эдийн засгийн үр өгөөжийг сайжруулан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрсний ордод түшиглэсэн цахилгаан станц барих зэрэг төслийг бодлогоор дэмжихээр заасан.

“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгойн ордыг түшиглэн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулж, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх, уг ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан болно.

Мөн тогтоолын нэгдүгээр хэсэгт Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараахь арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх, хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан байдаг.

Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоолоор жил бүрийн улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахдаа Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, төмөр зам, авто зам барих асуудлуудыг тусгасаар ирсэн боловч гүйцэтгэл нь хангалтгүй байна. Тодруулбал тус ордыг түшиглэн үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн бүтээн байгуулалтын төслүүдийг ойрын үед хэрэгжүүлэх боломжгүй болж байгаагаас гадна тус ордыг ашигласнаар нийгэм, эдийн засагт үүсэх үр өгөөжийг тооцоолсон хэмжээнд хүргэж чадахгүй, экспортын орлогыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортод гаргах зорилтын хэрэгжилтийг хангаж чадахгүй байна.

Иймд “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан батлуулж, дээр дурдсан Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн хэрэгжилтийг шуурхай хангах нь зүйтэй байна. (тогтоолын төслийг энд дарж үзнэ үү.)

“Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь 2 үндсэн заалттай бөгөөд төсөлд дараах асуудлыг тусгалаа. Үүнд:

 1/ Улсын Их 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”,”в”-д заасны дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны              30 хүртэлх хувийг  гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх;

 2/ Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

 3/ Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх;

 4/ Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах;

 5/ Энэхүү тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан арга хэмжээг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, шаардлагатай бол холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулж зохих журмын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

 6/ Тавантолгойн нүүрсний ордтой холбогдуулан өмнө нь Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрүүдийн уялдааг хангахтай холбогдох зохицуулалтыг тогтоолын төслийн 2 дахь хэсэгт тусгасан. Тухайлбал: Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад Тавантолгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, ЭТТ охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх гэсний дагуу Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоол, ТӨХ-ны 2010 оны 425 дугаар тогтоолын дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани хэлбэрээр  байгуулан ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д шилжүүлсэн байдаг бол хөрөнгө оруулалтын гэрээний тухайд Засгийн газраас удаа дараа холбогдох тогтоол, шийдвэрүүдийг баталж, үүрэг даалгавар өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэл хийгдээгүй байна. Харин Зүүн, Баруун Цанхид үйл ажиллагаа эрхлэх гадаад, дотоодын оператор компаниудыг сонгон шалгаруулж, хамтран ажиллаж тус заалтын хэрэгжилт хангагдсан тул уг заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор тогтоолын төсөлд тусгасан болно.

Мөн Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтад тусгагдсан ажил хэрэгжсэн бөгөөд Хүний хөгжил сангийн тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан уг заалтыг хүчингүй болгохоор тогтоолын төсөлд тусгалаа.

Энэхүү тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлаас Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүй байдлаар шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Иймд Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161.1-д заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон болно.
 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-09-15 12:39
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралджээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг уг зөвлөлөөр хэлэлцээд  дэмжсэн байна. Удахгүй Засгийн газар УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг оруулсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Тэрээр Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахалдаг билээ. “Урт” нэртэй уг хорооны гол ажил ийнхүү хуулиар дамжин хэрэгжиж байж биеллээ олох юм.   
  • 2021-09-14 12:14
    ...Супер циклийг март, түүнээс ч цараатай хэмээн эрдсийн зах зээлийн хандлагын талаар Роберт Фридланд ярьжээ. Урьд хожид үзээгүй томоохон хувьсгал гэж “ногоон” эдийн засгийн шилжилтийг тэр тодорхойлов. Тэрээр “Цэвэр эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хэрэгцээ өмнөх супер циклийн үеийн хөрөнгө оруулалтаас ч давах нь гарцаагүй. Энэ нь уул уурхайн төслүүд, хөрөнгө оруулагчдад асар их боломжийг нээнэ” гэдэгт итгэлтэй байна.
  • 2021-09-13 10:56
    Ердөө дөрвөн сарын өмнө (2021.03 сар) Сангийн сайд Б.Жавхлан  “Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Тодотгол хийе гэж иргэд шаардаж байгаа ч энэ бол миний шийддэг асуудал биш. Төсвийн зардал тасалдаагүй, хөрөнгө оруулалт зогсоогүй” хэмээн  мэдэгдэж байлаа. Гэвч цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, хилийн боомтууд  хаагдан  улсын эдийн засаг  улам ч эрсдэлд оров. Арга буюу улсын баяр наадмын өмнөхөн (07.08) УИХ төсвөө яаравчлан тодотголоо. 2021 оны макро эдийн засгийн төсөөлөл өнөөдөр анх тооцон төсөвт тусгаснаас өөрөөр “эргэжээ”. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал  энэ оны Төсвийн тухай хуульд баталсан түвшнээс нэмэгдэхээр байгаа нь төсөвт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй байдалд оруулсан юм. Төсвийн алдагдлын хэмжээ бүр ДНБ-ий  8.8%-д хүрч нэмэгдэхээр байна.
  • 2021-09-09 10:57
    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Олон улсын нарийн бичгийн газар, “Нээлттэй өмчлөл” байгууллага, BHP сангийн түншлэлийн хүрээнд “Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн цахим хурал өчигдөр боллоо. Энэхүү хөтөлбөрийг байгалийн баялагтай орнуудад хэрэгжүүлснээр олборлох салбарын орлогыг  цөөнхид, тэднийг баяжуулахын төлөө бус хөгжлийн төлөө  л зарцуулагдах нь ач холбогдолтой хэмээн ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон цахим форумын нээлтийн үгэндээ онцоллоо. “Энэхүү хөтөлбөр нь улс орнуудын татварын орлогыг нэмэгдүүлж авилгын эсрэг үйл ажиллагааг сайжруулна. Ингэснээр олборлох салбарт зөрчил сөргөлдөөн багасаж, Засгийн газрын орлогыг хөгжлийн төлөө зарцуулах нөхцөлийг бүрдүүлж, байгалийн баялгаас хамааралтай улс орнуудын  ард иргэдийн амьдралын чанар сайжирна” хэмээн тэрээр онцолсон.
  • 2021-09-08 18:11
    Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2021” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “ГРАНД МАЙНИНГ ЭКЮПМЕНТ” ХХК-ийн захирал Ж. Эрдэнэбилэгээс тус арга хэмжээнд хэрхэн оролцох талаар нь тодруулсан юм.