Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Зах зээлийн ийм таатай үеийг Засгийн газар ашиглах ёстой

“Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан 2009 оноос зохион байгуулж ирсэн “Монголын геологи хайгуул” чуулга уулзалтыг УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд хамтран ирэх гуравдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Корпорейт Конвеншн” төвд 10  дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбооны Гүйцэтгэх захирал М.Очирбаттай ярилцлаа.



“Монголын геологи, хайгуул” чуулга уулзалтын гол үр дүнг Та хэрхэн тодорхойлох  вэ?
“Монголын геологи, хайгуул” чуулга уулзалтыг 2008 онд анх санаачилж, дараа жил нь гуравдугаар сард зохион байгуулснаас хойш арав дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн хугацаанд төр, хувийн хэвшил нэгэн дээвэр дор цуглаж, геологи хайгуулын салбарын асуудлаа хэлэлцдэг болсныг чуулга уулзалтын хамгийн гол үр дүн гэж хэлж болно. 

Чуулга уулзалтаас гарсан санал, зөвлөмжүүдийг холбогдох байгуул­лагуудад танилцуулж ирсний дүнд тодорхой хууль эрх зүй, дүрэм журамд өөрчлөлтүүд хийгдэх байдлаар ахиц дэвшлүүд гарсан. Нөгөөтэйгүүр, төр засгийн зүгээс эрдэс баялаг, тэр дундаа геологи хайгуулын салбарт баримталж буй бодлого, шийдвэр дээрээ салбарын мэргэжилтнүүдийн үгийг сонсдог боллоо. Сүүлийн жилүүдэд салбарын тулгамдсан асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, яам, тамгын газар, аж ахуйн нэгж, орон нутгийн төлөөлөл, судлаач эрдэмтдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Анхны чуулга уулзалтыг эрдэм шинжилгээний хурал байдлаар хөтөлбөрөө боловсруулан, салбарын мэргэжилтнүүдийг түлхүү хамруулдаг байлаа. Явцын дунд геологи хайгуулын томоохон төслүүд хэрэгжихэд маш олон хүчин зүйл нөлөөлж байгааг анзаарч тэр бүгдийн уялдаа холбоог зөөллөх, хөрөнгө оруулалтыг аль болох тогтвортой, хайгуулын ажил саадгүй урагшлах талаас нь бодолцон хурлаа зохион байгуулах болсон.

Зарим жилүүдэд уран, нүүрс, зэс гэх мэтчилэн Монгол улсын экспортыг бүрдүүлж байгаа голлох ашигт малтмалуудаар дагнасан буюу хэсэгчилсэн хуралдаан зохион байгуулсан  нь үр дүнд хүрч байсан. Сүүлийн жилүүдэд бид хайгуулын салбар дахь орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд чуулга уулзалтыг хандуулж байна. Хайгуулын ажил орон нутгийнхны эсэргүүцэлтэй тулгараад  гацчихдаг. Үүнийг шийдвэрлэх гарцыг олон талаас нь хэлэлцэхийн тулд орон нутгийн холбогдох төлөөллийг урьж, нээлттэй ярилцдаг болсноор ахиц гарч байна.

Хайгуулын үйл ажиллагаа маш олон эрсдэл, саад бартааг туулж байна. Тухайлбал, урт нэртэй  хуулийн хүрээнд хайгуул таван жил саатаж, тусгай зөвшөөрөл олгогдоогүй.  2015 оноос хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгож эхэлсэн ч энэ нь шаардлага хангахуйц түвшинд яваагүй.

Төсвийн тухай хуулийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар явуулахаар болсон. УУХҮЯ сонгон шалгаруулалтын журмыг боловсруулж байна. Салбарынхны зүгээс уг журмын төсөл дээр хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авч байгаа гэсэн. Та бүхэн ямар санал, зөвлөмж өгч байна вэ?
Сонгон шалгаруулалтын журмын төсөлтэй танилцаад зарчмын хувьд ерөнхийдөө санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Харин журмын төслийн үнэлгээн дээр эргэлзэж байна. Тухайн компанийн техникийн болон ур чадварын үнэлгээ 55%-тай, үнийн үнэлгээ 45%-тай байгааг нэмэгдүүлэх хүсэлтийг мэргэжлийн холбоод тавьсан. Ямар  ч инженер, техникийн баггүй компани тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг мөнгөөр “цохиж” аваад, дараагийн ээлжинд лицензийн талбайг эзэмших гэж оролдоно. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийх гэж байгаа компанийн ур чадварын үнэлгээг 80:20, эсвэл 70:30-ийн харьцаатай байх нь илүү оновчтой гэж бид үзэж байгаа.

Хайгуулын салбарт, тэр дундаа алтны хайгуулын салбарт төрийн хяналтыг чангат­гана гэдгээ төрийн тэргүүнээс авахуулаад салбарын яамны холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байгаа. “Чангатгана” гэдгийг та бүхэн хэрхэн ойлгож, хүлээж авч байгаа вэ?

Зарим хайгуулын компани хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгааг үгүйсгэхгүй. Төр нэгэнт хяналтаа тавьж ажиллаж байгаа учраас буруутай компаниудын тусгай зөвшөөрлийг зогсоогоод, ил тод зарлах ёстой. Өнөөдөр ингэж ил тод зарладаггүй учраас хариуцлагагүй байдал бий болж байна.

Мэдээж хэрэг, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг зогсооно, хориглоно гэдэг нь байж болшгүй явдал. Геологи, хайгуул нь маш олон жилийн хөдөлмөр, нарийн судалгаа тооцоо, хөрөнгө зардал шаарддаг ажил. Ийм эрсдэлтэй салбарт цалин, тэтгэврээ арайхийн тавьж байгаа төр засаг төсвийн хөрөнгөөр хайгуул хийх боломжгүй.

Өнгөрсөн онд хайгуулын салбарын хөрөнгө оруулагчид ямар ашигт малтмалыг  түлхүү сонирхож, хайгуул хийсэн бэ?
Алтны хайгуулыг компаниуд түлхүү сонирхож байна. Гэхдээ миний хувьд яг алтны талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрлүүд өргөдлөөр олгогдсон гэдэгт эргэлздэг. Мэдээж хэрэг, улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн, ашигт малтмалын тодорхой илрэлтэй талбайд сонгон  шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгогдож болно.

Алтны салбарын тогтвортой байдлыг хангаж, нөөцийг нэмэгдүүлэхийн тулд алтны хайгуулыг эрчимжүүлэхээс аргагүй. Шороон ордууд ерөнхийдөө шавхагдах талдаа орж байна. Алтнаас гадна төмөр, зэс, нүүрс, газрын ховор элемент, лити зэрэг ашигт малтмалын салбарт хайгуул хийх сонирхол хөрөнгө оруулагчдад бий.

Энэ жилийн “Геологи, хайгуул-2018” чуулга уулзалтын онцлог юу вэ?
“Монголын геологи, хайгуул” чуулга уулзалтын 10 жилийн ойн хурал гэдэг утгаараа өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгээ нэгтгэж харна. Геологи, эрдэс баялгийн салбарт баримталж байгаа бодлого, шийдвэрүүд амьдрал дээр ямар шалтгааны улмаас хэрэгжилт муутай байгааг дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох зорилготой байна.

Бодлогын болон хэрэгжилтийн чиглэлтэй хэлэлцүүлгүүд хийхээр төлөвлөсөн. Хайгуулын салбарт орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нь чухал байгаа учраас энэ чиглэл рүү хандсан хэлэлцүүлэг болно. Гадаадын элчин сайд, дипломат төлөөлөгчид өмнө нь чуулга уулзалтад зөвхөн оролцогчид байсан бол энэ удаад илтгэл тавина.

Түүнчлэн, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтуудыг зохион байгуулах бөгөөд үндсэн гурван зорилготой. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, хөрөнгө оруулах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж, өндөр ур чадвартай геологи, хайгуул, өрөмдлөг, геофизикийн компанийн төлөөллүүдийг нэг дор уулзуулбал тухайн төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж бидний зүгээс үзэж байгаа.

Чуулга уулзалтаас ямар үр дүн гараасай гэж хүсч байна вэ?
Засгийн газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлаа цаг алдалгүй цэгцлэх хэрэгтэй байна. Хууль, журмаа мөрдсөн шиг мөрдөөд, орон нутгаас хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой санал, хүсэлтүүдээ аваад, энэ салбарын ажлыг шуурхайлахыг хүлээж байгаа.

Дэлхийн зах зээл дээр өнөөдөр эрдэс түүхий эдийн үнэ өсөлттэй байгаа ч ийм  таатай боломж, цаг хугацаа удаан үргэлжлэхгүйг орон улсын шинжээчид хэлж байна. Эрдэс түүхий эдийн үнэ унахаар геологи, хайгуулын ажлын эрчим ч бас сулардаг.

Тиймээс зах зээлийн энэ таатай үеийг Засгийн газар бодлого гаргаж ашиглах ёстой. Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн бусад хуультай холбоотой зөрчлийг арилгах тал дээр төр засаг анхаараасай. Хайгуулын салбарт хүч сорьж, хөрөнгө зардлаа гаргах хөрөнгө оруулагч мэдээж салбарын хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг л хүснэ.