Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Марк Минтон: Хамтын ажиллагааны дараагийн үе шат нь хоёр орны бизнес, хувийн хэвшлийн салбарынхны түншлэл дээр тулгуурлах харилцаа байх юм

Уул уурхайн салбар Монголд эрчимтэй хөгжлийнхөө гараанд ирээд байгааг Та сайн мэдэж байгаа. Америкийн бизнесийнхэн Монгол улсад хөрөнгө оруулах сонирхол хэр их байдаг вэ?

Америкийн компаниуд, бизнесменүүд Монголын уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах сонирхолтой байдаг бөгөөд ийм бололцоо олдож буйд  баяртай байгаа. Уул уурхайн салбарт хамтран ажиллах бас нэг сонирхол нь АНУ- Монголын уламжлалт харилцаанд үндэслэдэг. Мэдээж хөрөнгө оруулалтын асуудал нь арилжааны үндсэн дээр хийгдэх ёстой. Хэдий ийм боловч хөрөнгө оруулалт нь Монголын ард түмний эрх ашигт нийцсэн байх хэрэгтэй. Үүний зэргэцээ бизнесийнхээ эрх ашгийг ч хангасан байх учиртай юм.

АНУ-ыг Монгол улсад төлөөлөн суугаа Элчин сайдын хувьд манай  бизнесменүүдийг Монголд хөрөнгө оруулаасай гэж хүсдэг. Сүүлийн 20 жилд  Монгол улс -АНУ-ын харилцаа эрчимтэй хөгжсөн. Гэхдээ голдуу  Засгийн газар хоорондын харилцаан дээр тулгуурлаж ирсэн. Тэгвэл одоо хамтын ажиллагааны дараагийн үе шат нь хоёр орны бизнес, хувийн хэвшлийн салбарынхны түншлэл дээр тулгуурлах харилцаа байх юм. Тиймээс арилжааны харилцаан дээр бид зарчим тохиролцох байх гэж бодож байна.

Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах тендерт гадаадын 11 компани  оролцохоор эхний шалгаруулалтад орсон. Тэдний дотор АНУ-ын “Пибоди Энержи“ компани байгаа. “Пибоди Энержи“-гийн гол  давуу тал нь юу вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар 2007 онд Цагаан ордонд уулзсан. Энэ үеэр Тавантолгойн орд газрыг ашиглах  нээлттэй тендер зарлах юм бол АНУ-ын “Пибоди Энержи“ ялна гэдэгт итгэлтэй байна гэж ярилцаж байсан билээ. Тендер нээлттэй болох юм бол  “Пибоди Энержи“-ийг ялна гэдэгт би ч итгэлтэй байна. Учир нь “Пибоди“ бол өрсөлдөөнд суралцсан компани. Бид энэ өрсөлдөөнд ялна гэж бодож байна. “Пибоди Энержи“ нь нүүрсний салбарт дэлхийд хамгийн том  компани. Хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашигладаг. Байгаль орчинд бас их ээлтэй ханддаг. Хамтран ажиллаж байгаа түнштэйгээ  ашигтай , итгэлтэй үйл ажиллагаа явуулдаг компани гэдгээрээ алдартай. Түүнээс гадна Монголд удаан хугацаагаар ажиллана гэдэгтээ тэд итгэлтэй байгаа. “Пибоди“ нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, олон төсөл дээр ажиллахаар төлөвлөж байгаа юм билээ.

Таныг Монгол улсад суух Элчин сайдаар анх томилогдож ирэх үеийн манай эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжлийг өнөөдрийнхтэй харьцуулахад ямар өөрчлөлт гарсан байна вэ? Ер нь Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах орчин нөхцөл ямар байна гэж Та дүгнэх вэ?

Томилолтын маань хугацаа дуусч, удахгүй би Монголыг орхин явах гэж байгаадаа  харамсаж байна. Миний хувьд Монгол орон сайхан сэтгэгдэл үлдээж, энд ажиллахдаа би их дуртай байлаа. 

Монголд дэлхийн хэмжээний уул уурхайг хөгжүүлэх нь мэдээж урт удаан үйл явц байсан. Гэхдээ өнгөрсөн бүх хугацаанд хүмүүсээ боловсруулах, сургах үйл явц нь нэлээдгүй цагийг эзэлсэн шүү дээ. Хугацаа их авсан хэдий  ч үр дүн нь сайн байх юм бол хэн ч үүнд гомдоллохгүй байх.

Хамгийн гол нь Монгол улс уул уурхайгаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр хоорондоо тохиролцох , нэгдмэл байр суурьт хүрэх явцдаа нэлээн хугацаа зарцуулсан биз ээ. Эцсийн дүнд Засгийн газар, Парламент зөв шийдвэр гаргаж чадвал  тэрхүү цаг хугацааг үр дүнгүйгээр хийсгэлээ гэж хэн ч хэлэхгүй.

Миний бодлоор өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлууд үр дүнд хүрсэн гэж хэлмээр байна. Гэхдээ  шийдвэр аль аль талдаа ашигтай байх хэрэгтэй. Монголын ард түмэнд ч , хөрөнгө оруулагч талд ч гэсэн ашигтай байх нь чухал.

Миний харж байгаагаар Монголын уул уурхай салбар нь эдийн засгийн бусад салбартайгаа их төстэй замаар хөгжиж байна. Монгол улс нь 1990-ээд оны эхээр ардчилсан институцийг бий болгоход нэлээд хугацаа зарцуулсан шүү дээ. Хүний эрх, олон улсын харилцаа гээд олон асуудал  дээр шинээр бүх зүйлийг бүрдүүлэн бий болгосон. Жишээ нь Европ, АНУ, Япон, БНСУ-тай хэрхэн харилцах вэ, цаашид ямар харилцаатай байх вэ гэдэг бодлогоо гаргахын  тулд бас хугацаа авсан. Тэр бүх үйл явцтай адилаар одоо олон улсын түвшинд хүрэхүйц уул уурхайн салбарыг бий болгохын тулд монголчууд хоорондоо ойлголцож, нэгдсэн үр дүнд хүрэх гэж  байна. Асуудлыг ярилцаж ойлголцож эхэлж буй төдийгүй уул уурхайн салбар хөгжиж эхэлж байна гэж хэлмээр байна.

Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл сэтгүүлээ захиална уу.