Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уламжлалт бус газрын тосыг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулах нь зөв үү?

    Монголын метан хийн эрэл, хайгуулын
эргэн тойронд

Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны (УУХҮЯ)  Ажлын хэсэг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зарчмын өөрчлөлт хийх аж ахуй нэгжүүдийн саналтай тулгарч эхлэв.

Нүүрсний давхаргын метан хий, занар, тослог элс зэрэг уламжлалт бус болон уламжлалт газрын тосны харилцааг шинээр зохицуулж, гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 2014 онд шинэчлэн найруулсан уг хуулийн “амин сүнс” нь Бүтээгдэхүүн хуваах гэрээ.
 
Гэвч хууль батлагдсан цагаас нүүрсний давхаргын метан хий, занарын асуудлыг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулах нь учир дутагдалтай гэдгийг  салбарын эрдэмтэн, судлаачид илэрхийлдэг.  Тэгвэл  УУХҮЯ-ны Ажлын хэсэг  “Бүтээгдэхүүн хуваах гэрээнд ямар нэгэн өөрчлөлт хийхгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэг, хариуцлагатай холбоотой ганц нэг техникийн шинжтэй, жижиг сажиг засвар л хийнэ” гэх  хариултыг саяхан өглөө. 

Нэгэнт батласан хуулиа үндсэн концепциор нь  өөрчлөөд байхыг салбарын яам хүсэхгүй  нь мэдээж. Гэхдээ нүүрс олборлогчид  болон метан хийн хайгуул хийхээр зорьж яваа аж ахуйн ийм саналыг байнга дэвшүүлсээр ирсэнийг чихний  хажуугаар зүгээр өнгөрөөж боломжгүй. Эхлээд  уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул ямар түвшиндээ явааг хэдэн жишээгээр эргэн харъя.

Хууль батлагдсанаас хойш нүүрсний давхаргын метан хийн эрлийн гэрээг таван компани байгуулсан ч нэг л компани хайгуул хийхээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах яриа хэлэлцээ хийж буй нь Австралийн “Голден Хорд” (Golden Horde Ltd). 2011 онд байгуулагдсан тус компани яваандаа олборлолт явуулах төлөвлөгөөтэй. Энэ хүрээндээ 2014 онд төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, 2016 онд “Эрдэнэс Метан” ХХК-тай тус тус хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Өдгөө  Тавантолгой ордын метан хийн нөөцийг тогтоох судалгаагаа эхлүүлчихсэн яваа.

Энэ талаар “Голден Хорд” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захиралаас тодруулахад  “Манай компани Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ хараахан байгуулж амжаагүй, бүх ажлаа хуулийн дагуу хэлэлцээрийн түвшинд явуулж байна” гэснээс өөрийг хэлсэнгүй.

Мөн  Австралийн хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК эрлийн ажлын үр дүнд Өмнөговь аймгийн Номгон талбайд нүүрсний давхаргын метан хийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хүсэлтээ байгаагаа саяхан илэрхийллээ. Энэ үүднээс авч үзвэл, Австралийн хоёр компанийн эрлийн ажил уламжлалт бус газрын тосон дээр  урагштай яваа бололтой. 
 
Газрын тосны тухай хуульд Эрлийн гэрээг гурван жил хүртлэх хугацаанд явуулах заалттай. Энэ гурван жилдээ багтааж эрлээ хийгээд, хэрэв хайгуул, ашиглалт явуулахаар бол Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах ёстой. Тэгвэл Эрлийн гэрээгээ байгуулаад, нүүрснийхээ лицензийн хүрээнд давуу эрхтэйгээр хайгуул хийх боломжтой компаниудын нэг нь “Монголын алт” (МАК). Гэвч   Нарийн сухайтын нүүрсний орд дээрээ метан хийн судалгаа хийж байсан тус компанийн Эрлийн гэрээний хугацаа дуусгавар болж, ажлаа түр хугацаагаар зогсоожээ.

Нөгөөтэйгүүр, МАК компани  Эрлийн гэрээний хугацаанд метан хийн судалгаагаа гүйцэд хийж чадаагүй ба энэ үүднээсээ  Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах түвшинд очих болоогүй гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэгээд ч   нүүрсний давхаргын метан хий болон нүүрсний уурхайн метаныг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр биш,  бусад төрлийн ашигт малтмалд хэрэглэж байгаа боловсронгуй жишигт нийцүүлэн  нөөц ашигласны төлбөр, орлогын албан татвараар зохицуулах ёстой гэдгийг “МАК”-ийн төслийн ахлах менежер М.Базаррагчаа саяхан “Oil& Gas2017” хурал дээр онцолж байлаа. Энэ талаар өгүүллийн дараагийн хэсэгт илүү тодорхой дурьдах тул түр орхиё.  
      
Эрлийн гэрээ байгуулсан өнөө таван компанийн нэг нь төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ийн охин компани “Эрдэнэс Метан”. Тавантолгойн нүүрсний ордод нүүрсний давхаргын  метан хийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэж байсан БНСУ-ын “Ко газ” компани санхүүжилтгүйн улмаас нутаг буцаж, харин уг ажлыг үргэлжлүүлэх зорилгоор өнгөрсөн жил  төрийн өмчит компани байгуулсан нь энэ. Ердөө гурван сарын өмнө Эрлийн гэрээгээ байгуулсан “Эрдэнэс Метан”-ыхан одоогоор аж ахуйн нэгжүүдэд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Тавантолгойн метаны нөөцийг тогтооход гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэх мэт зөвлөх үйлчилгээндээ түлхүү хандсан үйл ажиллагаа явуулж байгаа.

“Эрдэнэс Метан” нь  Монгол улсын уламжлалт болон уламжлалт бус газрын тосны эрэл хайгуул хийж, нөөц тогтоох чиг үүрэгтэй. Яваандаа хуулийн дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ байгуулаад, үйл ажиллагааг өргөтгөх байх. Гэхдээ яг өнөөдөртөө “Голден Хорд” компанид санамж бичгийн дагуу суурь судалгааны дэмжлэг үзүүлэх, төслөө хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж буй.

Ямар ч байсан Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) хувийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх сонирхолтой аж ахуйн нэгжүүдтэй хамтран газрын тос, уламжлалт бус газрын тосны хуримтлал байгаа эсэхийг тогтоох, хэтийн төлөв бүхий хайгуулын талбайг ялгах зорилгоор Эрлийн гэрээ байгуулаад явж байна.

Уламжлалт болон уламжлалт бус (НДМХ, Занар)  газрын тосын Эрлийн ажлын талбайн зураг

Тус газрын “2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017-2020 оны төсөөлөл, хүрэх үр дүн” хэмээх судалгааны товхимолоос үзвэл,  2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3, нийт 18 эрлийн гэрээ хэрэгжиж байгаа аж.

Энэ чиглэлд 2017 онд газрын тосны эрэл, хайгуулын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр нийт Бүтээгдэхүүн хуваах гэрээний геологи,геофизикийн судалгааны ажлыг хийх хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлуулсан гэдгийг АМГТГ-ын  Геологи, хайгуулын хэлтсийн дарга М.Батбаяр хэллээ.

Нүүрсний уурхайн метаны талаар хуулинд  тодорхой заалт  байдаггүй

Зураг-1НДМ-ы олборлолт

Зураг-2 Далд уурхайгаас НУМ олборлолт, ашиглалт




Өнөөгийн нөхцөлд Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хөрөнгө оруулагч 100 хувь эрсдлээ үүрээд, Засгийн газарт ямар нэгэн хүндрэл учруулахгүй байх шийдлийг хуульчлан дагаж байгаа ч бодит амьдрал дээр хэрэгжилт нь  өөр байна. Нүүрс олборлогч компаниудын дэвшүүлж буй саналуудаас хамгийн чухлыг нь уншигч Танд сонирхуулъя.

Юуны өмнө,  нүүрсний уурхайн метан  буюу НУМ (Coal Mine Methane),  нүүрсний давхаргын метан (Coal Bed Methane) буюу НДМ  хоёр дээр нүүрс олборлогч компаниуд асуудлыг илүү төвлөрч  ярьж байгаа.

Тодруулбал, нүүрсний уурхайн давхаргын метаныг Газрын тосны тухай хуульд “уламжлалт бус” гээд томъёолчихсон хэрнээ, нүүрсний уурхайн метаны талаар нэг ч тодорхой заалт  байдаггүй. Уг нь хоёулаа нүүрсний уурхайгаас ялгарч байдаг чухал нөөц.

Тэгсэн мөртлөө хоёуланг нь шууд олборлоод, боловсруулаад, худалдаалаад, ашгаа шууд хуваадаг  газрын тостой нэгэн адил  Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулж буйг л нүүрс олборлогчид эсэргүүцээд байгаа хэрэг.

Нүүрсний давхаргын метан хийг  уурхайн олборлолт хийгдэхээс өмнө  давхрага руу цооног өрөмдөөд, соруулж авдаг. Харин уурхайн метан нь эдийн засгийн үр ашиг, ач холбогдолоос үл хамааран нүүрсний уурхайн аюулгүй байдлыг хангах үүднээс хөрс хуулалтын явцад соруулж авдаг хий. 

НУМ нь уурхайн үйл ажиллагааны үеэр нүүрс, эргэн тойрны чулуулаг давхаргаас ялгардаг ба энэ нь агаарт ялгарвал уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх уршигтай. Далд уурхайн нөхцөлд НУМ нь тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй тул түүнийг хуримтлагдахаас нь  өмнө агааржуулах хоолойгоор гадагшлуулдаг. Харин хаягдсан болон ил уурхайд метан нь газрын ан цав болон бусад замаар агаарт дэгддэг. Гэхдээ НУМ-ыг аюулгүйгээр олборлож, түлш болон ашиглавал байгаль орчинд ээлтэй, үнэ цэнтэй  нөөц юм.

“Нүүрсний уурхайн хөрс хуулалт 100-200 метрт хийгддэг тул   нүүрсний давхаргын хий маш бага. Ийм бага хийг аюулгүй байдлаа хангах үүднээс тусад нь олборлохоор ашиггүй хий болж хувирдаг. Гэтэл  ашиггүй хийг Бүтээгдэхүүн хуваах зарчмаар ашиглана гэвэл утгагүй бөгөөд бүтэшгүй зүйл. Уурхайг  дэлбэрэг гэсэнтэй адил хууль, эрх зүйн орчинд бидэнд үйлчлээд  байна” хэмээн “Эрдэнэс Метан” компанийн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтан ярьсан юм.

Яг өнөөдрийн нөхцөлд ийм эмзэг  нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа компани нь “Монголын алт”. Нүүрсний уурхайгаасаа  метан хийгээ ялгаж авах гэхээр Бүтээгдэхүүн хуваах болчихоод байгаа. Ганц МАК ч биш, яваандаа Монголын нүүрс олборлогч маш олон компани хүссэн хүсээгүй нүүрсний уурхайн метан хийн ийм асуудалтай тулгарах нь гарцаагүй.

Монголд нүүрс олборлолт нэмэгдэхийн хэрээр НУМ ялгаралт ихэсч байгаа.   Одоогоор манай улсад байнгын ажиллагаатай  30 гаруй нүүрсний ил уурхайд олборлолт явагдаж байгаа ба цаашид хөрс хуулалт нэмэгдэж уурхайн талбай томрон гүн болох тусам метан хийн ялгаралт нэмэгдэх нь мэдээж. Иймдээ ч уурхайнууд цаашид гүний аргаар нүүрс олборлох аюулгүй байдлын үүднээс метан хийг дэлхийн жишгээр ашиглах гарцыг хайх болсон.

Гэтэл Монгол Улсын хувьд нүүрс олборлолтыг Ашигт малтмалын хуулиар,  нүүрсний давхаргын метан хийг Газрын тосны хуулиар зохицуулж байгаа бөгөөд энэ нь уул уурхайн уламжлалт үйлдвэрлэлтэй давхцал үүсгэх, бага нөөцтэй метан хийг ашиглахын тулд Бүтээгдэхүүн хуваах хүнд суртал ихтэй, зөвшөөрөл авах, нэмэлт татвар хураамж төлөх зэрэг хүндрэлүүдийг учруулсаар байгаа. Энэ нь метан хийг олборлох ажлаа дэмжих бус, эсрэгээр унтраах сөрөг үр дагавартай гэдгийг ч салбарынхан ил тод хэлдэг.

Тиймээс Газрын тосны тухай хуульд “Нүүрсний уурхайн метан”-ыг тодорхой нэр томъёогоор тусгаж оруулаад,  зохицуулалтыг нь Ашигт малтмалын тухай хуулиар шийдэх нь илүү оновчтой гэсэн гарцыг нүүрс олборлогчид санал болгож буй юм.

Гэхдээ НУМ, НДМ хоёрыг хуулиар ингэж шийдэж болох ч Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр цааш зохицуулаад явах нь олон хүндрэлийг үүсгэх талтай. Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэд “Инженерийн шийдэл” хэмээх мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлэн, түлш эрчмийн цуврал семинарыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд саяхан нүүрсний давхаргын метан, шатдаг занар зэрэг уламжлалт бус эх үүсвэрийн талаар хэд хэдэн чухал саналыг боловсруулсныг уншигч Танд уламжлая.

•    Нүүрсний уурхайн болон нүүрсний давхаргын метаныг  ихэнхдээ далд уурхайн аюулгүй ажиллагааг хангах үүднээс олборлон ашигладаг. Орчин үед налуу, хэвтээ өрөмдлөгийн технологийг ашиглах болсноор нүүрсний олборлолт эхлэхээс өмнө НДМ-ыг цооногоор олборлох туршлага зарим улсад хэрэгжиж байна. НДМ нь байгалийн хий шиг бага орон зайд их хэмжээний хуримтлал үүсгэдэггүй, том талбайд сийрэг байдлаар тархсан байдаг тул түүнийг цуглуулж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиг багатай.

•    Шатдаг занар нь цахилгаан станц, цементийн үйлдвэр, газрын тосыг орлох шингэн давирхай ба шатдаг хий гарган авахад ашигладаг хатуу ашигт малтмал юм. Шатдаг занар нь нүүрс ус төрөгчийн агуулгын хувьд нүүрснээс бага ба жингийн 70 орчим хувь нь шаварлаг чулуулгаас бүрддэг. Иймд шатдаг занарыг уурхайгаар олборлож, том хэмжээний энерги-химийн үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар гарган авдаг. Тиймээс олборлосон даруй борлуулах боломжтой түүхий газрын тостой адилаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нь тохиромжгүй.

•    Олон улсын хандлагыг авч үзвэл газрын тосны үнэ хямдарч, эрчим хүчний хэрэгцээгээ олон төрлийн эх үүсвэрээс хангадаг болж, газрын тосны хэрэгцээний өсөлт урт хугацаандаа саарах хандлагатай байгаа тул уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалтыг татахад хүнд болж байна.

Эрдэмтдийн байр суурь товчхондоо ийм. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан тэдний саналыг шууд үгүйсгэхгүй байгаа ч Газрын тосын хуулийн уламжлалт бусыг газрын  тосыг зохицуулсан зүйл заалтууд  гадны орнуудыг бодвол Монголынхоо нөхцөлд тохирсон илүү оновчтой, ойлгомжтой гэдгээ илэрхийлдэг. Индонезид гэхэд нүүрсний давхаргын метан хийн дээр 43 Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулаад болоод байна гэсэн  жишээг бас татаж ярих нь бий. Ашигт малтмал, газрын тосны газрын Газрны тосны ашиглалтын хэлтсийн дарга О.Энхбаяр хууль батлагдсаны дараахан The Mongolian Mining Journal сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Уламжлалт бус дээр  бид арай уян хатан хандаж байгаа.  Уламжлалт газрын тосны өртөг нөхөлт 40 хүртэл хувь байна гэж тодорхой заасан байдаг бол уламжлалт бусын өртөг нөхөлтийн хувь хэмжээг журмаар зохицуулна. Ямар ч байсан уламжлалт бус дээр өртөг нөхөлт нь 40 хувиас дээш байна гэсэн үг. Өртөг нөхөлт өндөр байх тусмаа компанидаа ашигтай” гэж дурьдаж байлаа. 

Тэрээр мөн  “Роялти уламжлалт газрын тосны хувьд 10-15% байхад уламжлалт бус газрын  тосных 5-10%. Хайгуулын хугацааны хувьд уламжлалтынх 8 жил дээр нэмэх нь хоёр жилээр хоёр удаа сунгаж байхад уламжлалт бус газрын тос дээр 10 жилээр, нэмэх нь таван жилээр сунгах боломжтой. Тэгвэл  олборлолтын хувьд уламжлалт газрын тосонд 20 жил дээр нэмэх нь таван жилээр хоёр удаа сунгаж байхад уламжлалт бус газрын тосонд 30 жил дээр таван жилээр сунгана. Энэ мэтчилэн уламжлалт бус газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагааг уламжлалтай харьцуулахад тодорхой хэмжээгээр дэмжсэн зүйл бий” гэсэн олон үндэслэлийг жишээ болгож ярьжээ.


