|

Уул уурхай хулгайлахад хялбар, хянаж удирдахад бэрх салбар

2017 оны 4 сарын 14

Тбилиси хотоос Э.Оджаргал мэдээлж байна. 2017.04.14   

Уул уурхайн салбарын эрэн сурвалжлах чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт Гүржийн нийслэл Тбилиси хотноо болж байна. Энэхүү сургалтад Монгол, Киргиз, Украин, Азербайжан, Тажикстан, Гүрж улсаас 20 сэтгүүлч хамрагдаж буй. Норвеги улсын Осло хотноо төвтэй Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс (NRGI)Төв Азийн бүс нутгийн 100 гаруй сэтгүүлчийг бүртгэж, гурван сарын турш тодорхой үе шаттайгаар онлайн шалгалт авч хамруулсан юм. Сургалтын зорилго нь байгалийн баялаг ихтэй, улсын төсөв нь уул уурхайн салбарын орлогоос хамааралтай, олон улсын томоохон компаниуд олборлох үйл ажиллагаа явуулдаг, эдийн засгийн хувьд дундаж хөгжилтэй орнуудын эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангахад сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд оршиж буй юм.

        

Дөрөвдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд үргэлжлэх уг сургалтаар уул уурхайн салбар дахь ил тод байдал, авлига болоод төрийн оролцооны асуудлыг эрэн сурвалжлах, илрүүлсэн мэдээллээ нягтлах, боловсруулах, дүн шинжилгээ хийх талаар сэтгүүлчид мэдлэг туршлага хуримтлуулах юм. 

Мягмар гаригт эхэлсэн сургалтын эхний өдөр оролцогч орнуудын эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй гол бэрхшээл, ил тод байдлын өнөөгийн нөхцөл, салбарын ашиг орлогыг ард иргэдэд нээлттэй тунгалаг байлгахад сэтгүүлчдийн үүрэг оролцооны талаарх сэдэвт чиглэсэн юм. Үдээс өмнөх хичээлийг удирдсан Евразийн мэдлэгийн төвийн Ерөнхий захирал Ингилаб Ахмедов “Олборлох салбарын ил тод байдал” илтгэлээрээ тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны шударга систем, уул уурхайн компаниудын гэрээ хэлэлцээрийг хэрхэн таньж унших, гэрээнээс ямар мэдээллийг олж авч болох асуудлыг хөндсөн юм. Энэ үеэр Монгол улсын уул уурхайн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нээлттэй, тунгалаг явагддаг гэж тэрээр үздгээ хэлж байлаа. 

“Уул уурхай нь хулгайлахад хялбар, хянаж удирдахад бэрх салбар” гэж Ингилаб Ахмедов илтгэлдээ тодорхойлсон юм. Тэрээр энэ зүйрлэлээрээ уул уурхайн бизнест томоохон туршлагатай компаниуд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, цаг тухайд нь татвараа төлж гаднаасаа өө сэвгүй харагддаг ч гэрээ хэлэлцээр дэх “зальтай” заалт, татвар төлөлтийн “ухаалаг” аргаар илүү их ашиг олдог цөөнгүй арга барилын талаар жишээ татсан юм. Ингэхдээ татвар бага төлөх “transfer pricing”, “thin capitalisation” гэсэн нэршилтэй аргуудыг тайлбарласан нь сэтгүүлчдийн хувьд шинэ ойлголт байлаа. Улс дамнасан толгой, охин, салбар компаниуд хоорондын хамаарал, сүлжээгээ санхүүгийн үйл ажиллагаандаа хэрхэн ашиглаж буй чиглэлээр сэтгүүлчид өөрийн улсдаа эрэн сурвалжлага хийх боломжтойг ч “шипи” болгон хэлж өгсөн.

Эрэн сурвалжлага хийх явцдаа сэтгүүлчид компаниудын жилийн санхүүгийн тайлан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) тайлангаас маш олон чухал мэдээллийг олж авч боломжтойг Ингилаб Ахмедов багш зөвлөсөн.

Сургалтад оролцогч орнуудаас Азербайжан улсын хувьд хамгийн сүүлд 2015 онд ОҮИТБС-ын тайланг гаргаж, өнгөрөгч гуравдугаар сард уг санаачилгаас гарч байгаагаа мэдэгдсэн билээ. Тус улсын төсвийн ¾-ийг газрын тосны экспорт орлого бүрдүүлж байна. ОҮИТБС-ын тайлан нь Азербайжан улсын төрийн өмчит “SOCAR” компани болон газрын тосны салбарын орлогод сөргөөр нөлөөлөхөд хүрээд байгаа гэнэ. Тодруулбал, төрийн өмчтэй “SOCAR” компани хаашаа, ямар үнээр газрын тосоо худалддаг мэдээллээ олон нийтэд нээлттэй болгох шаардлага тулгарчээ. Шаардлагын дагуу анх удаа 2015 онд ч энэхүү мэдээллээ нийтэд танилцуулсан аж.

Эхний өдрийн сургалтын үдээс хойш дэлхийд томоохон шуугиан дэгдээсэн Панамын баримт бичиг, оффшор бүсэд бүртгэлтэй компаниуд болоод эзэмшигчдийн мэдээлэл гэсэн сэдэвт төвлөрсөн юм. Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх төв OCCRP-ийн мэргэжилтэн Миранда Патручич “Уул уурхайн салбар дахь мэдээллийн эрэн сурвалжлага ба Панамын баримт бичиг” сэдвээр илтгэл тавьсан. OCCRP байгууллага нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран 2016 онд “Панамын баримт бичиг”-ийг дэлхий нийтэд дэлгэсэн билээ.

Харин Миранда Патручичийн хувьд 2005 оноос OCCRP байгууллагад ажиллахдаа “Панамын баримт бичиг”-т багтсан Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев болон түүний хоёр охины нэр дээрх газрын тосны компанийг эрэн сурвалжилж илрүүлсэн сэтгүүлч ажээ. Тэрээр энэхүү эрэн сурвалжлах ажиллагаандаа тулгуурлан мэдээлэл баримтыг цуглуулах, мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх, эх сурвалжийг эрэн хайх өөрийн туршлагаас хуваалцсан юм.

Өнөөдөр буюу сургалтын хоёр дахь өдөр “Уул уурхайн салбар дахь авлига” сэдвийн хүрээнд авлигын эрсдэл, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, олон улсын компаниудтай гэрээ байгуулах явцад гарч болзошгүй авлигын эрсдэл зэрэг асуудлыг хөндөнө. Харин сургалтын төгсгөлийн өдөр уул уурхайн салбар дахь төрийн оролцоо, оффшор бүс дэх бизнесийн үйл ажиллагаа, төрийн компаниудын санхүүгийн баримт, санхүүгийн баримтыг таньж унших, баримтыг эрэн сурвалжлагад ашиглах гэсэн сэдэвт чиглэх  юм.

 

 

 

  

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар