Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа

CHINALCO буюу шинэ луугийн хүрхрээн

Ийнхүү дэлхийн уул уурхайн  зах зээл дээр  Chinalco гэдэг бэл зузаан, дээр нь өвөрмөц барилтай тоглогч гарч ирэх нь тэр. Уул уурхайн салбарынхан, шинжээчид оны турш Chinalco-гийн тоглолтыг шимтэн сонирхож, ойрын хийгээд ирээдүйн тоглолтуудыг нь өөр хоорондоо таамаглах гэж оролдоцгооно.  Хятадын Chinalco-гийн тоглолт уул уурхайн хамгийн хашир шинжээчдийн хүртэл барьцыг алдуулсан хэрэг. Энэ янзаараа бол Chinalco ойрын хугацаанд уул уурхайн маш олон аваргыг тоглолтоос түрэн гаргах нь тодорхой гэдэгтэй харин бүгд санал нэгджээ.

“Оны эцэс гэхэд Chinalcoдэлхийн уул уурхайн тэргүүлэх 10 компанийн нэг болох нь тодорхой боллоо“ хэмээн Raw Materials group-ийн Магнус Эриксон таамагласан бол CRU Stratagies-ын захирал Кристофер Стобарт “Уул уурхайн шинэ томоохон төслүүдийг Chinalco алдалгүй шүүрэх нь ойлгомжтой. Гэвч энэ алхмууд нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийг буулгах талтай“ хэмээж байлаа. Бразил, Энэтхэгийн уул уурхайн компаниуд хүчирхэгжиж байгаа ч тоглолтынх нь барил барууныхнаас онц ялгаагүй. Харин баруун солгойгүй мөнгө цацан эрсдэлтэй наадах Chinalco-гийн тоглолтын дүрэм өнөө маргаашийн бус өнийн их ашгийг тооцсон нь илэрхий. “Chinalco өөрөө төсөл боловсруулах нь юу л бол. Харин бэлэн компаниудын хувьцааг л цуглуулах нь“ гэж Western Mining-гийн хувьцаа эзэмшигч Джо Сингер санааширсан бол уул уурхайн салбарт бие даасан зөвлөх хийдэг Ангус МакМиллан “Эрт орой нэг цагт уул уурхайн салбар Хятадын  гарт орох нь ойлгомжтой“ гэжээ.

Рио Тинтогийн хувьцааны 12 хувийг худалдан авч уул уурхайнхны чихийг дэлдийлгэсэн энэ наймаанд Chinalco 13 тэрбум ам.доллар зарцуулсан билээ. Манай нэг компанид гэхээ байя, Засгийн газарт маань ийм мөнгө байсансан бол “Үндэсний хөгжлийн цогц бодлого“ баримт бичигт тусгагдсан 2020 он хүртэлх хөгжлийн зорилтуудыг больёо гэтэл нь санхүүжүүлээд, цаана нь Эх орны хишигийн авдарт гурван тэрбум гаруй нь “илүүдэж“ үлдэх байлаа.

Олон улсын эдийн засгийн ерөнхий орчны өөрчлөлт, доройтол, АНУ-ын эдийн засгийн хямрал, дэлхийн мөнгөний инфляц, ам.долларын ханшийн уналт,  дотоодын  гэнэтийн аюул гамшгууд олон улсын эдийн засагт олон сөрөг үр дагаврыг авчирсан.  Ийм хүнд  хэр нь сонирхолтой цагт тодорч буй тоглогчийн хувиар Chinalco зах зээлийн савлагаа бүрийг нарийн тооцон хөдлөх нь мэдээж. Ухрах буцах тухай яриа энд огт таарахгүй. Дэлхийн дэвжээн дээр нэгэнт эзэлсэн байр сууриа улам бүр лавшруулан бататгахын төлөө эд эс бүхнээ чангалж бэхлэн тохируулсаар.

Өөдөлж уруудсан дэлхийн улс орнуудын хөгжлийн орчил дунд Хятад хэмээх их гүрний эдийн засгийн байр суурь, чадавх, цар хүрээ өдрөөс өдөрт шат ахин тэлж байна. Гэхдээ цадах ханахын эцэсгүй  зах зээлд нь зэс, төмөр, цемент, нүүрс, цайр, хөнгөн цагаан, вольфром гээд түмэн зүйлийн түүхий эдийн хомсдол даамжраад удаж буй. Үүнийг анзаарсан олон улсын том компаниуд  баян андтайгаа хүч хавсран хил залгаа хийгээд ойр холын улс орнуудын ашигт малтмалын томоохон төслүүд дээр хамтран ажиллах найр тавьсаар.
2008 оны эхний өдрүүдэд “хөнгөн цагааны орон нутгийн магнат“ төдий байсан Chinalco-гийн нэр оны сүүлийн хагас гэхэд Fortune сэтгүүлийн 500 дотор байраа хэдийнэ эзлээтэхэв.

CHINALCO-гийн тухай

CHINALCO бол улсаас эрх нь баталгаажсан, Хятадын төр, засгийн хяналт удирдлага дор ажилладаг төрийн эзэмшлийн компани. 2008 оны долдугаар сарын байдлаар 397,7 тэрбум юанийн үндсэн хөрөнгөтэй, 10 тэрбум юаниас дээш барьцаалах хөрөнгөтэй төрийн мэдлийн бусад компаниудаа манлайлж буй. Хүчилтөрөгжсөн хөнгөн цагаан үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт, электронжсон хөнгөн цагааны түүхий эдийн үйлдвэрлэлээр гуравдугаарт жагсдаг. Нью-Йорк, Хонконг, Шанхайн биржүүд  дээр  хувьцаагаа арилждаг Chinalco-гийн охин компани Chalco-г нь манай уншигчид сайн мэдэх биз ээ. Санхүүгийн судалгаа үнэлгээний ажлаараа дэлхийд нэртэй “Standard and poor`s“-ын тогтоосноор Сhalco итгэлцлийн зэргээрээ даруй гурван жил дараалан BBB+  үнэлгээ авч байгаа.

Chinalco-гийн үйлдвэр­лэдэг хөнгөн цагаан нь төрөл бүрийн зориулалтын онгоц,  сансрын хөлгүүд, батлан хамгаалах зориулалтын зэвсэг техник, тоног төхөөрөмжүүд,  машин, олшруулах төхөөрөмж, цахилгаан утас, цахилгааны тоног төхөөрөмж, барилга, барилгын засал чимэглэл гэсэн үндсэн зургаан салбарын гол түүхий эд болдог.  Эднийх нийт 30 гаруй зэрэглэлийн 1000 орчим төрлийн 14000 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод гадаадын зах зээлд нийлүүлж ирсэн.

Хөнгөн цагааны үйлдвэрлэл эрхэлдэг Chinalco-гийн үйл ажиллагаа 2004 оны үеэс эрс идэвхжиж полиметаллын дэлхийн акулуудтай наадах тоглолтын бэлтгэлд эргэлтгүй орсон юм. Эхлээд дотоодынхоо ихэвчлэн хөнгөн цагааны олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг аль ашигтай, ирээдүйтэй гэсэн компаниудын хувьцааг цуглуулж эхлэв.

2007 оны аравдугаар сард Хятадын коммунист намын XVII их хурал ид хуралдаж байсан үе. Их хурлын нэр төртэй төлөөлөгч, Chinalco-гийн Намын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхий захирал Сяао Яцин энэ үеэр гадаадын сэтгүүлчдэд ярилцлага өгч, улс орныхоо уул уурхайн салбарын хөгжлийн асуудлаар цөөхөн өгүүлбэр хэлсэн.  “Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг компанийн хувьд бид ямагт уул уурхайн салбарынхны анхааралд байж ирсэн. Харин ойрын ирээдүйд бид зөвхөн хөнгөн цагаанаар хязгаарлахгүй бусад төмөрлөгийн зах зээлд хүч үзэх болно. Эхний ээлжинд зэсийг сонирхож байна“ гэсэн юм. Бэлтгэл хангагдсан, одоо цаг болсон л гэсэн санаа. Ингэж хэлэх үедээ зэсийн зах дээл дээрх тоглолтоо хэдийнэ эхлүүлчихсэн, Перу улсын “Перу Зэс“ компанийн хувьцааны 91 хувийг 860 сая ам.доллараар авчихаад байлаа. Энэ бол Хятадын Перуд хэрэгжүүлж буй хамгийн том төсөл.  Зэсийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог, дор хаяж 110 сая тоннын нөөцтэй уурхай. Жилийн олборлолт нь 250 мянган тонн байх гэнэ. “Перу Зэс“ компанийн хувьцааг амжилттай худалдан авсан нь зэсийн олборлолт, үйлдвэрлэлийн олон улсын хэмжээний тоглогч болох суурь болоотохов.

