Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Азид эргэж ирсэн нь: Д.Медведевийн айлчлалын үр дүн ба...

Оросын “Финам“ радиогийн нэвтрүүлэгч Юрий Пронькогийн ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн Хорооны гишүүн, Семен Аркадьевич Багдасаров, Улс төрийн технологийн төвийн Дэд ерөнхийлөгч Сергей Михеев болон Даяаршлын асуудал эрхэлсэн хүрээлэнгийн захирал, эдийн засгийн ухааны доктор Михаил Делягин нартай ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүн, стратегийн түүхий эд болох ураны  нөөц, Оросын геополитикийн ашиг сонирхол зэрэг асуудлыг хөндсөн нэлээд сонирхолтой, илэн далангүй ярилцлагыг товчлон хүргэж байна.                                 

ПРОНЬКО: Сүүлийн үед ОХУ нь багаар бодоход бүс нутгийн хэмжээний их гүрний байр сууриа  сэргээх гэж хичээж  байна. Тухайлбал, ОХУ нь хуучин Зөвлөлт Холбоот Улсад багтаж байсан орнууд буюу “Зөвлөлтийн“ гэгдэж байсан орон зайгаас гадна бас бус газруудыг өөрийн ашиг сонирхлын онцгой бүс гэж үздэг. Энд Ойрхи Дорнод, Латин Америк болон мэдээж хэрэг Азийн онцгой харилцаатай байсан орнууд яригдана.  Энэ зун Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монгол Улсад албан ёсоор айлчиллаа. Айлчлалтай холбогдуулан миний хувьд нэг тийм сонин хоёрдмол сэтгэгдэл төрлөө.  Нэгэн цагт ах дүү бололцож  явсан улсын ард түмэн хөрш улсынхаа буюу бүс нутгийн их гүрний төрийн тэргүүнийг харж баярласан байж болно. Гэхдээ тэд хэдийнэ юманд учиртай, тооцоотой ханддаг болжээ. Бидэнтэй найзалмаар байна уу? Тийм бол манай хөрсөн доорх баялгад хөрөнгө оруул гэх жишээтэй. Увайгүй боловч нөгөө талаасаа үнэндээ маш прагматик байгаа биз.  

ПРОНЬКО: Михаил Геннадьевич, Ерөнхийлөгчийн Медведевийн Монгол Улсад хийсэн айлчлал Оросын олон нийтэд чухам юуг харуулах ёстой байсан бэ? Өөрөөр хэлбэл бидний дотоодын “хэрэглээнд“ гэсэн үг шүү дээ.      

ДЕЛЯГИН: Таны ярьж эхэлсэн тэр санааг л  харуулах гэсэн болов уу. Орос мундаг хэвээр, хацраа байдгаараа түнтийлгэн өндийж байгаа юм байх. Угтаа ямар маягтайгаар, ямар хэмжээнд өндийж байгаагаа бас мэдэж баймаар. Үнэндээ миний бодлоор энэ айлчлал цэвэр практик сонирхол, тодорхой зорилготой байсан. Манай ураны ордууд шавхагдаж байгаа, бид уран олборлогч 8 орны тоонд ордог боловч ”Их 8”-д ямархуу байдалд байдаг билээ, тэрнээс дор байдалд энэ салбарын хувьд байгаа.
Тодорхой хугацаа өнгөрөхөд бидэнд уран дутагдаж эхэлнэ. Гэтэл бидний  хажуу бөөрөнд, бүр манай геологчдын хүчээр судлагдсан ураны ордуудтай Монгол Улс  байдаг. Яагаад тэнд эргэж очиж болохгүй гэж! Нөгөө талаар энэ нь манайх болон Хятадын дунд орших монголчуудын  өөрсдийнх нь сонирхлыг ч маш ихээр татаж байгаа.

ПРОНЬКО: Тэдэнд гурав дахь хөрш байхгүй л дээ ...

ДЕЛЯГИН: Мэдээж хэрэг тэдэнд тийм ирээдүй гэрэлтэхгүй.  Хятадын Шинжан-Уйгурын хэмээх өөртөө засах орон гурав дахь хөрш нь байж болох юм гэсэн үлгэрийг эс тооцвол шүү дээ. Хятадууд л гэсэн үг. Нөхцөл байдал одоо байгаагаараа үргэлжлэх юм бол Хятадын эдийн засгийн “түрэмгийлэл“ Монгол орныг үнэндээ нэг тийм эдийн засгийн хувьд ч, улс төрийн хувьд ч Дундадын нөлөө давамгайлсан газар зүй, засаг захиргааны тогтоц болгон хувиргана гэдгийг монголчууд өөрсдөө сайн ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл тэд хүчний тэнцвэрийг олж байхаас аргагүй.  Дээрээс нь, өнгөрсөн цаг үеэс үлдсэн шийдвэрлэгдээгүй өч төчнөөн асуудал хуримтлагдаад байгаа. Бид 40-50-иад оны үед энэ оронд төмөр зам барьсныг сануулъя. Тэгвэл тал талаар нь одоо хүртэл эзэмшиж байгаа тэр “гайхамшигтай“  төмөр замд сүүлийн 15 жилд ОХУ-ын зүгээс нэг ч копейк оруулаагүй бол Монголын талаас 150 сая доллар оруулчихаад байгаа гэх мэт.

ПРОНЬКО: “Улаанбаатар төмөр зам“ гээд байгаа нь мөн үү?

ДЕЛЯГИН: Уг нь Монголын төмөр зам л даа. Энэ замаар энэ орны бүх ачаа барааны 60, бүр түүнээс дээш хувийг тээвэрлэдэг. Одоо байгаа байдлаараа л гэхэд энэ зам Монголын тээврийн салбарын үндэс нь болдог. Бүр хуучирч муудчихаад байгаа энэ замыг шинэчлэх, ашигтай ажиллуулах шаардлагатай байна гээд л хоёр талын сонирхол үндсэндээ нийлж байгаа. Энэ мэдээж сайн хэрэг. Дараагийн сэдэв бол өрийн асуудал. Тэд биднийг гүйцэд  шахах гэж оролдсон боловч амжилт олсонгүй. Бид 2003 онд тэдний өрийн  98 хувийг цайруулсан. Та бүхэн санаж байгаа байх, тэр үед нөхөр Кудрин бүгдийн өрийг эрүүл ухаанд багтахааргүй хэмжээгээр ээлж дараалан цайруулах хий туссан, бид бусдаас ялгаагүй мундаг, өгөөмөр хэдэн арван тэрбум долларыг салхинд хийсгэж чаддаг гэдгээ харуулсан нь тэр. Монголчууд их өрөөс нь ердөө 150-160 сая доллар үлдчихээд байхад бас л луу унжсан. Тиймээс бид тэдэнд зээл олгох боломжгүй. Хариу үйлдэл алга …

ПРОНЬКО: Хэт зээлжчихсэн өртөнгүүд байна ш дээ.

ДЕЛЯГИН: Тэдний зүгээс сайн санаагаар хариу барихгүй байна л даа.  Бүх өрийг нь цайруулчихаасай  гэж тэд хүсэж, тэр нь бүтсэнгүй.  

ПРОНЬКО: Тэгэхлээр энэ айлчлал бизнесийн сонирхол бүхий цэвэр прагматик арга хэмжээ болж таарах нь?

ДЕЛЯГИН: Юу л даа, уран бол маш том улс төрийн ашиг сонирхлыг араасаа дагуулдаг бизнес. Сүүлийн 6 жилд ураны үнэ 10 дахин нэмэгдчихээд байхад атомын цахилгаан станц, атомын эрчим хүчний асуудал дэлхийд хүчээ аваад байна. Энэ салбарын стратегийн ирээдүй нэлээд тодорхой, ойлгомжтой байна гэсэн үг.

ПРОНЬКО: Таны ярилцлагын өмнө хэлдэг их гүрний статусаа эргүүлэн авч буйгаа нийтэд харуулах гэдэг нь энэ айлчлалын хувьд үнэндээ хоёрдугаар асуудал байх нь?

ДЕЛЯГИН: Минийхээр бол энэ зөвхөн суртал ухуулга.  Үүнийг үнэн байгаасай гэж ихэд хүсэвч бид өөрсдийгөө хэчнээн удаа хуурав. Суртал ухуулгын чанартай удаа дараагийн мэдэгдлүүдийг үнэн бодит зүйл, үзэл санаа мэтээр ташаарав. Гэтэл төдөлгүй тэр мэдэгдлүүдийн цаана үнэндээ ямар ч үзэл санаа байхгүй, бүр үнэртээ ч үгүй нь тодорхой болдог.  Манайд хэн нэгэн нь стратегийн түвшинд сэтгэж эхлээсэй гэж хүсэх юм. Тийм хүнийг би харахыг үнэхээр хүсч байна.

