Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2016 онд АДБХОБ 1.73 тэрбум ам.долларын зээл олгожээ

БНХАУ-ын санаачилгаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/ байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд дэлхийн 57 орон тус банкны бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд нийт гишүүдийн 75% нь Азийн орнууд аж. Гишүүн орноор элсэх 20 улсын өргөдлийг шинээр хүлээн аваад буй. 2017 онд  гишүүн орны тоо 90 хүрэх магадлалтай байна. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч сонгогдсон үйл явдалтай холбогдуулан тус улсыг банкны гишүүн орноор хүлээж авахад нээлттэй болохыг АДБХОБ-ны тэргүүн Цин Люцин мэдэгдсэн билээ.

АДБХОБ-наас 2016 оны үйл ажиллагааны урьдчилсан тайлангаа танилцуулсан байна. Тус тайланд банкнаас хөрөнгө оруулсан томоохон төслүүдийг дурджээ. Хөрөнгө оруулалтын хамгийн анхны зээл нь өнгөрсөн оны зургаадугаар сард банкнаас баталсан нийт 509 сая ам.долларын 4 төсөл юм. Эдгээр төсөл нь Тажикистан, Бангладеш, Пакистан болон Индонезийн тээвэр, эрчим хүчний салбаруудтай хамааралтай. Мөн оны есдүгээр сард банкны Захирлуудын зөвлөлөөс хөрөнгө оруулалтын зээл олгохоор шийдвэрлэсэн нь Пакистаны усан цахилгаан станцын шинэчлэлийн 300 сая ам.долларын төсөл  юм. Уг төсөлд Дэлхийн банкны зүгээс ч хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Харин арванхоёрдугаар сард Оман улсын далайн боомт, төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд 301 сая ам.долларыг зээл олгожээ. Мөн сард Азербайжаны байгалийн хий дамжуулах “Транс-Анатолия” төсөлд хөрөнгө оруулалтын зээл олгосон байна.

2016 онд АДБХОБ-ны гишүүн орнууддаа олгосон нийт зээлийн хэмжээ 1.73 тэрбум ам.доллар аж. Ирэх 5-6 жилд зээлийн хэмжээг өсгөж  10-15 тэрбум ам.доллар хүргэхээр төлөвлөж байгаа тухай банкны тэргүүн Цин Люцин мэдэгджээ.

Э.Од