Дараагийн алим нь  Хятад улсын   Австралид хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт болох гурван тэрбум ам.долларын өртөгтэй “Аурукун“ төсөл. Австралийн Куншлан /Queensland/ мужтай хийсэн хамтын ажиллагааны энэхүү төсөл ёсоор Арукуны уугуул иргэдийн газрыг түрээсээр эзэмшин жилдээ 2,1 сая тонн хөнгөн цагаан олборлох орд газрыг ашиглах юм. Австралийн Засгийн газраас зөвшөөрлөө нэгэнт авсан “Аурукун“ төслийн ажил үргэлжилж  байгаа. Chinalco Аурукун суурингийн уугуул иргэдийн төлөөлөгчдийг Бээжинд урьж зочилсон юм. Орон нутагт нь том үйлдвэр байгуулах болсонд цаадуул нь  амьдрал ахуй дээшилж наад зах нь ажил төрөлтэй болцгоох нь хэмээн баяртай байгаа сурагтай.

Гадаадад хийсэн хөрөнгө оруулалтынх нь гурав дахь жишээ нь Саудын Арабд 500 мянган тонн цахилгаанжсан хөнгөн цагааны үйлдвэр байгуулах төсөл. 2008 оны тавдугаар сарын 9-нд  Chinalco-гийн охин компани Хятадын Хөнгөн цагаан Хонконг ХХК, Малайзын уул уурхайн Олон улсын холдинг компани /MMC/, Саудын Арабын Вант Улсын Бенладен корпорац /SBG/ хамтран “хувь нийлүүлэх“ гэрээ байгуулчихсан яваа. Одоогоор Chinalco энэ төсөлд 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад буй. Гэрээ ёсоор хувь нийлүүлсэн компанийнхаа электролид хөнгөн цагааны 40 хувь, электроны үйлдвэрлэлийн 20 хувийн хувьцааг эзэмшинэ.

Бразил, Чили, Африкийн орнуудын уул уурхайн томоохон орд газруудын хувьцаанууд ч Chinalco-гийн халаасанд яваа.

Дотоодын компаниуд бол бүр ойлгомжтой. Уул уурхайн жижгэвтэр аж ахуйнууд, үр ашиг тааруу хэр нь нэг дор олноор бөөгнөрсөн үйлдвэрүүд гээд мянга мянган компаниуд үг дуугүй Chinalco-д хувьцаагаа арилжин улсынхаа бодлогыг дэмжлээ. 2008 оны тавдугаар сарын Бээжингийн  биржийн арилжаагаар гэхэд Хятадын Хөнгөн цагааны компани, Хятадын өнгөт металлын технологи ХХК, Ланжоугийн Хөнгөн цагааны ХК-ийн хувьцааг тус бүр 100 хувь, Хятадын хөнгөн цагааны Руй Минь хавтанцрын үйлдвэрийн 75 хувь , Хө Нань Хөнгөн цагааны ХК-ийн  84,02 хувь, Хятадын Ши Нань Хөнгөн цагааны ХК-ын 60 хувь, Хуа Си хөнгөн цагааны ХХК-ийн  56,86 хувийн хувьцаануудыг нэг өдрийн дотор л залгичихав. Дотоодын томоохон үйлдвэрүүдийн хувьцааг цуглуулах эл операцид нийтдээ 4.75 тэрбум юань зарсан тооцоо бий.  Хятадын эх газрын төвийн хэвлэлүүд энэ үйл ажиллагааг “ижил төрлийн үйлдвэрүүдийн өрсөлдөөнийг бууруулах, хувьцаа эзэмшигчдийн харилцааг хөнгөвчлөх, үйлдвэрлэлийн хэлхээ холбоо, хяналтыг тодорхой болгох улсын бодлоготой яв цав нийцсэн“ хэмээн эдийн засгийн буландаа даруухан тэмдэглэсэн байх.  Ямартай ч, дотоодын зах зээл дээр өрнөж буй операциуд луугийн хүчийг зузаатгаж, хүрхрээнийг нь хөглөж буй нь дамжиггүй.