Гэхдээ хуулийн хэрэгжилт, аж ахуйн нэгжүүдийн бодит үйл ажиллагаандаа тулгуурласан санал хоёрыг хэрхэн уулзуулж, эцсийн зөв шийдвэрт хүрэх  нь  цаг хугацааны асуудал болох биз. Нүүрсний давхаргын метан болон уурхайн метан олборлолт, зохицуулалтаараа дэлхийд толгой цохьдог орнуудын туршлагыг сонирхоё.

Австрали, Америк, Хятадын метан хийн зохицуулалт уян хатан

АНУ, Австрали, Хятад зэрэг улсад татвар, хураамжаас хөнгөлөн дэмжихээс гадна нүүрсний орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд метан хийн судалгаа хийж, эдийн засгийн үр ашигтай тохиолдолд ашиглахыг үүрэг болгодог.

Тодруулбал,  дэлхийн НДМ болон НУМ-ын олборлолтын 99 хувийг Америк, Австрали, Канад гурав л бүрдүүлж,  үлдсэн нэг хувь  Хятад, Индонезид ногддог. Хятад, Индонез улс бүтээгдэхүүн хуваах гэрээгээр уламжлалт бус болон уламжлалт бус газрын тосны асуудлаа зохицуулж байхад бусад гурав нь татвар, роялтигийн зарчимтай.

Газрын гүн дэх нүүрсний давхаргын метан хийг шингэрүүлэн олборлох технологитой дэлхийн анхны LNG (Liquefied Natural Gas) үйлдвэрийг байгуулж, 2014 оноос бүтээгдэхүүнээ экспортод гаргаж буй “Квийнсландын газ”(QGC) компанийн үйл ажиллагаатай Монголын сэтгүүлчид танилцах боломж олдсон юм. 

Үйл ажиллагаа явуулаад тийм ч олон жил болоогүй гэхэд олборлолтоороо дэлхийн байгалийн хийн зах зээл дэх томоохон тоглогч болж, 50 жилийн түүхтэй “Орижин Энержи” групптэй дүйхүйц хэмжээнд очиж чаджээ. Ерөнхийдөө  Австралийн метан хийн компаниуд Квийнсланд мужийн Сурат, Боуэн хэмээх нүүрсний хоёр том сав газарт нүүрний уурхайн олборлолт явагдахаас нь өмнө хийгээ соруулж авч байна. Харин тухайн нүүрсний компаниуд уурхайн метаны асуудлаа өөрсдөө зохицуулж байдаг онцлогтой.

Австралийн хувьд уул уурхай, газрын тосны салбарыг зохицуулдаг хоёр гол хууль нь 1989 онд батлагдсан Ашигт малтмалын нөөцийн тухай хууль, нөгөө нь Газрын тос, хийн тухай хууль. Бидний зочилсон Квийнсланд мужийн Засгийн газар  метан хийн олборлолт ид явагдаж эхлэсэн үе буюу  2002 онд нүүрсний давхаргын метан болон нүүрсний хайгуул, олборлолтыг  шинэ журмаар  зохицуулахын тулд 1923 оны Газрын тосны хуулийг 2004 онд шинэчилж, Газрын тос, байгалийн хийн хуулиа баталсан. Үүний дараахан, нүүрсний лицензийг голлон зохицуулж байсан 1989 оны Ашигт малтмалын нөөцийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, нүүрс болон хийн нөөцийг зохицуулах олон заалтыг тодорхой болгожээ.

Квийнсланд мужийн хувьд  нүүрс олборлох лицензээр НУМ-ын эрэл, хайгуул, олборлолт явуулах эрхийг давхар олгож байдаг ч 2004 оны Газрын тос, байгалийн хийн хуулиар  илүү нарийн зохицуулалттай болгож өгсөн юм.  Өөрөөр хэлбэл, Квийнсландад нүүрс олборлох лицензээр нүүрсний давхаргын метан хий эзэмших тодорхой хэмжээний эрхийг давхар олгодог боловч ерөнхийдөө нүүрсний давхаргын метан хийн олборлолтыг Газрын тос, байгалийн хийн хуулиараа зохицуулж байна. Нөгөө талаас, НУМ-ыг тухайн газартаа ашиглахыг зөвшөөрнө, хэрэв тухайн газраас гадуур борлуулахаар бол газрын тосны ашиглалтын лиценз авах ёстой. Шинэ Өмнөд Вэльс мужид нүүрсний олборлолтын явцад гаргаж авсан метаны лицензийн төлбөрөөс чөлөөлдөг зохицуулалттай.   
 
Ашигт малтмалын нөөцийн тухай хуульд нэгдүгээрт, нүүрснийг зайлшгүй олборлох, хоёрт уурхайн ажлын орчны аюулгүй байдлыг хангах, гуравт нүүрс олборлох үед алдагдах метаны ялгаралтыг бууруулах гэсэн үндсэн гурван заалт сонирхол татдаг. Энэ нь нүүрсний уурхайн лиценз эзэмшигч нь НУМ-ыг олборлож, үйлдвэрлэж,  гадагшлуулж, эсвэл хаягдал болгож болно гэсэн санаа юм.

Нөгөө талаас, Монголд хэрэгжүүлмээр нэг санаа нь Квийнсландын нүүрс олборлогч компани зөвхөн тухайн байрлалд ашиглах цахилгаан,  дулаан үүсгүүрийн зориулалттай метан  хийг үр ашигтайгаар ашиглах хууль эрх зүйн маш тодорхой зохицуулалт.

Монголд метан хийн хэрэглээний хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулчихвал Нарийн сухайт, Багануурын нүүрсний уурхайгаас 700-900 метр куб метан хийг олборлож, 15-20 жилийн хугацаанд 10-15 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд ашиглах, нөгөө бол уурхай бүрээс 600-800 мянган тонн  CNG буюу LNG  үйлдвэрлэн бусад төрлийн хий, шингэн түлштэй хослуулан Монгол Улсын түлшний 5-10%-ийг хангах боломжтойг МАК, Багануурын судлагаа харуулна. 

Квийнсланд мужийн Дарлинг Даунс бүсэд үйл ажиллагаа явуулдаг Нью Акланд хэмээх нүүрсний уурхай түлшиндээ тус бүсээс олборлож боловсруулсан метан хийг ашиглаж, олборлолтын зардлаа бууруулж чадсаныг уурхайн Аюулгүй ажиллагаа хариуцсан менежер Стюарт Грийнээс сонсч байлаа.  Ингэснээр уурхайн олборлолтын өртөг зардал буурч, нүүрсний үнийн гэнэтийн бууралтаас өөрсдийгөө сэргийлж, уурхайн хэвийн үйл ажиллагаагаа хангаад явах боломжийг бүрдүүлжээ. Бидний зочилсон “Квийнсландын газ”(QGC) компани ч мөн адил машин, техникүүдээ гүнээр олборлож, боловсруулсан хийгээр ажиллуулдаг юм байна.

Монгол улсад шингэрүүлсэн байгалийн хий буюу LNG нь харьцангуй хөрөнгө оруулалт өндөр, үйлдвэрлэлийн зардал, өндөр түвшний технологийн асуудал шаардагдах нь мэдээж. Эрдэмтэдийн хувьд   CNG (Compressodd Natural Gas)  үйлдвэрлэж, нүүрсний  уурхай болон орон нутгийг цахилгаанаар хангах, цаашид жижиг болон дунд оврын машинуудыг ийм түлшинд шилжүүлж боломжтой гэсэн тооцоог хэлж байгаа.

Квийнсландын уурхайгаар аялсан Монголын сэтгүүлчдийн хамгийн их сонирхсон асуулт нь тус улсын уламжлалт бус газрын тос буюу шатдаг занар  байв.  Учир нь,  Америкийн “Женни ойл шэйл Монголиа” компани Монголд занарын иж бүрэн хайгуул, судалгаа явуулж байгаа бөгөөд Төв аймаг дахь занарын ордыг түшиглэн түлш үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр судалгааны ажил явуулж байгаа. “Монголын алт” компани ч мөн Хөөтийн ордыг түшиглэн занараас түлш гагах төсөл хэрэгжүүлж байгаа билээ.

Уламжлалт бус газрын тос гэгдэх шатдаг занарын олборлолтоо хэрхэн зохицуулдаг вэ гэсэн  бидний асуултад Квийнсланд мужийн Байгалийн нөөц баялаг, уул уурхайн газрын Геологийн судалгааны хэлтсийн дарга Саймон Кроуч “Бид шатдаг занарыг ирээдүйд олборлохоор бэлтгэж байгаа. Одоогоор нөөцийг яг таг тогтоогоогүй. Эрэл хайгуулаа эрчимжүүлж байна” гэсэн хариултыг өгсөн. 

