Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ

Уул уурхайн яамнаас Эрдэс баялгийн салбарын  ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо хийсэн бөгөөд удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх аж.

2002 оны есдүгээр сард Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо НҮБ-ын ивээл дор байгуулсан “Тогтвортой хөгжлийн дэлхийн дээд хэмжээний уулзалт” дээр Их Британи, Умард Ирландын Вант улсын Ерөнхий сайд Тони Блэйрийн дэвшүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачилгад Монгол улс 2006 онд нэгдсэн байдаг.

Өмнө нь олборлогч компаниудын тайлан гаргалтыг зөвхөн Монгол улсын Засгийн газрын тогтоолоор зохицуулж ирсэн ч энэ нь ихээхэн учир дутагдалтай байсан юм. Иймд  салбарын яам 2010 оноос  уг харилцааг зохицуулах бие даасан хуулийг боловсруулж эхэлжээ. 

Хуулийн төслийг баталснаар Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлж олон улсын дэвшилтэт хандлагад нийцсэн хамтын удирдлага, хамтын хяналтын удирдлага бүхий зохион байгуулалтын бүтэц бий болж, Эрдэс баялгийн салбарын  мэдээллийн нэгдсэн байз бүрдэх юм.

Түүгээр зогсохгүй, төр хувийн хэвшил, иргэнийн нийгмийн түншлэлийн зохистой хэлбэр үүсч, олборлогч компанийн зардлыг бууруулснаар ашигт ажиллагааны түвшин нэмэгдэх, улс орон нутгийн төсвийн орлого сайжрах  зэрэг олон эерэг үзүүлэлтүүд эрдэс баялгийн салбарт гарна   хэмээн  Уул уурхайн яамнаас мэдээллээ.

Г.Идэрхангай