Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

2030 онд сэргээгдэх салбар нийт эрчим хүчний 30%-ийг эзэлнэ


Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форум Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Форумын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нар оролцож, үг хэллээ.

Манай улсын тухайд 2023 он гэхэд нийт эрчим хүчинд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хэмжээг 20%, улмаар 2030 онд 30%-д хүргэх зорилтыг Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын зорилтод тусгажээ.

Энэ зорилт биелэх боломжтой нь өнгөрсөн оны сүүлийн байдлаар 10 орчим компани, нийтдээ 600 МВт орчим хүчин чадалтай нар, салхины төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаас  харагдаж байна. Эдгээрт салхины эрчим хүч дийлэнхийг эзэлж буй бол багахан хувийг нарны төсөл бүрдүүлж буй юм.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт 2015 онд хууль эрх зүйн орчны хүрээнд тодорхой өөрчлөлт хийгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны 6 дугаар сард Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх 2030 он хүртэлх ерөнхий зорилтыг баталжээ. Тус бодлогын хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд мөн өөрчлөлт оруулж, сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг баталсан төдийгүй холбогдох эрчим хүчний төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааны чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Мөн энэ оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, сэлбэгийг импортын татвараас чөлөөлж эхлэх хуулийн төслийг өнгөрсөн оны сүүлээр УИХ баталжээ.

Манай улсын хувьд  сэргээгдэх эрчим хүчний чиглэлд асар их нөөц боломжтой бөгөөд салхины хэд хэдэн төсөл, нарны 10МВт-ын төслийн бүтээн байгуулалт энэ жил хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.

 

Б.Төгс