Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Journal Awards 2013

Уурхайн НОГООН БүТЭЭН БАЙГУУЛАЛТ

Шилдэг эко уурхайг шалгаруулахын өмнө

Б.Төгсбилэгт


Энэ жил “Mining Journal Awards” шалгаруулалтын хамгийн өрсөлдөөнтэй нь “Шилдэг эко уурхай” номинаци байлаа. Нийт зургаан өрсөлдөгч шалгаруулалтад оролцсоны дунд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Монполимет”, МNO, “Оюутолгой”, “Шивээ-Овоо”, “Энержи Ресурс” зэрэг компани байв. Жилээс жилд энэ номинацийн цар хүрээ өргөжин тэлж буй бөгөөд энэ жилийн хамгийн олон компани оролцсон шалгаруулалт нь байлаа. Одоо танд Mining Journal Awards 2013 шалгаруулалтын шүүгчдийн дүгнэлт Шилдэг эко уурхайд хэрхэн гарсныг хүргэе.

Н.Алгаа: Бид  эко уурхайг дан ганц шилдэг нөхөн сэргээгч бус үүнээс арай илүү том хүрээнд урт хугацаанд нь харж шалгаруулж буй. Шалгуур үзүүлэлт маань чанарын удирдлага, байгаль орчны удирдлагын тогтолцоо буюу ISO 14000, ISO 9000 болон нэвтрүүлсэн байх зэргийг хамарсан байгаа. Уг шалгуур үзүүлэлтүүдийг шүүгч Д.Энхбат, Н.Батбаяр нар бэлтгэн боловсруулсан.
Б.Пүрэвтогтох: Эдгээр үзүүлэлтээр бол шалгарах хоёр л компани байгаа гэж бодож байна. “Монполимет”, “Оюутолгой” хоёр. Таван үзүүлэлт байгаа шүү дээ.

Д.Ачит-Эрдэнэ: Оюутолгойн ирүүлсэн материалыг үзэж байхад Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк болон бусад хэд хэдэн банкаас зээл авч байгаа нь харагдсан. Тэдгээр банк байгаль хамгааллын хувьд хамгийн өндөр шалгууртай. Энэ компани тэдгээр шалгуурыг давсан учир би байгаль орчны талаар зөв үйл ажиллагаа явуулж байгаа юм байна гэж бодож байгаа. Ийм үндэслэлээр эдгээрийн дундаас хамгийн сайн эко уурхайг “Оюутолгой” гэж бодож байна.
Н.Алгаа: “Оюутолгой”-н үйл ажиллагааг хүлээн авах байнгын комисст би очиж ажилласан юм. Тэгээд төслийг бэлтгэх явцад байгаль орчны чиглэлээр гарсан нөлөөллийг шалгасан. Одоо уурхайн хаягдлын санг тойруулаад олон   мониторингийн цэг байгуулан, хөрс, усны өөрчлөлт зэргийг тогтмол судлаад эхэлчихсэн. Ерөөсөө л тэдгээр олон улсын банкны тавьдаг хэмжээний судалгааны ажлуудыг хийж байгаа. “Оюутолгой” хэдийгээр ажиллаад нэг жил болж байгаа ч хайгуулаас эдүгээ хүртэлх бүх ажилд эхлэлээ зөв тавьсан.
Д.Ачит-Эрдэнэ: Тэндхийн амьтдыг тооллого хийж бүртгэсэн байгаа юм. Хулангийн тоо толгой гэх мэтчилэн. Нийт 30 мянган км газар нислэг үйлдэж, онгоцоор дижитал зураг авч, мөн зарим амьтдад  дохиолол зүүжээ.
Г.Шархүү: Оюутолгойн байгаль хамгааллын хэлтэст нь 40 гаруй хүн ажилладгийн дээр бас гэрээт хүмүүс нэмж ажиллуулах зэргээр байгаль хамгаалалдаа их сайн анхаарч ажилладаг нь харагдсан.
Б.Пүрэвтогтох: Байгаль орчин хамгаалахын зэрэгцээ түүх дурсгалтай холбоотой бүх зүйлд маш их хөрөнгө зардаг. Тийм учраас би “Оюутолгой”-г дэмжиж байна.
Д.Дондов: Нэлээд том компани байгаль орчныг хамгаалах тал дээр нэлээд анхаарал тавьдаг нь анзаарагдсан. Олон газар ажиллаад сурсан учир орон нутгийн иргэдийн хүсэл санаанд тохирсон ажилд ихийг санаачилж хийдэг юм билээ.
Монголд хэрэгтэй ажил хийж байгааг нь үнэлэх хэрэгтэй гэж бодож байна. Худаг ус гаргах, археологийн холбогдолтой газруудыг бүртгэдэг. УИХ-ын журмаар аудитын үзлэгт оролцож байхад тэднийх энэ талаар тусгай бүтэц ажиллуулдаг нь харагдсан.
Г.Шархүү: Баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн хувьд хэлэх зүйл байна. Манай Эрдэнэт үйлдвэр чинь цагаан тоос гаргахгүй байх Засгийн газрын хөтөлбөртэй. Эднийх бол эхнээсээ цагаан тоосыг гаргахгүйгээр хаягдлын аж ахуйгаа бүрдүүлж байна.
Н.Алгаа: Тийм зүйл гарах, гарахгүйг нь  яг таг хэн ч хэлж чадахгүй ч Эрдэнэт үйлдвэртэй харьцуулахад хаягдлаа тарааж хийгээд, байнга норгож байх зарчим бүхий техникийн боломжтой хийсэн байгаа юм. Түүнийг тойруулан маш олон худаг байгуулан хөрс, усны шинжилгээ хийж байгаа. Бас нэлээд зайдуу газар тоосны хэмжилт хийдэг. Анхнаасаа асуудлыг зөв хийгээд, сайн эхлэл тавьж, тэргүүн туршлага хэрэгжүүлж яваа. Хэдийгээр нэг жил болсон ч би эдгээр уурхай дотроос өндөр оноо авахуйц гэж бодож байна.
Б.Пүрэвтогтох: Ер нь саналуудыг дэмжиж байна. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл хэр зэрэг зөв эхэлж байна вэ гэдэг маш чухал. “Оюутолгой”-н ирүүлсэн материал дотор авах зүйл  маш их. Ан амьтан, ургамлаас авахуулаад судалсан зүйл их бий. Мэргэжлийн өндөр түвшинд ажлаа хийж, их хөрөнгө зарцуулжээ. Байгаль орчинтой холбоотойгоор иргэдийн дунд нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль орчны хяналт шинжилгээний   болон ус ашиглалтын талаар маш олон хөтөлбөр явуулж үр дүнд хүрчээ. Түрүүчийн явуулсан уулын ажлуудын эдэлбэр газрууд дээр нөхөн сэргээлтийн ажлуудыг хийжээ. Түүнээс гадна биологийн нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай туршилтын ажлуудыг бас хийсэн байна. Энэ бол өөрөө их том эхлэл, цаана нь тийм төлөвлөгөө байна гэсэн үг.
Д.Галсандорж: Оюутолгойн уурхайг үзээгүй ч очиж үзсэн улсуудтай нь олонтаа ярилцаж байсан. Захын агуулга овоолгоо яаж хаяж байгааг үзэж хараагүй байгаа. Хоёрдугаарт тэр метал авалтын үзүүлэлтүүдийг бас хэлж болно. Манай баяжуулагчдын холбооны гишүүн тоосонцорын тухайд сая сайшаан хэллээ. Би   Чилийн Эскондида болон “Рио Тинто”, BHP-гийн эзэмшилд байдаг уурхайг үзсэн. Тэд байгаль орчны чиглэлд маш их хөрөнгө гаргадаг юм билээ. Манай шүүгчдийн хэлж байгаачлан эхлэл нь их сайхан. Цаашдаа олон улсын стандартаараа явах болов уу. Гэхдээ үндэсний компани “Монполимет” “Алт” хөтөлбөр анх хэрэгжихэд л ажиллаж байсан. “Монполимет” олборлолтынхоо хэмжээгээр улсад эхний аравт багтдаг. Сүүлд хийсэн ажлууд нь үндэсний компани гэхэд их зүйл бүтээсэн байгаа юм. Нөхөн сэргээлт хийсэн талбай гэхэд биологийн нөхөн сэргээлт 410 га-д хийжээ. Үүнд ихээхэн хөрөнгийг буюу нэгээс хоёр тэрбум төгрөг гаргажээ. Ноднин жил “Монголросцветмет”-ийн “Шижир Алт” орж байсан шүү дээ. 2004 онд П.Очирбат ерөнхийлөгчийн зарласан “Алт” хөтөлбөр албан ёсоор хаагдсан үеэс хойш хоёрдугаар үе урсгалаараа үргэлжилж яваад одоо “Урт нэртэй” хуультай уялдаад алтны гуравдугаар аян үргэлжлэх гэж байгаа. Яг энэ зааг дээр энэ үндэсний компани их юм хийчихсэнийг нь харгалзан үзэж “Монполимет”-ийг илүү дэмжиж байна. Мөнгөн дүнгээрээ, ерөнхий хэмжээгээрээ бол “Оюутолгой” том компани их ч юм хийсэн байна лээ.

Г.Шархүү: Би бас “Монполимет” “Оюутолгой” хоёрт яг ижил тэнцүү оноо тавьсан. Энэ хоёр компани хоёулаа сайн. Гэхдээ яг уурхай байх стандартаар бол “Оюутолгой” илүү биелүүлсэн юм. Уурхайд мөрдөгдөх Монголын болон олон улсын стандартуудыг яг тэр хэвээр нь, журмаар нь хэрэгжүүлсэн компани бол “Оюутолгой”.
Н.Алгаа: Бид Байгаль орчны яамны  Д.Энхбат даргын гаргасан шалгуур үзүүлэлтээсээ нэг их хазаймааргүй байгаа юм. Тэргүүний нөхөн сэргээлт гэвэл “Монполимет”, “Багануур”, “Бороо гоулд, МАК, “Алтан Дорнод”-ынх гээд бий. Би “Алтан Дорнод”-ын нөхөн сэргээлтийн ажлыг очиж үзсэн. Бага Хайлаастын амыг бүр амнаас нь эхлүүлээд орой хүртэл нь нөхөн сэргээсэн байгаа юм. Тэгэхээр шилдэг нөхөн сэргээлт гэдэг бол ондоо асуудал. Эко уурхай гэдэг бол урт хугацааны тогтвортой эко тэнцвэрийн асуудал байна. Тийм учраас “Оюутолгой”-д санал өглөө.  


Уурхайнуудын ногоон бүтээн байгуулалтыг дурдахын өмнө

Энэ жилийн шалгаруулалтын “Шилдэг эко уурхай” номинацид “Оюутолгой” тэргүүлж, “Монполимет”, Энержи ресурс, “Уул уурхайн үндэсний олборлогч” хүчтэй өрсөлдөж, “Шивээ-Овоо”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” араас нь орсон ч эдгээр байгууллага бүгд адилхан  өндөр  хүчин зүтгэл гаргасан “хамт олон” юм. Тэд үнэхээр бусдыгаа энэ чиглэлд гаргасан ногоон гавьяа зүтгэл-бүтээн байгуулалтаараа түүчээлэн дагуулж явна.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн хайгуул, олборлолт гэхээсээ илүү нөхөн сэргээлтийн үлгэр жишээ туршлагатайгаа мэдрэх нь компаниудын хувьд илүү чухал зорилт байх болжээ. Ингэхдээ компаниуд өнгөцхөнөөр хийж хэлбэр хөөх бус, үнэхээр мөн чанарынх нь түвшинд хийж гүйцэтгэж буй нь онцлууштай амжилт болохыг энд дурдъя. Эдгээрийн нэгэн тод илрэл нь Mining Journal Awards шалгаруулалтын “Шилдэг Эко уурхай” номинацид өөрсдийн хүчин зүтгэлээ танилцуулахаар оролцож буй компаниудын зүтгэл-сэтгэлээр өрнөж буй “ногоон” ажлууд юм.

Нөхөн сэргээлтийн ажил гэдэг олборлолтоос хавьгүй ондоо бөгөөд нэлээд эмзэг,  сэтгэл-тэвчээр шаарддаг хариуцлагатай ажил. Энэ ажлыг компаниуд өнөөдөр өөрсдийн хариуцлагыг ухамсарлаж, нутаг орныхоо байгалийн сайн сайхны төлөө чин сэтгэлтэйгээр хийдэг болсон нь жил ирэх бүр ажиглагдаж байна.

Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтэд салбарын компаниуд шинэ хандлагаар ажиллаж байна. Тэд тогтвортой, чанартай, найдвартай нөхөн сэргээлтийн ажиллагааг эрэлхийлэн олон улсын стандартуудыг үйл ажиллагааныхаа бүхий л хүрээнд нэвтрүүлжээ. Зарим нь нэвтрүүлэх шатандаа явж байна. Уурхай эрхэлдэг компаниуд байгаль орчны бие даасан хэлтэс ажиллуулахын зэрэгцээ энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний бусад байгууллага, эрдэмтэдтэй нягт хамтран ажилладаг болсон нь өнөөдөр дадал болон төлөвшжээ. Энэ нь салбарын цаашдын ирээдүйг илүү баталгаажуулж байна.

Уул уурхай байгалийг ухаж, малтаад хаядаг мэтээр харагдах бус харин байгалийг нөхөн сэргээж чаддаг тийм салбар болох замдаа ороод эрчээ аван хурдалсаар.
Үүнээс гадна компаниуд зөвхөн нөхөн сэргээлтийн ажилд анхаараад зогсохгүй ус бага ашиглах, хаягдал бага ялгаруулах тэргүүний технологиудыг нэвтрүүлж буй нь бусдыгаа зөв чиглэлд уриалан дуудаж байна.
Уурхай нөхөн сэргээлтээр жаргалтай төгсдөг тийм салбар. Хэрэв ногоон ажлын гүйцэтгэл сайн бол шүү дээ. Харин энэ өрнөл хэр зэрэг сайн байгааг уншигч та доорх компаниудын нөхөн сэргээлтийн ажлын товчооноос мэдэж болно.

MNO геотехникийн судалгаанд ихээхэн анхаарчээ




“Уул уурхайн үндэсний олборлогч” буюу MNO нь Төв аймгийн Заамар сумын нутагт Салтгарын аманд алтны шороон ордын “Баянгол”, мөн “Багахайлааст”-ын төсөлд нөхөн сэргээлтийн ажил өрнүүлжээ. Тус компани энэ жилдээ багтан Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001, Байгаль орчны удирдлагын менежмент ISO 14001 стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна тус компани “Мера”, “Хишиг Арвин Индустриал” компанитай хамтран “Эрдэнэс Тавантолгой” компанийн Баруун Цанхийн уурхай дээр менежментийн багийг удирдаж, олборлолтын ажил гүйцэтгэж байна. MNO нь Монголд мөрдөгддөг MNS 5915:2008, MNS 5916:2008, MNS 5917:2008, MNS 5917:2008 зэрэг стандартыг мөрдөж ажиллахын зэрэгцээ өнгөрсөн 2013 оны есдүгээр сарын 13, 14-нд өөрсдийн нөхөн сэргээлт хийсэн “Багахайлааст”-ынхаа дэргэд “Уурхайн хаалт ба байгаль орчны нөхөн сэргээлт” онол, практикийн VIII бага хурлыг зохион байгуулсан юм. Тус компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг “Мон газар экологи” компани боловсруулсан бөгөөд MNO энэ дагуу байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх ажлаа зохион байгуулж байна.
Тус компани археологийн дурсгалт эд өлгийн зүйлсийг хамгаалах үүднээс уурхайн олборлолтод өртөхөөр байгаа талбайн орчин дахь хиргэсүүрүүдэд малталт хийлгэжээ. Түүнчлэн IMC ХХК-тай хамтран уурхайн блокуудад геотехникийн судалгаа хийсэн байна. Уг судалгааг хийснээр уурхайн карьерт хананы нуралт үүсэх, уулын бүтээлд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэхийн сацуу хөрсний олон талын мэдээлэл цуглуулжээ.