ПРОНЬКО: Үүнийг ойлгохын тулд энэ айлчлал болон Азид буцаж ирэхийн тухайд Семен Аркадьевич таны тайлбарыг сонсъё. Бид Азид эргэж ирэв үү? Эсвэл энэ нь зөвхөн оролдлого байв уу? Би бол хэлж мэдэхгүй байна. 

БАГДАСАРОВ: Асуудлыг боди­тоор нь авч үзье.  Нэгэн үе Зөвлөлт Холбоот Улс нь Монголоор тогтохгүй олон оронд, Азиар тогтохгүй Африкийн орнуудад буурьтай хөрөнгө оруулалт хийсэн. Бид тэдгээр улсын  янз бүрийн аж ахуйн объектуудад маш их хөрөнгө хаяж, цэрэг армийг нь зэвсэглэлээр хангаж байсан. Тэгтэл Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа  нөхцөл байдал сонин болж ирсэн. Жишээ нь Хятадтай залгаа Монгол Улсын асуудал, хятадууд Африкт маш идэвхтэй бодлого явуулах болсон  гэх зэрэг. Тэд Африкт олон томоохон ордыг хяналтдаа авсан. Суданд л гэхэд газрын тосны эх үүсвэрийг нь мэдэлдээ авсан.

ПРОНЬКО: Мөн Нигерид ...

БАГДАСАРОВ: Тиймээ, Нигери,  Анголд. Нэлээд идэвхжээд байгаа, хуучнаар Өмнөд Зимбабвед англичуудаас хойш эзэнгүй үлдсэн олон объектийг хятадууд авч байна. Ингэхдээ тэд Зөвлөлтийн болон Оросын техник, тэр дундаа цэргийн техникээ шинэчлэх эдгээр орны сонирхол дээр нь ажилладаг. Хятадууд бараг адилхан, үнэн чанартаа бол хулгайгаар хуулбарлачихсан техник, эсвэл  эд ангийг санал болгодог.  Нэг удаа Танзанийн нийслэл Дар-эс-Саламд болсон арга хэмжээн дээр  тэнгэрт нисэх байлдааны онгоцыг хараад “Энэ лав Су-25 байх аа“ гэтэл Хятадын Батлан хамгаалахын сайд нь “Биш ээ, энэ манай онгоц“ гээд нэг сонин хятад хувилбар хэлж билээ.  Нэг иймэрхүү л учир холбогдлууд байгаа юм.Үүнээс гадна тэд бидний хуучин байсан газруудын эрчим хүч гэх мэт бусад салбарт  ч боломжуудыг алдахгүй ашиглаж байна. Саяхныг болтол бид тэргүүлэх байр суурьтай байсан.  

ПРОНЬКО: Энэ нь бидэнд өрсөлдөх боломж байна гэсэн үг үү?

БАГДАСАРОВ: Боломж бидэнд бий. Иймээс ярилцлагаа Ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлалаар хязгаарламааргүй байна. Түүний  Ангол, Намиби, Нигерт хийсэн айлчлалуудыг та санаж байгаа байх. Анголд л гэхэд МПЛА буюу Хөдөлмөрийн нам нь эрх барьсаар байгаа ...

ПРОНЬКО: Ноён  Душ Сантуш биз дээ?

БАГДАСАРОВ: Тиймээ, Зөвлөлт Холбоот Улсын тусламжийг авч байсан. Энэ оронд бид маш их хөрөнгө оруулсан, манай цэргийн зөвлөхүүд тэнд олноороо амь эрсдэж байсан гээд ярих юм их бий. Гэтэл тэнд одоо барууны, АНУ-ын компаниуд үндсэндээ давамгайлж байна.  

ПРОНЬКО: Семён Аркадьевич, бүдүүлэг асуулт тавьж буйг минь өршөөгөөрэй. Тэд ер нь бидэнд хэрэгтэй юм уу...? 

БАГДАСАРОВ: Тэд бидэнд хэрэгтэй. Ядаж л  ...

ПРОНЬКО:  Ноён  Делягины хэлснээр  2003 он бол бүхнийг болон бүгдийг  өршөөх он болж таарсан. 

ДЕЛЯГИН: Миний бодлоор энэ бол цэвэр гэмт хэрэг байсан. Өршөөх гэмт хэрэг гэх үү дээ. 

БАГДАСАРОВ: Тийм ээ, энэ бол бүгдийг, өр ширтэй нь үтэр түргэн өршөөх өвчин байсан. Африкт, Азид бүгдийг өршөөсөн ...

