|

Анхаар, Red flag

2017 оны 6 сарын 12


Э.Оджаргал (Гүрж. Тбилиси хот)

Байгалийн баялагтай 49 улсын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олголт, гэрээ хэлэлцээр байгуулах үйл явцтай холбоотой 100 гаруй бодит тохиолдол, туршлагыг судалсны үндсэн дээр уул уурхай дахь авлигын гол эрсдэлүүдийг “улаан туг”-аар тэмдэглэн тодорхойлсон байна.      

“Байгалийн баялагтай орнуудад авлигын эрсдэл өндөр. Зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөхөд төр, компани, орон нутгийн иргэдийн баялгийн төлөөх сонирхол нэмэгдэж, тэмцэл ширүүсдэг” хэмээн NRGI буюу Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн мэргэжилтэн Александра Гиллиес илтгэлээ эхлүүлэв.  Авлига нь олон компани, оффшор бүс дэх их хэмжээний хөрөнгө, маш ээдрээтэй гэрээ хэлэлцээр болоод сонирхогч олон талын оролцоотой ил тод бус үйл ажиллагаа гэж тэрээр тодорхойлов.

Байгалийн баялгийн нөөцтэй, улсынх нь төсөв уул уурхайн орлогоос хамааралтай, улс дамнасан томоохон корпорациуд олборлох үйл ажиллагаа явуулдаг, эдийн засгийн хувьд дундаж хөгжилтэй орнуудын эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангахад сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой сургалт Тбилиси хотноо зохиогдсон юм. Ийм төрлийн сургалтыг улс орнуудаар бүсчлэн зохиох бөгөөд энэ удаад Төв болоод Дунд Азийн бүс нутгийн Монгол, Киргиз, Азербайжан, Узбекистан, Украйн, Гүрж улсын сэтгүүлчдийг хамруулж Монголоос  The Mongolian Mining Journal оролцоод ирлээ.

Сургалтыг зохион байгуулагч NRGI байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн “Олборлох салбарын авлигын  red flag  тэмдэглэгээ” хэмээх судалгааны багт Александра Гиллиес ажилласан юм. Судалгааны 100 гаруй тохиолдлын ихэнхэд нь авлига тухайн улсад их хэмжээний хохирол учруулсан байна. Гэвч хуулийн дагуу шийдэгдсэн нь тун цөөн. Тиймээс энэхүү судалгааны материал нь авлигыг урьдчилан таамаглахаас илүүтэй тухайн орнуудын улстөрчид, төрийн хяналтын байгууллагууд, хараат бус ажиглагчид, хувийн хэвшлийн төлөөлөгчид, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд /ОНМХ/, хөрөнгө оруулагчдыг авлигаас сэргийлэхэд анхаарч судлахад зориулсан болохыг Александра Гиллиес онцолж байв. Судалгаанд хамруулсан 49 орны уул уурхайн сал­барт гарсан, тэр дундаа төрийн өмчит компаниудын авлига­тай холбоотой томоохон тохиол­дол, тэдгээрт хийсэн дүн шинжилгээнд үндэслэн авлигын үндсэн шинж тэмдгүүдийг тодорхойлсон тайланг бүрэн эхээр нь сургалтын хүрээнд сэтгүүлчдэд танилцуулсан юм.
Энэ 49 оронд Монгол улс багтжээ. Тэрхүү тайлангийн онц­лох жишээнүүдээс танилцуулъя.  


Байгалийн баялгийг ашиглах буюу тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд төр засгийн дэмжлэгтэй тодорхой бус компанийн оролцоо

