Уул уурхайн салбарын шилдгүүд тодорлоо

2012-12-08

Уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулдаг Mining Journal Awards ёслолын ажиллагаа өчигдөр амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн ёслолын ажиллагаанд Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа, Шилдэг технологи, Шилдэг эко уурхай, Шилдэг хайгуулын компани, Шилдэг ханган нийлүүлэгч, Уул уурхайн салбарын оны хүн, Гран При, Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага зэрэг номинацийн эздийг тодруулсан юм.


“Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид “Шижир алт”, “Эрдэнэт үйлдвэр”, “Энержи Ресурс”, “Шарын гол зэрэг компани өрсөлдсөнөөс “Эрдэнэт үйлдвэр” компани энэ жил хийж бүтээсэн олон ажлаараа тэргүүлж чадсан юм. Тус компани 2012 онд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 25.9 сая тонн болгож ахиулжээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын стандартыг долоон түвшин тус бүрд нь ханган ажиллажээ. Мөн ажилчдынхаа дундаж цалинг нэмэгдүүлж, Эрдэнэт хотын хөгжил дэвшилд зориулсан олон томоохон бүтээн байгуулалтын ажлыг энэ онд хийж гүйцэтгэсэн байна.  Түүнчлэн хаягдал усаа ашиглан, 1.5 МВт (мегават) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бага оврын станцыг Монголдоо анхдагч болон ашиглалтад оруулсан зэрэг технологи, менежментийн шинэлэг шийдлүүдээрээ энэхүү номинацид тэргүүлсэн байна.


Харин “Шилдэг технологи номинацид хүрэн металын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Монголдоо үлгэр жишээ  болж буй Эрдмин компани шалгарлаа. “Эрдмин“ компани катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа  Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй юм. Тус компани жилд  2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргахын зэрэгцээ, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна. Энэхүү номинацид энэ жил салбарын олон олон компани оролцож маш хүчтэй ширүүн өрсөлдөөн явагдсан юм. Шилдэг технологи номинацид Элгэн, Энержи Ресурс, Эрдмин, Мэйжор Дриллинг, Фалкон Дриллинг, Шивээ Овоо, Бэрэн Майнинг, Бласт, Алтайн хүдэр зэрэг нийт есөн компани өрсөлдсөн юм.

 


“Шилдэг хайгуулын компани” номинацид энэ жил маш амжилттай ажилласан компаниуд өрсөлдсөн юм. Гэхдээ энэ дундаас “Сентерра гоулд Монголиа” компани Дорнод аймаг Алтан цагаан овоогийн алт-полиметаллын ордыг шинээр нээж, тус ордын нөөцийг 26 тонн алт, 195 мянган кг мөнгө, 191 мянган тонн цайр, 105 мянган тонн хар тугалга хэмээн тооцож, энэ оны тавдугаар сард батлуулжээ. Ордод нэмэлт хайгуул хийснээр аравдугаар сарын байдлаар дээрх нөөцийг нэмэгдүүлэх боломжтой болжээ. Мөн Хайлант, Баянгол зэрэг алт-мөнгө болон алт-полиметалын илрэлүүдийг нээснээс гадна Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дахь Өндөрийн полиметалын ордод нэмэлт хайгуулж хийж, нөөцийг өсгөсөн үзүүлэлтээрээ Mining Journal Awards 2012-ын энэхүү номинацид хошуучилжээ. Тус номинацид мөн “Харанга хүдэр”, “Эрдэнэ Монгол” зэрэг компаниуд тун хүчтэй өрсөлдсөн юм.


“Шилдэг эко уурхай” номинацид энэ жил урьдны жилүүдийнхээс илүү олон компани оролцсон нь компаниудын хандлага мэдэгдэхүйц дээшилсний илрэл байв. Энэхүү номинацид “Монполимет”, “Алтан дорнод Монгол”, “Шижир Алт” , “Багануур”, “Бороо Гоулд”, “МАК”, “Энержи Ресурс”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Өрмөн уул”, “Оюутолгой” зэрэг нийт есөн компани энэ онд хийсэн нөхөн сэргээлт, байгаль орчны ажлын амжилтаараа оролцлоо. Эдгээрийн дундаас “Бороо Гоулд” компани энэ жил Гацуурт, Бороогийн уурхай, ашиглахаар төлөвлөж байгаа Улаан булаг, Алтан цагаан овоогийн уурхайн талбайдаа хийсэн нарийвчилсан суурь судалгаа болон уурхайн талбайд хийсэн нөхөн сэргээлтийн ажлаараа шалгарсан юм. Тус компани нь энэ жил 41 га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийжээ. Үйл ажиллагаандаа онд нийт 2.15 сая метр куб ус хэрэглэсний 865 мянган метр куб нь дахин ашигласан ус байв. Мөн “Бороо Гоулд” 2010 он болон энэ онд Хаягдлын сангийн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зохистой хувилбарыг боловсруулах зорилгоор 19-ийг харьцах нь 14 метр хэмжээтэй 2 туршилтын талбай байгуулж, бургас, улиас тайрдасыг хавар, зун тариалж ургамлын өсөлт болон химийн шинжилгээг хийж судалжээ. Эдгээр амжилтаараа “Бороо Гоулд” компани “Шилдэг эко уурхай” номинацийн эзнээр тодорч чаджээ.


“Шилдэг ханган нийлүүлэгч” гэсэн шинэ номинаци нэмэгдсэн нь энэ жилийн Mining Journal Awards-ын бас нэг онцлог байлаа. Энэхүү шинэ номинацид Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчид болох “Замайн сервисиз”, “Монголиан Стар Мелшерс”, “Монгол Моторс Групп”, “Мехлопат”, “Натурал стоун”, “АОДЭ”, “Вагнер Ази Тоног төхөөрөмж”, “Техник Форум” зэрэг компаниуд хүчтэй өрсөлдсөнөөс Вагнер Ази компани шилдгээр шалгарсан юм. Тус компани Монголд 1996 онд байгуулагдсанаасаа хойш дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Катерпиллар”-ийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгчээр салбарынханд хэдийнэ танигдаад буй юм. Үүнээс гадна хийн компрессорын үйлдвэрлэгч Sullair, барилгын тоног төхөөрөмж ба цахилгаан үүсгүүрийн Multiquip, Miller брендийн гагнуурын аппарат, Godwin Pump усны насос, Genie өргөгч төхөөрөмж, Allmаnd brothers-ын шөнийн зөөврийн гэрэл ба өрмийн машин, SEM брендийн дугуйт ачигч, Thawzall хөрс халаагч болон уул уурхайн техник тоноглолын Ground Force, хүнд даацын дугуйн Michellin компаниудын албан ёсны худалдаалагчаар ажиллаж, татвар төлөлтийн үзүүлэлтээрээ тэргүүлжээ.


Шилдгийн шилдэг буюу “Гран При” номинацид Ухаа худагийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” компани шалгарсан юм. Тускомпани энэ удаагийн Mining Journal Awards-ын хэд хэдэн номинацид хүчтэй өрсөлдөж нийлбэр оноогоороо хамгийн дээгүүрт жагссан юм. “Энержи Ресурс” 2012 онд нүүрс боловсруулах үйлдвэрийнхээ хоёрдугаар модулийг ашиглалтад оруулан үйлдвэрийн хүчин чадлыг 10 сая тонн болгосон. Уг үйлдвэрийн гуравдугаар модулийг тун удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм.


Mining Journal Awards-ын хамгийн сэтгэл хөдлөм номинаци нь яах аргагүй “Уул уурхайн салбарын оны хүн” байдаг. Уул уурхайн салбарын шилдэг менежер, судлаач, хөрөнгө оруулагч, төр засгийн төлөөлөгч болох 22 эрхмийг салбарын оны хүн номинацид нэр дэвшүүлсэн билээ. Энэ жил Уул уурхайн салбарын Оны хүн” номинацид нийт 3362 санал ирснээс 18 хувь буюу 553 саналаар “Mongolian Mining Corporation-ийн ТУЗ-ийн дарга Жамбалжамцын Оджаргалд олон нийт саналаа өгсөн байна. Монгол инженерүүдийн босгосон цахилгаан станц, усан сан, боловсруулах үйлдвэр, өндөр хүчдэлийн шугам, зам харгуй төдийгүй дэлхийн санхүүгийн ертөнцөд бие даан хөл тавьж чадсан амжилт Оджаргал захирлын менежмент гэдгийг Монголын олон нийт хүндэтгэн, ийн саналаа өгчээ.


Олон нийтийн санал асуулгын дүнд “Уул уурхайн салбарыг дэмжигчбайгууллагыг мөн тодруулсан билээ. Энэхүү номинацид нийт 18 байгууллага өрсөлдсөн юм. Тус номинацид олон нийтээс нийт 1670 санал ирсний 23 хувь буюу 382 саналыг “Гложекс” компани авч тэргүүлэв. “Гложекс” компани нь “Coal Mongolia, Metals Mongolia зэрэг уул уурхайн салбарын олон чухал арга хэмжээг санаачлан зохион байгуулдаг билээ.

Удаад нь 22 хувь буюу 365 саналаар Шинжлэх ухаан, технологийн сургуулийн дэргэдэх Уул уурхайн инженерийн сургууль өндөр санал авчээ. Тус сургууль нь саяхан 40 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд Монголын уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд үнэлж байршгүй хувь нэмрээ оруулж буйг тэмдэглэхэд таатай байна.

Уул уурхайн салбарын компаниуд хийж бүтээснээрээ хүчтэй өрсөлдөж, бие биенийхээ ололт амжилтыг хуваалцсан “Mining Journal Awards 2012 ийнхүү амжилттай болж өндөрлөлөө. Хэдийгээр энэ жил салбарын хувьд хүндрэлтэй жил байсан ч компаниуд хийж бүтээснээрээ идэвхитэй оролцож, тэр дундаа Шилдэг эко уурхай, Шилдэг технологи номинацид ширүүхэн өрсөлдсөн юм.


Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 6 цаг 44 мин
    УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг (2022.07.06) хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсад үр ашигтай өөрчлөлт авчрах сайн талтай тул дэмжиж байгаа, боломж нээхийн хэрээр хараат байдал нэмэгдэх эрсдэл байгааг анхаарах, хуурамч шатахууны асуудал дээр бусад шатахуунтай татварын ижил нөхцөл, шаардлага тавих, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулинд нэмэлт оруулахдаа олон улсын нөхцөл байдлыг анхаарч, сөрөг нөлөөлөл үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээлээ болон аж ахуйн нэгжүүдээ хамгаалж, зах зээлийн зарчмаар явуулан гэрээ, хэлэлцээрээ сайн хийвэл тийзний үнэ буурах эерэг нөлөөтэй гэсэн саналыг хэлсэн гэлээ.
  • 10 цаг 8 мин
    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан юм. Уул уурхайн салбараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар боллоо. “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Монгол улсын Төрийн шагнал хүртээжээ. 
  • 10 цаг 23 мин
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 7-ны өдөр Сингапурын Темасек олон улсын санд зочилж, тус сангийн үйл ажиллагаатай танилцан Гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч захирал Бенедикт Чеонг нартай уулзав.
  • 11 цаг 21 мин
    “Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрийн турш Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдана. Энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг гурван өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана.
  • Өчигдөр 11 цаг 58 мин
    Дэлхийн Уул уурхайн конгресс (ДУУК)-ын Олон улсын зохион байгуулах хороо (ОУЗБХ)-ны 103 дугаар хуралдаан 2022 оны долдугаар сарын 12-нд Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн уул уурхайн Конгресс нь уул уурхайн техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог НҮБ-д бүртгэлтэй олон улсын мэргэжлийн байгууллага юм. 1958 онд Польшийн профессор Б.Крупински санаачлан байгуулсан энэ байгууллагад 1967 оноос Монголын төлөөлөгчид Конгрессын хуралдаануудад оролцож ирсэн.