Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад гангийн үйлдвэрлэл, нүүрсний олборлолтоо бууруулж байна

Дэлхийн гангийн хамгийн том үйлдвэрлэгч Хятад улс нь энэ оны эхний хагаст ган үйлдвэрлэлийн хүчин чадлаа 13 сая тонноор бууруулсан байна. Энэ тухай тус улсын  худалдааны дэд сайд Фэнг Фэй мэдэгджээ. 

Өмнө нь Хятадын удирдагчдын мэдэгдэж байснаар 2016 онд багтаан улсын төмөрлөгийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 45 сая тонноор бууруулахаар төлөвлөж буй. Энэ дагуу төлөвлөгөөний гуравны нэгийг оны эхний хагаст багтаан хэрэгжүүлээд байгаа нь энэ аж.

Дэд сайд Фэнг Фэйн мэдэгдсэнээр эхний зургаан сард үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулахдаа жижиг үйлдвэрүүдийг хааж, үйл ажиллагааг нь бүрэн зогсооход голчлон анхаарчээ. Мөн 28 муж төмөрлөгийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа хэрхэн бууруулах тухай төлөвлөгөөгөө Хятадын Төрийн зөвлөлд танилцуулсан байна. Эдгээр төлөвлөгөөнүүдээс Төрийн зөвлөлөөс зөвшөөрөгдсөнийг жилийн хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх гэнэ.

Хятад улс нь ирэх 5 жилийн хугацаанд төмөрлөгийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 140 сая тонноор бууруулах төлөвлөгөө гаргасан. Тус улсын Худалдааны яамны албан ёсны мэдээллээр энэ оны байдлаар улсын хэмжээнд ган хайлуулах үйлдвэрлэлийн нийт хүчин чадал 1.13 сая тонн байгаа нь өмнөх оныхоос 804 сая тонноор илүү юм.

Хятад улсын хувьд төмөрлөгийн үйлдвэрүүдэд тавигдах байгаль орчны хуулиа чангатгаад байгаа билээ. Төмөрлөгийн үйлдвэр бүрт хуулийн дагуу үйл ажиллагаа явагдаж буй эсэхийг хянах төрийн албан хаагчийг томилоод байгаа аж.

Гангийн үйлдвэрээс гадна Хятад нь ойрын 3-5 жилд нүүрсний олборлолтоо жил бүр 500 сая тонноор бууруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ онд багтаан 280 сая тонноор бууруулахаар зорьж байна.

Э.Од