Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Өрмийн ахмадууд, алдартнууд-2019” уулзалт боллоо

Монголын Өрөмдлөгийн Холбооноос сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “Өрмийн ахмадууд, алдартнууд” уулзалт нэгдүгээр сарын 29-нд “Эрдэнэ Дриллинг” компанийн байранд боллоо. Уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Геологи, уул уурхайн яамны сайд асан Ч.Хурц, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Л.Лхагвасүрэн зэрэг ахмадууд болон дунд, залуу үеийн төлөөллүүд хүрэлцэн ирлээ. Монголын Өрөмдлөгийн Холбооны Гүйцэтгэх захирал, доктор, профессор, өрмийн зөвлөх инженер Ж.Цэвээнжав 2018 онд холбооны зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлуудаа уулзалтын үеэр танилцуулсан юм. 

“Түүхийн хуудас эргэсээр түрүүчийн уулзалтаас хойш нэг жил өндөрлөж, бид хоёр дахь мянганы арван есөн оныг угтаж байна. Нохой жилийг үдэж гахай жилтэй золгож байна. Улиран одсон 2018 онд манай өрмийнхний дотроос шинээр нэгэн Хөдөлмөрийн баатар төрж бидний магнайг тэнийлгэн баярлууллаа. Энэ бол “Эрдэнэт” УБҮ-ийн тэсэлгээний өрмийн мастер Б.Батбаяр” хэмээн  Гүйцэтгэх захирал Ж.Цэвээнжав уулзалтын эхэнд онцлов. 

Өрмийнхөн дотроос мөн гидрогеологич, “Ус Оюу” компанийн Ерөнхий захирал Ч. Ганболд Байгаль орчны гавъяат ажилтан болсон бол “Монзол” ХХК-ийн захирал Ч.Чинбат Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, техникийн ухааны доктор (Ph.D), профессор, өрмийн зөвлөх инженер Л.Төвхөө “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан гээд олон сайхан үйл явдал тохиожээ. ШУТИС-ийн ГУУС-ийн өрмийн инженерийн салбарын залуухан багш Б.Гантулга нь ОХУ-ын Уул уурхайн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалаад ирснийг  басхүү тодотгох  учиртай хэмээн өрмийн зөвлөх инженер Ж.Цэвээнжав ярилаа.  

Эдгээр баяртай үйл явдлаас гадна шинэ он гарснаас хойш өрмийн туршлагатай инженер Б.Эрдэнэчулуун, БХБ-ын сайд, УУХҮ-ийн сайд асан Ц.Дашдорж нарын гавъяатнууд тэнгэрт одож  нөхөж баршгүй гарз тохиосонд  ахмадууд эмгэнэл илэрхийлэн  хүндэтгэл үзүүлсэн юм. “Өрмийн ахмадууд, алдартнууд-2019” уулзалтыг анх 2011 онд анх  санаачилжээ. 2018 оны хувьд тус холбооны зүгээс 15 жилийн ойгоо тэмдэглэж, “Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн 20-р бага хурлаа зохион байгуулсан билээ. Энэ удаагийн уулзалтаар уламжлал ёсоор “Өрмийнхний хишиг”-ийг шагналыг  ахмадууддаа мөн олгосон юм. 

Г.Идэр