Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хөтөлбөр

“Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”

 “Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-өөс хөрөнгө оруулалт, Эрдэс баялаг, эрчим хүч, Зам тээврийн хамтын ажиллагааны хэсгийг товчлон нийтлэв.

ГУРАВ. ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАР

Хоёр. Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа


1. Талууд хөрөнгө оруулалтын бодлого, түүнтэй холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож, түүний залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалан, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн харилцаа, солилцоог бэхжүүлэхийг дэмжиж, хамтын ажиллагааны олон арга, хэлбэрийг эрэлхийлж, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг идэвхтэй хэрэгжүүлэхийг хөхиүлэн дэмжинэ. Талууд байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэх хөрөнгө оруулалтыг тууштай дэмжинэ.
2. Талууд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаална. Талууд Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм болон хоёр талын хооронд байгуулсан бусад хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж, хоёр талын аж ахуйн нэгжүүд нөгөө улсад хөрөнгө оруулалт хийхэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагчдад тулгарах асуудал, хүндрэлүүдийг нааштайгаар шийдвэрлэнэ.
3. Талууд ажиллах хүч болон нийгмийн хамгааллын салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.

Гурав. Эрдэс баялаг, эрчим хүчний хамтын ажиллагаа

1. Талууд Монгол, Хятадын  эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Төмөртэйн овооны цайрын орд зэрэг одоо хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, дараа дараачийн том, дунд хэмжээний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг идэвхтэй эрэлхийлнэ.
2. Талууд хоёр улсын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу нүүрсний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хооронд нүүрсний худалдааны хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэхийг дэмжих бөгөөд  технологи, эдийн засгийн боломжтой нөхцөлд нүүрс химийн үйлдвэрлэлийн салбарт идэвхтэй хамтран ажиллана. Дээрх чиглэлүүдэд төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд эрхзүйн таатай нөхцөл бүрдүүлж, санхүүжилтын дэмжлэг үзүүлнэ.
3. Талууд холбогдох аж ахуйн нэгжүүд Тавантолгой, Оюутолгой зэрэг том төсөлд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй явуулахыг үргэлжлүүлэн дэмжинэ.
4. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнийг нутагтаа гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг хятадын тал дэмжинэ. Талууд хоёр талын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу Монгол Улсын Сайншандын аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалт, менежмент, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт зэрэг чиглэлд идэвхтэй хамтран ажиллахыг дэмжинэ.
5. Талууд газрын тосны салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлнэ. Тамсаг, Зүүнбаянгийн газрын тосны төслийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Монголын тал холбогдох төслүүдийг тогтвортой хэрэгжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ. Хятадын тал өөрийн улсын аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барихад туслахыг дэмжиж, мөн Хятад, Монголын хоёр талын аж ахуйн нэгжүүд харилцан ашигтай байх, хамтдаа хожих үндсэн дээр зах зээлийн зарчмын дагуу газрын тосны бэлэн бүтээгдэхүүний худалдаа хийхийг дэмжинэ. Монголын талын хэрэгцээ шаардлагын дагуу хятадын тал Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бэлэн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх боломжийг нааштайгаар судална.  
6. Талууд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлнэ. Холбогдох аж ахуйн нэгжүүд харилцан ашигтай хамтдаа хожих зарчмаар холбогдох гэрээний дагуу Оюутолгойн зэсийн орд зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтад  цахилгаан эрчим хүч үргэлжлүүлэн нийлүүлэхийг Хятадын тал дэмжинэ. Талууд өөрсдийн бодит хэрэгцээ шаардлагатай уялдуулан Монголд нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулах, түүнчлэн Хятадад эрчим хүч экспортлох асуудлыг идэвхтэй судлана. Талууд Монгол Улсад одоо үйл ажиллагаа явуулж буй цахилгаан станцуудыг шинэчлэх болон шинээр цахилгаан станц байгуулахад Хятадын компаниуд оролцохыг дэмжинэ. Талууд хоёр талын аж ахуйн нэгжүүд салхины эрчим хүч, нарны эрчим хүч зэрэг цэвэр эрчим хүчний салбарт хамтран ажиллахыг дэмжинэ. Монголын талын санал болгосон “Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийг хятадын тал идэвхтэй судална.    
7. Талууд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтран ажиллана. Монголын тал Хятадын аж ахуйн нэгжүүдийг Гурванбулагийн ураны ордын төсөлд оролцоход дэмжлэг үзүүлнэ.

Дөрөв. Зам тээврийн хамтын ажиллагаа

1. БНХАУ-ын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, хөнгөлөлттэй зээл олгохыг Монголын тал урив.
2. Хятадын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу хөрөнгө оруулалт хийх, барилгын ажлыг гүйцэтгэх хэлбэрээр Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцохыг талууд дэмжинэ. Хятадын тал “Улаанбаатар төмөр зам”-д шинэчлэл хийх, хос төмөр зам барихад монголын тал болон бусад талтай хоёр болон олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Талууд Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаант зэрэг төмөр замын боомт болон тэдгээрийн хил дамнасан төмөр замын гарцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.
3. Талууд дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, далайд гарцгүй Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч орнуудад экспортлохыг дэмжих бөгөөд 1991 онд байгуулсан “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах чиглэлээр хамтран ажиллана. Талууд 1955 онд  байгуулсан “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлыг нааштайгаар судалж, урагшлуулна.
4. Хятадын тал БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэг дэх Монголын талын бүтээн байгуулалтын төсөлд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
5. Талууд авто замын салбарт идэвхтэй хамтран ажиллана. Хятадын тал Монгол Улсын автозамын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн байгаагаа илэрхийлэв. “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээр”-ийг идэвхтэй хэрэгжүүлж, олон улсын тээврийн салбар дахь бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
6. Талууд “Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар  хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлнэ.
7. Талууд хоёр улсын иргэний нисэхийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, шинээр агаарын хаалга нээх болон шинэ чиглэлүүдэд нислэг үйлдэх боломжийг эрэлхийлж, хоёр улсын агаарын тээврийн салбарын харилцааг идэвхжүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ:        
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД   
            НОРОВЫН АЛТАНХУЯГ   
 
БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ:
БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД
                    ЛИ КӨЦЯН

2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, Бээжин хот