Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-5

Цаашдаа жижиг төслүүдийн талаар нарийвчлан бичээсэй

General Electric Mongolia компанийн Суурин төлөөлөгч Ц.Түмэнцогт

Mongolian Mining Journal сэтгүүлийн таван жилийн ойн баярын мэндийг сэтгүүлийн хамт олонд хүргэе.
Миний хувьд Mongolian Mining Journal сэтгүүлийг анх хэвлэгдэх үеэс нь уншсан. Уул уурхайн салбарын хөгжил, өнөөгийн байдал, хэрэгжиж байгаа төслүүдийн талаарх маш чухал мэдээллүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, уншигчдадаа хүргэдэг үнэ цэнтэй сэтгүүл.

Мөн дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн чиг хандлагын талаар сайн мэдээлэл өгдөг. Дотоодын уул уурхайн компаниудын хувьцааны ханш, Засгийн газрын тогтоол шийдвэрүүд уул уурхайн төслүүдэд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг цаг үеэ олсон чухал сэдвүүдийг хөнддөг нь уншууртай байдаг.

Түүнчлэн технологийн асуудлыг нарийвчлан бичдэг учраас салбарын хувьд тун чухал сэтгүүл гэж би хувьдаа үнэлдэг. Уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлж байгаа компанийн захирал, ерөнхий инженер, мэргэжилтнүүдээс авсан ярилцлагууд нь маш сонирхолтой, өргөн хүрээнд мэдээлэл өгч чаддаг. Дотоодод гарч буй цаг үеийн бодлогын шийдвэрүүдийг ижил төстэй гадны орнуудын хууль эрх зүйн орчинтой харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ, анализ хийсэн нийтлэлүүд нь ч их чухал байдаг. Энэ бүхнийг хараат бус байдлаар бичдэг нь мэргэжлийн өндөр түвшинд сэтгүүлээ гаргаж байгааг харуулдаг.

Цаашид жижиг төслүүдийн талаар илүү нарийвчлан бичээсэй. Уул уурхайн томоохон төслүүд ерөнхийдөө улстөржсөн байдаг. Хүн болгон л үүнийг ярьж байна. Гэтэл хэдэн арван тэрбумын хөрөнгө оруулалт шаардахгүй жижиг төслүүд зөндөө байна. Ийм төслүүд аймаг орон нутгийн хөгжилд ч чухал, ажлын байр ч бий болгодог давуу талтай.

“Оюутолгой”-гоос бид их зүйл хүлээж байгаа. Гэхдээ төсөл бүрэн хэрэгжлээ гэхэд бүх хүн ажилтай болохгүй шүү дээ. Тиймээс л аймаг, сум орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг жижиг төслүүдийг сонирхмоор байгаа юм. Ийм төслүүдийн санхүүжилтийг хөндөж, гадны улс оронд асуудлыг нь яаж шийддэг талаар бичвэл сонирхолтой байх болно.

Мөн уул уурхай ямар чиг хандлагаар хөгжих ёстой вэ гэдгийг уншмаар санагддаг. Тухайлбал, уул уурхай амжилттай хөгжсөн Австрали, Канад зэрэг оронд уул уурхайгаас нийгэмд өгч байгаа өгөөж нь хэр байна, үйлчилгээний салбар нь хэрхэн хөгжиж байна вэ гэдгийг мэдмээр санагддаг.