Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

IPO гаргалтаар Хонгконгийн хөрөнгийн бирж тэргүүлж байна

Энэ оны эхний есөн сарын байдлаар IPO гаргаж босгосон нийт 16.92 тэрбум ам.долларын хэмжээгээр Хонгконгийн хөрөнгийн бирж тэргүүлж байна.  Шанхайн хөрөнгийн бирж 8.22 тэрбум ам.долларын хөрөнгөөр удаалж, гуравдугаарт Нью Йоркийн хөрөнгийн бирж 7.09 тэрбум ам.долларын IPO гаргажээ.

Хонгконгийн хөрөнгийн биржийн хувьд IPO гаргаж босгосон хөрөнгийн хэмжээгээр өнгөрсөн жил мөн тэргүүлж байсан бөгөөд 2009-2011 онд ч амжилт үзүүлж байсан байна.

Тус бирж дээр оны эхний есөн сарын байдлаар “Postal saving bank of China” банк олон нийтэд хувьцаагаа анх удаа нээлттэй худалдсанаар /IPO/ хамгийн их буюу 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон аж. Үүний дараагаар China Zheshang Bank 1.9 тэрбум ам.доллар, Everbright Security 1.2 тэрбум ам.доллар болон ВОС Aviation 1.1 тэрбум ам.доллар тус тус босгосон байна.  
2014 онд Нью Йоркийн хөрөнгийн биржээс 25 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон Alibaba группын IPO одоогоор “дээд амжилт” тогтоосон хэвээр байгаа юм.

Сүүлийн жилүүдэд өндөр технологийн компаниуд IPO хийх нь буурч, харин банк санхүүгийн байгууллагууд илүүтэй гарч ирж байгааг олон улсын мэргэжилтнүүд онцолж байна.   

Bank of Shanghai нь олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах тухай өргөдлөө 2008 онд Хятадын үнэт цаасны хяналтын хороонд өгсөн нь энэ жил шийдвэрлэгджээ. Ингэснээр тус банк Шанхайн хөрөнгийн бирж дээр 10.5 тэрбум юань буюу 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор IPO гаргах эрхтэй болж буй.     

Э.Од