“Эрдэнэс Тавантолгой” ХК 822 тэрбум төгрөгийн өртэй гэв

2017-02-13

Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн 4 жил алдагдалтай ажиллаж, 6 жилийн хугацаанд 453 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал, нийт 822.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй ажиллажээ. Энэ талаарх мэдээллийг эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр нар өнөөдөр сэтгүүлчдэд өгөв.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оноос Зүүн Цанхий уурхайд олборлолт эхлүүлсэн байдаг. Үүнээс хойш Баруун болон Зүүн Цанхийн уурхайгаас нийт 24.2 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг олборлон экспортолж, нэг их наяд 478 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Харин гаргасан нийт зардал 2 их наяд төгрөг болж, 453 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Үйл ажиллагаа эхлүүлсэн эхний 2 жилд 19 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан ч сүүлийн 4 жилд ихээхэн алдагдалтай ажиллажээ. “Энэхүү алдагдлын дийлэнх хэсгийг ханшийн алдагдал бүрдүүлж байна. 1 төгрөгийн борлуулалтын орлого олохын тулд 1.36 төгрөгийн зардал гаргаж байгаагаас менежментийн маш буруу үйл ажиллагаа явуулж байгааг харж болно” хэмээн эдийн засагч Л.Наранбаатар онцлов. Тэрбээр дээрх мэдээллүүдийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээс авсан гэсэн юм.


“Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт өр төлбөр 822 тэрбум 416 сая төгрөг болжээ. Үүнээс хамгийн их өрийг Хөгжлийн банкны зээл эзэлж байна. Хөгжлийн банкнаас зээлсэн 200 сая доллар, хүүгийн хамт нийт 584 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд тус компанийн нийт өрийн 71 хувийг эзэлж байна. Харин “Чалко” компанийн өр 100.6 тэрбум төгрөг байгаа нь нийт өрийн 12.2 хувийг бүрдүүлжээ.

Үүнээс гадна “Саусгоби Сэндс” ХХК-д 5.1 тэрбум төгрөгийн өртэй гэжээ. Өнгөрсөн оны 5 дугаар сард Засгийн газар “Саусгоби Сэндс” компанийн 35 тэрбум төгрөгийн татварын өрөөс 20.3 тэрбумыг нь “Эрдэнэс Тавантолгой” компанид хөрс хуулалтын ажил гүйцэтгэх замаар төлүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу тус компани өнгөрсөн оны сүүлээр Баруун Цанхийн уурхайд ажиллах болсон.


 


Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрс хуулалтын өртөг Тавантолгойн ордод олборлолт явуулж буй бусад компаниас өндөр байгаа аж. Тухайлбал “Энержи Ресурс” компани 1м.куб хөрс хуулалт 5800 төгрөг байдаг бол “Тавантолгой” ХК-ийнх 7900 төгрөг, харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнх 11951 төгрөг байдаг байна. Энэ нь өрсөлдөгч бусад компанитай харьцуулахад 36-106 хувиар илүү зардлаар хөрс хуулдаг гэсэн үг юм.

Энэ мэтчилэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд алдагдалтай байдлаар цаашид ажиллавал ердөө 8 жилийн дараа уурхайгаа хаахад хүрч болзошгүй аж. Өөрөөр хэлбэл 120 сая орчим тонн маш сайн чанарын коксжих нүүрсийг олборлон экспортолсноор үлдсэн эрчим хүчний болон сул коксжих нүүрс нь үнэд хүрэхгүй хэмээн үзжээ. Харин төмөр зам, цахилгаан станцаа барьж, уурхайн тоног төхөөрөмжөө цахилгаанжуулж, нүүрсээ баяжуулан экспортлох юм бол 1.4 тэрбум тонн нүүрсийг эдийн засгийн үр ашигтай олборлох боломжтой юм байна.

 

С.Болд-Эрдэнэ

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 51 мин
    УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг (2022.07.06) хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсад үр ашигтай өөрчлөлт авчрах сайн талтай тул дэмжиж байгаа, боломж нээхийн хэрээр хараат байдал нэмэгдэх эрсдэл байгааг анхаарах, хуурамч шатахууны асуудал дээр бусад шатахуунтай татварын ижил нөхцөл, шаардлага тавих, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулинд нэмэлт оруулахдаа олон улсын нөхцөл байдлыг анхаарч, сөрөг нөлөөлөл үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээлээ болон аж ахуйн нэгжүүдээ хамгаалж, зах зээлийн зарчмаар явуулан гэрээ, хэлэлцээрээ сайн хийвэл тийзний үнэ буурах эерэг нөлөөтэй гэсэн саналыг хэлсэн гэлээ.
  • 11 цаг 15 мин
    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан юм. Уул уурхайн салбараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар боллоо. “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Монгол улсын Төрийн шагнал хүртээжээ. 
  • 11 цаг 30 мин
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 7-ны өдөр Сингапурын Темасек олон улсын санд зочилж, тус сангийн үйл ажиллагаатай танилцан Гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч захирал Бенедикт Чеонг нартай уулзав.
  • 12 цаг 28 мин
    “Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрийн турш Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдана. Энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг гурван өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана.
  • Уржигдар 11 цаг 58 мин
    Дэлхийн Уул уурхайн конгресс (ДУУК)-ын Олон улсын зохион байгуулах хороо (ОУЗБХ)-ны 103 дугаар хуралдаан 2022 оны долдугаар сарын 12-нд Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн уул уурхайн Конгресс нь уул уурхайн техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог НҮБ-д бүртгэлтэй олон улсын мэргэжлийн байгууллага юм. 1958 онд Польшийн профессор Б.Крупински санаачлан байгуулсан энэ байгууллагад 1967 оноос Монголын төлөөлөгчид Конгрессын хуралдаануудад оролцож ирсэн.