Азербайжан
2007 онд Азербайжаны Засгийн газар Ерөнхийлөгчийн өгсөн чиг үүргийн дагуу алтны таван том орд газрыг 30 жилийн хугацаатай эзэмших тусгай зөвшөөрлийг байгуулагдаад удаагүй AIMROC корпорацид олгосон байна. Тусгай зөвшөөрлийн нөхцөлд зааснаар AIMROC 70%, төр 30%-ийг тус тус эзэмшихээр тогтжээ. Засгийн газарт хүргүүлсэн тайланд 2011 оны байдлаар алт, мөнгөний нөөцтэй нэг орд нь л гэхэд  2.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байжээ. Панамын аралд бүртгэлтэй AIMROC-ийн жилийн тайланд тус корпорацийг эзэмших дөрвөн компанид бүгдэд нь нэг л геологчийн нэр бичигдсэнийг сэтгүүлч анзаарчээ. Мөн дөрвөн компанийн гурав нь Панамын өөр компанийн эзэмшилтэй болохыг мэдсэн байна. Харин бүх компанийн удирдах албыг Азербайжаны Ерөнхийлөгчийн хоёр охин хашиж байсныг компанийн санхүүгийн тайлангаас илрүүлжээ. Өнөөг хүртэл AIMROC корпорацийн энэ асуудалд хэрэг үүсгэж шалгаагүй байна. Гэхдээ энэ тохиолдол “Панамын баримт бичиг” дэлгэгдэх үед илэрчээ.

Нигер 
1998 оны дөрөвдүгээр сард Нигер улсын Газрын тосны сайд  Malabu Oil and Gas  компани өндөр чанарын газрын тосны ихээхэн нөөцтэй №245 талбайд хайгуулын ажил хийх болсныг мэдэгдсэн юм. Тус компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахаас ердөө 5 хоногийн өмнө байгуулагдсан байв. №245 талбайд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй 13 жил болсны дараа Нигерийн Засгийн газар  Malabu Oil and Gas  компанийн эрхийг 1.1 тэрбум ам.доллараар  Royal Dutch Shell  болон  Eni Spa A  компаниудад худалджээ. Нигер улсын Газрын тосны сайд болон  Malabu Oil and Gas  компанийн хувьцаа эзэмшигч Ден Этете нар тус хэлэлцээрийн гол бенефициарууд байсан аж.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйл ажиллагаанд өмнө нь хууль бус хэрэгт нэр нь холбогдож байсан этгээдийн оролцоо

Нигер
2010 оноос эхлээд Нигерийн газрын тосны үндэсний корпораци /NNPC/ нь 210 мянган баррель түүхий газрын тосыг хувийн компаниудад бартерийн гэрээгээр худалдах болжээ. Тэдгээр хувийн компанийн гурав нь газрын тосны бартерийн гэрээний 6.8  тэрбум ам.долларын маргаанд авлигын асуудлаар өмнө нь холбогдсон болохыг 2012 онд мэдсэн байна. Залилан хийсэн гэх шалтгаанаар хоёр  компанийн гэрээг цуцалж, нэг компани нь 2014 онд гэрээний хугацаа  дуусах хүртэл ажилласан байдаг.

Украйн 
2010 онд Украйны газрын тосны үндэсний корпорацийн охин компани “Нафтогаз”-д Нэгдсэн Вант улсад бүртгэлтэй Highway Investment Processing, Шинэ Зеландын Falcona System гэсэн компаниудаас санал ирүүлсэн байна. Тендерт ялсан Highway Investment Processing компани өмнө нь Норвегийн компаниас 248 сая ам.доллараар өрмийн тоног төхөөрөмж  худалдан авч, тэрхүү төхөөрөмжөө 38%-иар үнийг нь өсгөж Украйны талд худалдсан болохыг тус улсын хяналт шалгалтын байгууллага илрүүлжээ. Хожим Highway Investment Processing, Falcona System-ийн эзэд оффшор бүсэд маш олон “хоосон” компани эзэмшдэг болох нь илэрсэн байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйл ажиллагаанд оффшор бүс дэх бизнесийн харилцааг дэмждэг, тус бүсэд байгуулагдсан компанийн хувь эзэмшилтэй хамтарсан аж ахуйн нэгж бүхий компанийн оролцоо

Ангол
2009 онд Анголын газрын тосны үндэсний корпораци Sonangol нь Швейцарийн худалдааны компани  Trafigura-тай түлш нийлүүлэх хоёр том хэлэлцээрийг байгуулж чадсан юм. Түүхий газрын тосыг бартердахдаа нефтийн бүтээгдэхүүнээр солилцох хэлэлцээрийн хүрээнд Trafigura компани жил бүр 1 сая тонн түлш Ангол улсад нийлүүлж байжээ. Швейцарийн компани хоёр дахь хэлэлцээрээр Ангол улсын дотоодын бензин шатахууны хэдэн тэрбумын эрэлт хэрэгцээг хангах эрхтэй болсон юм. Оффшор бүс дэх “хоосон” компаниараа дамжуулан Багамын аралд бүртгэлтэй Cochan нь Trafigura компанийн хэлэлцээрийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Ангол улсын Засгийн газартай байгуулжээ. Харин Cochan компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь Ангол улсын Ерөнхийлөгчийн нөлөө бүхий туслах нь байсан аж. Үүний үр дүнд Cochan, Trafigura компаниуд Ангол улсын түлшний зах зээл дээр бараг монополчилсон юм. Хэлэлцээрийн нөхцөл болоод тус улсад ямар үр ашиг өгч байгаа талаар олон нийтэд мэдээлдэггүй байна.

Конго
2000 оны эхээр Конго улсын газрын тосны үндэсний корпораци газрын тос худалдах гурван компанийг сонгосон нь Sphynx U.K, Sphynx Bermuda болон дотоодын Africa Oil and Gas Corporation байсан юм. Конго улсын төрийн өмчит газрын тосны корпорацийн удирдлагуудын нэг нь өнөөх сонгогдсон гурван компанид нууцаар их хэмжээний хувь эзэмшдэг болох нь илэрчээ. Гурван компани газрын тосыг олон улсын трейдеруудад худалдаж, орлогоо Конго улсын Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүний эзэмшилтэй компанийн данс руу шилжүүлж байсан байна.     
  
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйл ажиллагаанд нуугдмал бенефициар эзэмшил нь оффшор бүсэд бүртгэлтэй компани болон ийм төрлийн компани дахь хөрөнгийн оролцоо

Азербайжан

Тус улсын AIMROC нь дөрвөн корпорацид хамтарсан компанийн эзэмшилтэй. Түүний нэг  болох Globex International компани нь Азербайжаны төрийн компанид 11%-ийн эзэмшилтэй. Тэгэхдээ Globex International компани Панамын аралд бүртгэлтэй гурван ч хуурамч компанид хамаарч байжээ.  


Ангол
АНУ-д бүртгэлтэй Cobalt Energy International компани нь тусгай зөвшөөрөлтэй хоёр талбайд усны гүнээс газрын тос олборлох хэлэлцээрийг 2010 онд Анголын Засгийн газартай байгуулсан байна. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Cobalt Energy International компанийн түнш нь Sonangol болон олонд төдийлөн танигдаагүй Nazaki Oil and gas, Alper Oil  компани болцгоосон юм. Гэтэл компанийн жилийн тайлангаар Nazaki Oil and gas-ийн эзэмшигчид  хуулийн зургаан этгээд бүртгэлтэй бөгөөд хөрөнгө оруулалтын GrupoAquattro International компанид эзэмшилтэй байжээ. Financial Times сонины сэтгүүлчдийн илрүүлснээр, GrupoAquattro International компанийн албан ёсны хаяг Анголын өөр нэгэн компанийн хаягтай тун адилхан байсан байна. Хаяг нь адил Sociedade de Hidrocarbonetos de Angola компани нь тус улсын төрийн өндөр гурван албан тушаалтны эзэмшлийнх болох нь мэдэгджээ. Үүнээс үүдсэн авлигатай холбоотой хэд хэдэн хэрэг үүссэн бөгөөд  2016 онд Cobalt Energy International компани үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдсэн байдаг.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйл ажиллагаанд өндөр албан тушаалтан тодорхой компанийн сонирхлыг хамгаалж эрх мэдлээ ашиглах оролцоо

Нигер
2006 онд Нигер улсад газрын тос олборлох эрхийг олгох тендерийн шалгаруулалтад ялсан Сейшелийн Аралд бүртгэлтэй Starcrest Energy International компани тусгай зөвшөөрлөө бусдад худалдсан байна. Энэ ажиллагааг Нигерийн төрийн албаныхан мэдэж байжээ. Тендерийн шалгаруулалт тус улсын Ерөнхийлөгч Обасанжогийн гурав дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдохын тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар оролдож, шаардлагатай санхүүжилтийн эрэлд мордсон улс төрийн тогтворгүй цаг үед тохиожээ. Шинжээчийн нийтлэлийн Chatham house төв болон Financial Times сонины сэтгүүлчид Starcrest Energy International компанийн тэргүүн Эмека Оффорикийг Нигер улсын сонгуульд бэлтгэж буй Ерөнхийлөгчийн итгэлт хүн төдийгүй намын гол санхүүжүүлэгч болохыг илрүүлжээ. Starcrest Energy International компани тусгай зөвшөөрөл авсныхаа дараа төслийн 72.5%-ийг 35 сая ам.доллараар Addax компанид худалдаж, хэлэлцээр байгуулсны шагналд нэмж, 55 сая ам.долларыг авсан байна. Харин Addax компани энэхүү хэлэлцээрийг амжилттай болсон талаар мэдэгдсэнээр энэ явдал олны анхаарлыг татжээ.

Перу
Газрын тосны хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох тендерт Discover Petrolium компани ялахад нь туслахыг Перу улсын төрийн өмчит PetroPeru компанийн удирдах зөвлөлийн нэг гишүүнээс хүсч, авлига өгч байгаа бичлэг 2008 онд телевизээр цацагдсанаар энэ шуугиан анх дэгджээ. Discover Petrolium компани хүссэндээ хүрч тендерийг авч чадсан юм. Гэхдээ тусгай эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд авлига өгсөн компанийг шалгаруулалтад тэнцүүлэхийн тулд “PetroPeru” компанийн ажилтан тендерийн нөхцөлийг өөрчилснийг тогтоосон байна. Энэхүү шуугианд нэр холбогдсон төрийн хэд хэдэн албан тушаалтныг огцруулсны дунд Перу улсын Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд болон PetroPeru компанийн Ерөнхийлөгч байсан юм. Төрийн компанийн удирдах зөвлөлийн авлига авсан гишүүнийг зургаан сарын хугацаанд хорих ялаар шийтгэсэн байдаг.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалтад нөлөөлөхүйц бэлэг өгөх, үйлчилгээний мөнгөн төлбөр компанийн зүгээс төлөх

Индонез
Сонгон шалгаруулалтыг удирдан явуулж байсан төрийн албан хаагчид хувийн компаниас төлбөр авч байгааг төрийн эрх баригчид анзаарчээ. 2013 онд Индонезийн газрын тос, байгалийн хийн нөөцийг хянан удирдах төрийн өмчит компанийн тэргүүн Руди Рубиандини нь Focus Energy  компанид төрөөс газрын тос худалдан авах эрх олгосон байгаа юм. Үүнийхээ хариуд 1.1 сая ам.долларын авлига авсан хэргээр түүнийг буруутган баривчилсан байна. Авлигатай тэмцэх байгууллагын тогтоосноор тэрээр өөрийн гольфийн дасгалжуулагч, Kernel Oil компанийн менежер болох дундын этгээдээр дамжуулан авлига авсан аж.     

Гвиней
2008 онд Гвиней улсын Төрийн тэргүүн Лансан Контег нас барахаас хоёр долоо хоногийн өмнө тус улсын Уул уурхайн яамнаас Beny Steinmetz Group Resources компанийг Симандоу ордод үйл ажиллагаа явуулах эрх олгожээ. АНУ-ын прокурорын газраас шалгалт явуулсны дүнд BSGR компани, тэргүүн хатагтай Мамади Туре нар хоорондоо бичгэн хэлэлцээр байгуулсан нь тогтоогджээ. Тэрхүү хэлэлцээрт төмрийн хүдрийн том орд газрыг ашиглах эрхийг авахад нөлөөлснөөр компанийн зүгээс 5 сая ам.доллар урамшуулал болгон өгч, тэргүүн хатагтайн ахыг компанийн удирдах албан тушаалд томилох тухай тохирсон байв. Үүн дээр нэмж Симандоу ордыг ашиглах төслийн 5%, “Тоёото Лэнд Крузер” авто машин 2, нэг сая ам.долларын үнэт эдлэл компанийн зүгээс өгөхөөр амласныг тэргүүн хатагтай хэргээ хүлээхдээ мэдэгджээ.            