Ургамал, амьтны мониторингийг хийж гүйцэтгэхээс гадна усны мониторингийг ундны усны нөөцлүүр сав, гүний худаг, кэмпийн септик, нуурын ус, засварын газрын хөрс зэргээс дээж авч Гео-Экологийн хүрээлэн, Газарзүй Геологийн хүрээлэнгийн Хөрс судлалын тэнхимд шинжлүүлэн ажиллаж байна.

“Баянгол” төслийн уурхайн нээлтийн шимт хөрс хуулалт болон зам талбайгаас гарсан шимт хөрсийг удаан овоолго үүсгэн хэлбэршүүлж, овоолго тус бүрийг дугаарлан, тус бүр дээр нэг наст, олон наст ургамал тарьж ургуулан бэхжүүлэн хамгаалжээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 234 мянга гаруй метр куб хөрсийг овоолго үүсгэн хэлбэржүүлжээ. Үүнийг тогтмол услан хамгаалж буй ажээ.
2010-2013 оны хооронд Багахайлааст төслийн талбайд 61.6 га-д техникийн, 71.76 га-д биологийн нөхөн сэргээлт хийжээ.
Өнгөрсөн онд “Баянгол” төслийн талбайд техникийн нөхөн сэргээлт 34.4 га, биологийн нөхөн сэргээлт 15.9 га-д амжилттай хийж гүйцэтгэжээ.

Тус компани нь машин механизм, техникийн эвдрэлээс үүдэн хөрсөнд учруулсан бохирдлыг нэн даруй цэвэрлэж, саармагжуулдаг байна.
Дотоод овоолгын тухайд хөрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хөнгөвчлөх үүднээс тээвэрлэлтийн зайг богиносгосон нь  тоосжилтыг ихээхэн багасгаж байна. Мөн энэ нь уурхайн хана нурахаас сэргийлэх, шүүрлийн усыг байгальд нь шингээж, хөрсний усыг тэжээх, түлш зарцуулалтыг хэмнэх, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг сайн талтайг тус компани онцолжээ.
Хэрэглээний усны 30 хувийг гүний уснаас, үлдсэнийг хаягдал усаа дахин тунгааж ашиглах системээр ажиллаж шийддэг байна. Хөрснөөс шүүрсэн усыг байгальд буцааж шингээж байна.

Ажилчдын кэмпийн ахуйн хэрэглээнээс гарсан хаягдал бохир усыг “Баянгол” төсөл дээр “Атмор”, Баруун Цанхи төсөл дээр “Геомандал”-аар хийлгэсэн ус шүүлтүүрээр цэвэршүүлдэг.
Тус компани хөрс хуулалт, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажилд Катерпилларын CAT-390, CAT-773E, D-8, D-9 маркийн бульдозер, GR215 грейдерийг ашигладаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус компани эдгээр хоёр төсөлд нийтдээ 96 га-д техникийн, 87.66 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн амжилт гаргажээ.


“ДАРХАНЫ ТªМªРЛªГИЙН ¯ЙЛДВЭР”     ISO 9001 багц стандартыг  чанд мөрдөж байна

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн дэргэдэх “Төмөртолгой” төмрийн хүдрийн ил уурхай нь өнгөрсөн 2009 оны наймдугаар сарын 17-ноос олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. ТЭЗҮ-ийн дагуу нийт 17 жил ашиглах бөгөөд жилдээ нэг сая тонн төмрийн хүдэр олборлохоор тусгагджээ. Одоогийн байдлаар нийтдээ 3.79 сая тонн төмрийн хүдэр олборлоод байна. Тус компани уурхайн үйл ажиллагаанд ISO 9001 багц стандарт болон Монголын холбогдох стандартуудыг мөрдөн ажиллаж байна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг боловсруулах явцад нэмэлт судалгаанууд хийсэн бөгөөд үүнд хатуу хог хаягдал,  ус, агаар, газар, өнгөн хөрсний менежмент зэргийг оруулсан болно.

ТЭЗҮ-д заасны дагуу шимт хөрсийг стандартын дагуу овоолго үүсгэн долоон шимт хөрсний овоолгыг үүсгэсэн. Тус овоолгуудад нийт 100 мянган метр куб шимт хөрс буулгажээ.
Хөрсний нэг хоёрдугаар овоолгуудад нийт 12.3 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг 2011 онд хийж, 2012 онд нь тухайн газарт олон наст ургамлаар биологийн нөхөн сэргээлт хийжээ. Хөрсний нэг, хоёрдугаар овоолгуудад нийт 3.8 сая метр куб хөрс овоолон 153 мянган метр куб шимт хөрс дэвссэн ажээ.
Тус компани өөрийн нөөц боломжоор уурхай, үйлдвэрийг холбосон 28 км шороон зам барьж байгуулсан бөгөөд тоосжилтыг багасгах үүднээс замыг үргэлж  усалж, чийгшүүлдэг байна. ТЭЗҮ, БОНБНҮ-д заасны дагуу өнгөрсөн 2013 онд 1000 ширхэг улиас тарьсан бөгөөд энэ онд 2000 мод нэмж тарихаар төлөвлөөд байна.


“ШИВЭЭ-ОВОО” ХК уурхайг ч, сумын төвийг ч “алагчлалгүй” ногооруулж байна

Тавдугаар цахилгаан станц болон ордыг түшиглэн босох шинэ станцын ажилтай холбоотойгоор цаашдаа энэхүү уурхайн хүчин чадлыг 2-8.5 сая тонн болгож нэмэгдүүлэх шинэ ТЭЗҮ-ийг “Эрдэнэс МГЛ” компани хариуцан хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Шинээр хийгдэх суурь судалгааны ажилд гүний усыг шавхсанаар орон нутгийн булаг шанд, газрын гүний усны тогтоцод нөлөөлөх байдлыг судлах ажил багтаж буйг тус компани тэмдэглэжээ.

Өнгөн хөрсний 0.2 м хэсгийг хуулж, тухайн жилийн биологийн нөхөн сэргээлт болон байгууллагын гадаад талбайн тохижилтод ашиглаж байна. Өнгөн хөрсний зузаан бага учир хадгалахуйц хэмжээнд одоогоор хүрээгүй байгаа ажээ. Өнгөрсөн 2013 онд гадаад овоолгын баруун хэсэгт 7 га талбайд 12.4 сая төгрөгийн зардлаар биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.  2003 оноос нөхөн сэргээлтийн ажил өрнөж эхэлсэн бөгөөд нийт 22 га талбайг 85 сая төгрөг зарцуулан нөхөн сэргээжээ. Бусад ногоон байгууламжид зориулж 2500 ширхэг мод суулган, сумын төвд хуучин цэргийн ангийн барилгын туурийг цэвэрлэн 5 га газрыг зүлэгжүүлжээ. 2011 онд 200 тн нүүрс хатаах хүчин чадалтай үйлдвэр, цагт 400 тонн нүүрс тээвэрлэх хүчин чадал бүхий конвейерийн тээврийн систем нэвтрүүлсэн ба энэ нь тээврийн хэрэгслийн нүүрс тээвэрлэхэд гардаг тоосжилтыг 60 хувиар бууруулжээ.

Нүүрс олборлоход уурхайн усыг шавхах хэрэгтэй болдог. Үүнийг 145 га талбайг хамарсан, 15 метрийн гүнтэй усан сан байгуулан хуримтлуулдаг. Үүнийг тойрсон газруудыг нутгийн иргэд эзэмшин ногоо тарьж буй юм. Энэхүү усны 7 хувийг зам, ногоон байгууламжийг усжуулахад ашиглаж байна.   

“МОНПОЛИМЕТ” нөхөн сэргээлтээр үлгэрлэв




“Монполимет” групп нь Заамар дахь Тосонгийн уурхайдаа нөхөн сэргээлтийн бүхий л ажлыг Монгол улс болон олон улсад мөрдөгдөж ирсэн стандартуудын дагуу хийж ирсэн. Тодруулбал “Монполимет” групп нөхөн сэргээлтийн ажилдаа байгаль орчны ISO 14000 болон ISO 14001 стандартаас гадна Монголд мөрдөгдөж буй бусад стандартыг мөрдөн ажилладаг юм.  Тэд нөхөн сэргээсэн газраа дараа нь бэлчээрийн хэсэг болгох зорилготой ажээ. Тийм ч учраас тус компани нөхөн сэргээлтийн ажилдаа чулуулаг, хөрсний бүтэц, геохимийн тогтвортой байдлыг хангахад ихээхэн анхаарч ирсэн байна. Энэхүү уурхайн нөхөн сэргээлтийг тус компани Монголд жишиг, үлгэр дууриал болохуйц хийхийг зорьжээ. Үнэхээр ч тэр зорилгодоо хүрч чаджээ.

“Монполимет” компанийн хувьд шимт хөрсний хадгалалт хамгаалалт нэн чухал байдаг бөгөөд салхинд хийсэх, усаар угаагдах зэргээс хамгаалж, овоолгыг 5-10 метрээс ихгүй хийдэг.  Хөрсөө 1-2 жил хадгалдаг нь үржил шимт чанарыг нь алдагдуулахгүй байх нөхцөл болдог байна. Энэ бүх ажлыг тус компани MNS 5916:2008 стандартын дагуу хийдэг.

Тус компани нийтдээ 648.2 га талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 659.9 га талбайд техникийн нөхөн сэргээлт, биологийн нөхөн сэргээлтийг 410 га газарт хийгээд байна. Үүнд нийт 61.6 мянган ширхэг мод (бургас-10740 ш, улиас-27260 ш, саваа мод-16860 ш, хайлаас-6130 ш, чацаргана-415 ш, үхрийн нүд-500 ш), 68 тонн олон настын үр тариалжээ. Өнгөрсөн 2013 онд нийтдээ 23 га талбайд олборлолт явуулсан бөгөөд 49.2 га-д техникийн, 49.6 га-д биологийн нөхөн сэргээлт хийсний 9 га-д ойжуулалт хийж, үлдсэн хэсэгт олон настын үр цацжээ. Үүнд өнгөрсөн онд нийт 4000 ш мод, 10 тонн олон настын үр хэрэглэжээ.
“Монполимет” нөхөн сэргээлтийн ажилд Катерпилларын CAT-D9R бульдозер, ОХУ-ын биг, борной, бул зэрэг агрегат бүхий МТЗ-82 трактор ашигладаг байна.

Судалгаагаар “энэ айлын” олборлолт явуулж нөхөн сэргээсэн талбайд 23 овог, 47 төрөлд хамаарах 59 зүйлийн ургамал бүртгэгдсэн. Тэр дундаа эмийн болон ашигт ургамал 22 зүйл байгаа юм.
Тарьсан моднуудаа тус компани бороожуулагчаас гадна БНСУ-ын дуслын усалгааны технологийг нэвтрүүлэн усалж буй нь ихээхэн үр дүнгээ өгч буй ажээ. Хаврын улиралд тус компани тарьсан моднуудынхаа тогоонд мөс хийх аргачлалаар усалдаг нь илүү тустай байдгийг онцолжээ.


“ЭНЕРЖИ РЕСУРС”  ус дахин ашиглалтыг 68 хувьд хүргэлээ

Ухаахудагийн нүүрсний уурхайн нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөгөөг Олон улсын уул уурхай, металын зөвлөлийн ICMM:Toolkit арга механизмын шаардлагын дагуу Уул уурхайн хүрээлэн болон Sustainability компани хамтран боловсруулж байна. Энэхүү механизм нь орон нутгийн иргэдэд эерэг сэтгэгдэл үлдээхүйцээр байгаль хамгааллыг төлөвлөхөд чиглэгддэг бөгөөд эрүүл ахуй, аюулгүй байдал, нийгэм, байгаль орчин, хууль эрх зүй, засаглал, хүний нөөцийн асуудлыг хэрхэн хэрэгжүүлэхийг цогцоор хамруулдаг байна.

Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг “цогцлоох” үйл ажиллагааны хүрээн дэх багц баримт бичгүүдийг англи, монгол хэл дээр боловсруулж, өнгөрсөн оны зургадугаар сарын 17-нд “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирлын тушаалаар батлуулжээ.
Үүнд: БОХАБЭА-н бодлого, ХАБЭА-н Алтан дүрэм, БОХАБЭА-н стандарт, гарын авлага, ISO 14001: 2004/ OHSAS 18001: 2007 стандартын шаардлагын дагуух 18 стандарт журам, БОХАБЭА-н 67 үйл ажиллагааны журам багтаж байна.

Өнгөрсөн 2013 оны наймдугаар сарын 14-нд аймгийн Байгаль орчны газартай “Энержи Ресурс” компани энэ чиглэлд хамтран ажиллах эхлэлээ тавьжээ. Ингэснээр МУИС-ийн Биологи, Биотехнологийн судлаачдын багтай хамтран хөрс болон ургамлын орчны хяналт шинжилгээний суурь судалгааг хийх болсон байна. Үр дүнд нь судалгааны ажилд мэдэгдэхүйц ахиц гарч, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах тухай удирдамжийг  өгөхүйц хяналт шинжилгээний хөтөлбөрийн тайланг боловсруулж чаджээ.
“Энержи Ресурс” нь төслийн үйл ажиллагаа явагдаж буй нийт нутаг буюу Цогтцэций, Ханхонгор, Ханбогд болон Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 244 цэгт тодорхой давтамжтайгаар ус, агаар, хөрс, ургамал болон амьтны чиглэлээр мониторингийн ажил хийж гүйцэтгэж байна.

Хөрс хуулалтын ажлыг   MNS 5916:2008 стандар­тын дагуу уурхайн хөрс хуулалт, хадгалалт, нөхөн сэргээлтийн ажилд зориулан таван метрээс илүүгүй зузаантайгаар дээр дээрээс нь давхарлалгүйгээр тус тусад нь овоолон хадгалж, нийтдээ 2.4 га-д үржил шимт хөрсний ургамалжуулалтын ажил хийжээ.
Тус компани уурхайн нөхөн сэргээлтийн хаалтын төлөвлөгөөний хүрээнд 4.1 га-д техникийн, 3 га-д биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийгээд байна.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг (ХУҮ) барьж байгуулснаар ус дахин ашиглалтад мэдэгдэхүйц дэвшил гарчээ. Өмнө нь нүүрс баяжуулах үйлдвэрийн угаагдсан нүүрсний хуурай хаягдлыг усаар 5 км тээвэрлэж, хаягдлын усан санд хуримтлуулан хуурай хаягдлыг тунгааж, тунасан усыг үйлдвэрт буцаан ашигладаг байсан. Харин ХУҮ-ийг ашиглалтад оруулснаар ус дахин ашиглалт хоёр дахин нэмэгдэж 68 хувь хүртэл нэмэгдэхийн зэрэгцээ хаягдлыг богино хугацаанд усгүйжүүлэх боломжтой болжээ. Уг үйлдвэр нь өдөрт 16.5 мянган куб метр холимог хүлээн авч, 11.5 мянган куб метр ус, 4.95 мянган куб метр хуурай хаягдал болгон шүүх хүчин чадалтай ажээ. Энэ үйлдвэр Австри улсын “Андриц” компанийн сүүлийн үеийн технологи-туузан шахуургаар хаягдлыг “базаж” усгүйжүүлж, усыг үйлдвэрт дахин ашиглаж байна. Усыг ууршилт, шингэлт зэрэг алдагдалгүй, битүү системээр эргүүлэн ашиглах боломжтой болсон нь ихээхэн дэвшил юм. Түүнчлэн хуурай хаягдлыг дахин боловсруулан коксыг ялгаж, шахмал түлш үйлдвэрлэх ажлыг идэвхтэй судалж буй ажээ.

Дөлгөөхөн мэт боловч говийн бүсэд салхи шуурга ихтэй, бороо хур багатай байдаг. Ийм нөхцөлд “Энержи Ресурс” “ногоон” бүтээн байгуулалт хийж буй нь сайшаалтай. Хамгийн чухал нь говь нутгийн иргэдэд ус илүү үнэ цэнтэй. Харин тус компани говийнхны сэтгэлд яг   нийцсэн ажил хийж  тэдэнд болон салбарын хөгжилд бэлэг барьж байна.

Олон улсын стандартыг нэвт шингээсэн эко уурхайг “ОЮУТОЛГОЙ” эхлүүлжээ

2011 оны долдугаар сараас   ил уурхайн хөрс хуулалтын ажил эхэлсэн бөгөөд өнгөрсөн 2013 оны долдугаар сард баяжмалын экспорт эхэлсэн энэхүү уурхайн нөхөн сэргээлтийн ажлын суурь судалгаа болох БОНБНҮ-г 2002 оны гуравдугаар сараас   үе шаттайгаар хийж боловсруулж иржээ. “Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг томоохон банк, санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар босгохоор төлөвлөж буй юм. Эдгээр байгууллагад Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банк, Канадын экспортын хөгжлийн сан болон бусад байгууллага багтаж байна.
Олон улсын эдгээр байгууллага нь харилцагч нарыг байгаль орчны хамгаалал болон нийгэмд өндөр хариуцлагатайгаар тухайн төслийг хэрэгжүүлэхийг шаарддаг стандартуудыг боловсруулсан байдаг. ОУСК ба ЕСБХБ-ны стандартын шаардлагыг бүрэн хэрэгжүүлсний зэрэгцээ “Рио Тинто” группын дотоод стандарт, Монголын холбогдох хуулийн заалтыг мөрдөн 2012 оны долдугаар сард БОНБНҮ-г боловсруулжээ.

Тус компани 2010 оноос  ISO 14001 стандартын шаардлагад нийцсэн байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлсэн бөгөөд 2012 оны арванхоёрдугаар сард Det Norske Veritas компанийн хөндлөнгийн аудитын дүгнэлтээр энэхүү стандартыг мөрддөг гэсэн баталгаажуулалтын гэрчилгээг авсан юм.
Компанийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлагын тогтолцоо нь 17 бүрдэл хэсэгтэй, үндсэн 4 үе шаттайгаар хэрэгжилтийг биелүүлдэг. Үүнд төлөвлөх, хэрэгжүүлэх, шалгах, сайжруулах зэрэг шатлал багтана. Үүнийг компанийн бүх ажилчид төдийгүй гэрээт компаниуд дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг.

Байгаль орчны үйл ажиллагааны дотоод стандартуудад агаар-хүлэмжийн хий, дуу-чичиргээ, эрдэс-эрдсийн бус хаягдал, аюултай материал-химийн бодисын бохирдлын хяналт, чулуулгийн хүчиллэг урсацыг урьдчилан тооцож хянах, газар ашиглалтын удирдлага, усны хэрэглээ болон чанарын хяналт, биологийн олон янз байдлын хамгааллын үйл ажиллагааны удирдлага зэрэг нь орно.
Тус компанийн байгаль орчны суурь судалгаа хяналт шинжилгээний хөтөлбөр 2010 оныг хүртэл Өмнөговийн Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамарч байсан бол зээлдэгч байгууллагуудын шаардлагын дагуу Өмнийн говийн нутгийг хамруулан судлах шаардлагатай болжээ. Энэ дагуу 2012, 2013 онд биологийн олон янз байдлын судалгааны орхигдлыг арилгах, эрсдэл, нөлөөллийг нарийвчлан судлах зорилгоор Дорноговь, Өмнөговийн аймгийн нутаг дэвсгэрийг хэсэгчлэн хамруулж, ойролцоогоор 150 мянган ам км нутаг дэвсгэрт суурь судалгааны төслүүд хэрэгжүүлж эхлүүлээд байна.

