|

Уул уурхайн салбарын хуулийн “цэвэрлэгээ” буюу 10+...

2017 оны 7 сарын 25
The Mongolian Mining Journal сэтгүүлийн шинэ дугаар /2017.007/ хэвлэгдэн гарлаа

Уул уурхайн салбарын хуулийн “цэвэрлэгээ” буюу 10+...


Н.Ариунтуяа

Уншигч таны харж буй эдгээр хууль нь эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлдэг голлох баримт бичгүүд юм. Дээрх хуулиудын зөрчлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах “их засвар”-ын ажил мөд хийгдэх нь байна.  

Уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчин дахь хийдэл, зөрчил, давхардлыг арилгах зорилго бүхий Ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагджээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шинээр байгуулагдаад хийх ажлын стратегиэ тодорхойлохдоо 2017 оныг салбарын хууль эрхзүйн орчныг эмхэлж цэгцлэн, зөв гольдиролд оруулах жил болгоно гэж зоримог дуугарсан. Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчны шинэтгэлийн хүрээнд уул уурхайн процессыг зохицуулах шинэ хуулийн төслийн эхний хувилбарыг гарган хэлэлцүүлэгт оруулж, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, Газрын хэвлийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлууд ид хийгдэж байна. Ийм  үед Ажлын хэсэг Уул уурхайн хуулийг “малгай” болгон, хамгийн их зөрчил маргаан дагуулдаг, ээдрээтэй байдал үүсгэдэг байгаль орчны чиглэлийн хуулиудтай хамтатган доторх зүйл заалтууд дахь давхцал, хийдэл, зөрчлийг арилгах техникийн шинжтэй “цэвэрлэгээ”, засварын ажил хийх ажээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээр тусдаа ажлын хэсэг  байгуулагдан, хуульчид ажиллаж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ажлын хэсгийн хувьд дээрх арван хуулийг сонгон, “цэвэрлэгээ” хийхээр болоод байгаа. Үүн дээр байгаль орчны чиглэлийн хуулиуд нэмэгдэх ба сонголт хараахан эцэслэгдээгүй байна.  
Одоогоор эхлэл шатандаа, сонгон авсан хуулиудын жагсаалт ноорог төдий байгаа ч хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах нь хуулийн шинэ зохицуулалт нэмэхээсээ илүү бодитой, үр дүнтэй ажил болж хэрэгжих магадлалтай юм. 

Яг ийм ажлын бэлэн туршлага ч бий. 2010 оныг бизнесийн орчны шинэтгэлийн жил хэмээн тодорхойлж, бизнесийн харилцааг зохицуулдаг 81 хуулийг сонгон авч, “их цэвэрлэгээ” хийх аян өрнүүлсэн. Хууль тус бүр дээр давхцал, хийдэл, зөрчилтэй заалтыг тодорхойлон, эрх зүйн орчин дахь хүнд суртал, дарамтыг багасгах ач холбогдол бүхий асар том судалгааны ажил хийгдэж, хуулийн төсөл боловсруулсан ч харамсалтай нь батлагдаагүй. Дээрх суурь судалгааг байгаль орчныхон сайтар ашиглаж, салбартаа мөрдөгддөг 30 гаруй хуулиас 18 хуулийг сонгон, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар хуулиудаа системчлэн, тун дөнгүүр гэж үнэлэгддэг өнөөгийн багц хуультай болж чадсан юм.

Харин уул уурхайнхан салбарын зохицуулалт цогц бус, системтэй хараагүй, хуулиар зохицуулагдаагүй асар их хийдэл, цоорхойтой, бусад салбарын, тэр тусмаа байгаль орчны хуулиудтай багагүй зөрчилддөг нь салбарын хөгжлийг тушсаар ирснийг олон жил улиглан шүүмжлэхээс хэтрээгүй. Салбарын “үндсэн хууль”-иа шинэчлэн найруулах оролдлогыг 2013 онд хийж, томоохон хуулийн төсөл дээр жил тойрон маргасан ч олон талын сонирхлыг зөв цэгт уулзуулж чадаагүйгээс нуран унасан. Эхэлж бодлогын баримт бичигтэй болж байж, дараа нь хууль эрх зүйн орчноо системтэй харах нь гэсэн хүлээлт үүсгэн байж 2014 онд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг батлуулсан боловч уул уурхайн салбарыг бүтэн зургаар харсан эрх зүйн цогц шинэтгэлийн асуудал тэгсхийгээд замхарсан юм.      

Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага, хэрэгцээг хөндлөнгийн судалгааны дүгнэлтүүд ч давхар нотлон харуулдаг. Монголын уул уурхайн бодлогын үзэл баримтлалд өгсөн үнэлгээний дүгнэлтэд хууль эрх зүйн орчинд ойлгомжгүй, бүрэн зохицуулалтгүй асуудлууд цөөнгүй гэж үзжээ. Байгалийн баялагтаа тулгуурлан хөгжиж буй 50 гаруй орны гишүүнчлэлтэй Засгийн газар хоорондын форум байгууллага Монгол улсын хүсэлтийн дагуу уул уурхайн бодлогод анализ хийсэн юм. Сүүлийн нэг жилд хийсэн тэрхүү тайлангийн ерөнхий дүгнэлтийн талаар Та MMJ-ийн шинэ дугаараас дэлгэрүүлэн уншаарай. 

Уул уурхайн салбарт тогтвортой байдал ус агаар мэт хэрэгтэй боловч ойлгомжтой, тодорхой байх нь түүнээс дутахгүй чухал. Салбарын яам эрдэс баялгийн салбарын зохицуулалтыг шинэ шатанд гаргах талаар төрөл бүрийн санаачилга гаргаж байгаа ч тогтворгүй байдал үүсгэж, дотоод, гадаадын бизнесийнхнийг үргээхгүйн тулд болгоомжлох нь зүйн хэрэг. Уул уурхайн хуулийн төслийн анхны хувилбар хэлэлцүүлэгт гараад дөрвөн сарын нүүр үзэж байгаа ч хууль батлагдан, үзэл санаа нь хэрэгжинэ гэдэг нүд ирмэх төдийд бүтчих ажил биш. Тиймээс процесс нь багагүй хугацаа шаардах шинэ хуулийн төсөлтэй зэрэгцүүлэн байгаагаа засч сайжруулахыг чухалчилж буй нь дэмжүүштэй алхам юм.

Хуулиудын зөрчилтэй зохицуулалтуудыг өөрчлөн нийцүүлж, уялдаа холбоог хангах зөв хандлага руу хөтлөх нь. Салбарын зохицуулалтыг ахьсан түвшинд гаргаж ирэхэд эрх зүйн орчин дахь гажуудлыг засах нь хойшлуулшгүй ажил билээ. Гол нь цаас төдий бүү үлдээсэй.    

The Mongolian Mining Journal долдугаар сарын дугаартаа онцолж буй өөр нэг чухал сэдэв нь орон нутаг ба уул уурхайн харилцаа. Уншигч та анзаарсан бол тодорхой аймаг, сумд уул уурхайн компаниудтай хамтран ажиллахаа хэрхэн тодорхойлж байгааг хэд хэдэн дугаартаа онцлон жишээ татсан. Дорноговь, Увс аймгууд уул уурхайн компаниудад хамтын ажиллаагааны ямар арга, хэлбэр санал болгож буй талаарх мэдээллийг энэ удаа Өмнөговь аймгаар үргэлжлүүлж байна. Тус аймгийн “Тонн баялаг-нэг мод”, Малчидтай байгуулсан гэрээ зэрэг хамтын ажиллагааны шинэлэг хандлагууд, цаашдын стратеги хэрхэн томьёологдож буйг шинэ дугаараас уншина уу.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд  үйл ажиллагаа явуулж буй орон нутагтайгаа хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах шаардлага тавигдаж байгаа. Тэр тусмаа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ирэх жилийн уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулах нэг том үндсэн нөхцөл нь орон нутагтай байгуулсан гэрээ. Үр дүнд нь Ашигт малтмал, газрын тосны газарт уул уурхайн компаниудын орон нутагтай байгуулсан гэрээний нэгдсэн том дата бааз үүсэх юм. Ийм нөхцөлд гэрээний туршлагууд, түүнийг тойрсон асуудлын талаарх бодит мэдээллүүд уул уурхайн компани, орон нутгийн аль алинд нь хэрэгцээт байх болно гэдэг итгэлтэй байна.

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар