MMC-ийн орлого оны эхний хагаст 57%-иар буурчээ

2016-08-29

Өмнөговь аймгийн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation (MMC) өнгөрсөн баасан гаригт оны эхний хагас жилийн тайлангаа гаргалаа. Уг тайланд дурдсанаар, тус компанийн үйл ажиллагааны орлого энэ оны эхний хагаст 31 сая ам.доллар байсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 57%-иар буурсан дүн юм.  

Тус компанийн үйл ажиллагааны алдагдал оны эхний хагасын байдлаар 61.7 сая ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үед уг үзүүлэлт 79 сая ам.доллар байсантай харьцуулахад буурсан дүн болж байна. Ийнхүү тус компанийн үйл ажиллагаа алдагдалтай гарахад зах зээлд нүүрсний үнэ доошилсон явдал болон борлуулалтын нүүрсний биет хэмжээ буурсан зэрэг нь голлон нөлөөлжээ. Компани тайлант хугацаанд нийтдээ 600 мянган тонн сайн чанарын коксжих нүүрс борлуулжээ. Энэ нь 2015 оны эхний хагас жилийн борлуулалтын дүнгээс 20%-иар бууралттай дүн боловч өмнөх оны сүүл хагасынхаас 32.8%-иар өссөн дүн болж байна.

Дээр дурдсанчлан MMC-ийн борлуулалтын нүүрсний биет хэмжээ буурсан ч оны эхний хагаст тус компанийн нүүрсний олборлолт 915 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны хоёрдугаар хагасынхаас 67%-иар өссөн байна. Гэхдээ өмнөх оны эхний хагас жилийнхтэй харьцуулахад олборлолтын хэмжээ 58%-иар танагджээ. Үүний зэрэгцээ нүүрс угаах үйлдвэрт энэ оны эхний хагаст нийтдээ 1 сая тонн нүүрс боловсруулж 506 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 251 мянган тонн боловсруулсан эрчим хүчний нүүрс үйлдвэрлэжээ.

Тус компанийн хувьд нүүрсний зах зээлийн хүнд нөхцөлд борлуулалтаа нэмэгдүүлэхээр ажиллаж буйн зэрэгцээ их хэмжээгээр хуримтлагдаад буй өр төлбөрийн бүтцийг дахин шинэчлэх замаар төлбөрийн дарамтыг багасгахыг зорьж байна. Ирэх сарын 1-ний өдөр Кэймэний арлуудын Дээд шүүхээс өрийн бүтцийг дахин шинэчлэх асуудлаар тодорхой шийдвэр гарах төлөвтэй байгаа юм.

Хэдийгээр энэ оны эхний хагасын сүүл хэсэгт коксжих нүүрсний зах зээлд тодорхой сэргэлт ажиглагдаж эхэлсэн ч MMC тайландаа уг түр хугацааны үнийн өсөлт нь тус компанийн санхүүгийн үзүүлэлтэд төдийлөн сайнаар нөлөөлөөгүй гэж тэмдэглэжээ.


Б.Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