Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Д.Сэржбүдээ: Монголчууд бид технологийн өрмийг хүртэх ёстой ард түмэн

Э.Оджаргал

“...Япончууд их сонин, хашир хүмүүс. Өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа Япон чанар, өндөр баталгаатай гэж хэзээ ч шууд хэлдэггүй. Харин худалдан авсан бүтээгдэхүүнээ хэрэглэгч хэрхэн ашиглаж, сэтгэлд нь бүрэн нийцсэн эсэхийг нягтлан шинжсэний дараа өндөр баталгааг өгдөг. Yokohama гэхээр санаанд Тань юу орж байна?” гэснээр бидний яриа эхэлсэн юм. Технологи болон өндөр чанараар дэлхийд брэнд болсон Япон улсын 100 гаруй жилийн түүхтэй YOKOHAMA RUBBER компанийн бүтээгдэхүүнийг Монгол улсад албан ёсоор борлуулах эрхтэй “ҮТМ Мongolia” ХХК компанийн Үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээтэй ярилцлаа.





Та ямар учир шалтгаанаар машин техниктэй холбоотой бизнес эрхлэх болсон юм бэ?
Хүний хувь тавилан гэж сонин юм шүү. Аав минь жолооч, ээж минь санхүүч. Хоёулаа л насаараа тээврийн байгууллагад ажиллалаа. Би хүүхэд байхаасаа л машинд явж, элдэв техниктэй зууралдаж өссөн. Бага байхад аав минь машин тэргээ янзлахдаа намайг хажуудаа байнга байлгадаг сан. Одоо эргээд л өнөөхтэйгээ зууралдаж байна /инээв/. Бодоод байхад хүүхэд байхаасаа л би инженер технологи талдаа илүү сонирхолтой байж. Ер нь хүн өөрийн сонирхолтой, дуртай зүйлдээ илүү сэтгэл гарган ажилладаг юм шиг.     

Монгол дахь албан ёсны диллер нь болсон Японы YOKOHAMA брэндийг танилцуулахгүй юу?
1917 онд үүсгэн байгуулагдсан YOKOHAMA RUBBER бол Японы хамгийн анхны резинэн дугуйны үйлдвэр юм. 100 гаруй жилийн түүхтэй тус компани асар их туршлага, маш нарийн, өндөр технологитой. Үйл ажиллагаагаараа Япон улсдаа 3 дугаарт, дэлхийд 5 дугаарт орж байна. Жилдээ 65 сая дугуй үйлдвэрлэн олон улсын  зах зээлд гаргадаг бөгөөд дэлхийн 20 гаруй оронд үйлдвэр болон албан ёсны борлуулагчтай. Хамгийн сүүлд манай “ҮТМ Mongolia” компани YOKOHAMA брэндийг Монголын зах зээлд борлуулах зөвшөөрөл авснаар 2013 оны 4 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Монгол дахь үйл ажиллагааны хүрээнд бүх төрлийн суудлын автомашин, автобус, тээвэр, уул уурхайн хүнд машин механизмын дугуй, конвейерын туузан дамжуурга болон бусад резинэн бүтээгдэхүүнийг борлуулж байна.

Хүн ам цөөн, үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй гээд Монголын зах зээл тун онцлог шүү дээ. Бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн судалгааг хэрхэн хийсэн бэ?
Японы YOKOHAMA RUBBER компанийн судалгааны мэргэжилтнүүд 2013 оны 1 дүгээр сард Монголд ирж 3 сарын хугацаанд зах зээлийн судалгаа хийсэн. Монгол улсын хувьд хүн ам цөөн, хөгжилтэй орнуудтай харьцуулбал зах зээлийн багтаамж бага хэдий ч ашигт малтмалаар баян орон бөгөөд уул уурхай нь эдийн засгийн тэргүүлэх салбар болох үүднээс уул уурхайн салбарт хүнд машин механизмын дугуй болон конвейерын туузан дамжуурга нь илүү эрэлт ихтэй, түлхүү зарагдах боломжтой гэсэн дүгнэлт судалгаагаар гарсан.




Уул уурхайн салбар дахь бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хувьд болон өөр томоохон ямар ажлуудыг төлөвлөөд байна вэ?

2013 оны 7 дугаар сараас эхлэн манай “YTM Mongolia” компани Монголын уул уурхайн салбарт YOKOHAMA брэндийн бүтээгдэхүүн сурталчлах борлуулах ажлуудыг эрчимтэй хийж байна. Салбарын үндэсний томоохон компаниуд дээр уулзалт хийж, санал тавьсны хүрээнд МАК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, эхний ээлжинд 12 ширхэг дугуй нийлүүлсэн. Мөн “Энержи ресурс”, “Багануур” зэрэг компанитай хамтран ажиллах чиглэлээр нэлээд ажиллаж байна.

Өнөөдөр дэлхийн дугуйны чиг хандлага технологийн хувьд Bias-аас Radial төрөл рүү шилжиж байгаа. YOKOHAMA RUBBER компани 33.00R51 маркийн Radial дугуйг шинээр үйлдвэрлэн АНУ, Австрали, ОХУ-ын томоохон уурхайнууд дээр туршилт хийгээд эхэлчихсэн. Бид YOKOHAMA RUBBER компанид санал тавьж “Эрдэнэт” үйлдвэртэй ярилцаж тохирсны үндсэн дээр “Эрдэнэт үйлдвэр”-т 6 ширхэг дугуй туршиж үзэхээр болсон.

Сүүлийн үед Монголын  уул уурхайн салбарт туузан дамжуурга ашиглах талаар ихээхэн анхаарч байгаа нь ажиглагдаж байна. Туузан дамжуурга буюу конвейерийн системийг эхэлж тавих зардал нь өндөр боловч дараагийн үе шатанд маш бага зардлаар бүтээгдэхүүнийг тухайн газарт зөөвөрлөж хүргэдэг. Машины тээвэрлэлттэй харьцуулахад зардал багатай, байгаль орчинд хор нөлөөгүй гэдгийг уул уурхай өндөр хөгжсөн орнууд хүлээн зөвшөөрч, дэлхий нийтээрээ энэхүү тээвэрлэлтийн горимд шилжиж байна. Манайд ч гэсэн уул уурхайн томоохон компаниуд өртөг багатай байгаль орчинд ээлтэй туузан дамжуургын тээвэрлэлтийг сонирхож, зарим нь хэрэгжүүлж эхлэх гэж байна. Урт хугацааны олборлолтын явцад уулын нөхцөл хүндэрч, гүн рүүгээ ороод ирэхээр тээвэрлэлтийн зам уртсаж, зардал нэмэгддэг. Энэ нөхцөлд авах ганц арга хэмжээ бол конвейерийн систем юм. 

Энэ чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаас дурдвал МАК-ийн Хөх цавын орд дахь цементийн үйлдвэрийн 13 км конвейерын төслийн туузан дамжуургын ажил байна. Хэрэв энэ төсөл хэрэгжээд хамтын ажиллагаа эхэлбэл манай компанийн хувьд энэ жилийн томоохон ажлуудын нэгд тооцогдоно. Мөн өнгөрсөн жил тус компанийн Нарийнсухайтын нүүрсний ордоос хоёр улсын дундын бүс хүртэлх нүүрсний тээврийг конвейерийн системээр хийх талаар YOKOHAMA үйлдвэрийн мэргэжилтнүүдийг урьж туршлага солилцсон.
       
Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлсэн YOKOHAMA үйлдвэрийн туузан дамжуурга технологийн ямар онцлогтой вэ?
YOKOHAMA үйлдвэрийн туузан дамжуурга нь Канадад туршигдсан, -63 хэмийн хүйтэнд хэвийн үйл ажиллагаа явуулах чадвартай. Ice guard буюу хөлдөлтийн эсрэг гэсэн энэ төрлийн туузан дамжуурганы резинэн гадаргуу дээр ус чийг тогтдоггүй, хөлддөггүй давуу талтай. Монголын нөхцөлд шалгарсан, уул уурхайн салбарт танигдсан бүтээгдэхүүн юм. “Энержи ресурс” компани 2012 оны 12 дугаар сард ид хүйтний үед YOKOHAMA-гийн туузан дамжуургыг суурилуулсан байдаг.  

Бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэх боломж болоод бэрхшээлийг Та хэрхэн харж байна вэ?
Миний хувьд аливаа шинэ бараа бүтээгдэхүүнийг тухайн  зах зээлийн хөрсөнд суулгаж, хэрэглэгчдэд таниулаад маш их бэрхшээл саадтай тулгарах нь ойлгомжтой зүйл гэж боддог.Тэр тусмаа Хятадад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн Монголын зах зээлийн дийлэнх хувийг эзэлж байна. Цаг хугацаа чанарыг харуулдаг. Чанартай бүтээгдэхүүн үнэтэй байдаг нь зах зээлийн хууль. Гэхдээ бид үнийн тал дээр маш их анхаарч ажилладаг. Дугуйтай холбоотой нэг жишээ татъя. Манай улсад өмнөд хөршөөс стандарт хангахгүй, хямд үнэтэй дугуйг их хэмжээгээр уурхай болон автобус тээврийн компаниудад нийлүүлсэн байдаг. Автобусны 1 ширхэг Хятад дугуйны зах зээлийн үнэ ойролцоогоор 650 мянган төгрөг бол YOKOHAMA дугуйны үнэ 850 мянган төгрөг. 200 мянган төгрөгийн зөрүүтэй ч YOKOHAMA дугуй 2,5 дахин илүү насжилттай. Хятад дугуй 50 мянган км явах нормтой байхад YOKOHAMA дугуй 120-150 мянган км-ийн нормтой гэсэн баталгааг үйлдвэрээс өгдөг. Ауюлгүй байдал, чанарын хувьд харьцуулалт тодорхой юм.  

Би энд хуучин дугуйны талаар бодож явдаг зүйлээ хэлэхийг хүсч байна. Монгол улстай хил залгаа болон ойр зэргэлдээ бүх орнууд хуучин дугуйг импортоор оруулж ирэхийг хориглосон байдаг. Гэтэл манайхан үнэ хямд, хээ нь элэгдсэн ч үзэмж нь гайгүй гэдгээрээ хуучин дугуй худалдан авч байна. Хэдийгээр гадна талаасаа гайгүй харагдаж байгаа ч дугуйн доторх утас болон бусад зүйлс нь тасарч гэмтсэн байдаг. Үүнийг мэдэхгүйгээр хямд өртөгтэйг нь бодож авснаас болж хэчнээн хүн осол хийж, амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөөрөө хохирдгийг мэдэхгүй байна. Ашиглалтын хугацаа нь дууссан чанаргүй хуучин дугуйг монголчууд маань битгий хэрэглээч. Хямд үнээр амь нас, аюулгүй байдлаа бүү үнэлээч. Хэдийгээр хямдхан үнэтэй бараа худалдан авч байгаа мэт боловч олон дахин худалдан авсан чанаргүй бараа илүү өндөр зардал гаргадаг. Уул уурхайн дугуй гэдэг асар хүнд даацын тээвэрлэлт, аюулгүй байдал, ашиглалтын насжилт зэрэг өндөр технологийг агуулсан байх ёстой. Ер нь дугуй гэдэг хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой. Тэр ч утгаараа их эмзэг бүтээгдэхүүн юм.

Тэгвэл YOKOHAMA үйлдвэрийн дугуй ямар стандартаар зах зээлд нийлүүлэгддэг вэ?
Бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа тухай уурхай дээр эхлээд заавал судалгаа хийгддэг. Уурхайн зам, цаг уурын нөхцөлийг судалж үзээд тухайн мэдээллийг Япон дахь  YOKOHAMA RUBBER компанийн судалгааны хэлтэс руу явуулдаг. Тэрхүү мэдээлэл дээр үндэслэн Монголын нөхцөлд тохирсон дугуйны мэдээллийг бидэнд илгээснээр  хэрэглэгчдэд санал болгоно. Үйлдвэрийн мэргэжилтнүүд нийлүүлсэн дугуйгаа тодорхой хугацааны дараа эргэн шалгаж, халуун хүйтний хэмжилт, хээ элэгдэлтийг үздэг. Энэ бүх жижиг мэдээлэл нэг бүрийг дахиад үйлдвэр рүү явуулна. Үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлэгч бүх орны мэдээллийн бааз үүссэн байдаг. Тиймдээ ч аливаа нөхцөлд тохируулан бүтээгдэхүүний технологийн шинэчлэлийг хийдэг. Цаашдаа ч манай улсын нөхцөлд тохирсон технологитой дугуй үйлдвэрлэж эхлэх байх гэж бодож байна.              

