Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Монгол” компани “Женерал Электрик”-тэй хамтарч ажиллана

Дэлхийд тэргүүлэгч, уул уурхайн салбарт инновацийн хувьсал хийсэн “Женерал Электрик” компанитай “Эрдэнэс Монгол” ХХК зургаадугаар сарын 22-нд “Моннис- цамхагт харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
 
Санамж бичгийн гарын үсэг зурах ёслолд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Женерал электрик” компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан гүйцэтгэх захирал Мухаммед Батт, “Женерал Электрик” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Ц.Түмэнцогт нар оролцсон юм.
Уг санамж бичгийг байгуулснаар Монголын байгалийннөөцийн үнэ цэн, хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байгаа аж.

Тухайлбал, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт болон бусад томоохон төслүүдэд “Женерал Электрик”-ийн уул уурхайн инновацийг нэвтрүүлэх гарцыг судлах, тоног төхөөрөмжүүдийг ашиглах боломж нээгдэх бөгөөд “Эрдэнэс Монгол” компанийн охин болон хараат компаниудын чадавхийг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах юм байна.
Мөн төмөр зам, усны дэд бүтцийн болон эрчим хүч үйлдвэрлэх, нүүрсний давхаргын метан  хий олборлох, нүүрс хийжүүлэх, нүүрсний болон салхины төслүүдийг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд ч “Женерал электрик”-тэй хамтрахаар төлөвлөжээ.

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Үйл ажиллагааны цар хүрээ өргөн, арвин туршлагатай “Женерал Электрик” компанитай хамтын ажиллагааг эхлүүлж буй нь уул уурхайн салбарт төдийгүй Монгол улсын хувьд тогтвортой өсөлтийг хангах стратегийн чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Дэд бүтцийн технологи болон санхүүгийн үйлчилгээгээр дэлхийд Женерал Электрик компанитай стратегийн түншлэлийг эхлүүлэхдээ таатай байна” хэмээн гарын үсэг зурах ёслолын үеэр онцоллоо.

“Женерал Электрик” компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Гүйцэтгэх захирал Мухаммед Батт  “Монголын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт орчин үеийн тоног төхөөрөмж, шинэ технологийг нэвтрүүлэх болсондоо баяртай байна. Бидний хамтын ажиллагаа Монгол улсын  тогтвортой хөгжил-байгалийн нөөцийг оновчтой ашиглахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Г.Идэр