 Chinalco бас байгаль орчныг дэмжиж, агаарын бохирдлыг багасгахад чиглэгдсэн олон зуун шинэ технологийн бүтээлүүдийн патентийн эрхийг эзэмшдэг. Цахилгаан эрчим хүчийг хэмнэх, агаарын бохирдлыг багасгахад чиглэгдсэн шинэ технолог санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар үндэсний томоохон төслүүдэд манлайлан оролцдог. Улсын бодлогыг дэмжин хэрэгжүүлэгч загвар компани. Арваннэгдүгээр таван жилийн төлөвлөгөөний хугацаанд 30 гаруй шинэ технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үүрэгтэй. Харин шинэ технолог гэснээс, дэвшилтэт технолог үйлдвэрлэлд нэвтрэх бүрт  зэс хэмээх  орлуулшгүй түүхий эдийн хэрэгцээ өсч байгааг тэмдэглэе. 

Chinalco нөхцөл байдалд зохицуулан зэсийн баяжмалын олборлолт үйлдвэрлэлийн чадал боломжоо эрс нэмэгдүүлэв. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүнүүд, цахилгаан дамжуулах тоног төхөөрөмжүүд, сансрын хөлөг, машин, ахуйн цахилгаан хэрэгслүүд, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарууд жилээс жилд хүчээ авах нь дамжиггүй. Харин эдгээр салбарын гол түүхий эд нь технолог хөгжих тусам гагцхүү зэс байна гээд бод доо.
Мөн Хятадын үндэсний эдийн засгийн стратегийн чухал түүхий эдүүд болох молибден, титан, алт, мөнгө, хар тугалга, цинк, циркон, вольфрам, тантал зэрэг ховор металл болон ховор шороон ордуудын олборлолт үйлдвэрлэлээ ч идэвхтэй өргөжүүлж буй.

Коммунист бизнесмэний менежмэнт

Шинжлэх ухааны профессорын зэрэгтэй инженер  Сяао Яацин Chinalcoкомпанийн Намын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхий захирлын албыг дөрвөн жил хашиж буй. Хятадын Коммунист Намын Төв Хорооны орлогч гишүүн. Энэ эрхмийг компани толгойлж эхэлсэн цагаас Chinalco дэлхийн дэвжээнд үзэлцэх бэлтгэл ажилдаа шуударсан.  Forbes-ын сайтад нийтлэгдсэн Сяаогийн жилийн орлогын дүн тун даруухан. Дэлхийн томхон компанийн гайгүй менежерийн дайны л цалинтай. Харин Хятад улсаа уул уурхайн зах зээлийн тэргүүлэх орон болгохын төлөө хөдөлгөж буй мөнгөнийх нь дүнг яривал эх захгүй тоо гарна. Эдийн засгийн шинэ орчин, олон улсын хэмжээний өрсөлдөөнтэй нүүр тулсан өнөөгийн нөхцөлд  дэлхийн хэмжээнд өндөр нэр хүндтэй тэргүүлэх компанийг бүтээх нь Сяао ахайтны улс орон хийгээд намынхаа өмнө хүлээсэн эх оронч үүрэг нь.

Хятадын Коммунист намын итгэл хүлээлгэсэн орчин цагийн шилдэг менежерүүдийн нийтлэг дүр төрхийг түүнээс харж болмоор. Улс дамнасан том компанийг удирдахдаа намынхаа “мэргэн жолоодлогоос“ яавч гажихгүй. Цөөхөн дуугарна, дуугарахдаа ихэвчлэн хэдэн тоо, зорилт, төлөвлөгөө ярина. Хэлсэн үг, тооцсон статистик нь давж биелнэ үү гэхээс дутах нь юу л бол.  Компанийнх нь үүдээр орвол дэлхийн том компанийн сүр бараа гэх онцгой юм ер үгүй. ХКН-ын XVII дугаар Их хурлын шийдвэр, “...бидний хамгийн үнэт баялаг бол хүн өөрөө...“, “...улс орныхоо эдийн засгийн шинэтгэл, үсрэнгүй хөгжлийг дэмжин тулж, нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ төлөө нэр төртэй байцгаая...“,  гэхчлэн уриа лоозон, зорилт, шийдвэрүүд байрлуулсан самбар, хүндэтгэлийн булангуудтай. Мэдээж улаан туг ч элбэг.  Компанийн удирдлагын менежмент нь “Чанд хатуу, няхуур нямбай, прагматик, ямагт шинийг сэдэгч, шаргуу хатуужилтай, нэгдмэл байх“ зарчимд суурилна.

Оны эхний өдрүүдэд Chinalco-гийн 2008 оны зорилтыг хэлэлцэх ХКН-ын Төв хорооны өндөр хэмжээний төлөөлөгчид оролцсон Бага хурал болсон юм.  Захирал Сяао Яацин “ХКН-ын XVII дугаар Их хурлын үзэл санаанд суурилсан илүү өрсөлдөх чадавх бүхий Chinalco-г бүтээн байгуулах нь“ сэдэвт үндсэн илтгэл тавьж, компанийнхаа хөгжлийн зорилтыг тодорхойлсон билээ.

Зорилт ёсоор олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн зохицуулж өөрийн бүтцийг стратегийн ач холбогдол бүхий улс орон бүс нутгуудад бий болгох ажил ид өрнөж буй.

 Тайлангийн хурлын хаалт дээр хэлсэн үгэндээ Сяао Яацин “Их үйлсийн гарааны шугаманд тулж ирснээ“ тунхаглаж байлаа. Дараахан нь дэлхийн уул уурхайн зах дээл дээр шуугиан тарьсан том арилжаа хийснээ зарласан бол 2008 оны гуравдугаар сард Хятадын “Санхүү эдийн засаг“ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бүх төрлийн металлын улс дамнасан корпорац болох“ зорилт хэрэгжиж эхэлснийг мэдэгдсэн.

“Дорнодын өглөөний сонин“-ы өнгөрсөн есдүгээр сарын дугаарт нийтлэгдсэн  ярилцлагадаа Сяао Яацин “Компанийн эхний хагас жилийн нийт үндсэн хөрөнгийн хэмжээ  өнгөрсөн оны мөн үеийнхээс 7,14 хувиар буурсан, цэвэр орлого хоёр тэрбум 400 сая байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 66 хувиар буурсан үзүүлэлт юм. Дэлхийн зах зээл дээр металлын үнэ тогтворгүй явж ирлээ, цаашид ч ханшийн хэлбэлзлийг төсөөлөхөд бэрх байна. Иймээс бид маш болгоомжтой хөдлөхийн зэрэгцээ өртөг зардлаа хямгадах замаар түүхий эд, нефть, цахилгааны үнийн өсөлттэй уялдуулах болно...“ гэжээ. Эрхэм захирал цааш нь Хятад улсын ашигт малтмалын нөөц баялаг шавхагдаж байгаа хир нь энэ хугацаанд уул уурхайн салбарт асар баян туршлага хуримтлуулж, техник технологийн өндөр чадавхтай орон болсныг тэмдэглээд, энэ бололцоондоо түшиглэн дэлхийн зах зээл дээр өрсөлдөхөө мэдэгдсэн. Мөнгө төгрөг, техник технолог, чадал боломж цөм бүрэн. Хамгийн том, хамгийн ашигтай орд газруудаа л заагаад өгөөч найз аа гэсэн уриа дуудлага гэмээр ч  юмуу.

Сяао Яацин өнгөрсөн хавар Хонконгийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Рио-д хийсэн хөрөнгө оруулалт нь тэдний гадаад нэр хүндэд эерэг үзүүлэлт болсон гээд “Одоогоор бидний гадаадад хийсэн хөрөнгө оруулалт их биш байгаа. Оны эцэс гэхэд гадаадын томоохон төслүүдэд хийх хөрөнгө оруулалтын байдал маань тодорхой болох учиртай“ гэжээ.

Chinalco хэмээх луугийн хүрхрээнийг дэлхийн уул уурхайн салба­рынхан чих тавин, басхүү үлэмж болгоомжлон сонсч эхэллээ.