Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

“Дисковер Монголиа” чуулган эхэллээ

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулган өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад оролцогчдын тоо өссөн хэмээн зохион байгуулагчид мэдээлж байна. Зохион байгуулах хорооны дарга П.Очирбат чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Эрдэс баялгийн салбарын эрхзүйн таатай орчин бүрдэж байна. “Дисковер Монголиа” чуулган ч тооноос чанарт шилжиж байна” гэдгийг онцоллоо.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг чуулганыг нээж, уул уурхайн салбарын эрхзүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар илтгэл тавилаа. ”Монгол улс Хятад улстай транзит тээврийн гэрээг байгууллаа. Гуравдагч зах зээлд эрдэс баялгийн бүтээгдэхүүн экспортлох далайн боомт, транзит тээврийн асар хөнгөлөлттэй үнийг урд хөрштэйгээ тохирч чадсан нь Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад маш чухал” хэмээн Д.Ганхуяг сайд онцлов.

Мөн газрын тосны тухай хуулийг шинэчлэн баталснаар газрын тосны салбарт шинээр эрлийн ажил хийх гэрээ байгуулах 25 хүсэлт иржээ. Үүний 80% орчим нь нүүрсний давхаргын метан хий эрэх хайх хүсэлт ажээ.

Монгол улсын нутаг дэвсгэрийн 72% орчимд ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хязгаарласан. Харин үлдсэн газар нутгаас эхний ээлжинд 15-20%-д нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгэж байгааг Уул уурхайн сайд хөрөнгө оруулагчдад мэдээллээ.

“Дисковер Монгол”-ын нээлтийн үеэр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын Уул уурхайн үндэсний ассоциациийн ерөнхийлөгч Н.Алгаа, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн нар Тунхаг бичигт гарын үсэг зурлаа.


С.Болд