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалтад нөлөөлөхүйц өндөр албан тушаалтнуудтай холбоотой маргаан

Камерун
2006 онд Камерун улсын Ерөнхийлөгч алмаз олборлох эрхийг S&K Mining Cameroon компанид өгсөн байна. Тухайн үед уг компани Камерун, Хятад болон Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай байжээ. 2012 оны тус улсын ОҮИТБС-ын тайлангаар S&K Mining Cameroon компани зургаан хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа эзэмшигчдийн нэг нь тус улсын Эрчим хүчний сайдын эхнэр байжээ. Үүнээс үүдэн сонгон шалгаруулалтад маргаан үүсч, сайдыг албан тушаалаа ашиглан компанид тусгай зөвшөөрөл олгох боломжтой байсан гэж өрсөлдөгч тал үзсэн байна.        

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох болоод гэрээ байгуулах үйл ажиллагаанд нөлөөлөх зорилгоор дундын үүрэгтэйгээр гуравдагч талыг татан оролцуулах

Норвеги
2002 онд Statoil нь Их Британийн Horton Investment компанитай байгуулсан гэрээ томоохон шуугиан дэгдээжээ. Учир нь Horton Investment компанийн бенефециар эзэмшигч нь Ираны газрын тосны үндэсний корпорацийн охин компанийн захирал Мехди Хашеми Рафсанжани байв. Тэрээр Ираны Ерөнхийлөгчийн хүү байсан юм. Шуугиан тарьсан дээрх гэрээгээр Рафсанжани нь Иран дахь өндөр чанарын байгалийн хийн ихээхэн нөөцтэй Өмнөд Парс ордын тусгай зөвшөөрлийг Норвегийн төрийн компанид авч өгснөөр багагүй доллар авахаар тохиролцжээ. Тэгэхдээ Рафсанжани Statoil компанийн мэдээллийг Ираны Газрын тосны сайдад дамжуулж байсан гэдэг. Мөн тус компанид тендерийн шалгаруулалттай холбоотой, оролцогч компаниудын нууц мэдээллийг өгсөн байна. Хэрэг илрүүлэх явцад Норвегийн компанийг тендерт ялахад Ираны Ерөнхийлөгчийн хүү ямар ч нөлөө үзүүлээгүй нь тогтоогдсон байна. Гэхдээ Statoil нь Рафсанжанигийн Horton Investment компанийн данс руу 5.2 сая ам.доллар шилжүүлсэн болохыг илчилжээ. Хамгийн ил тод, тунгалаг байдлаараа дэлхийд тэргүүлдэг Норвеги улсын төрийн өмчит компани авлигын асуудалд холбогдсон хэргээс үүдэн компанийн топ гурван менежер огцорсон юм. Мөн Норвеги улсын прокуророос компанид 3.5 сая ам.долларын торгууль ногдуулсан байна.

Чад 
2008 онд Griffits Energy компанийн хоёр захирал тухайн үеийн АНУ-д суугаа  Чад улсын Элчин сайдтай найрсаг харилцаа холбоо тогтоож эхэлжээ. Найрсаг харилцааны цаад зорилго нь Өмнөд Чад дахь газрын тосны орд газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авахад Элчин сайдын нөлөө, тус дэмд найджээ. 2009 оны эхээр Griffits Energy компанийн захирлууд Чад улсад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад логистик, хуулийн болоод бусад зөвлөгөө өгсний шанд Элчин сайдад 2 сая ам.доллар амласан байна. Удалгүй Элчин сайд Вашингтонд Чад улсын Газрын тосны үйлдвэрлэлийн сайд, захирлуудын хооронд уулзалт зохион байгуулж өгсөн аж. Үүний дараахан Griffits Energy компани болон Чад улсын Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээг үзэглэсэн юм. АНУ-ын хуулийн компани Griffits Energy компанийн өмнөөс Элчин сайдын эхнэрийн нэр дээрх Невада мужид бүртгэлтэй компанийн данс руу амласан 2 сая ам.долларыг шилжүүлжээ. Харин Griffits Energy компани өөрийн Чад дахь газрын тосны орд дахь хувь эзэмшлээ 4 сая ам.доллараар худалдсан аж.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан болоод гэрээ байгуулсан компани төрийн бус данс руу мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийх

Ангол

2000 оны долдугаар сард газрын тосны Marathon Oil компани нь Анголын Засгийн газартай тохиролцсоны дагуу төлбөрийн урьдчилгаа 13.7 сая ам.долларыг тус улсын Газрын тосны үндэсний корпораци Sonangol-ийн данс руу шилжүүлжээ. Sonangol корпораци нь тэрхүү мөнгөнөөс тодорхой хувийг Ангол улсын Ерөнхийлөгчийн сайн үйлсийн сан болоод Ерөнхий сайдын хувийн компанийн данс руу тус тус шилжүүлснийг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид илрүүлсэн байна.

Туркменистан
1990-ээд оноос Туркменистан улс газрын тос болон байгалийн хийн экспортын ашиг болоод уул уурхайн салбараас орж ирэх орлогыг хилийн чанадад Deutsche bank-нд хадгалдаг болжээ. Тэгэхдээ тус улсын Засгийн газраас гадны банкуудад хадгалах улсын хөрөнгө, тэр хөрөнгийг хэн хэрхэн удирдан хянадаг талаар олон нийтэд мэдээлдэггүй байсан юм. Олон улсын хөндлөнгийн шалгалтаар тус хөрөнгийн 75%-ийг төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэгцээнд зарцуулж байсныг илрүүлсэн байна. 2006 оны байдлаар Туркменистан улсын гадны банкинд хадгалсан хөрөнгийн хэмжээ 3 тэрбум ам.доллар давсан байв.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дамлан дахин худалдах, ямарваа нэгэн этгээдэд ихээхэн шагнал урамшуулалтайгаар гэрээ болон компанийн хувьцааг худалдах

Гвиней
BSGR компани 2008 онд Симандоу ордын № 1, 2 талбайд эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрөл авсан байна. Геологи хайгуулын ажилд 165 сая ам.доллар зарцуулаад байсан тус компани төсөлд эзэмших 51%-ийг 2010 онд Бразилийн Vale компанид 2.5 тэрбум ам.доллараар худалджээ. Энэхүү наймааны үр дүнд BSGR компани нь амжилттай хөрөнгө оруулалт хийж Гвиней улсын нийт төсвөөс 2.4 дахин илүү ашиг   олсон байдаг.

Камерун
Австралид бүртгэлтэй Resources generation компани 2007 онд Камерун улсын Uranex компанийн 80%-ийг худалдаж авах болсноо мэдэгджээ. Үүнээс ердөө хэдхэн сарын өмнө Камерун улсын Уул уурхай, үйлдвэрлэл, худалдааны яам Uranex компанид 2935 хавтгай дөрвөлжин талбайд ураны хайгуул явуулах гурван тусгай зөвшөөрлийг олгосон байв. Uranex компанийн 80%-ийг 5.6 сая ам.доллараар худалдаж авснаар парламентын зарим гишүүд, намын дарга болоод генералын хүү ураны компанид хувь эзэмших болсон байна.

Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй Монгол улсын эдийн засгийн тулгуур салбар нь уул уурхай. Евразийн мэдлэгийн төвийн Ерөнхий захирал, профессор Ингилаб Ахмедов багш Монголын олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ тайланг онцлон, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа шударга явагддаг гэж үздэгээ хэлж байв. Харин Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх төв OCCRP-ийн Ерөнхий редактор, сэтгүүлч Миранда Патручич Азийн бүс нутгийн байгалийн баялаг ихтэй улс орнуудын хувьд авлигын эсрэг, ил тод байдлын төлөө тэмцсэн эрэн сурвалжлах “час” хийсэн бүтээлүүд ховор гэлээ. NRGI буюу Байгалийн баялгийг Удирдах институтын мэргэжилтэн Александра Гиллиес манай улсад уул уурхайтай холбоотой авлигын “red flag” цөөнгүйг олж харсан байна.

Сургалтад Украинаас ирсэн сэтгүүлчид манай төмөр замын өргөн, нарийн царигийн маргааныг сонирхон асууж байлаа. Киргизийн сэтгүүлчдийн баг мэдээж, Бороогийн төслийг хэрэгжүүлсэн туршлага, Centerra gold компанийн нийгмийн хариуцлага, Гацууртын төсөлд Монголын төр, Канадын компанийн хувь эзэмшлийг өөрийн орны Кумторын алтны ордын төсөлтэй харьцуулан асууж лавлаж байлаа.

Ийнхүү дөрвөн өдөр үргэлжилсэн сургалт өндөрлөж, ирэх зургадугаар сард Азербайжаны нийслэл Баку хотноо эргэн уулзах ерөөлтэйгөөр нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залав.
    




Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар