|

2018: Оюутолгойн баяжмал дахь алтны хэмжээ үлэмж нэмэгдэнэ

2017 оны 12 сарын 5

Өмнөговь аймагт орших зэс, алтны үлэмж уурхай Оюутолгойд үйл ажиллагаа явуулж буй Оюутолгой компанийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” ирэх оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өчигдөр танилцуулсан байна. Уг мэдээнд өгүүлснээр Оюутолгой компани ирэх онд баяжмал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл, 125-155 мянган тонн зэс, 240-280 мянган унц алт үйлдвэрлэх төлөвлөгөө гаргажээ.

Монгол улсын ирэх оны төсөвт батлагдсан дүнгээр Оюутолгойн баяжмал дахь алтны хэмжээ ирэх онд 8.8 тонн (~283 мянган унц) байна гэж тусгагдсантай дээрх хэмжээ нь бараг дүйж байна.

Энэ оны хувьд Оюутолгой уурхайгаас 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаатай харьцуулахад ирэх онд хүрэн металын гарц ялимгүй буурч, харин алтных хоёр дахин өсөх дүр зураг гарлаа.

Ирэх оны эхээр уурхайн зургадугаар үе шатад олборлолт хийгдэх бол дөрөвдүгээр үе шатад оны турш хүдэр олборлолт хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Үүний зэрэгцээ хүдрийн овоолгоос баяжуулах үйлдвэрт хүдэр нийлүүлэн боловсруулах юм. Алтны агуулга нэмэгдэхээр байгаа нь дөрөв дэх үе шатны (үүнд 4A болон 4B гэсэн хоёр хэсэг хамаарна) олборлолттой холбоотой гэж компанийн мэдээнд өгүүлсэн байна. Энэ оны хувьд ил уурхайн олборлолт үндсэндээ зургадугаар үе шатад төвлөрсөн бөгөөд дөрөвдүгээр хэсгийн хөрс хуулалтыг хийж байгаа юм.

Ирэх онд үйл ажиллагааны зардал 700 сая ам.доллар гарахаар байгаа нь энэ оныхоос ялимгүй багасна гэсэн үг. Учир нь баяжуулах үйлдвэр болон ложистикийн зардал буурахаар байгаа ажээ.

Харин тоног төхөөрөмжийн зардалд (CAPEX) ирэх онд ил уурхайд 150 сая ам.доллар, далд уурхайд 1.1-1.2 тэрбум доллар байхаар тооцжээ.

Ирэх онд далд уурхайн хөндлөн нэвтрэлт ойролцоогоор 10 км байна гэж тус компанийн 2016 оны техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсан байна. Компанийн хэмжээнд 2020 оны дунд үе гэхэд далд уурхайн туршилтын олборлолтыг эхлүүлж, 2021 оноос жигд горимоор олборлолт явуулж эхлэх төлөвлөгөөтэй хэвээрээ гэдгийг мэдээнд онцолжээ.


Б.Төгс

 

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар