Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Төмөр зам тавьснаар асуудлыг бүрэн шийдэхгүй



“Уул уурхайн салбарын дунд болон урт хугацааны хөгжлийн төлөв байдал болон Монгол улсын эдийн засагт гүйцэтгэх гол үүрэг” сэдэвт уулзалтыг Америкийн худалдааны танхим зохион байгууллаа. Уулзалтад “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Монголын шатдаг занарын холбооны Гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун, “Эрдэнэс Монгол” компанийн Ерөнхий эдийн засагч бөгөөд “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу нар оролцов.

Уулзалтын үеэр эдийн засагч Ч.Хашчулуун, Монгол улсын хувьд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотойгоор Засгийн газар уул уурхайг илүү нухацтай бодож хөгжүүлэх ёстойг ойлгож эхэлж буй нь сайн хэрэг гэсэн юм. Тухайлбал, томоохон төсөлд шууд хувьцаа эзэмших хувилбарыг үргэлж дэмжихээ азнаж эхэлснийг онцлоод, ирэх 15 жилийн хугацаанд Монгол улсын Засгийн газар уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тогтвортой орчинтой байна гэдэгт итгэлтэй байгаагаа хуралд оролцогчдод дуулгасан юм. Мөн Монголын эрдсийн гол худалдан авагч Хятадын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд таамаглаж байснаас сайн үзүүлэлттэй гарсныг тэмдэглэсэн юм. Хятадын төлөвөөс үзэхэд тус улсын өсч буй зах зээлд Монголын орон зай байсаар байх болно. Ирэх жилүүдэд Монголд Тавантолгой төсөл хөдөлж, эрчим хүч, дэд бүтцийн олон төсөл хэрэгжих болно гэдгийг мөн дурдлаа. 

Харин төрийн өмчит компанийн төлөөлөл Ч.Отгочулуу “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаа Компанийн тухай хуулиар явах боломж нээгдсэнийг дуулгаад тус компани цаашид охин компани “Шивээ-Овоо”, “Багануур” болон бусад компанийнхаа үйл ажиллагаанд төвлөрч буйг мэдэгдсэн юм. “Эрдэнэс Монгол” компанийн хувьд одоогийн зах зээлийн үнэ ханшаар нийт 300 тэрбум долларын үнэ бүхий ордууд эзэмшдэг ч яг компанийн үнэлгээ нь 1 тэрбум доллартай тэнцэж буйг тэрбээр дуулгасан. Өөрөөр хэлбэл, тус компани цаашид засаглалаа дэлхийн стандартаар сайжруулж чадвал өсч өргөжих бүрэн боломжтойг Ч.Отгочулуу ярилаа. Тийм ч учраас Азийн хөгжлийн банктай хамтран компанийнхаа менежментийг сайжруулахаар ажиллаж байгаа аж.

Г.Батцэнгэл захирлаас Америкийн худалдааны танхимын Монгол дахь салбарын ТУЗ-ийн дарга Жэймс Лиотта, сүүлийн үед ММС компанийн хувьцаа бараг үнэгүй болсон тул цаашид хэрхэхээр төлөвлөж буйг нь асуусан юм. Г.Батцэнгэл захирал, сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацааны өрнөлөөс харахад уул уурхайн магнатууд болох BHP, “Рио Тинто”, “Гленкор”-ын хувьцаа ч 50-иас дээш хувиар доошилсныг дурдаад, нүүрсний “Пибоди” компанийн үнэлгээ бүр 98%-иар буурч, зах зээлийн үнэлгээ нь MMC-ээс ч бага болчихсон байгааг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хувьцааны үнэлгээ нь тухайн компанийн бодит хөрөнгийн үнэ цэнийг бус, нүүрсний салбарыг хөрөнгө оруулагчид хэрхэн харж буйг илтгэж буй хэрэг гэж тэрбээр тайлбарлалаа. “Бид урт хугацаандаа бүсийн хэмжээний уул уурхайн компани байгуулахаар ажиллаж байна” гэж хуралд оролцогчдод тэрбээр үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлон хэлсэн. 

Монголын хувьд 250 км төмөр зам тавиад л эрдсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлчихгүй, харин бүтээгдэхүүн гаргаж буй боомтуудыг олон улсын статустай болгож, улмаар транзит тээврийг шийдэж, гуравдагч зах зээлд гарч чадвал бид Австралитай ч өрсөлдөх боломжтой гэж Г.Батцэнгэл онцолсон юм. Хэдийгээр Монгол төмөр замгүйн улмаас тээврийн зардалд ихийг алдаж буй ч түүний үзэж буйгаар, төмөр зам байгуулж дуустал хугацаа орох бөгөөд одоо эхэллээ гэхэд ойролцоогоор гурав, дөрвөн жилийн дараа л төмөр зам ашиглалтад орно гэж таамаглаж буйгаа дуулгасан юм.