Ерөнхий сайд асан Д.Содном:
Анх Долгормаа, Гончиг бид гурав Москвад очиж Монгол, Зөвлөлт хамтарч Эрдэнэтийн овоо ордыг түшиглэн үйлдвэр байгуулах талаар санал тавиад тэндээсээ хөөгдөх шахуу юм тэгсхийгээд хүрээд ирж байсан. Асуудал цааш үргэлжилсээр бүр 1984 он хүрч байж шийдэгдсэн л дээ. Гэхдээ хагас дутуу шийдэгдсэн. Гол нь үнэ, төсвөөс тэтгэлэг өгч байгааг болиулах талаарх асуудлуудыг нааштайгаар шийдэж чадсан. Монголын эдийн засагчид энэ тал дээр юм яриад байна гэдэг нь ЗХУ-ын Коммунист намын Төв хороонд хүртэл хүрчихсэн байсан. Тэрнээс болоод “Монголын хэдэн эдийн засагч “Эрдэнэт“ хэмээх ашигтай сайхан үйлдвэр байгааг үнэлэхгүй шүүмжилж байна“ гэсэн яриа ч гарч байлаа. Бүр манайхан дотор зарим хүн биднийг “Хятадын талыг барьсан“ гэсэн хачин юм ярьж, хэсэг эдийн засагчдыг зайлуулах асуудал болж хувираад, Моломжамц, Жасрай, Долгормаа, Мишигдорж биднийг чинь авч хаях тухай яригдталаа байдал хурцдаж ирсэн. Тэгээд наймдугаар сарын эхээр байна уу даа, Цэдэнбал гуай хойшоо явахдаа Ламжав гуайд үүрэг өгөөд. “Энэ улсуудыг халах асуудлыг одоо шийдье“ гэхээр нь “Арай болохгүй“ гэж Ламжав гуай хэлсэн гэсэн. “Амралтаас чинь ирсний дараа энэ асуудлаа шийдье“ гээд, жаахан хойшлуулаад явж байсан юм. Ийм ноцтой юманд хүрч байж “Эрдэнэт“-ийн тухай асуудал нааштай шийдэгдэх үндэс анх тавигдаж байсан юм шүү.
Сайд нарын зөвлөлийн орлогч дарга асан М.Пэлжээ:
”Эрдэнэт”-ийн зэс молибдений орд газрыг эргэлтэд оруулах ажил манай яамны геологчдын анхны ажлын үр дүн, санаачлага байсан юм. Тэр үед яаманд байсан хүмүүсээс энд зургаа нь байна. Орд газрыг нээх, хайх асуудал бол дээр үеэс, Монгол, Зөвлөлтийн геологчдын зураглал, хайгуулын ажлаас эхэлсэн. Үүнд Зөвлөлтийн геологчид маш их хувь нэмэр оруулсан. Хайгуулын ажил 1967 оноос эхэлж 1972 он гэхэд анхны техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн. Үүнтэй зэрэгцээд, хайгуулын ажлаас эхлээд бүх талын ажлыг нь хийчихсэн Чехословак улсыг яаж жаахан хөндийрүүлэх вэ гэдэг асуудлаар оросууд бидэнтэй ярьж эхэлсэн. Тэгсэн 1968 онд Чехэд улс төрийн үйл явдал болоод, Прагад бослого тэмцэл гарсны дараахан Чехийн тал ”Эрдэнэт”-д хөрөнгө оруулах сонирхолгүй гэсэн бичиг Дүгэрсүрэн даргын нэр дээр ирүүлсэн. Чехийн талаас биечлэн хүмүүс ирж албан бичигт гарын үсэг зурах асуудал удаашраад болдоггүй. Манай талаас очиж байж хоёр орны Засгийн газрын хэмжээнд ”Эрдэнэт” үйлдвэр дээр Чехословак улсын зүгээс өөр ямар нэгэн орон оролцоход татгалзах зүйлгүй” гэсэн бичигт гарын үсэг зурснаар Монгол, Зөвлөлт хоёр энэ үйлдвэрийг хамтран байгуулах эх суурь тавигдсан.
Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат:
Би Эрдэнэттэй 1972 оноос хойш нэр холбогдсон хүн. 1969-1972 он хүртэлх ”Эрдэнэт”-тэй холбоотой улс төр, эдийн засгийн том асуудлыг манай ахмад үеийнхэн шийдчихсэн байсан. 1972 онд Пэлжээ гуай намайг Шарын голоос хажуудаа ажиллуулахаар авч ирээд өгсөн анхны даалгавар нь ”Эрдэнэт” гэдэг үйлдвэрийг босгох ажлын талаарх 7 үүрэг байсан. Тэрний дагуу би ажилласан. Бид Эрдэнэтийн овооны зэс молибдений орд газрыг эзэмших эдийн засгийн үндсэн үр ашгийг боловсруулах төслийн даалгавраас ажлаа эхэлсэн. Тэр нүсэр ажлыг их богино хугацаанд боловсруулсан. Зөвлөлтийн том институттэй нийлж төслийг нь тэд хийж, бид шүүж хэлэлцэн санал бодлоо нэмэрлэж, наана цаана нь оруулж байж төслийн даалгавар батлуулж авч байлаа. Техник, эдийн засгийн үндэслэлийг маш богино хугацаанд боловсруулаад төслийн даалгаврын дагуу болж уу үгүй юу гэдэг дээр бид бас шүүлт хийсэн. Энэ бол ”Эрдэнэт”-ийг цаасан дээр байгуулж байсан үе. Цаасан дээрх нь боллоо гэж үзмэгц техник, эдийн засгийн үндэслэл нь 17-18 байгууллагаар орж байж сая ажлын хэсэг, комиссууд гарч чиглэл чиглэлээрээ дахин шүүлт хийгээд, гурав дахь техник ажлын зургийг хэсэгчилж хийх тэр үе шат руугаа орсон. ”Эрдэнэт”-ийн мэргэжилтэн ажилтан бэлтгэх анхны төлөвлөгөөг бид боловсруулсан нь хамгийн чухал зүйл болсон гэж би боддог юм.
Сангийн яамны сайд асан Б.Долгормаа:
Монголын эдийн засагт асар их үр өгөөжтэй уул уурхайн баяжуулах үйлдвэрийг байгуулах асуудал үнэхээр том зүйл байсан. Энэ асуудлын хэлэлцээрийн чиглэлийг Төв хороо, Засгийн газар гаргаж өгч улмаар анхны хэлэлцээрийг хийх Монголын хэсэг томилогдож Сангийн яамнаас би, Геологийн яамнаас Дорж, Балжинням, Ганцхүү нарын бусад эдийн засгийн чиглэлийн төлөөлөл оролцсон хэсэг 1972 онд Москва явсан. Зөвлөлтийн талаас Геологийн яамны Орлогч сайдаар толгойлуулсан групптэй хэлэлцээр хийж нэлээн ч хэд хоносон. Их ч асуудал яригдсан. Тэр үед ямар ч байсан зарчмын үндсэн асуудлыг цаасан дээр буулгах ажил хийгдсэн байх гэж боддог. Хамгийн гол асуудал нь эдийн засгийн үндэслэлд тулгуурлаж, хамтын үйлдвэрийн дүрмийн санг хэрхэн яаж бүрдүүлэх, бүтээгдэхүүний борлуулалт, үнийн нөхцөл, материал хангамжийн нөхцөл ямар байх, хамтын үйлдвэрийн орлого, ашиг хуваарилах зарчим ямар байх, үндсэн хүчин чадлыг эзэмших хугацаа, техник эдийн засгийн нөхцөл бололцоо зэрэг байлаа. Зөвлөлтийн талаас их туршлагатай хэсэг ажиллаж байсан л даа. Бидний хэдэн дулимагхан мэдлэгтэй, тийм хэлэлцээр анх удаа хийж буй эдийн засагчид үүргээ чадлынхаа хэрээр гүйцэтгэсэн гэж боддог. Тухайн үед гадаад худалдааны харилцаа ч муу байгаагүй. Өнгөрсөн хугацаанд зэс, молибдений үнэ нэмэгдэж ч байсан, тогтворжиж ч ирсэн. ”Эрдэнэт” тэр бүх үеийг бэрхшээлгүй даван туулж ажилласан. Ямар ч байсан өнөөдрийг хүртэл “Эрдэнэт“-д зэс борлуулах тал дээр асуудал тулгарч байгаагүй болов уу. Одоо манай шинэ цагийн эдийн засагчид “Эрдэнэт“-ийн үйл ажиллагааг сайжруулахаар илүү ихийг төлөвлөж, хийж байгаа гэж итгэж байна.
Геологийн яамны сайд асан Ч.Хурц:
“Эрдэнэт“ үйлдвэр өөрөө гэнэтхэн босоод ирсэн юм биш. Босгохын тулд олон эрдэмтэн, геологи, инженерүүд оролцсон. Эрдэнэтийн овоо ордыг үзсэн анхны геологич 1965 оны аравдугаар сарын 2-нд намайг дөнгөж яамны Орлогч сайд болоод байх үед надад эхэлж танилцуулж байсан санагдана. Хайгуулын ажлын үр дүн бол анх 1966 оны тавдугаар сард өрөмдсөн хоёр цооногт агуулга 1-1.2-той хүдэржилт үүссэн байснаас болоод яаравчлан хайх, судлах ажил өрнөсөн юм. Геофизикийн судалгаагаар 3 км урт, 1.5 км өргөн зэсийн хүдэржилт 300-400 метр гүнд үргэлжилж байна гэсэн дүгнэлт гарсан. Ийм үзүүлэлтэд үндэслэн хайгуулын аргачлалын тухай асуудал гаргаж байлаа. Энэ бол 1966 оны намрын үйл явдал. 1968 онд урьдчилсан хайгуулын ажил хийсэн. Ийм богино хугацаанд хийж чадсан нь Оросын талын судалгааны аргачлал бидэнд байсан учраас тэр заавар бидэнд их тус болж байсны үр дүн юм.
Ч.Ганзориг: Төсвийн орлогын талаас илүү хувийг “Эрдэнэт Үйлдвэр” оруулаад байна
Уулын баяжуулах “Эрдэнэт“ үйлдвэр үүсч, хөгжсөний 30 жилийн ой арванхоёрдугаар сарын 14-нд болно. Түүхт ойн өмнөхөн “Эрдэнэт үйлдвэр“ ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзоригтой уулзаж ярилцлаа.
Уулын баяжуулах “Эрдэнэт“ үйлдвэр гэдэг нэрэнд монголчууд бүр дасал болчихож. Сүүлийн нэг жилд танай үйлдвэрийг “Эрдэнэт үйлдвэр“ ХХК гэж нэрлэх болсны учир юу?
“Эрдэнэт“ үйлдвэр нь 2003 онд байгуулсан шинэ хэлэлцээрийн дүнд Монголын газар нутаг дээр үйл ажиллагаагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай Монгол улсын нэгж болсон. Үүнийг үндэслэн үйлдвэрийн дүрмийг шинэчлэн баталж, үйлдвэрийн нэр Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр“ хязгаарлагдмал хариуцлагатай компани болон өөрчлөгдсөн. “Эрдэнэт үйлдвэр“ ХХК-ийн дvрмийн сангийн 51хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг.
Танайх энэ оны эхний 10 сарын төлөвлөгөөт зорилтоо хэрхэн биелүүлэв?
“Эрдэнэт“ үйлдвэрийн хамт олон 2008 онд үйлдвэрлэл, санхүү-эдийн засгийн төлөвлөгөөт даалгавраа бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлэх боломжийг хангаад байна. Тухайлбал, уулын цул олборлолтын төлөвлөгөө 103,0 хувь, хөрс хуулалтын төлөвлөгөө 104,0 хувь, хүдэр олборлолт ба боловсруулалтын төлөвлөгөө 101,0-102,0 хувиар биелэхээр байна. Төлөвлөгөөнөөс 3000-аад тонн зэсийн баяжмал дахь зэс, 50-иад тонн молибдений баяжмал дахь молибден нэмж гаргахаар байна.
Зэсийн металл авалтын хувь хэмжээ 86,23 хувь, молибденийх 40,66 хувьд хүрсэн нь үйлдвэр ашиглалтад орсноос хойшхи хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болж байна. 2008 оны эхний гурван улиралд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өндөр байсан боловч дэлхийн санхүүгийн хямралын улмаас дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ ихээхэн буурч байна. 2008 онд нэг тонн цэвэр зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр жилийн жигнэсэн дунджаар 6900 орчим ам.доллар байх төлөвтэй байгаа нь 2007 оныхоос 218 ам.доллараар бага байх төлөвтэй байна.
Хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт орлого 998,1 тэрбум төгрөгт хүрч, таваарын бүтээгдэхүүний нэг төгрөгт ногдох зардал 80,57 мөнгө болж, төлөвлөгөөнөөс 0,105 мөнгөөр буурахаар байна. 2008 онд 114,8 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах урьдчилсан тооцоо гарч байна.
Эрдэнэтийн овооны нөөц хэзээ нэг цагт дуусна. Ийм өгөөжтэй байгаа үед нь шинэ бизнесийн чиглэлд хэр анхаарал тавьж байна вэ?
“Эрдэнэт“ үйлдвэрийн үр өгөөж, хишгийг эрдэнэтчүүд төдийгүй Монголын ард иргэдэд хүртээхийг зорьж байна. Үүний нэг тод илрэл бол Зөвлөлийн хурлаар Эрдэнэт хотод олон улсын жишигт нийцсэн Оношлогоо, эмчилгээний төв байгуулах шийдвэрийг гаргуулсан. Одоо зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Тус төвийг ашиглалтад оруулснаар эрдэнэтийнхэн төдийгүй Монголын ард иргэд олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн үйлчилгээг хүлээн авч, гадагш урсаж буй олон арван сая төгрөгийн хөрөнгийн урсгалыг өөрийн оронд татаж, иргэдэд учирч буй хөрөнгө санхүү, цаг хугацаа, сэтгэл санааны саад бэрхшээлийг арилгах болно.
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өндөр байхад танай үйлдвэр 2008 онд 120 гаруй сая ам.долларын тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ гэж мэдээлж байсан. Гэтэл сүүлийн саруудад зэсийн үнэ ханш хурдацтайгаар унаж байна. Үүнтэй холбоотойгоор цаашид тоног төхөөрөмжийн шинэчлэл болон бусад төлөвлөсөн ажилд хүндрэл учирч байна уу?
Зэс болон молибдений үнэ сүүлийн гурван жил гаруйн хугацаанд гадаад зах зээл дээр өндөр түвшинд хадгалагдан, ашиг, орлогод эергээр нөлөөлж, үйлдвэрлэлийн техник, технологи, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд ихээхэн хөрөнгө зарцуулах боломжийг бүрдүүлсэн.
Хамтарсан үйлдвэрийн Зөвлөл хөрөнгө оруулалтын бодлогыг дэмжин, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг 2008 онд шийдвэрлэж өгсөн. 2008 онд нийт 127 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ. Үүний үр дүнд үндсэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 75-90 хувийг шинэчлэлд хамруулж чадсан. Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 43.2 сая.доллар, нийгэм-соёлын, ахуйн тоног төхөөрөмж авахад 1.5, их барилгын төслөөр 70.1, их засварт, геолог хайгуулын ажилд 2.0, дулааны станцын шинэчлэлд 4.2 сая.доллар тус тус зарцуулав.
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаж байгаа үед “Эрдэнэт“ үйлдвэр арвилан хэмнэлтийн ямар бодлого явуулж байна вэ? Ер нь 2009 онд зэсийн үнэ ямар түвшинд байх төлөвтөй байна вэ?
Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал, БНХАУ-ын зэсийн хэрэглээний бууралт, биржүүд дээрх зэсийн нөөцийн өсөлт зэргээс шалтгаалан үнэ нь сүүлийн үед огцом унаж байгаа. 2008 оны эхний хагас жилд дунджаар 8121 ам.доллар байсан бол хоёрдугаар хагаст 5700 орчим болж буурах төлөвтэй.
Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн таатай нөхцөлийг ашиглан олон уурхай өргөтгөл хийн хүчин чадлаа нэмэгдүүлж, хэд хэдэн шинэ уурхайнууд ашиглалтад орох учир 2008 онд зэс олборлолт өмнөх оны түвшнээс 6 хувиар, 2009 онд 9 хувиар тус тус өснө гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлсэн.
Хэрэглээний хувьд 2008 онд Хятадын болон АНУ-ын /зэсийн үндсэн хэрэглэгчид/ хэрэглээний өсөлт 2 хувь орчим байхаар байна. Харин ирэх онд хэрэглээний өсөлт нь 3 хувь орчим байх төлөвтэй. Зэсийн үнийн судалгааны дүнгээс авч үзэхэд 2009 онд 3000-4000 ам.доллар хооронд хэлбэлзэх төлөвтэй. Зэсийн үнийн төлөв байдал нь дэлхийн санхүүгийн хямралыг хэрхэн давж гарах, хэр удаан үргэлжлэх зэргээс шалтгаална. Дэлхийн зах зээлийн тааламжгүй байдал нь манай компанид ч сөргөөр нөлөөлөх болсон тул бид зардлыг бууруулж арвилан, хэмнэх бодлого барих шаардлагатай болоод байна.
Мөн дэлхийн санхүүгийн хямралаас үүдэн зэсийн үнэ буурч, “Эрдэнэт“ үйлдвэрийн бараа материалын болон бусад үйлчилгээний өртөг өссөнтэй холбогдуулан “Зэсийн үнийн уналтын эрсдэлийн үед ажиллах хөтөлбөр“ боловсруулж байна. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн нийт зардлыг 30-аас доошгүй хувиар бууруулах бодлоготой байгаа.
“Эрдэнэт үйлдвэр“ ХХК нь 40 жилийн нөөцтэй. Үүнийг цаашид уртасгах арга хэмжээ авна гэж та нэгэнтээ хэлж байсан. 30 жил ажиллаад байгаа тус үйлдвэрийн ашиглалтын хугацааг уртасгах, шинэ орд газрыг нээн илрүүлэх талаар бодитой ямар ажил хийж байна вэ?
“Эрдэнэт“ үйлдвэр 2007 оны байдлаар 1084 сая тонн балансын нөөцтэй, 4,7 сая тонн зэс,148 мянган тонн молибедин бүхий орд газарт үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 3 сая гаруй тонн зэс агуулсан баяжмал боловсруулсан гэж үзвэл цаашид өнгөрсөн 30 жилээс ч илүү ашиглах нөөцтэй. Үүний тулд боловсруулалтад тохирохгүй байгаа бага агуулгатай хүдрийг ашиглах замаар үйлдвэрийн түүхий эд хүдрийн нөөцийг өргөтгөх, эцсийн бүтээгдэхүүнийг бага өртөгтэй катодын цэвэр зэс хэлбэрээр гарган авах, металлыг бүрэн хэмжээнд авах зэрэг техник, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Түүнчлэн Эрдэнэтийн Овооны эргэн тойронд зэсийн илэрц байж болзошгүй газар хийх хайгуулын ажлыг ихээхэн эрчимжүүлж, улиран өнгөрч буй онд геолог хайгуулын ажилд хоёр сая ам.долларын хөрөнгө оруулаад байна.
“Эрдэнэт үйлдвэр“ ХХК жилд хэчнээн тонн зэс, молибдений баяжмал үйлдвэрлэн, гадаадын ямар улсад экспортолж байгаа вэ?
Жилд 25 сая тонн хvдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдений баяжмал vйлдвэрлэдэг. “Эрдэнэт“ нь өөрийн бvтээгдэхvvнээ ОХУ, Хятад, Америк, Казахстан, Голланд, Швейцарь, БНСУ зэрэг улсад худалддаг. “Эрдэнэт“ үйлдвэр Голландын “Trafigura Beheer B.V.“, АНУ-ын “Ocean Partners UK Limited“, “Gerald Metals, Inc“, Өмнөд Солонгосын “Samsung Corporation“, Швейцарийн “MRI Trading AG“ зэрэг дэлхийн 40 гаруй компанитай хамтран ажилладаг бөгөөд зэс болон молибдений баяжмалыг тогтмол нийлvvлж, хамтран ажиллаж байна.
Улсын болон орон нутгийн төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?
Үйлдвэрийн удирдлага, хамт олон Монгол улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ирсэн. Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ёстой татвар, хураамжийг бүх нэр төрлөөр нь давуулан биелүүлж, энэ онд нийт 512 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байна. “Эрдэнэт“ нь Монгол улсын төрийн сан хөмрөгт жинтэй хувь нэмэр оруулсан хэвээр байна. 2008 оны эхний арван сарын байдлаар улсын төсвийн орлогын 50 гаруй хувийг “Эрдэнэт“ үйлдвэр оруулсан. Энэ амжилтаараа “Эрдэнэт“ үйлдвэр сүүлийн 5 жил дараалан “ТОП-100“ аж ахуйн нэгжийн шалгаруулалтад тэргүүлж, Монгол Улсын “Манлай татвар төлөгч байгууллага“-аар таван жил дараалан шалгараад байна.
“Эрдэнэт үйлдвэр“ ХХК-ийн хөгжлийн стратегийн хүрээнд томоохон ямар ажлууд хийгдэх бол?
Өнгөт металлын хүдрийн боловсруулалтад шинэ дэвшилтэт техник, технологийг ашиглах, эх орны үйлдвэрүүдийг дэмжих замаар тэдэнтэй техник, технологи, эдийн засгийн уялдаа холбоогоо сайжруулах, түүнчлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрийн эдийн засаг, байгаль орчны үр ашгийн үзүүлэлтүүдийг өндөр түвшинд хүргэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр“ ХХК нь 2015 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн стратегийн үндсэн чиг хандлагыг боловсруулан ажиллаж байна.
Манай хөгжлийн стратегийн гол чиглэлүүд нь:
Үйлдвэрийн эрдэс-түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж, өргөтгөл шинэчлэлт хийх, гидрометаллургийн аргаар хүдэр болон баяжмалыг боловсруулж, зэс утас, гулдмай, катодын цэвэр зэс ба молибдений исэл гаргах үйлдвэрүүдийг барьж байгуулах, зардлын зонхилох хувийг эзэлдэг эрчим хүч, ган бөмбөлгөөр хангах өөрийн болон дотоодын эх үүсвэртэй болох төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажил юм.
“Эрдэнэт vйлдвэр“ ХХК-ийн эрхэм зорилго нь боловсруулалтын өндөр тvвшний эцсийн бvтээгдэхvvний vйлдвэрлэл рүү шилжих, уулын баяжуулах vйлдвэрийг олон улсын хэмжээний уул уурхай, металлургийн цогцолбор vйлдвэр болгон өөрчлөн байгуулах явдал юм. Миний хувьд “Эрдэнэт“ үйлдвэрт ажиллах хугацаандаа дээрх стратегийн зорилтыг хэргэжүүлэхэд анхаарахын хамт дараах асуудалд ач холбогдол өгч ажиллана гэж бодож байна. Үүнд:
1. Үйлдвэрлэлийн хүрээнд
- зэсийн хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх,
- катодын зэсийн үйлдвэр байгуулах.
2. Нийгмийн салбарт
- ажиллагсдын цалин хөлсний системийг эцсийн үр дүнтэй холбох замаар улам боловсронгуй болгох,
- үйлдвэрийн ажиллагсдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр бодитой хувь нэмэр оруулах.
3. Бүтээлч ажлын хүрээнд
- Найрамдлын өндөрлөгийг хотын ард иргэдийн чөлөөт амралтын газар болгох,
- А.Амарын нэрэмжит талбайг иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуут усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах,
- Эрдэнэт хотод олон улсын жишигт нийцсэн Оношлогоо, эмчилгээний төвийг байгуулах зэрэг ажилд бүхий л хүчээ зориулж ажиллана.
Импорт орлох дотоодын үйлдвэрлэлийг та бүхэн хэрхэн дэмждэг вэ? Тухайлбал, “Эрдэнэт“ үйлдвэрийн гол хэрэглээ болсон ган бөмбөлгийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар хэрхэн анхаарч байна?
“Эрдэнэт үйлдвэр“ ХХК нь өөрийн хэрэгцээнд зориулан авч буй тоног төхөөрөмж, бараа материал, сэлбэг хэрэгслийг аль болох Монголын компаниудаас авах чиглэл барин ажиллаж байна.
2007 онд нийт 160 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж бараа материал, сэлбэг хэрэгсэл худалдан авсны 60 гаруй хувь нь буюу 100 гаруй тэрбум төгрөгийн бараа материал, түүний дотор шохой, нүүрс, цемент, ган бөмбөлөг зэрэг материалыг дотоодын компаниудаас авчээ. Монголд олборлодог, үйлдвэрлэдэг бараа материалыг зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдээс авч байна. Ган бөмбөлөг үйлдвэрлэн нийлүүлдэг “Ораметалл“ ХХК гэхэд л 2007 онд 1800 тн бөмбөлөг үйлдвэрлэн нийлүүлж, орон нутгийн болон улсын төсөвт 230 сая төгрөгийн татвар төлсөн байна. Манайтай гэрээгээр ажиллаж үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулах, тохируулж засварлах, сэлбэг, эд анги, металл хийц үйлдвэрлэдэг “Техмонтаж“ ХХК, “Бүтээл“ ХХК, “Эрдмаш“ ХХК болон бусад үйлдвэр жилд 350-500 тн металл хийц үйлдвэрлэн гаргаж үйлчилгээ үзүүлж байна.
2007 онд Их барилгын засвар, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, зам газар шорооны зэрэг 27 тэрбум төгрөгийн ажлыг Монголын 80 гаруй компани гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр“ ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга угсралт, их засвар, тоног төхөөрөмж шинэчлэлийн 6 тэрбум гаруй төгрөгийн ажлыг 50 гаруй компани гүйцэтгэж байгаагийн 80 хувийг орон нутгийн компаниуд гүйцэтгэж байна. “Эрдэнэт үйлдвэр“ ХХК нь Орхон аймагт бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг 60 орчим аж ахуйн нэгжтэй бараа материал худалдан авах, барилга засвар, угсралтын ажил гүйцэтгүүлэх чиглэлээр гэрээ хэлцэл байгуулан хамтран ажиллаж байна. Эдгээрээс тогтмол хамтран ажилладаг 30 орчим аж ахуйн нэгж байна. Жилдээ ойролцоогоор Орхон аймагт үйлдвэрлэсэн 3 орчим тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч үйлдвэрт ашиглаж байна.
Цаашид:
-Үйлдвэрлэлийн зориулалтын төрөл бүрийн ган бөмбөлгийн бэлдцийг төмрийн хүдрийг боловсруулан үйлдвэрлэх металлургийн үйлдвэрийг Эрдэнэт хотдоо байгуулж, импортын тухайн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, хараат бус байдлыг бий болгон олон сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлтийг олно.
- Нефтийн бүтээгдэхүүний хомсдол дэлхийг хамарч, үнэ байнга өсч байгаа хүндрэлээс гарахын тулд бензин, дизель түлш хэрэглэж буй автомашинуудыг тодорхой үе шаттайгаар хийн түлшинд шилжүүлэх төслийг хэрэгжүүлнэ.
Энэ төслийг хэрэгжүүлснээр ихээхэн хэмжээний санхүү хөрөнгийн хэмнэлт олохын хамт хүрээлэн буй орчин, агаарын бохирдлыг багасгаж, хотын оршин суугчдын эрүүл мэндийг хамгаалахад их ач холбогдолтой болно.
- Үйлдвэрт ашиглагдсан техникийн маслыг дахин боловсруулах замаар шинэ масло гаргаж авч байгаа үйлдвэрүүдтэй хамтран ажиллах замаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана.
- Зэс, молибдений баяжмалын тээвэрлэлтийн зориулалттай зөөлөн контейнерийг дотоодын зах зээлээс бүрэн ханган нийлүүлнэ.
- Үйлдвэрийн ажиллагсдын хөдөлмөр хамгааллын хувцас, амны хаалтыг дотоодын үйлдвэрүүдээс нийлүүлэх зэрэг Монголын компаниуд түүний дотор Эрдэнэтийн үйлдвэр аж ахуйн газруудаа дэмжих чиглэлийг баримтлан ажиллана.
“Эрдэнэт үйлдвэр“ ХХК энэ оны нэгдүгээр сараас ажиллагсдынхаа цалинг 50 хувь, дөрөвдүгээр сарын 1-нээс дахин 20 хувь нэмсэн. Ажиллагсдынхаа цалинг Монголд тэргүүлэх хэмжээнд байлгах бодлогоо цаашид баримталсаар байх уу?
Үйлдвэр ажиллагсдын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж, тэдний бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг үе шаттай авч хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд ажиллагсдын сарын дундаж цалин, урамшууллын хамт 850 мянган төгрөгт хүрч, өнгөрсөн оны түвшнээс 2 дахин нэмэгдсэн байна. Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн зэсийн үнэ сүүлийн үед ихээхэн унаж, тэр хэрээр компанийн үр ашигт сөргөөр нөлөөлж байгаа. Гэхдээ энэ нь ажиллагсдын үндсэн цалин, урамшуулалд нөлөөлөхгүй гэдгийг зориуд хэлэх байна. Зэсийн үнийн өсөлтөөс хамаарч олгодог улирлын бонусын хувьд зохих журмын дагуу өөрчлөгдөнө.
Цалин хөлсний системд нэлээд өөрчлөлт оруулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэж бид үзэж байгаа. Цалин хөлсний системийг ажлын эцсийн үр дүнтэй холбоотой, хүмүүст ойлгомжтой, энгийн байх, урамшууллын шалгуур тодорхой байх зарчимд тулгуурлан шинэчилсэн.
Цаашдаа ч бид ажиллагсдынхаа цалинг Монголд тэргүүлэх хэмжээнд байлгах бодлогоо баримталсаар байх болно.
Одоо нэн тэргүүнд орон сууц хэрэгцээтэй байгаа ажилтнуудад үнийн хөнгөлөлтийг зохих журмын дагуу үзүүлэх, үйлдвэрээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсийн талаар чиглэл зорилготой бодлогуудыг хэрэгжүүлж байна. Цаашид ч энэ тал дээр онцгой анхаарч ажиллана.
“Эрдэнэт үйлдвэр“ ХХК нь нийгмийн хариуцлагатай шилдэг үйлдвэр. Энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлуудынхаа талаар ярина уу?
Нийгмийн хамтын хариуцлага гэдэг бол зөвхөн энэ үйлдвэрийн хамт олны нийгмийн асуудлыг шийдэх бус үйл ажиллагаагаа явуулж буй орон нутаг болон Улс орны хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмэр, цаашлаад үйлдвэрийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж, ил тод нээлттэй байлгах явдал юм. Ийм ч учраас тус үйлдвэр нь хийсэн ажлуудаа олон нийтэд хүргэж танилцуулах, ил тод нээлттэй байлгах зорилгоор нийгмийн хариуцлагын тайланг Монгол улсад анх удаа жил бүр шинэчлэн боловсронгуй болгон гаргаж байна. Нийгмийн талаар хийсэн ажлуудаас дурдвал:
• 2006 онд үйлдвэрээс хариуцаж байсан нийтийн үйлчилгээний байгууллага болох “Эрдэнэт Амьдрал“ орон сууцны цехийг хотын мэдэлд шилжүүлж, ингэхдээ 1-2 жилийн хугацаанд зардлыг нь компаниас хариуцаж байна.
• Хүүхдийн цэцэрлэг, өнчин хүүхдийн “Энэрэл“ асрамжийн газар, ерөнхий боловсролын сургууль, Технологийн сургууль, сувилал зэрэг өөрийн ажилтнууд болон орон нутгийн иргэдэд үйлчилдэг олон тооны нийгэм соёлын байгууллагуудыг компаниас хариуцан ажиллаж байна.
• Эрдэнэт хотын орон сууцны хорооллуудад ус, цахилгааны тоолуур суурилуулж, хотын инженерийн шугам сүлжээг шинэчилж өгсөн.
• Сүүлийн жилүүдэд байгаль цаг агаарын бэрхшээлтэй үед болон шаардлагатай зарим асуудлаар Орхон, Булган, Дорноговь зэрэг хэд хэдэн аймагт материаллаг тусламж дэмжлэг үзүүлсэн.
• Бурхан багшийн сэрэг дүр бүтээх үйлсэд нийт 2.8 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлж байна.
• Авто тээврийн байгууллагад олон нийтийн, хямдралтай үйлчилгээний автомашины бүрэн оношлогооны төв байгуулсан
• “Ажилчдын хувийн орон сууц“ хөтөлбөрийн хүрээнд 100 айлын орон сууцыг барьж ашиглалтад өгсөн бөгөөд үүнд нийт 3 тэрбум төгрөг, инженерийн шугам сулжээний засвар үйлчилгээний санхүүжилтэд 1.2 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ.
• 2006 онд Орхон аймаг байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд аймагт 2 тэрбум төгрөгийн ажил, үйлчилгээ үзүүлсэн байна.
Танай хамт олон 30 жилийнхээ ойг хөдөлмөрийн ямар амжилтаар угтаж байна вэ?
Манай үйлдвэр 10, 15, 20, 25 жилийн ойг түүхэндээ тэмдэглэж байжээ. Үйлдвэрийн маань 30 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү ойг тэмдэглэхдээ урд тэмдэглэн өнгөрүүлж байснаас нэлээд өвөрмөц, онцлогтой зохион байгуулах шийдвэр бүр эхнээсээ гарсан юм. Тэр ч утгаараа үйлдвэрийн бүх цех нэгж дээр ойгоо хэрхэн тэмдэглэх талаар тодорхой хугацаанд хэлэлцэж ажлын төлөвлөгөөгөө гарган, хийсэн ажлаа эргэж тайлагнан ажиллаж байна. Энэ он бол манай компанийн хувьд түүхт ойн жил. Иймд түүхт ойгоо өндөр амжилт, бүтээлч хөдөлмөрөөр тэмдэглэн өнгөрүүлэхэд бидний бүх үйл ажиллагаа чиглэж байна.
- Найрамдлын өндөрлөгийг тохижууллаа,
- А.Амарын нэрэмжит талбайг хөдөлмөрчид, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг хийж байна,
- Үйлдвэрийн бүсийн гэрлэн чимэглэлийн ажлыг хийлээ,
- Орчин үеийн стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг байгууллаа,
- Орон нутагт “Болор цом“ –ын наадмыг анх удаа амжилттай зохион байгуулав,
- “Ардын урлагийг хөхиүлэн дэмжих үндэсний хөтөлбөр“ –ийн дагуу ерөөлч, магтаалч хүүхдүүдийн улсын уралдааныг зохион байгуулав,
- Хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн Улсын уралдааныг зохион байгуулав,
- Эрдэнэт хотод орчин үеийн уран зургийн галерей нээлээ,
- “Эрдэнэт-Их урлаг“ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн,
- “Эрдэнэт“ үйлдвэрийн сурталчилгааг аймгуудад зохион байгуулах зэрэг 50 гаруй ажлыг төлөвлөн амжилттай хэрэгжүүлээд байна.
- Монгол улсын тамирчид БНХАУ-ын Бээжин хотод болсон зуны Олимпийн их наадамд өндөр амжилт гаргахад бүхий л талаар дэмжлэг үзүүллээ. Энэ хүрээнд “Эрдэнэт“ үйлдвэрийн тэргүүний 30 хүнийг Бээжингийн олимпийн наадмыг үзүүлсний зэрэгцээ гадаад аялалд 100 хүнийг, дотоодын аялалд 1000 ажиллагсдыг хамруулсан.
30 жилийн ойн баярын мэндчилгээг Монголын ард түмэнд хүргэх боломжийг танд олгоё.
Энэ ялдамд үйлдвэрийнхээ бүтээлч хамт олон, манай орны уул уурхайн салбарын нийт ажиллагсад, орхончууд, харилцагч байгууллага, түншүүддээ, нийт монголчууддаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.