Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлэх зөвшөөрлийг өгөв

“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлэхийг зөвшөөрчээ. “Оюутолгой” компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл авч, тус компанийн хувьцаа эзэмшигчид болох “Рио Тинто” компани, Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” компани нь 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, уурхайг өргөтгөхөөр шийдвэрлэсний дараа ийнхүү шийдвэрээ гаргаж байгаа аж. Өнгөрсөн оны 12 дугаар сард Оюутолгойн далд уурхайн санхүүжилтэд шаардлагатай 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас амжилттай татаж чадсан билээ. Талууд зээлийн дээд хэмжээг 6 тэрбум ам.доллар хүртэл байхаар тохиролцсон бөгөөд ингэснээр цаашид 1.6 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авах боломжтой юм.

Далд уурхайн бүтээн байгуулалтын нээлтийг маргааш хийх бөгөөд Засгийн газрын гишүүд болон “Рио Тинто” компанийн удирдлага оролцох юм байна. Ингэснээр 33 сар зогссон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх боломжтой боллоо.

Оюутолгой компани 2016 оны эхний улирлын гүйцэтгэлийн тайлангаа өчигдөр танилцуулсан. Энэхүү тайланд дурдсанаар тус компани эхний улиралд 213.1 мянган тонн баяжмал борлуулж 422.7 сая долларын орлоготой ажиллажээ. Хэдийгээр борлуулсан бүтээгдэхүүний хувьд өнгөрсөн оны сүүл улирлынхаас 10%-иар буурсан  ч, орлогын хувьд 18.9%-иар өсчээ. Ийнхүү орлого нэмэгдсэн нь алтны үнэ өссөн байсантай холбоотойг Оюутолгой компани онцолжээ. Үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгийн хэмжээ оны эхний улиралд 118.9 сая доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.5%-иар өсчээ.

Оюутолгой ил уурхайн хүдрийн алтны агуулга буурч байгаагаас энэ жил алтны үйлдвэрлэл өмнөх оныхоос 50 гаруй хувиар буурч 255-285 мянган унц, харин зэсийн хувьд өмнөх жилийнхтэй адил хэмжээнд буюу 175-195 мянган тонн зэс агуулсан баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж байна.



С.Болд-Эрдэнэ