Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Б.Батхуягтай MMJ-ийн О.Хосцэцэг ярилцлаа.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрчимжсэнээр орон нутгийн нийгэм болоод эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ?
2000 оны эхэн үеэс Оюутолгойн орд газар нээгдэж, “Айвенхоу Майнз” компани хайгуулын үйл ажиллагаагаа явуулсан. Энэ үед Өмнөговь аймгийн 400 гаруй иргэд ажилтай болсон. Хэдий хайгуулын үе шатандаа явж байсан ч Өмнөговь аймгийн төсөвт, ард иргэдийн амьдралд бодитой хувь нэмэр оруулсан. Мөн хүнсний бүтээгдэхүүн тодруулбал мах, сүү зэргийг орон нутгаас авч жижиг , дунд үйлдвэрлэлийг багагүй дэмжсэн. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахгүй удсанаар өнгөрсөн нэг жилд үйл ажиллагаа нь хумигдаж, ажилгүй иргэдийн тоо нэмэгдсэн нь таагүй.
Зөвхөн Оюутолгойгоор зогсохгүй уул уурхайн олон компани манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. Хайгуулын 300, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй компани байна. Энэ компаниудад нутгийн иргэдийн 20 хувь нь ажилладаг. Мөн “Энержи Ресурс” компани жолооч нараа аймгийн бүх сумаас авсан. Иргэд ажлын байртай байна гэдэг нь орон нутагт оруулж байгаа бодитой хувь нэмэр гэж бид үнэлж үздэг. Мөн тухайн компаниудтай тэдний ажлын хувцас болон ахуйн хэрэглээний зүйлсийг бэлтгэн нийлүүлж, орон нутгийн жижиг , дунд үйлдвэрлэлийг дэмжих гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон. Дулааны цахилгаан станцын 2009 онд хэрэглэх бүх нүүрсийг үнэ төлбөргүй нийлүүлж байна.
“Энержи Ресурс” компани нийт нэг тэрбум далан сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн ард иргэдийн амьдралд зориулж хийх Санамж бичигт гарын үсэг зурсан. Цаашдаа Оюутолгойн олборлолтын ажил иж бүрнээрээ эхэлбэл Өмнөговь аймагт ихээхэн хөрөнгө оруулж, ажилгүй иргэн үлдэхгүй гэж бид бодож байгаа. Баялагтай нутагт төрсөн нь оюутнуудын хувьд том завшаан. Учир нь “Энержи Ресурс” компани болон “Оюутолгой” төслөөс жил бүр 100 гаруй оюутанд сургалтын төлбөр, тэтгэлэг олгодог. Энэ мэтээр уул уурхайн салбар эрчимжсэнээр орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж байна.
Уул уурхай дагасан дэд бүтцийн хөгжлийг Та хэрхэн харж байна вэ?
Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн ажлууд зөвхөн төсөл төлөвлөгөө хэлбэрээр цаасан дээр байна. Мэдээж уул уурхайн хөгжлийг дагаад дэд бүтэц хурдацтай хөгжинө гэдэг төсөөлөл бий болсон. Энэ их нүүрс, баялгийг дэд бүтэцгүйгээр олборлоно гэж байхгүй. Томоохон цахилгаан станцууд баригдана, төмөр зам тавина гээд олон ажил хийгдэнэ. Зам дагаж хөгжил гэдэг шүү дээ. Мөн төмөр зам тавьснаар байгальд үзүүлэх сөрөг нөлөө багасна. Тэгэхээр уурхай дагасан дэд бүтцийн хөгжил хурдацтай, орон нутагт үр өгөөжтэй явагдаасай гэж хүсч байна.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.