ПРОНЬКО: Семен Аркадьевич, тэгвэл бүх юм дахиж давтагдахгүй гэсэн баталгаа байна уу?

БАГДАСАРОВ: Одоо бид шал өөрөөр ажиллах шаардлагатай байна.   Бид тодорхой төслүүдэд манай компаниуд давамгай байр суурьтай байхуйцаар хөрөнгө оруулах ёстой. 

ПРОНЬКО: Үндэсний бизнесийн ашиг сонирхлыг  төр лоббидоно гэсэн үг үү?

БАГДАСАРОВ: Энэ бол хэвийн зүйл, хятадууд ч ингэж байгаа. Бид түүхий эдээр гачигдах боллоо.  Бидний  өөрсдийн түүхий эдийн нөөц дундарсаар л байна.  Уранаас гадна бусад түүхий эдийн нөөц  ч багассаар байгаа. Манайх нефтийн асар их нөөцтэй энэ тэр гэж үлгэр домог яриад байлгүй түүхий эдийн шинэ эх үүсвэрийн эрэлд мордох ёстой. Гэтэл америкуудыг хар,  өөрсдийн газрын тосны ордуудыг нөөцөлчихөөд л бусад орны ордуудыг ашиглан хэрэгцээгээ хангаж байна. Барууны бусад орнуудыг ч аваад үз, тэд яагаад Төв Ази руу зүтгээд байна ?

ПРОНЬКО: Гэхдээ энэ чинь нэг ёсны колончлол биз дээ?

БАГДАСАРОВ: Колончлол биш ээ, энэ бол хэвийн зүйл. Би Африкийн Зимбабвед ажил хэргийн шугамаар олон очдог. Энэ орны Ерөнхийлөгч Мугабе болон бусад албаны хүмүүсийг   танина. Илэн далангүй хэлэхэд тэд юү гэдэг гээч. Тэд “Манайд  ирээч ээ, хөрөнгөө оруулаад үүнийг аваач ээ“ гэж гуйдаг.  Өмнөд Африкийн энэ орон  олон төрлийн ашигт малтмалын ордуудаараа  маш баян.   Цагаан болон  шар алт, зэс зэрэг ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигддэг. Тэд хятадуудын монополчлол бас л сайн зүйл биш гэдгийг ойлгож байгаа учраас “Та нар ч бас бидэнд хөрөнгө оруулсан,  үндэсний эрх чөлөөний тэмцэлд маань тусалсан, танай зөвлөхүүд энд амь эрсдэж байсан, манайхан танайд олноороо суралцаж байсан, орос хэл мэддэг хүмүүс ч байсаар байгаа. Тиймээс манайд ирээд үүнийг ав, тэрнийг ав“ гээд шулуухан хэлдэг. Тэд үүнийг өөрсдөө хүсч байна.

ПРОНЬКО: Эхэндээ тэгдэг л байх. Жишээ нь Монголд л гэхэд Ерөнхийлөгч нь солигдсон. Энэ орны төрийн тэргүүнээр илэрхий Оросын талыг баримтлагч бус  гэдгээр өөрийгөө харуулах гэдэг сонирхолтой хүн сонгогдчихоод байна.   Гэхдээ энэ нь зүгээр хоосон гоё яриа ч байж  болох.  

БАГДАСАРОВ: Бодит үнэн ийм байна л даа. Хүнийг ямар ч байдлаар, хэнтэй ч дүйцүүлж болно. Гэхдээ сүүлийн үед Монголын ч бай, бусад аливаа улсын   төрийн  эрхэнд илүү прагматик хүмүүс гарах болсон.  Тэдэнд хэн мөнгө өгч байна, хэн хөрөнгө оруулж байна гэдэг хамаагүй. Манай хуучин бүгд найрамдах улсуудыг аваад үз.  Намайг өршөөгөөрэй! Гэхдээ тэнд манай ямар нэгэн онцгой нөлөө гэх юм байхгүй болсон. Хэн юу өгнө түүнийг нь авдаг, хамтарч ажилладаг болчихоод байгаа.  Тиймээс хэн нэгнийг барууныг баримтлагч гээд шууд хэлэхэд хэцүү. Мэдээж тийм юм байж болно л доо. Аль нэг улсын удирдагч өөрийгөө барууныг баримтлагч гэдгээр харууллаа гэхэд тэр нь хагас жил, жил л үргэлжлэх жишээтэй. Ажиглаад байтал нөгөөх нь тодорхой хугацааны дараа тал тал тийш хараад эхэлдэг.

ПРОНЬКО: Ийм асуулт яагаад тавиад байна вэ гэвэл  Монголд шинэ Ерөнхийлөгч төрийн эрхэнд гарсантай холбогдуулан гарсан янз бүрийн судалгааны материалуудад  “Барууны компаниудын ашиг сонирхол цагаан утсаар оёчихсон мэт илэрхий байна. Үг хэлэх эрх чөлөө, олон намын тогтолцоо гэсэн гоё үгсийн араас энэ хүн бодитоор юу хийж чадах вэ, ямар ашиг сонирхол нь нуугдаж байж болох вэ ...“ гэх мэтээр бичжээ.  Түүний ард ийм ийм барууны компаниуд байна гээд нэрлээд байж үнэндээ  чадахгүй нь, гэхдээ ийм юм байж болно биз дээ?

БАГДАСАРОВ: Мэдээж байж болно ...

ДЕЛЯГИН:  Намайг өршөөгөөрэй, би нэг  энгийн жишээ татъя. Монголын ураны нэгэн ордын лицензийн 58 хувийг Канадад бүртгэлтэй компани эзэмшдэг. Тэгтэл Монгол, Оросын хамтарсан компани байгуулах ёслолын арга хэмжээн дээр өнөөх Канадын компанийн төлөөлөгч  “Бид тохиролцож чадна гэдэгт итгэлтэй байна“ хэмээн маш эелдгээр хэлж байгаа юм. Тэгэхлээр...

ПРОНЬКО: Тэгэхлээр тохиролцоон дээр бүх юм тогтох нь. 

ДЕЛЯГИН: Бас яг тийм гэхэд хэцүү. Тэд биднийг дуудахгүй ч байж болох байсан ...

МИХЕЕВ: Миний бодлоор үүнд улс төрийн шалтгаан байна. 

МИХЕЕВ: Улс төрийн шалтгаан байгаа нь илэрхий.

ПРОНЬКО: “Хуучин Бүгд найрамдах улсуудаас гадна  Зөвлөлт Холбоот Улс хэмээх хэт их гүрний  бий болгосон тэр орон зай,  газруудад нөлөөгөө сэргээх шаардлага бидэнд байна уу?“ гэж бас дахин асуумаар.   Миний бодлоор тийм шалтаг шалтгаан байна. Ноён Медведевийн Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнд олон баримт бичигт  гарын үсэг зурагдсан, эдийн засгийн шинж чанартай гэрээ хэлэлцээрүүд ч   дотор нь яваа.  Семён Аркадьевич, ер нь таны бодлоор “Бид их гүрэн, үүнийгээ энэ орон зайд харуулж байна“ гэхчлэн цээжээ дэлдэн өндөр дуугаар зарлах нь чухал уу, эсвэл  зөвхөн үндэсний эдийн засгийн эрх ашгаа бодитоор лоббидох нь  дээр үү?

БАГДАСАРОВ: Бид үүнийг цөмийн завсэгтэй, асар уудам том орон гэдэгтээ тулгуурлахаас гадна  нөлөөллийн хүрээгээ тэлэх замаар хэрэгжүүлнэ. Мэдээж бид хуучин Зөвлөлт Холбоот Улс шигээ болж чадахгүй. “Бидний чадал хаа хүрэх вэ?“ гэдгийг нарийн ойлгож, мэдэж авах шаардлагатай.

ПРОНЬКО: Хоосон мөрөөдөхгүйгээр ...

БАГДАСАРОВ: Тиймээ, бид эхний ээлжинд түүхий эдийн асар их нөөцтэй Төв Азийн хөршүүд, тэр дундаа Монгол Улсад хандах ёстой.  Шууд хэлэхэд ураны асуудал байна. Узбекистанд маш сайхан ураны ордууд байдагч үзбекүүд саяхан ураны хайгуул хийх лицензээ япончуудад өгчихлөө. Уг нь бид Узбекистаны ордуудтай холбоотой хамаагүй их судалгааны материалтай байдаг. Тэгэхлээр “Бид яагаад Зөвлөлт Холбоот Улс шиг супер гүрэн биш юм аа гэхэд их гүрэн байх ёстой вэ?“ гэсэн асуултын хариу тодорхой болоод ирнэ.

Товчлон орчуулсан Сандуйжавын Сайнбилэг