Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Г.Золсайхан: 600 компанид дугаар олгохоор төлөвлөсөн ч тоондоо хүрэлгүй систем гацсан


Г.Идэр

Ашигт малтмал, газрын тосны газар хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагааг наймдугаар сарын 11-ний өдрийн 9.00 цагт эхлүүлэхээр төлөвлөсөн байсан ч цахим систем  доголдсон. Үүний улмаас  цахимаар дугаар олгох үйл ажиллагааг АМГТГ-аас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Энэ талаар тус газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн дарга Г.Золсайханаас тодрууллаа.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох системд 2015 онд хэд хэдэн удаа доголдол, саатал гарч байсан. Энэ удаагийн шинэчилсэн системд гарсан доголдол юунаас үүдэлтэй вэ?

Хайгуулын өргөдлийн дугаарыг цахимаар олгох системийг хөгжүүлсэн “Ай И Ар Пи консалтинг” компанид нэмэлт ажлын даалгавар өгч, үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна. Энэ удаад өөрчлөгдсөн нэг гол ажил бол VPN төхөөрөмжийг ашиглахгүйгээр хэрэглэгчид цахим системд өөрийн нэр, нууц үгээр нэвтэрдэг болгосон явдал.

Дугаар олгох үйл ажиллагааг туршилтын журмаар бүртгүүлсэн компаниудын дунд хоёр өдөр нээлттэйгээр явуулахад программ хэвийн ажиллаж байсан учраас өргөдлийн дугаар олгох үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах шийдэлд хүрсэн. Гэтэл наймдугаар сарын 11-ний өдрийн дугаар олголтоор техникийн саатал гарч, програмын доголдол үүссэн. Төлөвлөсөн 600 дугаар олголт явагдаж чадаагүй учраас доголдолтой системээр дугаар олгох үйл ажиллагааг явуулж болохгүй гэж үзээд  дугаар олгох үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүйд тооцож цуцалсан.

Туршилтын явцад хэчнээн компанид дугаар олгохоор төлөвлөсөн байсан бэ?

Нийтдээ 600 гаруй компанид дугаар олгоно гэж төлөвлөж байсан ч энэ тоондоо хүрэлгүй систем гацсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан  доголдлын шалтгаан нөхцөлийг судлахаар АМГТГ дээр Ажлын хэсэг байгуулж, “Ай И Ар Пи консалтинг” компаниас гаргасан програмын алдааны тайлан, мэдээллүүд (log, report)-ийг нягталж үзсэн. Үндэсний дата төв дээр байрлаж буй серверүүдийн үйл ажиллагааг ч мөн адил шалгаж үзлээ.

Тайлангаас “нэгж хугацаанд файлд хэт олон хандаж онгойлгож чадсангүй” гэсэн үйлдлийн системийн алдаа олон гарсан нь ажиглагдсан. Эндээс үүдэж програм доголдсон байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт хийж байгаа.

Цахим системд техникийн саатал үүссэнээс өргөдлийн дугаар олгох үйл ажиллагаа амжилтгүй болсон гэсэн дүгнэлтэд хүрч байна гэсэн үг үү?

Тийм ээ. Ажлын хэсгийн хувьд энэ алдааг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хэт олон хандалтын тестүүдийг давталттайгаар хийж үзэх, алдааны тайлан, мэдээллүүдтэй нарийвчлан танилцах, програмын дотоод үйл ажиллагааг дахин хянах, үүнд ачааллыг хэрхэн зөв хуваарилсан гэх мэт програмчлалтай холбоотой алдаа байгаа эсэхийг шалгах даалгаврыг хөгжүүлэгчдэд өглөө.

“Ай И Ар Пи консалтинг” компанитай хамтран системийн доголдлоо засах шийдэлд хүрсэн юм байна. Энэ чиглэлд хөндлөнгийн мэргэжилтнүүдийг авч ажиллуулах талаар та бүхэн ярилцав уу?

Цахим системийн доголдлыг засч сайжруулах тал дээр хөндлөнгийн мэргэжилтэн юм уу, аудитын компанийн тусламжийг авч, хамтран ажиллах хэрэгтэй гэсэн хүсэлтийг бид тухайн компанид тавьсан. Ямар ч байсан Ажлын хэсгийнхэнд цахим системд яг ямар доголдол, юунаас болж үүссэнийг нарийвчлан тогтоож өөрсдийн албан ёсны тайлангаа хийх байх.

Техникийн саатлыг шийдлээ гэхэд хэдийнээс цахим системийн туршилтын дугаар олголт үргэлжлэх вэ?

Энэ талаар одоогоор тодорхой хугацаа хэлэх боломжгүй байна. Бид “Ай И Ар Пи консалтинг” компанийнхантай өдөр бүр уулзаж, санал солилцож байгаа. Компанийн тухайд биднээс хэд хэдэн зөвлөмж өгснийг хүлээн авч, бүгдийг ажил хэрэг болгож байна. Дотоод програмуудыг хурдавчлуулах, алдаа дутагдлыг засах тал дээр хамтарч ажиллаж байна. Цахим системд холбогдох туршилтуудыг хийж байгаа.

Өнөөдрийн хувьд бид хэт олон хандалтын туршилт болон гадны хандалтыг халдлага мөн эсэхийг тогтоох ажил хийгдэж байна. Үүний дараа бүртгүүлсэн компаниудын дунд дахин нээлттэй туршилтын ажлаа үргэлжлүүлэн  явуулна.

Дугаар шилжих мөчид:

Шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааны программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг турших зорилгоор цахим дугаар олголтын туршилтыг наймдугаар сарын 25-ны баасан гаригийн 11.00-11.10 цагийн хооронд хийжээ.

Тагнуулын ерөнхий газрын даргын 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 01/1096 тоот албан бичигт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системийг хянах, шалгах шаардлагатай тул 28-ны өдөр  зохион байгуулагдах сонгон шалгаруулалтыг хойшлуулах тухай мэдэгдлийг АМГТГ-т ирүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор, АМГТГ-аас тус өдөр зохион байгуулах хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг хойшлуулснаа мэдэгдлээ.