Мониторингийн тухайд тус компани 400 гаруй цэгт усны түвшний болон чанарын үзүүлэлтүүдийг хянаж байна. Ургамлын мониторингийг 48 цэгт хийж байна. Мөн заган ой, хайлаасан төгөл бүхий 8 цэгт модны тооллогыг 5 жилийн давтамжтай хийдэг ажээ. Уурхай орчмын нутагт ургадаг 80 гаруй зүйл ургамал дээр дулааны улиралд 14 хоногийн давтамжтайгаар мониторинг хийдэг. Агаарын тоосжилт, дуу чимээний бохирдлын хэмжээг тогтоох чиглэлээр тогтмол шинжилдэг байна.
Тус компани зэрлэг амьтдын тооллогыг өнгөрсөн оны зургаа, долдугаар сард хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 122 шулуун трансектийн дагуу нисч, бодит дүрсний дижитал зураг ба хэт улаан туяаны дүрс бичлэг хийжээ. Энэ ажлын дүнд нийт 30 мянган км урттай зураг авчээ. Туруутан амьтдыг газраар авсан зураг нь 4800 км урттай болжээ.  Хоёр аймгийн нийт 20 хуланд сансрын дамжуулагч бүхий хүзүүвч зүүсэн байна. Энэ нь тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, амьдрах орчин, бэлчээрлэл, дэд бүтэц, хүний хүчин зүйлээс дайжих нөлөөллийг таньж мэдэх зорилготой. Тус компани мөн жороо тоодгойн тоо толгой, амьдрах орчинд нөлөөлөх нөлөөллийн судалгааг өнгөрсөн 2012 онд хийв.

Үүнээс гадна могойч загалай болон махчин шувуудын судалгаа, ургамлан аймаг, ургамлан нөмрөгийн өсөлт хөгжилт, био масс, хөрсний чийг, хөрсний эвдрэл элэгдэл, ургамалжилтад гарах олон жилийн өөрчлөлт буюу цөлжилтийн суурь судалгааг Геоэкологийн хүрээлэнтэй хамтран хийсэн. Эмийн ургамлын тархалт, заган ойн хууль бус хэрэглээ, хулангийн хууль бус анг тогтоох судалгаа болон хөрсний бичил биетнийг тодорхойлох ажлыг Ханбогд сумын хэмжээнд хийж гүйцэтгэжээ. “Оюутолгой”-н хийсэн энэ мэт судалгааны ажил үүнээс ч их болохыг энд тэмдэглэе.

Одоогийн байдлаар тус компани нийт 650 мянган шоо метр орчим өнгөн хөрсийг 43 га талбайд 3 метрээс илүүгүй өндөртэйгээр овоолж хадгалаад байгаа бөгөөд өнгөн хөрсний чанарт тогтмол хяналт хийдэг байна.
Ханбогд сумын хэмжээнд нийт 48 талбайд ургамалжилт, бэлчээрийн эрүүл байдлын хяналт шинжилгээний цэгийг бий болгожээ.
Тус уурхайн нөхөн сэргээлтэд зориулж, мод үржүүлгийн газар байгуулахын зэрэгцээ (5 га газрыг хамруулсан, 640 метр квадрат талбай бүхий нийлмэл оройт хүлэмж), үрийн нөөц бүрдүүлжээ (иргэдээс худалдан авах замаар).

Нэн ховор ургамлыг тарималжуулах, хамгаалах ажлыг ч “Оюутолгой”-н “ногоон” хэлтсийн баг хийдэг.
Төслийн 2012-2017 оны таван жилийн төлөвлөгөөнд нийт 676.2 га талбайг нөхөн сэргээхээр төлөвлөснөөс 2012 онд 71.1 га-д, 2013 онд 76.6 га-д биологийн нөхөн сэргээлтийн ажил хийж, 21.8 хувийн биелэлттэй байна. 2013 оны хаврын байдлаар мод үржүүлгийн талбайд 79.4 мянган ширхэг тарьц, суулгац өвөлжиж, сэргэн ургасан байна. Үүнээс 6013 ширхэг тарьц, суулгацыг Оюутолгой уурхайн талбай, Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдад тохижилт, хамгаалалтын зурвас байгуулах зорилгоор 10677 ширхэг загийн тарьцыг заган ойн нөхөн сэргээлтэд ашигласан. Ирэх оны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн ажилд хэрэглэх 196969 ш тарьц, суулгац 2 болон 3 дахь жилийнхээ өвөлжилтөд шилжин орж байна.

Устай үрлэгч машин ашиглаж буй нь Монголд анхдагч болж буй юм. Энэ нь 70 метр радиус бүхий талбайд шүрших хүчин чадалтай.
Тус компанийн үйл ажиллагаанд хог хаягдлыг дахин боловсруулах нь үндсэн чухал зүйлд тооцогддог. Өнгөрсөн оны байдлаар тус компани 1318 тн хаягдал төмөр, 1742 тон хаягдал техникийн тос, 2971 шоо метр хуванцар буюу 55 хувийг тус тус дахин боловсруулжээ.  
Энэ компанийн уурхай усны дахин ашиглалт 2013 оны эхний арван сарын байдлаар 45.2 сая шоо метрт хүрсний 40.9 сая шоо метр усыг эргүүлэн ашиглаж, 90.6 хувьд хүрчээ. Энэ бол говь нутгийн газрын гүний усны нөөцийг ариглан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй үр дүн юм.