Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

2012 онд зэс “сэргэж”, алт шинэ амжилт тогтооно

Б.Төгсбилэгт

АНУ-ын ажилгүйдлийн түвшин буурч, үйлдвэрлэл, барилгын салбар нь өсч эхэлж байгаа ч, Европын эдийн засгийн тогтворгүй байдал, Хятадын өсөлтийн эрчим удаашрах хандлага нь хөрөнгө оруулагчдын итгэлийг унагасан хэвээр 2012 онтой золгож байна. Дэлхийн банк 2008-2009 оны санхүүгийн хямрал дахин үүсч болзошгүй тухай мэдээгээр оны эхэнд “бэлэг барьсан”. Гэвч угтаа ийм агуулга бүхий дохио өмнөх оны дунд үе өнгөрмөгц, Европын өрийн асуудалтай холбоотойгоор “жингэнэх” бус, харин “хангинаж” эхэлсэн юм. АНУ-ын төсвийн алдагдал болон ажилгүйдлийн түвшин, Хятадын аж үйлдвэрийн бууралт энэхүү дохиог хөрөнгө оруулагчдад улам ч тодоор харуулсан. Энэхүү нөхцөл байдал нь эрдэс баялгийн түүхий эдийн зах зээлд өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн хүндхэн цохилт авчирсан юм.


UBS санхүүгийн байгууллагын гаргасан судалгаагаар, өнгөрсөн онд зэсийн үнэ 21 хувиар буурч, дунджаар 7600 ам.доллар/ тонн-ын үнэтэйгээр худалдаалагджээ. Төмрийн хүдэр мөн 20 хувиар буурч, дунджаар 146 ам.доллар/тонн-ын үнэтэй байжээ.
Аж үйлдвэрийн гол металуудын үнэ ийнхүү бууж байхад алтны дундаж үнэ өнгөрсөн онд 1576 ам.доллар/унц болж, үнэлгээ нь 2010 оныхтой харьцуулахад 10 хувиар өсчээ.
Алтны зах зээл өнгөрсөн оны найм, есдүгээр саруудад үнийн дээд амжилт тогтоож, Лондоны металын биржид 1910-1920 ам.доллар/унц болж өссөн билээ. Энэ бол Европын өрийн хямралаас үүдсэн “хөөс үнэ” байсан гэх шинжээчдийн таамаг төд удалгүй “үнэн” болж, алтны үнэ эргээд буучихлаа гээд дүгнэчихэж болохгүй болов уу. Санхүүгийн судалгааны байгууллагуудын урьдчилсан таамгаас харахад алт энэ онд үнийн дээд амжилтаа эвдэх нь тодорхой болжээ.



Хэдийгээр санхүүгийн байгууллагууд алтны үнийг ирэх онд нэлээд өндөр байхаар таамагласан ч, өнгөрсөн оны гуравдугаар улиралд дэвшүүлж байсан таамгаа 100-200 ам.доллар/унц-аар бууруулан тогтоосон юм. Харин алтны уурхайд олборлолт явуулдаг томоохон компаниудын 80 гаруй хувь нь энэ онд алтны үнэ 2000 ам.доллар/унц-ын ханштай байна гэж үзэж буйг судалгаагаар тогтоожээ.

2012 оны алтны үнийн урьдчилсан таамаг

UBS                         1996 $/унц
Barclays Capital        1875 $/унц
HSBC                       1850 $/унц

 

Зэсийн шинэ үүрэг

Зэсийн үнэ өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр нэг тонн нь 10 мянга гаруй ам.долларт хүрч, дэлхийн аж үйлдвэрийн өсөлт хурдацтай байгааг уг металын зах зээл баталж байсан. Зэсийн зах зээл дэх үнэ өнгөрсөн долдугаар сарыг хүртэл 9000 ам.доллар/тонн-оос дээгүүр түвшинд тогтож байсан юм. Дараа нь зэсийн үнэ аажим аажмаар буусаар 8000 ам.доллар руу, улмаар аравдугаар сарын эхээр 7000 ам.доллароос ч доогуур үнэтэй болсон билээ. Зарим судалгааны байгууллагууд энэ үеэр зэсийн үнэ “шалдаа буугаагүй”, үнэ 6500 ам.доллар/тонн болсон ч олборлогч компаниуд тун ашигтай ажиллана гэж “тайвшруулж” байсан бол нөгөө хэсэг нь уг металын төгсгөлийн үе ирэх гэж байна гэж ч “сенсаци” дэгдээж байв.

Дээр нь аравдугаар сард дэлхийн зэсийн эрэлтийн 40 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг Хятадын “Худалдааны менежерийн индекс” буюу “Purchasing Manager Index” /PMI/ үзүүлэлт 50.4 болон буурч, улмаар арваннэгдүгээр сард 50 ч хүрээгүй юм. Тухайн улсын эдийн засгийн байдлын гол үзүүлэлт болдог  PMI-ийн хэмжүүрээр Хятад сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн доогуур түвшиндээ хүрснийг хэвлэлүүдээр шуугиж байсан билээ. Гэхдээ өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын боловсруулсан зэсийн импорт нэмэгдсэн нь зах зээлд эерэгээр нөлөөлж эхэлсэн юм. Он гарсаар АНУ-ын ажлын байрны тоо 200 мянгаар нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 8.5 хувь болж буурсныг зарламагц оны төгсгөлд 7500 гаруй ам.доллар/тонн-д хэлбэлзэж байсан зэсийн үнийг 7700 ам.доллар/тонн руу ойртуулж чадсан.

Зэсийн зах зээл нь дэлхийн аж үйлдвэрийн нөхцөл байдлыг тодорхойлдгийн хувьд уг металын үнэ өсч эхлэх үйл явц хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн хэрэг байв. Санхүүгийн байгууллагуудын зарим нь 2012 онд зэсийн зах зээлд 9000 ам.доллар/тоннын үнэлгээ тогтоно гэж таамаглажээ.

2012 оны зэсийн үнийн таамаг

UBS                         9060 $/тонн
Goldman Sachs        9000 $/тонн
Barclays Capital        9000 $/тонн

Зэсийн үнийн таамгаа санхүүгийн байгууллагууд өмнөх оны сүүлээр гаргаж байсан тооцоотой харьцуулахад 10 орчим хувиар бууруулсан ч энэхүү хүрэн металын үнэ харьцангуй дээгүүр түвшинтэй байх төлөв эндээс харагдаж байна.

Ирээдүйд зэсийн бусад металаас онцгойрох нэгэн шинэ гэмээр зүйл бол “валютын нөөц” бүрдүүлэх хэрэгсэл болж мэдэх явдал юм. Зэсийг алттай зэрэгцүүлэн ийм зарчмаар худалдаж авах сонирхол Хятадад аль хэдийнэ “соёолоод” эхэлчихжээ. Өнгөрсөн саруудад Хятадын зэсийн импорт нэмэгдсэн нь бүтээн байгуулалтын бус арилжааны зорилготой байсныг тус улсын “Jinrui Futures” компанийн шинжээч тайлбарлаж байсан юм.

Зэсийн зах зээлийн гол тоглогч Чили улс энэ жил нийлүүлэлтийнхээ хэмжээг нэмэгдүүлж, 5.5 сая тонн зэс олборлох тухай өнгөрсөн сард мэдээлсэн. Тус улсын хувьд өнгөрсөн жилийн байдлаар 5.4 сая тонн зэс олборлосон бөгөөд 2018 онд олборлолт 8 сая тоннд хүрэх төлөвтэй байна.

Энэ жил “Lundin Mining”, “Inmet”, “Captone Mining” зэрэг хэд хэдэн зэсийн компани олборлолтоо нэмэгдүүлэх тухай мэдээлжээ. Дээрх мэдээлэл нь зэсийн зах зээлийн төлөв эерэг байх таамгийг улам баталгаажуулж байна. Дэлхийн аж үйлдвэрлэлийн явц хэвийн үргэлжилнэ гэдэгт санхүүгийн байгууллагууд эргэлзэж байгаа ч зэс олборлогчид нийлүүлэл­тээ нэмэгдүүлэх бодлого бариад эхэлжээ. Нөгөөтэйгүүр энэ нь хүрэн металын хэрэглээ зөвхөн барилга, дэд бүтэц бус нарийн техноло­гийн салбарт нэн чухал болж буйтай холбоотой юм. Хэрэв уг метал “валютын нөөц”-ийн үүрэг гүйцэтгэгч болж хувирсан нөхцөлд зэсийн зах зээлд цоо шинэ эргэлт гарч мэдэх юм.


Төмрийн хүдэр, коксжих нүүрсний зах зээлийн    цаашдын хандлага  ямар байх талаар  дэлгэрэнгүй сонирхохыг хүсвэл Мongolian Mining Journal сэтгүүлийн №001 дугаараас үзнэ үү.