Ерөнхийдөө Монголд нийтдээ 700 тэрбум гаруй шатдаг занарын нөөцтэй гэж урьдчилан тогтоогоод байгаа. Харин Австралид шатдаг занарын нөөцийг яг төд гээд тогтоосон тоог одоогоор хэлэхэд эрт байна гэж Саймон Кроуч хэлж билээ.

Австралийн зүүн өмнөд нутагт орших шатдаг занарын ордуудыг 1860-аад оноос эхлээд 1950-иад оны эхэн хүртэл ашиглаж, нийт 4 сая тонн орчим шатдаг занар олборлосон гэсэн мэдээ бий. 1970-аад оны үеэд нийт 20 тэрбум баррель шатдаг занарын тосны нөөцтэй 9 ордыг Квийнсланд мужид илрүүлсэн нь энэ чиглэлийн цаашдын үйл ажиллагаанд ихээхэн түлхэц болсон тухай ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Авид, “Инженерийн шийдэл” хөтөлбөрийн зохицуулагч Ж.Золжаргал нар “Шатдаг занар” хэлэлцүүлгийн үеэр танилцуулж байсныг энд мөн  онцолъё. 

Нүүрсний уурхайн метаны зохицуулалтын сэдэв рүүгээ эргэн ороход. Хятадын Ашигт малтмалын нөөцийн хуульд 1996 онд НДМ-ыг 34 ашигт малтмалын нэгээр оруулж өгчээ. Тус улсад Нүүрс олборлолтын лиценз, НДМ-ын лицензтэй давхардаж олгогдож байсан тул “НДМ-ыг эхэлж шавхана, дараа нь  нүүрс олборлолтыг явуулна” гэсэн зарчмыг хуулиар тогтоож өгчээ.

Хятадын Засгийн газар 12 дахь  арван жилийн төлөвлөгөөндөө НДМ, НУМ-ын боловсруулалтад илүү ач холбогдол өгч, 2010-2015 онд 3,3 сая айл өрхийн хэрэглээнд  НУМ-ыг үндсэн түлш болгох шийдэлд хүрчээ. Түүнчлэн уурхайн компаниуд НДМ боловсруулалт дахь хайгуул, лицензийн хураамжаас чөлөөлөх, 2020 он хүртэл НДМ-д ногдох ашигт малтмал ашигласны төлбөр төлөхгүй байхаар хуульчилсан.

Энэ хүрээндээ НУМ-ын хайгуул, боловсруулалт, ашиглалт явуулахад зориулсан импорттой холбоотой татвар, НӨАТ-ыг мөн чөлөөлжээ. Ерөөс дэлхийн бусад оронд НДМ болон НУМ-ын нөөц тогтоогдвол тусгай зөвшөөрөл эзэмшигчид тэргүүн ээлжинд ашиглах эрхийг олгодог жишиг Хятадад маш сайн үйлчилж, нэг метр куб метан хий тутамд 0.2 юанийн татаас олгож байна. Ийм замаар метан хийгээ бүрэн ашигладаг.

2006 оны хоёрдугаар сард Мексикийн Паста Де Кончос  уурхайд метантай холбоотой томоохон дэлбэрэлт болсноос хойш тус улсын  Конгресс болон Сенат Уул уурхайн хуулиндаа яаралтай засвар оруулж, НДМ болон НУМ-ыг тухайн газарт нь олборлох, ашиглах эрхийг нүүрс олборлогчдод олгох болсон. Өдгөө хуулийн дагуу  нүүрсний уурхайнууд одоо өөрийн хэрэгцээнд зориулан НДМ болон НУМ олборлож, ашиглаад зогсохгүй түүнийгээ боломжтой болжээ.

Энэ   бүхнээс харахад Монгол улсын уламжлалт болон уламжлалт бус газрын тосны зохицуулалт олон улсын практикаас төдийлөн хоцроогүй ч зарим асуудлыг хуулиар илүү нарийн тодотгож өгөхийг цаг үе шаардах болов. Хэдийгээр өнөө маргаашдаа Газрын тосны хуульд шууд гар дүрэхгүй ч нүүрсний давхаргын метан хий болон уурхайн метан, шатдаг занарын эрэл, хайгуул гүнзгийрч, олборлолт, экспортын түвшиндээ очиход хүссэн хүсээгүй нарийн зохицуулалт шаардах биз ээ.  

Г.Идэрхангай       2017.02.25