|

Discover Mongolia 2018: Уул уурхайд өөдрөг хандлага зонхилж байна

2018 оны 9 сарын 6


Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган Discover Mongolia 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хурлын гол хуралдааны эхний илтгэлийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тавьсан бөгөөд илтгэлдээ Тавантолгой нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар эрчимтэй ажиллаж буйгаас гадна уг ордыг Ханги-Мандалын боомт руу төмөр замаар холбох яриа хэлэлцээрийг Хятадын талтай хийж буй тухай мэдэгдсэн нь анхаарал татлаа. Мөн Оюутолгой төслийн цахилгаан станцыг төслийг хариуцаж буй компани уурхайн дэргэд байгуулах зөвшөөрөл өгснийг мэдэгдсэн юм.

Дараагийн илтгэлийг “”Оюутолгой компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес тавьсан бөгөөд төслийн хувьд баяжмал экспортолж эхэлснээс хойш дөнгөж таван жил өнгөрсөн ч багагүй үр дүнд хүрснийг онцлоод далд уурхайн бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байгааг тайлбарлалаа.

“Уул уурхайн мөчлөг ба Монгол улс” илтгэлийг уул уурхайн хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр мэргэшсэн компани “Лайон Менежер”-ийн захирал Хэдли Виддап тавьсан юм. Одоогийн байдлаар уул уурхайн мөчлөг сайжрах шатандаа яваа ч энэ салбарт хангалттай их хөрөнгө орж ирээгүй хэвээр байгааг тэрээр тайлбарлалаа. Монгол шиг орны хувьд хайгуул, ашиглалтын салбарт хөрөнгө оруулалт татахад ихээхэн боломж бий ч хөрөнгө оруулагчид эрсдэлийг ихээхэн анхаарах болсныг тэрбээр сануулж байна.

Хурлын бас нэгэн сонирхолтой илтгэл нь “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүгийнх байлаа. Тэрбээр тус компани өөрийн охин компаниуд болох Шивээ-Овоо, Багануурын хувьцааг хөрөнгийн бирж дээр борлуулахаар төлөвлөж буй бөгөөд гангийн үйлдвэрийн төслийн ажил ихээхэн урагштай байгааг хурлын үеэр тэмдэглэлээ.



Хуралд томоохон компаниудаас гадна жижиг дунд өсч яваа компаниуд идэвхтэй оролцдог уламжлалтай. Энэ удаад Монголын алтны салбарт шинээр төрөн гарч ирж буй “Степ голд” компанийн илтгэл ихээхэн сонирхолтой байлаа. Мөн “Эрдэнэ Ресурс”, “Занаду Майнз”, “Кинкора Коппер” зэрэг багагүй хугацаанд тууштай ажиллаж буй компаниуд өөрсдийн хайгуулын төсөл дээрээ хэрхэн урагштай ажиллаж буйгаа танилцуулсан. Хөвсгөлд Овоот коксжих нүүрсний төсөл дээр ажиллаж буй “Аспайр Майнинг” компанийн Ерөнхий захирал Дэвид Полл хувьцааны арилжаагаар нэмэлт хөрөнгө татахаар төлөвлөж буй бөгөөд тус компани Монголын нүүрсний экспортын 30 хүртэлх хувийг эзлэх боломжтойг дуулгалаа.

Өнөөдрийн хурлын үдээс хойших хэсэг Засгийн газрын санаачилга сэдвийн хүрээнд үргэлжлэх бөгөөд үүнд Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн бирж, “Эрдэнэс Монгол”-ын хөгжил, “Эрдэнэс Тавантолгой”-н бизнес хөгжлийн чиг хандлага зэрэг чиглэл багтана. Залгуулаад Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн санаачилагуудын тухай хэсэгт орон орны элчин сайд нар гадаад нөхцөл байдал уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлөх талаар санаа бодлоо хуваалцана.

Маргаашийн хуралд уул уурхайн салбарын татвар, хууль эрх зүйн орчны шинэчлэл, Засгийн газрын дэмжлэг, орон нутаг, байгаль орчны чиглэлийн санаачилга, хөрөнгө оруулалт , томоохон компаниудыг татах чиглэлд төвлөрнө.

Салбарын сайд Монголын цаашдын 20-30 жилд уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх үүрэгтэй багана байх бөгөөд хууль бус, салбарын нэр хүндийг унагаж буй уурхай эрхлэгчидтэй хатуу тэмцэж ажиллахаа илэрхийллээ.

Энэ жилийн “Дисковер Монголиа” хуралд өөдрөг хандлага зонхилж байна. Энэ нь уул уурхайн зах зээлийн мөчлөг өгсөх хандлагатай байгаатай ихээхэн холбоотой. Харин энэ ашигтай үеийг Монгол улс ухаалгаар ашиглах шаардлагатайг талууд онцолж байна.

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар