МУУҮА-ийн Бодлогын зөвлөлийн дарга, “Рио Тинто” компанийн Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгч Б.Болд:
Юуны түрүүнд Монголын хамгийн хүнд оюуны хөдөлмөр эрхэлж байгаа Mongolian Mining Journal-ын хамт олонд 5 жилийн ойн мэнд хүргэе.
Би Mongolian Mining Journal-ыг 2010 оноос хойш тогтмол уншиж байгаа. Танай сэтгүүл бусдаас ямар онцлогтой вэ гэдэг дээр хэдэн зүйл хэлмээр байна. Юуны түрүүнд хэвлэл мэдээллийн аливаа байгууллага, тэр дундаа сэтгүүл бол танин мэдүүлэх, мэдлэг өгөх болон мэдээлэл өгөх гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Mongolian Mining Journal бол өнгөрсөн хугацаанд танин мэдүүлэх, уншигчдадаа мэдлэг өгөх ажлыг маш сайн хийсэн гэж боддог. Ялангуяа хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн талаар, уул уурхайн компанийн үнэлгээ гэж юу байдаг, хувьцааны нэрлэсэн үнэ гэж юу вэ, уул уурхайн компани хэрхэн хөрөнгө босгодог, ямар техник технологи энэ салбарт нэвтэрч байна гээд маш олон төрлийн мэдлэгийг уншигчидтайгаа хуваалцсан байх. Миний санаж байгаагаар “Эрдэнэс Тавантолгой” компаниийн Олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх тэр үйл явцад танай сэтгүүл ихээхэн ач холбогдол өгч, энэ талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж байсан.
Мөн “Хөгжил” студиэрээ дамжуулж, эдийн засаг, уул уурхай, байгаль орчин, орчин үеийн технологийн талаар танин мэдэхүйн сайн нэвтрүүлгүүд хийж, олон нийтэд хүргэсэн. Энэ бол ард түмэнд зөв, бодитой мэдээлэл хүргэх, уул уурхайн талаарх зөв ойлголттой болж мэдээлэл авах том суваг болж чадсан.
Хоёрдугаарт, уул уурхайн салбарын анхаарал татсан мэдээллүүдээс уншигчдаа хоцроогоогүй байх гэж үнэлдэг. Нэг жишээ хэлэхэд, өнгөрсөн өвөл Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр Mongolian Mining Journal идэвхтэй ажиллаж, энэ хуулийн төслийн талаар маш олон талын байр суурийг шуурхай хүргэж чадсан. Уул уурхайн компаниудад хууль нь яаж өөрчлөгдөх бол гэдэг маш чухал. Хамгийн чухал мэдээллээр хангахын зэрэгцээ түүнийгээ олон нийтэд далайцтай хүргэж байсанд уншигчийн хувьд талархаж явдаг.
Та бүхний хүч хөдөлмөрийг үнэлж, дотроо баярлаж явдаг. Уул уурхайн салбар Монголын хөгжлийн гол тулгуур гэдэг нь тодорхой болохоор энэ салбарын сайн, муу бүх мэдээлэл, үйл явдлыг бодитойгоор олон нийтэд хүргэж байх зайлшгүй шаардлага бий. Энэ үүргийг өнөөдөртөө Mongolian Mining Journal амжилттай гүйцэтгэж байгаа гэж боддог. Цаашдаа ч энэ үүргээ амжилттай биелүүлж яваарай гэж захъя. Та бүхэнд 5 жилийн ойн мэнд хүргэе.