Дэлхий дээр технологийн хувьд шалгарсан  уул уурхайн дугуй нийлүүлдэг хэдхэн том  үйлдвэр байдаг. Эдгээрийн нэг нь  YOKOHAMA RUBBER компанийн үйлдвэр юм.  Уг үйлдвэр байнгын захиалга, нийлүүлэлтээ гүйцдэггүй. Тиймээс YOKOHAMA RUBBER компанийн хувьд  агуулахад дугуй хурааж хадгална гэсэн ойлголт байдаггүй. Манай захиалга бусад орнуудаас ирсэн захиалгын дагуу үйлдвэрлэгдэн Монголын хэрэглэгчдэд шууд хүрдэг.   

Захиалсан барааг үйлдвэрээс нь Монгол руу авчрахад хэр хугацаа шаардагддаг вэ?
Захиалга авсан өдрөөс хойш үйлдвэрлэгдээд  ирэх хугацаа ойролцоогоор 2 сар буюу  60 хоног байдаг.

ҮТМ компани нь YOKOHAMA бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна өөр ямар чиглэлийн үйл ажиллагааг Монголд явуулж байна вэ?   
Уул уурхайн хүнд машин, механизмын засвар үйлчилгээний тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Уул уурхайн нэг онцлог нь олборлолт хийж, байнгын тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс үүдээд засвар үйлчилгээ ч тасралтгүй хийгддэг. Сүүлийн 7-8 сарын турш хийсэн судалгаанаас үзэхэд манай улсад засвар үйлчилгээний цогц төв байхгүй байна. “ҮТМ Mongolia” компани хүнд машин, механизмын засвар үйлчилгээ хийдэг Японы 1946 онд үүсгэн байгуулагдсан “Марума” компанитай хамтын ажиллагаа эхлүүлээд байгаа. Тус компани хүнд механизмын түргэн элэгддэг эд анги, моторын агрегат засварлахаас гадна тэрхүү засварын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж, гадаад зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг.

Монгол улсад Эрдэнэт, Оюутолгой, удахгүй Цагаансуварга гээд  уул уурхайн том баяжуулах үйлдвэрүүд шил шилээ даган гарч ирж байна. Ийм үйлдвэрүүдийг тасралтгүй ажиллагаатай байлгадаг зүйл нь цахилгаан мотор. Тэгэхээр цахилгаан моторын засвар үйлчилгээ шаардлагатай болно. Манай уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй компаниуд тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээгээ хэрхэн хийдэг талаар Японы мэргэжилтнүүд газар дээр нь очиж танилцсан судалгааны үндсэн дээр бид ”SanwaDenki”, “Киско” компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлээд байна.  Уул уурхайн олборлолттой зэрэгцэн байнгын засвар үйлчилгээ хийгдэх болдог. Тэр бүрт засвар үйлчилгээгээ гадаадын компаниар хийлгэж, сэлбэг хэрэгслээ хилийн чанадаас авах болдог. Өөрөөр хэлбэл, олборлолт явуулж байгаа үндэсний компаниуд маань орлогынхоо тодорхой хувийг буцаагаад гаргадаг. Гэтэл өнөөдөр Монгол улсад валют гэдэг зүйл маш чухал байна. Гадагш гаргаж байгаа тэрхүү валютын урсгалыг тодорхой хэмжээгээр тогтоох  гэсэн алсын бодол, төлөвлөгөө манай компанийн үндсэн зорилго юм.

Энэ зорилтоо бодитоор хэрэгжүүлэхээр “JESCOM-Japan Engineering Service Corporation of Mongolia” хэмээх төслийг  боловсруулж байна. Япон инженерүүдийн чанар, стандарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Тэрхүү стандарт, чанарыг Монголынхоо хөрсөнд суулгах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийг Япон улсад бэлтгэх, тус улсын зөвлөх инженерүүдийг Монголд авчрах асуудлууд ч төсөлд тусгагдсан. Төсөл хэрэгжээд эхэлбэл маш их үр бүтээлтэй ажил болж, цаашлаад хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон гүүр болох болов уу. JESCOM төсөл Монгол улсын ирээдүйн хөгжилд гэрэл гэгээ авчирсан хүчирхэг ажил болно.

Эцэст нь хэлэхэд монголчууд бид цөөхүүлээ ч технологийн өрмийг хүртэх ёстой ард түмэн  гэж боддог.

Ярилцсанд баярлалаа.